Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-03-2016, 04:32   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Балбар найрагчийн багын анд шүүгч


 

"Шүүхийн” гэж овоглогдон төр, түмэндээ хүндлэгдсэн Г.Сүрэн шүүгч Хуулийн сургууль төгссөн цагаасаа л төрөлх нутагтаа ирж, Сүхбаатар аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичиг хэргийн эрхлэгч, хуулийн зөвлөгч кодификаторч, ахлах арбитрч, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1994 оноос Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч, Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, одоо Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Г.Сүрэн шүүгч 1994-2013 онд ажлын үзүүлэлтээр 10 гаруй удаа өөрийн шүүхэд тэргүүн байр эзэлж, 2008 онд улсад шалгарч байсны зэрэгцээ түүнийг Ерөнхий шүүгчээр ажиллаж байх хугацаанд шүүх нь улсад 2 дугаар байр эзэлж байсан гээд л түүний амжилт захаасаа хөвөрнө. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Уугуул нутаг ус, угсаа гарлаас тань яриагаа эхлэж болох уу?


- Би Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул. Миний эцэг Д.Гунаа Сүхбаатар аймгийн Наран сумын "Оргил” нэгдлийг анх үүсгэн байгуулагчдын нэг. Аав маань нэгдэлдээ Нябо, орлогч худалдаа бэлтгэлийн ангийн дарга, МАХН-ын даргаар олон жил ажилласан, нутаг орондоо нэр хүндтэй, бичгийн хүн байсан юм. Намайг хуульч болчихоод амралтаараа гэртээ байхад хүмүүс надаар биш ааваар л өргөдөл бичүүлнэ гээд ирдэгсэн. 1962 онд аав маань галын аюулаас 2 хүүхэд аварч, өөрөө түлэгдэж сандарч байхыг нүдээрээ харсан минь аавыгаа бишрэх, шүтэх эхлэл байж дээ. Суманд маань том дарга ирж аавын минь энгэрт "Шударга журам” медаль зүүж өгч байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Ээж минь насаараа сумын эмнэлэгт ажилласан. Эх нялхсын улсын анхдугаар зөвлөгөөнд аймгаасааа төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. Ээж аав хоёр маань 2 хүүхэд "өргөж” авч, хайраар дутаалгүй, хаттай өсгөн, хүний зэрэгт хүргэж, ээж минь одоо ч бидний ач, зээг өсгөн хүмүүжүүлж сууна. Хүүхэд байхад ээж минь үлгэр их ярьж өгдөг байж билээ. Ээж, аав хоёр минь дүү бид хоёрыг эрдэм боловсролтой, хөдөлмөрч, үнэнч шударга хүн болгохын төлөө онцгойлон анхаардаг байж билээ. Үүний дүнд бид 2 хоёулаа хуульч болж дээ. Хэдийгээр би айлын эрх охин байсан ч 1, 2-р ангиасаа л хонь угаах, хашаа саравч барих, ус зөөх, хөмүүл таана түүх, шил угаах гээд л хөдөөгийн хүүхдийн хийж чадах бүхий л ажлыг хийж явсан. Анхныхаа цалинг 4-р ангид байхдаа нэгдлээс авсан даа.

 

- Багаасаа бие охин байж?


