Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2016, 03:34   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Улс төрийн либериализм: Дэлхийд харанхуй засаг мөхөж, ухаалаг, хуулийн засаг ноёлж байна

 

 

Харвардын их сургуулийн профессор Ж.Роулсын "Улс төрийн либериализм” бүтээл орчуулагдсан нь ардчилсан сонголт хийсэн Монголчуудын хувьд ардчилсан нийгэм, ардчиллын ба улс төрийн үнэт зүйлсийн ухамсар, сэтгэлгээгээ шинэчлэх, улам бүр тэлэхэд оюуны асар их хөрөнгө оруулалт болж байна.

 

Судлаачид, улс төрчид, олон нийтэд уг "Улс төрийн либериализм” бүтээлийг шимтэн уншихыг уриалах, "Шударга ёс болсон зүй ёс”-ны үзлийн утга санаа, шалгуураар Монголын ардчиллын хөгжлийн 26 жилийн туулсан зам, бахархах сайн үйлс хийгээд ил, далд аюул, согог юу болоод байгаад анхаарлаа хандуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй хэмээн хүсч, харьцуулах аргаар үзэл бодлоо товч байдлаар илэрхийлэв.

 

УЛС ТӨРИЙН ЛИБЕРИАЛИЗМ БА МОНГОЛЫН ДҮР ТӨРХ

"Монголын ардчилал нь эргэж ирсэн оюун ухааны үр дүн болох нь”

 

Cоциалист төрийн он жилүүдэд Монгол түмний оюун ухааны амин сүнс нь зайлуулагдсан байв.

 

Гэвч бусдын ил, далд хүч, эрхэнд жаргаж буй мэт хиймэл оюун сэтгэхүйт, боол мэт үхмэл дүрд хувиргасан хүн сүрэг байхыг хүсээгүй, харин зовсон ч өөрсдийн эрхээр, бор гэртээ богд буюу тусгаар улсынхаа бүрэн эрхт, эрх чөлөөт иргэд, өөрсдөө өөрсөддөө эзэд байхыг туйлаар хүсч, эрх чөлөө, шударга ёсны төлөө боссон билээ.

 

Ингэж 1990 онд Монгол түмний уугуул оюун ухаан амин сүнстэйгээр эргэж ирэв, энэхүү эргэж ирсэн олон түмний оюуны хүчээр "хуучин Монгол” "шинэ Монгол” болов.

 

"Төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МА(Х)Н мөн” гэсэн нь хүчингүй болж, харин

 

"Төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнээс тодорсон ардчилсан онол, үнэт зүйлсийг үйл ажиллагаандаа удирдлага болгодог, олноо түгсэн ухаалаг үзэлт олон түмэн мөн” гэж үзсэн билээ.

 

Гэвч Улс орны эдийн засаг, олон түмний амьдралын чанар, хөгжлийн байдал шальдир, бульдир, зогсонги, дороо хий эргэсэн, дампуурлын ирмэгт буй одоогийн байдал, дүр төрх нь улс төрийн либериализмаас хүсэн хүлээсэн үр дүн мөн үү ?

Төрийн паразит албатууд түмний зовлон болов, түмэн олон Энх-амгалангийн орны саварт, босгоны үүд сахин зүдрэхэд хүрэв үү, яагаад ? Хаана байна тэр ардчилсан үзэлд дарагдсан мэдлэг чинь, мэдлэгтээ дарагдсан мэргэн ухаан чинь ? гэж хөндлөнгийн хүн Элиот, шударга ёс болсон зүй ёсны үзэл асууж байна.

 

 

АРДЧИЛСАН НИЙГМИЙН УУРАГ ТАРХИ, ЗҮРХ НЬ ХЭН БЭ, ЮУ ВЭ ?

 

ӨНӨӨГИЙН ЗАСАГЛАЛЫН ИЛ, ДАЛД АЮУЛ, СОГОГ НЬ ЮУ БАЙНА ВЭ ?

