Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Үнэний эрэл”-д хатаагдсан шүүгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг …

 

 

Намхайн Цогоог Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгчээр томилсугай.

 

Тиймээ. Цогоо шүүгчийн маань "зарлигаар томилогдсон” эрхэм хүндтэй, нэр төртэй алба бол шүүгч хэмээх энэ л алба. Хүн бүрт тохиохгүй ховорхон хувь тавилан. Тэрээр эх орныхоо зүүн хязгаарт, төрж өссөн Дорнод аймагтаа, энэ л шүүхдээ 1975 оноос эхлэн насаараа ажиллаж, Хан-уул, хатан Хэрлэнгийнхээ хөвөөнд энэгшин дассан хамт олон, хамтран зүтгэгчид, халуун дулаан гэр бүлийнхэнтэйгээ амар амгалан аж төрөн суугаа. Түүний гэр, ажил хоёрынхоо хооронд гишгэсэн мөрийг нь тоолж баршгүй. Манай Цогоо ноён нуруутай зангарагтай оюунлаг болоод соёлтой, хүнлэг энэрэнгүй, гэнэн цагаахан, цайлган сэтгэлтэй, хөгжилтэй, алиахан, гүндүүгүй, ажилч хичээнгүй, жинхэнэ монгол эр хүн.

 

Тэрээр 31 дэх жилдээ шүүгч хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албыг хашиж онол практикийн өргөн их мэдлэгтэй, төрт ёс, түмэн олон, төөршгүй мэргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн шүүхийг "тунгалаг ариун” байлгах их үйлсэд чин үнэнчээр зүтгэсэн ахмад хуульч.

 

Ёстой л Монгол Улсын СГЗүтгэлтэн, үндэсний бөхийн холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдоржийн шүлэглэсэнчилэн Харахын төдийд шүүрс алдуулам монгол бүсгүйд сөхөрч унах эр хүний жаргал Хар нүдэн үрсээ өөр дээрээ мордуулан өвдгөөрөө мөлхөх эр хүний жаргал Хаана ч явсан нүүр бардам их үйлс бүтээж түүгээрээ бахархах "Цогоо шүүгчийн жаргалаа”гэхээр сайхан хүн.

 

Тэр эрхэмсэг өвөө, эрхэм хүндтэй аав, амьдралын түшиг болсон хүний сайхан хань.

"Шүүхийн Цогоо” буюу шүүгч хэмээх эрхэм хүндтэй албыг бүхий л насаараа хашсан эгэл агаад төвшин, эрхэмсэг хийгээд намбалаг, бурууд нүд хурц, үнэнд элэг зөөлөн Дорнын талын унаган хүү Намхайн Цогоотой хөөрөлдсөнөө уншигч танаа толилуулъя.

 

-Төрж өссөн нутаг, аав, ээжийн тань тухай яриагаа эхлэх үү дээ.

 

- Тэгэлгүй яахав. Би 1954 оны намар буюу морин жил эгэл ард Далхаагийн Намхайн ууган хүү болон эртний түүхт Чойбалсан хотын төрөх тасагт мэдэлсэн. Хүй цөглөсөн ариун газар минь одоогийн БОЭТөвийн зүүн талд хуучнаар аймгийн нэгдсэн больниц гэж нэрлэгдэжбайсан дан ягаан байшин. Орос сувилагч эх барьж авч надад Володья гэсэн нэр хайрлаж энэ нэрээрээ 8 нас хүртлээ нэрлэгдэж явсан гэдэг. Хүүхэд нас маань Чойбалсан хотын баруун дэнж, хуучин аймгийн төвд өнгөрсөн. Үе тэнгийн хүүхдүүдтэй Хэрлэн голд очиж усанд орох, голоос ус зөөх, мод хөрөөдөх, түлээ хагалах, чөлөөт цагаараа нуугдаж, байлдаж, лавтуу тоглох, дүү нараа асрах, хичээл, сургуульдаа явах зэргээр тэр үеийн хүүхдүүдийн адил эгэл амьдралаар явж ирсэн. Миний аав Намхай Дорнод аймгийн Чойбалсан сум, , ээж Сумъяа Сүхбаатар аймгийн Халзан сумын хүмүүс. Аав, ээж хоёр маань 1952 онд Улаанбаатар хотод багшийн сургууль төгсөж Дорнод аймгийн Матад суманд багшилж байхдаа танилцан гэр бүл болсон. Ээж минь ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд бүх л амьдралаа зориулсан, аав минь Төр захиргааны байгууллагад олон жил хариуцлагатай ажил хийж олон түмнээ "Намхай дарга” гэж /хүндлүүлсэн/ сайхан буурал байсныг Дорнодчууд минь андахгүй байх. Би эцэг эхээсээ 6-уулаа. Дүү нар маань бүгд дээд, тусгай дунд боловсрол эзэмшиж, гэр бүл, үр хүүхэдтэй болцгоож улс нийгэмдээ ажил хөдөлмөр эрхэлж, сайн сайхан амьдарцгааж явна даа.