-Би их азтай хүн. Нэгдүгээр ангийн багш маань Данзангийн Нямсүрэн /Эрээнцавын/. Энэ агуу мундаг найрагчаар "А” үсэг заалгаж явсан минь миний бахархал. Яруу найрагч О.Дашбалбар бид 2 нэг голын, унаган багийн минь найз. Балбар бид Наран, Дарьгангийн сургуульд нэг ангид сурч, тэрээр бүр 1-р ангиасаа л ангидаа номын сан байгуулж, биднийг номтой нөхөрлүүлж, уран зохиолын номын амтат бал бурмыг мэдрүүлснээр бидэнд уншаагүй ном зохиол гэж бараг л байдаггүйсэн. Нямсүрэн багш маань бидэнтэй лаптуу тоглон, бөмбөг өшиглөж, сумын холбооноос нэвтрүүлэг явуулж шүлэг уншуулан дуулуулж байсан нь хүүхэдтэй их тулан ажилладаг байж дээ гэж бодогддог. Манай ангид олон олон авьяаслаг хүүхдүүд байдаг байлаа. 7-р ангидаа Солонгосын Зоя, Тожоо жолооч зэрэг зохиолыг найруулан жүжигчилсэн тоглолт хийж, сум, баг цэргийн ангиар тоглож явлаа. 7, 8 дугаар ангийн хэл уран зохиолын багш маань зохиолч, яруу найрагч И.Батсүх шүү дээ. Манай ангиас олон хүн бүх ард түмний алт, мөнгөн медаль авч, шүлэг бичиж, номоо гарган олны хүртээл болгосон доо. Тухайлбал: Ооёо, Чимидрагчаа, Пүрэвжав, Баярсайхан, Ядамсүрэн, Нямдорж, Шашмаа нар маань шүлэг бичиж, бичдэггүй нь уншиж, тэдний маань хүүхдүүд ч одоо урлагийн тавцанд нэрээ дуудуулж, гялалзаж явна.

 

-Таныг нийгмийн идэвх сайтай гэлцдэг. Сонгуульт ажил хийж байв уу?


-Залуугаасаа л нийгмийн идэвх сайтай байлаа. Хуульч эмэгтэйчүүдийн холбооны салбарын даргаар олон жил ажиллаж төрийн бус байгууллагын шилдэг удирдагч цол, шагнал авч байсан. Мөн Шүүгчдийн салбар хорооны болон Сахилгын хорооны даргаар ажиллаж байсан. 2006 онд Сөүл хотод болсон Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож, мөн зүүн бүсийн 8 аймгийн хууль эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг аймагтаа амжилттай зохион байгуулж, 2011 онд Улаанбаатар хотноо болсон Хуульч эмэгтэйчүүдийн урлагийн их наадамд гишүүдээ удирдан зохион байгуулж оролцон, тэргүүн байр эзэлж байсан. Хүн ер нь цалинтай ажлаасаа гадна цалингүй ажилд нийгмийн төлөө зүтгэх, бусдын төлөө эрсдэл хүлээх ёстой гэж боддог шүү.

 

- Шүүгчид сэтгэлийн хөдөлгөөн багатай. Таныг хамгийн их догдлуулж, баярлуулж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйл юу вэ?


-Хүн юм болохоор сайхан мэдээ сонсоод баярлана. Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж буй тамирчид, бусад амжилт сэтгэлийг минь эрхгүй догдлуулдаг. Өвлийн хүйтэнд нүцгэн нимгэн, өлсгөлөн яваа хүүхдийг хараад сэтгэл минь эмзэглэж явдаг даа.

 

- Таныг муугүй "зохиолч” гэж сонсож байсан юм байна. Ганц сайхан шүлгийн мөр сонсмоор байна?


-Зохиолч ч юу байхав дээ. Тэр олон авьяастай сайхан улсын дэргэд байсан болохоор аргагүй сонирхогч болсон байх.

 

Бор зүрхний маань шивнээ

Бодол болгон маань сайхан ч

Борооны дараах мөөг шиг бодлуудаас

Болор шиг тунгалаг хайрын бодол бүр сайхаан

Салхи исгэрэн бороо босгож өвс хөдөлгөнө

Салхи исгэрч санаа алдуулж, санаашруулна

Сэтгэл зүрх минь чам руу тэмүүлж, намайг зовооно

Сэнгэсэн салхи гунигийг бүтээж намайг зовооно...


-Таны унших дуртай ширээний ном?