 

Улс төрийн либериализм, түүний нэг чиглэл болох "шударга ёс болсон зүй ёс”-ны үзлээр ухаалаг, сайн зохион байгуулалттай, Үндсэн хуульт ардчилсан нийгэм орших үндэс нь :

 

- Эрх чөлөөт, тэгш эрхт иргэд : Улсын бүрэн эрхт гишүүн, эзэд харин бусдын боол мэт үхмэл хүн биш.

 

Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд улс төрийн харилцааны онцлог нь улс төрийн эрх мэдэл эцсийн дүндээ эрх чөлөөт, тэгш эрхт, иргэдийн эрх мэдэл байдаг.

 

Үндсэн хууль нь улс төрийн эрх чөлөөг онцолсон 2 нөхцөлд тулгуурладаг : Нэгд. Ард түмэн улс төрийн эрх чөлөөтэй, тийм учраас өөрсдийгөө хамтаараа засагладаг,

 

Хоёрт. Иргэд улс төрийн эрх чөлөөтэй, тийм учраас хүмүүсийн биш хуулийн засаглал оршдог. Франк Майклмэн.

 

Бурхан хүмүүст нэгийгээ захирах эрх өгөөгүй. (Ж.Локк). Бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явах биш, өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болох ёстой. (И.Кант). Гагцхүү бие хүний эрх чөлөө, өөрийн үзэмжээр хувь заяагаа сонгох боломж л нийгэм өөрийн бүх чадавхиа шавхан урагшлах нөхцлийг бүрдүүлнэ. (М.Фридман).

 

- Бие даасан, хараат бус шүүхийн тогтолцоо : Төрийн эрх мэдлийн тулгуур багана, ардчилсан засгийн хэмжүүр, эрх зүйт төр оршихуйн нотолгоо.

 

Ж.Роулс : Ардчилсан Үндсэн хуулийн сургаалд нийцсэн шийдвэр гаргах онолын максим, нийгмийн үнэт зүйлсийн тэнцвэрийн сүлжээг дээд зэргээр ихэсгэхэд зайлшгүй гэсэн утгаар ард түмний төлөө тус тусын үүрэг, хариуцлага хүлээдэг суурь бүтэц буюу шударга ёсны тогтолцоог бий болгодог.

 

Дээд шүүх нь олон түмний оюун ухааны жишээ болж үйлчилдэг онцгой эрх мэдэл. Дээд хуулийг тайлбарлах, хамгаалах үндсэн эрх мэдэл бол Дээд шүүх. Дээд шүүх нь явцуу ашиг сонирхлоор Үндсэн хуулийн мөн чанар, суурь зарчим, үнэт зүйлийг зөрчигдөхөөс ямагт урьдчилан сэргийлэх ёстой. Энэ агуулгаар хууль, бодлого шийдвэр нь Үндсэн хууль, зүй ёс, олон түмний оюун ухааны улс төрийн үнэт чанарт нийцсэн эсэх, шударга эсэхийг хянах чиг үүрэгтэй.

 

- Зүй ёсны зарчмууд :

 

Ж.Роулс : Суурь эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс төрийн шударга процедур, суурь бүтцийг журамлахад зарчмууд чухал үүрэгтэй.

1/ Тэгш эрх, эрх чөлөөний зарчим. Хүн бүр эрх, эрх чөлөөг эдлэх, эрмэлзэх адил тэгш эрхтэй.

 

2/ Ялгааны зарчим. Уг зарчмын үүрэг бол шударга, тэгш бололцоог хангах, нийгмийн нөөц баялагийг үр ашигтай, шударга хуваарилахын тулд нийгэм, эдийн засгийн системийг зөв журамлах. Зарчмын гол агуулга нь :

 

- бүх хүнд нээлттэй, шударга, тэгш бололцоо олгосон нөхцөл дахь албан тушаал, эрх мэдэл,


- нийгмийн эмзэг хэсгийнхэнд ашиг тусаа өгсөн нөхцөл дахь нийгмийн нөөц баялагийн хуваарилалт зайлшгүй хэрэгжих ёстой, энэ тохиолдолд тэгш бус байдлыг зөвшөөрч болно.

