Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2017, 03:57   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Д.Ариунцэцэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдлээ

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг/ шинэчилсэн найруулга/ 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлээд байна.

Өмнө үйлчилж байсан 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан хууль хэрэгжих механизм бүрдээгүй,зарим холбоотой хууль батлагдаагүй зэрэг үндэслэлээр хэрэгжилт хангалтгүй байсан билээ.


Гэр бүл бол нийгмийн анхдагч үндэс бөгөөд гэр бүлээс нийгэм бүрдэж оршин тогтнож байдаг.


Гэр бүлийн харилцаа цэвэр ариун,ёс суртахууны үнэлэмж өндөр байх тусам уг гэр бүлд өсөж торниж байгаа бидний хүүхэд сайн хүн болж төлөвшин,эцэг,эх, үр хүүхдүүд аз жаргалтай амьдрах учиртай юм.


Монгол Улсад гэр бүлийн харилцааны бат бэх тал сайнгүй,салалт их,гэр бүлийн гишүүд болон гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагч нарын хооронд харилцааны зөрчил түгээмэл,ил болон нууц далд хэлбэртэй янз бүрийн хүчирхийлэл газар авсаар байгаа нь хуулийн байгууллагуудын статистик үзүүлэлтээр батлагдаж байгаа ба гэр бүлийн доторхи хурц асуудал нийгмийн анхаарлын төвд улам бүр орж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн бусад гишүүнд хүч хэрэглэж эсхүл сэтгэл зүйн дарамт үзүүлэх замаар үйлдэгддэг хүчирхийллийн нэг төрөл юм.Хүчирхийлэл нь бие мах бодь сэтгэл санаа, эдийн засаг,бэлгийн зэрэг олон хэлбэрээр илрэх бөгөөд хохирогч нь бие эрхтэндээ гэмтэл бэртэл авах,сэтгэл санааны гүн цочролд орох,амь насаа алдах зэрэг ноцтой хор уршиг дагуулдаг.1


Зарим улс оронд цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийг өнөө хэр нь гэр бүлийн дотоод асуудал гэж үздэг,анхаарал хандуулдаггүйгээс болж хүчирхийлэл дарамт олон дахин давтагдан,даамжран,удаан хугацаанд үргэлжилж тэр хэрээр хүчирхийллийн улмаас учрах хор уршиг нэмэгддэг.2

 

Хүчирхийллийн хохирогч нь байнгын дарамт шахалт,бие мах бодийн төдийгүй,сэтгэл санааны хүчирхийлэлд байснаар сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох гутралд автах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.Олон улсад үүнийг хүчирхийлэлд автсан хохирогчийн "хам шинж” гэж нэрлэдэг ажээ. Иймд гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогчийг тусгайлан авч үзэх талаар зөвлөмж гаргасан байдаг байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилж найруулан баталсанаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлийг илрүүлэх,мэдээлэх,урьдчилан сэргийлэх,хохирогчийн эрхийг хамгаалах,тэдэнд нийгмийн бүх төрлийн шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг хүчирхийлэгчээс хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага оногдуулах эрх зүйн орчин бүрдлээ.


Үүнээс гадна, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэх шинэ Эрүүгийн хуульд "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн гэмт хэргийн төрлийг шинээр суулгаж өгсөнөөс гадна,Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг,Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг,Хүний бэлгийн эрх чөлөө,халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэрэг бүлгүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн,гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлддэгдсэн зэрэг нөхцөлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан,Захиргааны хариуцлагын тухай Эрүүгийн байцаан шийтгэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай,Бага дунд боловсролын тухай,Дээд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуулиудад холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй хүчтэй тэмцэх нийгмийн захиалга шаардлага тулгарсаныг харуулж байгаа төдийгүй эрх зүйн орчин цогцоороо бүрдэж байгааг илтгэж байна.


Үйлчилж эхлээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуульд хэрэгжих нөхцөл, механизмыг нь цогцоор нь суулгаж өгсөнөөс гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгож Улсын Их хурал, Засгийн газар, хуулийн болон нийгмийн,боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, эрүүл мэнд, соёлын байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, бүх шатны Засаг дарга, Иргэдийн хурлын чиг үүргийг тус тусад нь хуульчилж үүрэгжүүлсэн байна.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчимыг тодорхойлохдоо: Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх,үл буруутгах,аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй, хүүхдийн эрх ашиг,хууль ёсны ашиг сонирхолыг тэргүүн ээлжинд хамгаалах, хохирогчийн амь нас,эрүүл мэндийг хамгаалах,аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах,салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх,хүчирхийллийг үл тэвчих гэж тодорхойлсон ба эдгээр зарчмууд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байгаа, явуулах үүрэг бүхий бүх этгээдийн үйл ажиллагааны мөрдөх ёстой суурь зарчмууд болж байгаа нь ач холбогдолтой байна.


Манай нийгэмд "гэр бүлийн асуудал бусдад хамаагүй”,”эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн ухамсар түгээмэл байснаас гэр бүлийн дотор үйлдэгдэж буй аливаа хүчирхийлэл илрэхгүй,хохирогч айдастай байдагаас илчилж чаддаггүй,байнгын давтамжтай хэлбэрт орсоноос хохирогч сэтгэл санааны гүн дарамттай болсон байдаг нь нууц биш.


Хуульд гэр бүлийн бусад гишүүний амь нас,эрүүл мэнд,аюулгүй байдлыг хамгаалуулахаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан байгууллага,албан тушаалтан тэргүүн ээлжинд шийдвэрлэхээр,хувийн мэдээллийг нууцлах,мөн өрхийн эмч,сум ,хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан баг ажиллах талаар шинэлэг, ач холбогдолтой зохицуулалтууд оржээ.


Мөн Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх,мэдээлэх талаар бүх шатны боловсролын байгууллагын багш,сургуулийн нийгмийн ажилтан,бусад ажилтан,эрүүл мэндийн,нийгмийн,хүүхэд,гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, сум, дүүрэг, баг,хорооны холбогдох албан тушаалтан,төрийн албан хаагч,төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан мэдээлэх үүрэгтэй ба,хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд мэдээлж болно гэж заагаад хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийг торгуулийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.


Мэдээллийг Цагдаагийн байгууллага,Сум багийн Засаг даргад амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болохоос гадна,мэдээлэл авсан байгууллага,албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох,хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй гэж хуульчилсан нь хуулийн хэрэгжилтэд ач холбогдолтой юм. 

 

Эрх зүйн орчин ийнхүү бүрдэж байгаа тул нийгмийн бүх гишүүд гэр бүлийн аливаа хүчирхийлэлийг "байдаг л асуудал” гэж үздэг хуучин сэтгэлгээ хандлагаа өөрчлөн,хүний эрх,эрх чөлөөг аймшигтайгаар зөрчиж, ноцтой үр дагаварт хүргэдэг байх ёсгүй үйлдэл гэж үзэх сэтгэлгээг дадуулах нь чухал байна.   

1 Шүүх эрх мэдэл сэтгүүл.№3.2016 он.98-99 дэх талд  

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 322  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031