 

-Ажил хөдөлмөрийн гараагаа энэ л шүүхээсээ эхэлсэн гэдэг байхаа.

 

-Тиймээ. 1972 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын Н.Ф.Гастеллогийн нэрэмжит 1-р 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Цэргийн дээд сургуулийн хуулийн ангид хуваарь авсан. Тэгсэн тэр жил хуулийн анги хаагдсан учраас Цэргийн дээдийн их бууны ангид орсон юм. Тэгээд дараа нь хугацаат цэргийн алба хааж ирээд 1975 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томиллоо гэсэн тушаал гарч хөдөлмөрийн гараагаа энэ шүүхээс эхлүүлж байсан даа. Улсад 39 жил, шүүхэд 35 жил, шүүгчээр 31 дэх жилдээ ажиллаж байна. 1975-1979 онд нарийн бичгийн дарга, 1980-1983 онд Чойбалсан хотын АДХГЗахиргаанд өрхийн төсвийн статистикч, 1983-1993 онд Дорнод аймгийн хэсгийн ардын шүүхэд шүүгч, 1993-2005 онд Хэрлэн сумын шүүхийн ерөнхий шүүгч, 2006 оны 3 дугаар сарын 20-ноос Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013 оны 12 дугаар сараас Эрүүгийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албыг тус тус хашиж ирсэн дээ.

 

-Хүн бахархах зүйл ихтэй байна гэдэг ямархан зам мөрийг туулж ирснийг тодорхойлох нэг зүйл гэж ойлгодог. Цогоо шүүгчийн маань бахархал гэвэл юу хэлэхсэн бол?

 

- Тэгэлгүй яахав. Бахархах зүйл ихтэй байна гэдэг энэ амьдралын бас нэг хэмжүүр шүү дээ. Амьдралынхаа хань Сүрэнхорлоогийн Ичинхорлоотойгоо энэ л шүүхдээ ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болж, 3 сайхан хүүхэд төрүүлсэн. Одоо ач, зээтэй, хүргэн, бэр гээд өнөр өтгөн өрхийн тэргүүн өвөө болсон. Шүүхийн хамт олон, гэр бүл, үр хүүхэд, төрүүлсэн аав, ээж маань миний бахархал юм даа.

 

-Энэ л шүүхдээ 35 жил ажиллана гэдэг чамгүй их хугацаа. Олон л даргын нүүрүзсэн байх. Сайн хамт олон тухайн хүний амжилтын бас нэгэн нууц байдаг шүү дээ. Хамт олныхоо талаар сэтгэгдлээ хуваалцана уу.

 