 

Нийгэм эдийн засгийн тэгш бус байдал байнга өөрчлөгдөж байх ёстой, тэгснээр тэгш бус байдлын түвшин их, бага ямар ч байлаа гэсэн нийгмийн эмзэг хэсэгт ашигтай тусна.

 

- Шударга хууль : иргэний суурь эрх, эрх чөлөөний шударга, тэгш хэрэгжилтийн баталгаа. Шударга хууль бол түмэн олны хүсэл зориг, төрийн ой санамж, залгамж чанарын дээд илэрхийлэл, харин улс төрийн бүлэглэлийн, хэн нэг эрх мэдэлтний дур зорго биш.

 

Хуулиуд үйлдвэрлэх нь чухал биш, харин хууль шударга, амьд үйлчлэлтэй байх нь чухал.

 

Хууль иргэдийн амьдралаас зохиомжлогдон бичигдэх ёстой ба ардчилал, Үндсэн хуульт ёс, эрх зүйт төр, шударга ёсны онолын үзэл баримтлал, шалгуур үзүүлэлт, олон түмний ба төрийн хүсэл зоригийн зохистой давхцлыг олсон нөхцөлд тухайн хуулийг эрх зүйт, шударга хууль гэж ойлгож болно.

 

Ж.Роулс : Хууль нь Үндсэн хууль, зүй ёсны зарчмуудад тохирч байх ёстой.

 

Хуулийн систем нь албадлагыг биш ёс суртахууны үүрэгт ач холбогдол өгсөн, жинхэнэ үүрэг гэдгийг зөв ойлгуулсан агуулгатай тохиолдолд тодорхой эрхийг дээдэлж болно.


Оюун ухааны чин эрмэлзэл бүхий ардчилсан иргэд өөрсдийгөө "хамгийн ухаалаг хууль зохиогчид” гэж үзэж, зүй ёс ба улс төрийн үнэт зүйлсийн мэдрэмжтэй байж, олон түмний олноо түгсэн, ухаалаг оюуныг зөрчсөн хэнийг ч эсэргүүцэх явдал нь ардчилал орших суурь нөхцөл болно.

 

Шударга хууль бол ёс суртахууны хуультай зохицсон дүрэм журам. Шударга бус хууль бол ёс суртахууны хуультай зохицоогүй дүрэм журам. М.Л.Кинг

 

Хүний хувь шинжийг дээш өргөж байгаа бүх хууль зөв, шударга. Хүний хувь шинжийг доройтуулж байгаа бүх хууль шударга бус. Гэгээн Фома Аквин.


- Олон түмний олноо түгсэн ухаалаг оюуны хүч: төрийн ой санамж нь саруул сэтгэхийн амин үндэс, дарангуйлалд гарах гарц үл олгох оломгүй далай болно.

 

Олон түмний оюун ухааны агуулга нь улс төрийн намын гишүүдийн олонхоор биш олон түмэн иргэдийн ардчилсан Үндсэн хуульд нийцсэн улс төрийн ухаалаг ойлголт, үзэл санаа байна.

 

Ж.Роулс : Ардчилсан нийгэм нь төвлөрсөн эрх мэдлээс гаргасан дүрэм, журмаар биш, харин олон түмний хүлээн зөвшөөрсөн дүрэм, журам, процедур, олноо түгсэн ухаалаг үзлээр дэмжигдсэн хамтын ажиллагааны шударга систем.

 

Үндсэн хуульт мөн чанар, зүй ёс, улс төрийн үндсэн асуудлууд олон түмний оюун ухаанаас ангид шийдвэрлэгдэх ёсгүй, олон түмний оюун ухааны ухаалаг баримтлал, улс төрийн үнэт чанар нь бодлого, шийдвэр гаргах, тэдгээрийг үнэлэх шалгуур, үндэс болно.

