Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-04-2018, 08:11   Ангилал: ---  

Хуульчийн ёс зүй, хариуцлагыг хэлэлцлээ

Хуульчийн ёс зүй, хариуцлагыг хэлэлцлээМонгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хамтран "Хуульчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.11) зохион байгууллаа. "Азийн сан”, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр "Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн ёс зүйн асуудалтай холбоотой санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгаа”, "Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдол, түүнийг хянан шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа”-ны дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

"Билиг” дээд сургуулийн захирал Б.Өлзийсайхан "Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн ёс зүйн асуудалтай холбоотой санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгааны дүн”-г танилцуулав. 2014-2017 онд Мэргэжлийн хариуцлагын хороо 791 гомдол, мэдээлэл хүлээж авснаас 14.8 хувийг харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлж, 40.1 хувьд нь маргаан үүсгэж, 45.1 хувьд маргаан үүсгэхээс татгалзсан байна. Гомдол мэдээлэлд холбогдсон хуульчдын 80.5 хувь нь өмгөөлөгч, 17.4 хувь нь шүүгч, 2.1 хувь нь прокурор аж.

Хуульчийн ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбоо гомдол, мэдээллийн 58.7 хувь нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, 16.4 хувь нь хуульч үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх, 13.3 хувь нь хуульч ёс зүйгүй асуудалтай холбоотой, 7.0 хувь нь шүүх хуралдаан үндэслэлгүйгээр хойшлуулсан, 4.7 хувь нь хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан агуулгатайг танилцуулав.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 345 гомдол, мэдээллийг судлахад гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчсөн, шүүхийг үл хүндэтгэж, шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулсан, шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үйлчилгээний хөлсөө буцаан гаргуулах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан, хэл амаар доромжилсон зэрэг агуулгатай аж. Сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 52 хуульчид сахилгын шийтгэл оногдуулсны 32-т нь хаалттай сануулсан нь үр нөлөөгөө өгөхгүй байгааг судлаач тодотгов. Тиймээс "хаалттай сануулах” шийтгэлийг хуулиас хасахыг зөвлөмж болгосон аж. Мөн хуульчдын ёс зүй, мэргэжлийн мэдлэг, ур чадварт дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргадаг байдлыг хуульчлах, бүртгэл судалгааг тогтмолжуулахыг санал, зөвлөмждөө тодотголоо.

Хуульчийн ёс зүй, хариуцлагыг хэлэлцлээ

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн гомдол, түүнийг хянан шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа” (2014-2017)-ны дүнг танилцуулсан юм. 2016 оныг хүртэл Шүүхийн ёс зүйн хорооны магадлалаар 28 сахилгын хэргийн 33 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ. Үүнээс 4 шүүгчид оногдуулсан 5 сахилгын шийтгэ хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 2017 онд Шүүхийн ёс зүйн хороо, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 4 шүүгч сануулах, 7 шүүгч цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээжээ.

Гомдолд хамаарах шүүгчдийн 70-аас дээш хувь нь Нийслэл дэх шүүхийн шүүгчид байна.

Мөн шүүхийн шат бүр дээр нь харьцуулан авч үзвэл, 2014, 2015, 2016 онд ёс зүйн зөрчилд хамаарах шүүгчдийн 80-аас дээш хувь нь Анхан шатны шүүхийн шүүгчид аж.

Судалгааны дүнг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо зөвхөн өмгөөлөгчдийн асуудлыг хэлэлцдэг болсныг анхаарах, ёс зүйн зөрчлийг тодорхой болгох, ёс зүйн зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа тогтоохгүй байх, хараат бус судалгаа тогтмол хийлгэх зэрэг санал дэвшүүлсэн юм.

"Хуульчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн хороо, "Азийн сан"-ын төлөөлөгчид оролцов.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 512  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31