- Энэ хугацаанд аймгийн шүүхийн 6 дарга, ерөнхий шүүгчтэй, 6 орлогчтой нүүр учирч ажиллаж иржээ. Анх ажилд ороход аймгийн шүүхийн даргаар Ж.Үржинбадам, орлогчоор Ц.Дарамбазар, шүүгчээр С.Ёндон, Д.Ёндон, Л.Лхамсүрэн, Д.Сэсээр, Н.Алтангэрэл, Сугар, Гансүх гэсэн сайхан хүмүүс ажиллаж байсан. Тэд олон жил ажилласан, дадлага, туршлагатай, ажилдаа үнэнч сэтгэлээр ханддаг, хөдөлмөрч хүмүүс байсан даа. Нарийн бичгийн дарга Б.Загдхорлоо, Х.Цэсмаа, тогтоол гүйцэтгэгч Ж.Чимгээ, С.Гомбодорж, Ш.Даваацэдэн, ноториатч Б.Амарсайхан нараас их зүйл сурсан даа. Б.Загдхорлоо, Х.Цэсмаа, Б.Амарсайхан, С.Гомбодорж нар хуулийн дээд боловсрол эзэмшиж шүүгч болцгоож тус шүүхэд олон жил ажилласан. Шүүхийн дарга байсан Ц.Шаравдорж, Н.Ваанчиг, ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүхийн орлогч Д.Сэсээр, Ч.Сүрэнжав, Х.Алтанцэцэг, шүүгч Ш.Дуламжав, Б.Загдхорлоо, Х.Цэсмаа, Н.Лхагвадорж, Н.Баяраа, Д.Ганбат, М.Ганбаатар, Б.Түмэнбаяр, Н.Чинчулуун, Д.Халзан, Г.Жаргалдорж, П.Мөнхтөр, Л.Ганчимэг, Х.Санжидмаа, М.Ганбаатар, нарийн бичгийн дарга Шарийбуу, Н.Энхцэцэг, П.Эрдэнэчимэг, Х.Онцгойбаяр, ня-бо Наваандорж, Д.Должинсүрэн, нярав Л.Цэрэндулам, тогтоол гүйцэтгэгч Ж.Энхбат, Ц.Иван, бичээч Ш.Намжил, жолооч Дамба, зарлага Ханд, үйлчлэгч Цэнд гуай нараа байнга дурсаж, тэднээрээ бахархаж явдаг. Шүүхийн дарга, ерөнхий шүүгч Т.Энхтуяа, Ц.Батсүрэн нарын удирдлаганд олон жил гар нийлэн ажиллаж ирсэн. Энхтуяа шүүгч бид хоёр чинь нас чацуу энэ шүүхэд 27 жил хамтдаа ажиллаж байна. Энхтуяа шүүгч 1992 онд аймгийн шүүхийн хамгийн анхны эмэгтэй даргаар томилогдож байсан хүн дээ. Өнөө манай шүүх орчин үеийн техник, хэрэгслээр тоноглогдсон, 80 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшсэн сайхан залуучуудаар багаа бүрдүүлэн шүүхийн шинэчлэлийн төлөө идэвхи зүтгэл гарган ажиллаж байна. Энд манай шүүхэд олон жил шүүхийн тамгын хэлтэсийн даргаар ажиллаж шүүгч бидний сайн ажиллах нөхцөл боломжийг хангаж ирсэн Г.Адъяасүрэндээ талархаж явдагаа хэлье. Шинэ багц хуулийн дагуу давж заалдах шатны шүүх маань эрүү, иргэний болон захиргааны төрлөөр дагнан байгуулагдаж өмнө Дорнод аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан А.Энхбаатар нь Эрүүгийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдож, шүүгчээр Б.Сүхгомбо, Б.Дэнсмаа, Г.Сүрэн, Н.Цогоо, О.Баатарсүх, шүүгчийн туслахаар С.Батбаатар, Г.Мөнгөнцэцэг нар нэг баг болон ажиллаж байна.

 

-Залуухан шүүгч, тэр үедээ хөдөө гадаа их явж ажилладаг байсан даа.

 