 

Олон түмний оюун ухаан, олон түмний хяналт хэрэгжих нэг хэлбэр нь олон түмний үзэл санааны хязгаарлалтгүй харилцан солилцоо буюу чуулган, хэлэлцүүлэг явуулах асуудал нээлттэй, чөлөөтэй байх, энэ нь зарчмын хэлбэртэй болсон байх явдал.

 

Ардчилсан нийгэмд олон ухаалаг ба ухаалаг бус олон үзэл байх нь гайхах зүйл биш.

 

Гэхдээ ардчилсаннийгмийг дэмждэггүй сургаалыг ухаалаг гэж үзэхгүй. Зарим иргэд агностицизм, спектицизм, догматизм зэрэг ухаалаг нь эргэлзээтэй үзлээс өөр ухаалаг сургаалтай танил бус байх нь байна. Ухаалаг нь олноо түгж, ухаалаг бусыгаа хянаж, давамгайлж, бас нийгмийн тогтворт байдлыг дэмжих үүрэг гүйцэтгэнэ.

 

Ардчилсан нийгэм дэх шашин, философи, ёс зүйн олноо түгсэн, ухаалаг сургаалиудын олон талт байдал нь эрх чөлөөт орчин дахь олон түмний соёлын байнгын нэг нөхцөл, шинж. Эсрэг тохиолдолд эрх мэдлийг дарангуйллын арга замаар ашиглахад хүрэх учир улс төрийн либериализм нь тухайн ухаалаг сургаалуудыг няцаадаггүй, улс төрийн хувьд зохистой гэж үздэг.

 

- Санал нэг тохироо буюу давхцагч зөвшилцөл : Ардчилсан нийгэм тогтвортой орших бололцоог бүрдүүлнэ.

 

Ж.Роулс : Санал нэг тохироо бол нийгмийн нэгдлийн хамгийн ухаалаг үндэс.

 

Улс төрийн ойлголт, асуудал олноо түгсэн, ухаалаг сургаалиудын "санал нэг ухаалаг тохироо”-оор дэмжигдсэнээр ардчилсан нийгэм сайн зохион байгуулалттай, тогтвортой болно, улс төрийн гүнзгий хуваагдлаас сэргийлнэ.

 

Давхцагч зөвшилцөлд улс төрийн баримтлалыг хүлээн зөвшөөрөхүй нь ялгаатай үзэл баримтлагч хоорондын буулт биш, харин иргэн бүрийн "үнэн, зөв, сайн” хэмээн баталдаг олноо түгсэн сургаал дотор тодорхойлогдсон үндэслэлийн нийлбэр буюу төв цэг, зангилаа болсон улс төрийн ойлголцлын таарах нийцлээс хамаарна.

 

- Ардчилсан, шударга тогтолцоо болох суурь бүтэц : цомхон, чадварлаг, мэргэжлийн байх ёстой.

 

Ж.Роулс : Суурь бүтэц (улс төр, эдийн засаг, нийгмийн гол байгууллагууд)-ийг оновчтой хууль, бодлого, шударга нийгмийн төлөө бүтцийн зарчмын хүрээнд, зүй ёсны талаарх улс төрийн хамгийн ухаалаг ойлголтоор үр дүнтэй журамлах, гэхдээ энэ нь нийгэм дэх олноо түгсэн бүх ухаалаг сургаалаас тогтсон "санал нэг тохироо”-гоор батлагдсан байх шаардлагатай.

