Д.Энхжаргал: Шүүхийн захиргаа биеэ даасан нь хөгжил



Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ахмад ажилтан Д.Энхжаргалтай ярилцлаа. 

 

-Та шүүхийн шилжилт, шинэтгэлийн үед ажиллаж байсан хүн. Тиймээс шүүхийн захиргааны байгууллагын төлөвшлийг хамгийн сайн мэднэ.


-Завхан аймгийн шүүхийн тамгын хэлтэс, газрын даргаар 22 жил ажиллаад гавьяаны амралтад гарсан. Шүүхийн захиргааны төв байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ой тохиож байна. Үүний 22 жил нь шүүхийн захиргааны байгууллагад ажиллажээ. Анх 1994 онд Завхан аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдоход шүүх прокурорын байрны баруун жигүүрт байрладаг байлаа. Аймгийн захиргаагаар дамжиж төсөв хөрөнгө батлагддаг. Аймгийн дарга нартай сайн харилцаатай байвал санхүүгийн асуудлаа шийдүүлж чаддаг үг байв. Шүүхийн ерөнхий зөвлөл рүү ярих асуудал огт байгаагүй. Ерөнхий шүүгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийнхээ дагуу аж ахуйгаа давхар эрхэлдэг. Тамгын даргатайгаа Ерөнхий шүүгч нь нийлээд л аж ахуй, санхүү хөрөнгөө хөөцөлдөөд явчихна. Ингэж явсаар ясли байсан байрыг авч 1996-1999 он хүртэл засаж янзалсан. Ингэж Завхан аймгийн шүүх 1999 онд анх өөрийн гэсэн хоёр давхар байртай боллоо.

 

-Байртай болсны дараа тохижуулна гэж бас том ажил биз?


-Шүүгчид тус тусдаа өрөөтэй. Өрөөнд нь ганц ширээ, сандалтай. Аж ахуйгаа бэхжүүлэхийн тулд шүүхийн захиргааны ажилтнууд амралтын өдрүүдэд өрөө, тасалгаагаа тохижуулдаг. Барилгын бригад шиг байлаа. Шүүхийн ерөнхий дарга С.Батдэлгэр 2008 онд манай шүүхэд ирэхэд "Манайх тавилга авах шаардлагагүй” гээд угтаж байсан. Тухайн үед шүүхүүдийг тавилгаар хангах ажил эхэлчихсэн байлаа. Бид шүүхээ ингэж л тохижуулсан. Ганц ч малгүй байсныг нь 600 гаруй малтай болгосон. Шүүгч, ажилтнууддаа хургатай хонь өгч байсан үе манай шүүхэд бий. Шүүхийн тамгын хэлтэс аж ахуйн эрхлэх эрхтэй байсан үе.

 

Шүүхийн бие даасан хараат бус байдал анхан шатны шүүхэд ширээ, сандлаас эхэлнэ гэж ойлгодог. Анх малтмал модон сандалтай байсныг түшлэгтэй зөөлөвчтэй саналтай болгож, фанер ширээг өнгөлгөөтэй хавтантай болгож явсаар өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ тэр үеийн шүүхийг өнөөдрийнхтэй харьцуулахад тэмээ ямаа, газар тэнгэр шиг зөрүүтэй.

 

-Шүүхийн шинэтгэл эхэлсэн үетэй харьцуулж байна уу?


-Монголын шүүхэд Шүүхийн шинэтгэл маш том эргэлт авчирсан. Материаллаг баазаас гадна шүүх бүрэн нээлттэй болсон. Өмнө нь иргэн шүүх хуралдаанд орох асуудал бараг байхгүй. Шүүхээс зугтдаг айдаг. Шүүхийн үүдэнд удаан зогсвол ичдэг байлаа. Одоо бол иргэд шүүхийг мэддэг, орж гардаг болсон нь маш том эргэлт. Ил тод, нээлттэй байснаар шүүхэд хандах, мэдүүлэх үйл явц ойлгомжтой болсон талаар хүмүүс ярьж байна. Иргэдэд чирэгдэл, зардал багатай болж байна. Шүүх шүүн тасалдаг байгууллагаас үйлчилгээний байгууллага болсныг иргэд мэддэг болсон. Тэр хэрээр шүүхэд итгэх итгэл сайжирсан.

 

-25 жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл Дээд шүүх, Хууль зүйн яамны харьяанд байж үзлээ. Шинэтгэлийн хүрээнд бие даасан байгууллага болсон. Зөв хувилбар нь аль бол?


-Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа гарснаар бүтэц нь данхайсан гэх шүүмжлэл бий. Гэхдээ үүнийг хөгжил гэж ойлгох ёстой. Алийн болгон хуучнаараа, шүүхийн захиргаа нь аймгийн удирдлагуудыг царайчилж, улс төрийн намыг дагаж явах юм бэ. Алийн болгон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн захиргааны асуудалд орооцолдох билээ. Өөрчлөгдөж, зөв замаа олох ёстой. Шүүгч нь шүүн таслах ажлаа, Хууль зүйн сайд нь гүйцэтгэх засаглалаа л хариуцаг. Харин шүүхийн захиргааны байгууллага тусдаа байх нь хамгийн зөв хувилбар.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.