Тэгэлгүй яахав. Би 29 настай, Их сургуулийн хуулийн ангийн эчнээгийн 3-р курст суралцаж байхдаа 1983 онд шүүгч болж Булган, Хөлөнбуйр, Матад, Сэргэлэн гэсэн 4 сум хариуцаж 7 жил ажилласан даа. Халхгол, Сүмбэр суманд ч 1 жил шүүгчээр ажиласан. Гэртээ тун цөөхөн ирж хонодог, ихэнхийг нь хөдөө нүүдэлж малчдын сууриар явж эрүү, иргэний маргаан шийдвэрлэх, өр авлага барагдуулах, хууль суртчлах ажлыг их хийдэг байлаа. Эрүүгийн хэргийг газар дээр нь очиж олны өмнө шийдвэрлэдэг байсан. Тэр үед машин, унаа ховор, шуудан холбоо муутай, голдуу буудлаар конторлож, хоноглон ажил албаа залгуулдаг байсан. Хэрэг маргаан бол одооныхоос бага байгаагүй. Хашаа саравч барих, хадлан хадах зэрэг ажилд явцгаадаг, нас залуу байсан учраас оноосон ажил болгонд гар бие оролцож хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж байсан үе сайхан санагддаг даа. Н.Алтангэрэл, С.Гомбодорж нар их сайхан дуулдаг авьяастай, орлогч дарга Ц.Дарамбазар гуай биднийг ажилд авч явж өөрөө гардаж хийдэг, их нямбай, цэвэрч, хөдөлмөрч хүн байсан. Амарсайхан, Чимгээ, Гомбодорж, Даваацэдэн нар маш их хөгжилтөй, намайг байнга шахуу онигоонд оруулчихдог, тийм ч учраас манайхан "онигооны эзэн” гэж хүртэл хэлдэг болцгоосон байсан.

 

-Таныг Дорнодын ард түмэн төдийгүй Монголын шүүхийнхэн "Дорнодын Цогоо” гээд л андахгүй, Хааяа уулзахаараа таны л онигоог ярьцгаана. Та сонин содон хамгийн их яригддаг онигоогоо яриач дээ.

 

-Зарим нь миний тухай онигоо ярихаараа хэтрүүлээд байдаг юмаа. Нэг удаа манай С.Ганчимэг шүүгч Улаанбаатар хот явж ирээд Улсын прокурорын нэг ажилтаны гавъяатын цолны найран дээр таны онигоог ярьж байна гэнэ. Юу гэж ярьсан бэ гэхээр "тэр гавъяат цол авсан эмэгтэй” намайг хараад инээгээд байх юм гэнэ. Тэгэхээр би та миний онигоог мэддэг юм уу гэж хэлээд бөөн инээдэм болсон гэж хэлж байсан. Яриад байвал энэ мэтчилэн онигоо нилээд гарах байх шүү.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэснээс та ШЕЗ-ийн гишүүн байсан. Энэ талаараа дурсамжтай зүйлээсээ яриач?

 

-2002-2005 онуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдож ажилласан. Өөрийгөө ШЕЗ-ийн гишүүн болчихно гэж бодоогүй явсан. Нэг өдөр өрөөний утас дуугарч УДШ-ийн шүүгч асан Данзандорж гуай ШЕЗ-ийн гишүүн болсныг анх дуулгаж баяр хүргэсэн. Дараа нь УДШ-ийн дарга Ганбат гуай утсаар ярьж "Зүүн хязгаараас 80 жилийн түүхэнд анх удаагаа ШЕЗ-ийн гишүүнээр томилогдлоо” гэж хэлээд баяр хүргэхэд нь үнэмшиж маш хариуцлагатай албанд томилогдож байгаагаа мэдсэн. Үнэхээр хариуцлагатай, нэр төртэй алба болохыг ШЕЗ-ийн хуралд оролцож байхдаа мэдэж авсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй, шүүхийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг бие даасан мэргэжлийн байгууллага юм. ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа хариуцлагатай алба хашидаг гадаад, дотоодын олон сайхан хүмүүстэй танилцаж тэдний мэдлэг боловсрол, ажлын арга ухаанаас суралцсан даа. 2009 онд БНСУлсад ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж тухайн улсынх нь дээд шүүхэд нь зочилж хүндлүүлж явсан маань сайхан санагддаг. ШЕЗ-ийн гишүүнээр ажилаж байхад надад олон урилга, мэндчилгээ ирж байсныг одоо хүртэл хадгалж явдаг шүү.

 

-Хүнд хэцүү хэргүүдийг олон шийдсэн дээ. Энэ талаараа ярина уу.