 

Суурь бүтэц нь суурь эрх чөлөөг тогтоох, хамгаалах, шударга, нээлттэй, тэгш бололцоог хангах, эмзэг хэсгийнхэнд ашигтай байх зэрэг нийт эрх ашгийн шаардлагад нийцэх, суурь зүй ёсыг тогтоох, хадгалж, хамгаалахын тулд тулгарч буй шаардлагад зохицон өөрчлөгдөх, тохируулга хийгдэж байх ёстой, эс тэгвээс шинэчлэлийн төлөөх зорилго, хүсэл эрмэлзэл үгүй болно.

 

Гэхдээ суурь бүтэц ялангуяа Засгийн газрын бүтцийг зөвхөн улс төрийн зүй ёс, эсвэл ерөнхий сайн сайхан өөрчлөлтийг шаардаж байгааг туршлага харуулсан цагт өөрчилж болохоос аль нэг нам, бүлгийн улс төрийн давуу тал дээр дөрөөлөн хийж болохгүй.

 

Улс төрийн зохион байгуулалттай эрх ашгийн төлөө, мөнгөний байнгын эрэлд байгаа үед улс төрийн ардчилсан систем ажиллаж чадахгүй, уг системийн зөвшилцлийн эрх мэдэл саажсан байдаг.

 

"Үл үзэгдэх гар” нь юмсыг буруу чиглэлд хөтөлж, олигопол (хэдхэн хүний хооронд өрсөлдөөн явагддаг хязгаарлагдмал зах зээл бүхий нөхцөл)байдлыг дэмжиж буй үед шударга бололцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг өөгшүүлдэг байна.

 

Тэгвэл Монголд ухаалаг, сайн зохион байгуулалттай, Үндсэн хуульт ардчилсан нийгмийн үнэт зүйлс, шалгуур үндэс, тэдгээрийн хэрэгжилт, баталгаа ямар түвшинд байна вэ ?

 

Энэ талаар өнөөгийн Монголын бодит дүрх төрхөөс дүгнэхэд төвөгтэй биш гэж үэзж байна. Түмэн олны түмэн нүдэнд ил харагдаж байгааг үл харагдуулах ёсгүй.

 

Улс төрийн либериал бодлогыг тээгч, ухаалаг үзэлт, түгээмэл зарчим, чин эрмэлзэл, стандарт бүхий улс төрийн нам төлөвшиж чадаагүй, улс төрийн намын үйл ажиллагаа хууль зүйн хувьд нарийвчлагдан журамлагдаагүйгээс "нам, намын фракцийн гишүүн бол иргэн баян”, "нам баян бол улс баян” гэсэн уриагаар улс төрийн нам гэх бүтэц нь шударга хууль, олон түмний хяналтгүйгээр "ашгийн төлөөх сүлжээний пирамид тогтолцооны компани, бүлэглэлийн бохир бодлого, схем, технологи”-оор ажиллаж байгаа тохиолдолд ухаалаг, сайтар зохион байгуулагдсан, Үндсэн хуульт ардчилсан засаг орших бололцоогүй байна.

 

Улс төрийн либериализмд :

 

- хувийн, бүлгийн үзлээ хүчээр тулгах, өөрсдийнхөөс нь өөр боловч ухаалаг сургаалыг дарах, хувь, бүлгийн ашиг сонирхлоо "төрийн бүтэц”-ээр дамжуулан гүйцэлдүүлэхэд улс төрийн эрх мэдлийг хэрэглэх нь "ухаалаг бус” болно гэдгийг төгс баримтлах,

 

- ард түмний тусын тулд aрд түмний мэдэлд байх засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намын бүхий л үйл ажиллагаа ардчилсан, тунгалаг байх, тодорхой үүрэг, хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг асуудлыг олон түмний оюуны хүч, санал нэг тохироогоор нарийвчлан зохицуулсан байх нь амин чухал байна.

 

Дээд эрэмбийн эрх ашгийг зөв эрэмблэн хамгаалах, хөгжлийн хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангах, нийтлэг эрх ашиг нэрийдлээр явцуу сонирхлоор түмний хөрөнгийг цөлмөх, үр ашиггүй зарцуулахгүй байх нь ардчилсан засгийн гол үүрэг байна.