-Хүүхэд ахуйгаасаа л номтой нөхөрлөж, номноос амьдарлын сайн муу, баяр баясгалан хайрын тухай мэдэрч явлаа. Бас ч үгүй Нацагдорж тэмдэгтэн шүү. Хүүхэд байхад Дашбалбар ангийнхаа хүүхдүүдээрНууц товчоог уншуулж байсан. Тухайн үедээ сайн ойлгохгүй л байсан санагддаг юм. Лев Толстойн "Сэхээрэлт” Шерлок Холмосын "Мөрдөн байцаагчийн өдрийн тэмдэглэл”, "Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой” гэх мэт олон сайхан зохиолуудыг уншиж мөрдөн байцаагч болохсон гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явлаа.

 

-Таны олон жилийн хөдөлмөрийг төр засгаас үнэлж гавьяа шагнал олныг хүртээсэн байхдаа?


- Монголын шүүгчдийн холбооны хүндэт өргөмжлөл, Сүхбаатар аймгийн хүндэт тэмдэг, Цагаатгалын улсын комиссын хүндэт үнэмлэх, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Хууль зүйн албаны болон Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор шагнагдсан. Тэр дундаас 17 насандаа авсан Улаанбаатар хотын МХЗЭ-ийн хорооны шагнал хамгийн сайхан нь.


- Яагаад?


- 10 дугаар анги төгссөн намар Сэлэнгэ аймгийн Хүдрийн сангийн аж ахуйн тариан дээр ажиллаад иртэл Эх орныхоо социалист бүтээн байгуулалтад амжилттай оролцож, залуу үеийг коммунист ёсоор хүмүүжүүлэх үйлст гаргасан амжилтыг үнэлэн... гэж бичсэн "Хүндэт диплом”-оор шагнаж билээ. Үүнд их л омогшин сайн эцэг эхийн хайранд өсч, ажил хөдөлмөрт үнэнч хандахын амтыг мэдрүүлсэн аав, ээждээ баярлаж, цаашид үнэнч шударга хөдөлмөрлөх эрч хүчийг надад өгсөн гэж боддог юм.

 

Ингээд Сүхбаатар, Дорнодын шүүхэд нэгэн үе хамт ажиллаж байсан сайхан хамт олон, тэдний эрч хүч, сэтгэлийн дэмээр өдий зэрэгтэй яваа маань бас миний бахархал юм даа. Ингээд хамт олондоо ажлын их амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Ер нь амгалан тайван амьдрал, ажил хөдөлмөр л аз жаргалыг бий болгодог доо.


Бид хоёрын ярилцлага ийнхүү өндөрлөлөө.

 

Тэрээр амьдралынхаа 22 жил шүүгч гэсэн эрхэм хүндтэй албыг хашиж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, сэтгэлийн тэнхээ, итгэлийн гэгээ, шударгын төлөө, үнэний эрлийн бартаат харгуйгаар өчнөөн он жилийг туулахдаа эрүү, иргэн, захиргааны олон мянган хэргийг шийдвэрлэжээ. Гэмтнийг гэсгээж, гэм буруугүйг нь өршөөн хэлтрүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шүүхийн хөгжил, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж "амьд хууль” болж ачааны хүндийг үүрэлцэж, хүч чадал, авьяас билэг, оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулан яваа Монголын шүүхийн олон олон эмэгтэй шүүгчдийн төлөөлөл болсон эрхэмсэг хатагтай юм. Тэрээр өөрийгөө магтаж дөвийлгөсөнгүй ээ, өсөж төрсөн нутаг ус, өргөж өсгөн хүмүүжүүлсэн 2 настан буурлаа, гэр бүл, үр хүүхдүүдээ, хүүхэд нас, ангийн нөхдөө, тэднийхээ амжилт амжилт бүтээлийг ярихдаа нүдэнд нь оч гэрэлтэж, нүүрэнд нь баясал төрж байсныг өчүүхэн бичигч би анзааран харж, бахархаж сууснаа нуух юун.

 

 

Б.Сүхгомбо


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 452  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031