 

-1996 онд Махкомбианатын гэсэн тодотголтой 75 хүнд холбогдох 13 хавтаст хэргийг 14 өдөр хэлэлцэж шийдвэр гаргаж байсан. Гудамжинд явж байсан 17 настай хүүхэд хутгалж алсан, таксины жолоочийг боож алсан,өөрийн төрсөн эцгээ олон удаа хутгалжзэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэх мэтчилэн олны айдас, хүйдэсийг төрүүлсэн хүнд ноцтой олон хэрэг шийдвэрлэж заримд нь цаазаар авах ял оногдуулж байсан. Шүүгчээр ажиллах хугацаанд шийдвэрлэсэн эрүү, иргэний тоо гэвэл 5000-аас хол давсан байх гэж бодож байна даа.

 

-Амьдарлынхаа ихэнх он жилийг хүний эрх, чөлөөг хангах үйлсэд зориулсан зүтгэлийг тань төр засгаас урамшуулж гавъяа шагнал чамгүй олгосон байх шүү?

 

-Тэгсэн тэгсэн. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн тэргүүний ажилтан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Дорнод аймгийн тэргүүний ажилтан, Чойбалсан хотын тэргүүний ажилтан, Шүүхийн 50, 60, 70 жилийн ойн тэмдэг, Улаан загалмай нийгэмлгийн Нийгүүлсэхгүй сэтгэлтэн, өглөгийн эзэн цол тэмдэг гээд аваагүй шагнал тун ховор доо.

 

-Таныг өдий зэрэгтэй явахад өмөг түшиг болж "Үгүй дутууг чинь гүйцээсэн” ханийнхаа тухай ярина уу.

 

- Миний хань Сүрэнхорлоогийн Ичинхорлоо айлын хамгийн отгон хүүхэд. Бид хоёр чинь мэргэжил нэгтэй. Хань минь 1977 онд Хууль цаазны дунд сургууль, 1990 онд Отгонтэнгэр дээд сургуулийн хуулийн ангийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй хүн дээ. Чойбалсан хотын хойт дэнж хуучин 11-р хороонд төрж өссөн. Хуулийн дунд сургууль төгсөж ирээд Дорнод аймгийн АДХГЗ-нд зохион байгуулагч, нотариатын эрхлэгч, Хуулийн хэлтэс болон иргэний бүртгэлийн хэлтэст насаараа ажиллаж байгаад 2012 онд өндөр насны тэтгэвэрт суусан. Алтан гадас одонт, төр захиргааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, олон түмэндээ иргэний бүртгэлийн Ичинхорлоо гэж нэрлэгдсэн ийм сайхан эгэл даруухан эмэгтэй байгаа. Бид хоёр 1978 онд гэр бүл болсон. 40 шахам жил ханилж. Эмэгтэй хүнд, эх хүнд байх бүхий л сайхан чанарыг агуулсан ажилдаа мэргэшсэн, хамт олондоо нэр хүндтэй, үр хүүхэд, ач, зээдээ ач буянтай хүн дээ. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь ханийн маань халамж, сайхан сэтгэлийн үр шим гэж бодож явдаг даа.

-Та гармон хөгжим сайхан тоглодог чамгүй хөгжимчин. Энэ авьяас тань хэдийнээс илрэв дээ?

 

- Яг манай удамд урлагын авъяастай хүн байсныг сайн мэдэхгүй. Манай дүү Энхбаяр Ташкентийн Соёл, урлагийн дээд сургууль төгссөж ирээд манай аймгийн театрийн даргаар олон жил ажилласан хүн байдаг. Би дунд сургуулийн 5-р ангид сурч байхдаа сургуулийнхаа хөнгөн хөгжмийн дугуйланд суралцаж турба хөгжим үлээж байсан. Гармон хөгжмийг бол өөрийн сонирхлоор сурсан. Гитар хөгжим жаахан тоглодог байсан. Яг гармон хөгжим тоглодог хүний дэргэд бол өөрийгөө голно доо.

 

-Манайхнаас Цогоо шүүгчийн гарын хоолыг идэж үзээгүй хүн ховор гэдэг. Хоол хийх таны хобби гэж ойлгож болох уу?