 

Хөгжил, аюулгүй байдлын хүн төвтэй үзэл баримтлал гэдэг нь эрх мэдэлд улайрсан явцуу сонирхлоор "халамж хайр, бидний хишиг” нэрийдлээр татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй үрэн таран хийх, хувь иргэд, хувийн хэвшлийнхэн хийчих ажлыг төрийн эрх мэдэлтэн булаан авах, бялуу хуваах, мөнгө босгох санаархлаар төрийн албыг зохиомолоор данхайлгах, нам, бүлэглэл, гэр бүл, садан төрөл, нутаг нугын "сүлжээ” үүсгэх зэрэг элдэв бусармаг арга замаар түмний хөрөнгийг цөлмөх, эцсийн дүндээ улс орон, хүн ардыг өрийн дарамт, ядуурал, дампуурал, хараат байдалд хүргэх бодлого биш байна.

 

Төрийн үүргийг Адам Смит оновчтой тодорхойлсон, мөн шударга ёс болсон зүй ёсны үзэл санаа бүхэлдээ ардчилсан иргэн, төр, хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн зөв хуваарь буюу чиг үүрэгт хамааралтай олон талт асуудлыг дэвшүүлсэн байна.

 

Бидэнд ямар арга зам байна вэ ?

 

Бид маш харилцан хамааралтай, уялдаа холбоотой дэлхий дээр амьдарч байна. Улс орны тусгаар тогтнол харилцан сөргөлдөөнтэй хөгжлөөр өөрчлөгдөж байна.

 

Ф.Тоффлерын тодорхойлсноор хүн төрөлхтөн аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн арга нь булчингийнх хүчээр тулгах, булчингийн хүчээр тулгахаас мөнгөний хүчээр тохиролцох, мөнгөний хүчээр тохиролцохоос оюун ухааны хүчээр зөвшилцөх арга замаар явж байна.

 

Өнөө цагт дэлхийд оюун ухаан ноёлох болж байх ба хөгжил, аюулгүй байдлын хүн төвтэй үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна.

 

Хөрш орны удирдлага нь Их зохиолчийн "Миний нутаг" шүлгийг уншлаа гээд алга ташаад байх нь биш, цаадах утгыг нь эргэцүүлэн сэтгэх, сэрэх нь чухал.

 

Бид дийлэнхдээ оюун ухаанжиж байна уу эсрэгээр засгийн эрх барих нэрийдлээр эрх мэдэл, ашиг олох шунал, царцанги үзэлдээ боолчлогдон, бусдын урхи, хавханд ороод, эцэст нь гарах гарц хайн элдвээр орь дуу тавин, тарчилж, амь наана, там цаана, олон нийт нь ядуу доод түвшинд хүлэгдчихээд, элдвийн мухар сүсгээр шашинжаад, "хөөрсөн түмэн”-ий шинж бүрдээд байгаа биш үү?

 

Оюун ухааны эрин зуун, шинэ цаг үеийн шаардлага, хандлагыг зөвшөөрч, сэтгэлгээ, арга барил, хандлагаа эрс шинэчлэх, өнөөгийн засаглалын ил, далд аюул, согогийг зөв оношлон залруулах, зөв гольдролоор явуулахад чиглэгдсэн "зөв, цогц бодлого, арга хэмжээ” хэрэгжүүлэх замаар "ухаалаг бус, клептокраци засаг, бусдын урхи, хавх, хүлээс”-ээс ангижран урагшаа тэмүүлж, хөгжих, дэвжих шаардлагатай болоод байна.

 

 

Хуулийн засаглал дэлхийд түгж, хүн бүрийн эрх чөлөө, аюулгүй байдал хэлбэрдэлтгүй хамгаалагдаж байх шинэ эрин үе айсуй.


 

 

 

Хуульч Г.ГАНБААТАР

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 720  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031