 

- Хоол хийх их дуртай. Хобби ч гэж хэлж болно. Хамт олон маань ч сайхан хоол, цай хийдэг гэж магтдаг. Бага байхдаа уран зохиолын ном их уншдаг, Дэлхийд цуутай хүмүүсийн намтар түүхийг унших сонирхолтой хүүхэд байсан. Одоо зав чөлөө гарвал зурагт харах, хааяадаа ном сонин гарчиглах дуртай даа.

-"Онигооны эзэн”хэмээх нэрийг зүгээр нэг аваагүй байх. Амьдралд тохиолдсон хөгтэй явдалаасаадурсаач.

 

-Хөгтэй явдал зөндөө л тохиолдож байсан даа. Нэг удаа Сэргэлэн суманд ажлаар очоод орой айлд хоол идэхээр прокуророо дагуулаад явсан юм. Хөдөө суманд нохой ихтэй тул айлын хашаанд ороод машины дэргэд нэг хар юм харагдахаар нь "нохой байна шүү, болгоомжтой яваарай” гэхэд прокурор Ганчимэг дэргэд нь очоод "нохой биш хөмөрсөн тогоо байна” гэж хэлж дуусаагүй байтал гэнэт нохой босоод ирэхээр нь "хэлээгүй юу” гэж хэлээд Ганчимэгийг загнаж хөглөж байснаа мартдаггүй юм.

 

-Ан, морь, бөх, сайхан хүүхэн гээд эр хүний сонирхдог бүхнээс алинд нь илүү ихээр дурлаж явав даа.

 

-Буун дуу гаргаж ан хийж явсангүй.Манайхан намайг та гартаа буу барьж үзсэн үү гэж асууж л байдаг. Би чинь цагтаа их бууны ангид алба хааж тэр их буугаар чинь буудаж явсан цэрэг байгаа юм. Тэгэж хэлэхээр манайхан үнэмшдэггүй юм. Харин бөх сонирхдог, өөрөө ч чөлөөт бөхөөр барилдчихдаг хүүхэд байсан. Одоо бол наадмын бөх, цагаан сарын барилдааныг үздэг. Сайхан хүүхэн гэдэгт хүний зан араншин бие, хаа, царай зүс бүгд л багтах байх, сайхан хүүхнүүдтэй бүжиглэж, найзалж явсан даа.

 

-Та хуульч болоогүй бол өөр ямар мэргэжлээр ажиллах байсан бол.

 

Хэлж мэдэхгүй байна даа. Аав маань түүх газар зүйн багш мэргэжилтэй хүн байсан. Сургуульд сурч байхдаа уран зохиол, түүхийн хичээлд сонирхолтой байсан учраас түүхийн мэргэжлийг сонгох байсан байсан бол уу.

 

Нэрт яруу найрагч Д.Нямсүрэн "Цаг хугацаа агшин бүр цамцаа дэрвүүлсэн хүүхэд нас” гэж шүлэглэсэн нь бий. Хүний амьдрал гэдэг азтай, баяртай, гунигтай бахархалтай, дурсамжтай, дуутай давтагдашгүй сайхаан.


 

Ширээ сандал нь төрийнхөө сүлдээр онгодсон

Шийдвэр тогтоол нь улсынхаа нэрээр овоглосон

Өмсгөл ёслол нь төрийнхөө сүрээр биелэгдсэн

Үзэглэх ярих нь хуулийнхаа үгээр хэлбэржсэн

Үнэн бүхний зарчимд хатуужсан

Үзэл тунгалаг ариун сэтгэлтэй

Хүний эрх чөлөөг хамгаалах шударга ариун, нэн хариуцлагатай ажилд өөрийнзалуу нас ажил амьдралаа золиослосон, төрийн шүүгч гэсэн эрхэм хүндтэй албыг 31 дэх жилдээ хашиж яваа эгэлгүй энгийн, эрхэмсэг төв, Дорнын талын унаган хүү Далхаагийн Намхайн Цогоотой чадан ядан цөөн хором хөөрөлдсөн минь энэ буй за.

 

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

1 дүгээр шүүхийн шүүгч Б.Сүхгомбо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 065  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930