Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-02-2018, 02:20   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Зөрчлийн тухай хууль дахь зөрчилдөөн бүхий зарим асуудал

 

Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад асууж тодруулах (?), анхаарах буюу нэг мөр ойлголтод хүрэх (!), тодотгон боловсронгуй болгох (...зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг товч илэрхийлж байна.

Ерөнхий анги

1.5 дугаар зүйлийн 6, 7

Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолж, цааш тоолохыг зогсоож буй нь Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүнийхээс илүү чангатган дордуулсан [1]байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6, 7 заалтуудыг нэгтгэн "Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн шийтгэл оногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж шинэчлэх шаардлагатай.

Хэрэв тухайн зохицуулалт байх ёстой гэвэл эсрэгээр Эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд байх ёстой зохицуулалт гэж үзэж болно. 

 

1.5 дугаар зүйлийн 9

Зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг зөрчил үйлдсэн хугацаагаар тооцох ба энэ нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох "эхлэл” болох тул Зөрчлийн тухай хуулийн тухайн заалтыг зөв гэж үзэхгүй юм.

Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг эсхүл зөрчил гэж үзэх нь холбогдох эрх зүйн онол, хуулийн тодорхой шалгууртай ба анхлан зөрчлөөр биш харин хууль бус үйлдэл эс үйлдэхүйн хүнд буюу ноцтой хэлбэрээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь зөрчил гаргагчийн буруу бишээс гадна тийнхүү эрүүгийн хэргийн журмаар шалгасан нь "зөрчил үйлдэгдсэн үе”-ийг тасалдуулах, зогсоох, зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл, нотолгоо болох ёсгүй тул тус заалтыг эсрэгээр нь өөрчлөх ёстой.

Зөвтгөн өөрчлөх нь мөрдөгч, прокурор, бусад эрх бүхий албан тушаалтны хувьд хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэх мэргэжлийн чиг үүрэг, хариуцлагатай холбоотой бодлого, зохицуулалтын асуудалд бас хамаарах юм. 

 

3.1 дүгээр зүйлийн 4

Нийлмэл зөрчил үйлдэгдсэн тохиолдолд аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэсэн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дахь заалт нь зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах тухай мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалттай зөрчилдөөнтэй.

Нэг эсхүл хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хэд хэдэн төрлийн зөрчлийн шинжийг хангасан бол "нийлмэл зөрчил”-д тооцох тухай холбогдох салбар эрх зүй[2]-н онол, хууль зүйн үндэслэл нэгэнт тогтчихсон байтал Зөрчлийн тухай хуульд өөрөөр авч үзсэн нь онолын үндэслэл, хуулийн бодлого, зохицуулалтын хувьд ойлгомжгүй, зөвтгөх боломжгүй. 

 

Албадан сургалт зөвхөн баривчлах шийтгэлд хамаарах нь оновчгүй.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйл, тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3, 5.2 дугаар зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 4, 5.8дугаар зүйлийн 6, 8.6, 8.7 дугаар зүйлийн 1, 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаас үзэхэд зөвхөн баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдолд албадан сургалтад заавал хамруулахаар байна.

Зарим зөрчилд тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд албадан сургалтад хамруулж, торгох шийтгэл оногдуулж болохгүй үндэслэл юу вэ ?

Гэр бүлийн анх тутам үйлдсэн хүчирхийллийг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх нь оновчтой арга зам биш болох нь шүүхийн практик [3]-аас илэрхий болж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.2, 7.3 дугаар зүйлд заасан "албадлагын арга хэмжээ”-ний төрлийг зарим зөрчлийн шинж байдалд тохируулан Зөрчлийн тухай хуульд хуульчлах нь оновчтой гэж үзнэ.

 

Зөрчлийн шинж (бүрэлдэхүүн)-ийг Зөрчлийн тухай хуулийн эх сурвалжид заасан хууль тогтоомжийн хүрээ, хязгаарт тодорхойлон шийдвэрлэж байх нь зохистой.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид "хууль тогтоомж” гэсэн бүлэг нэмж, хуулиудыг "Үндсэн хууль, бусад салбарын хуулиуд” гэсэн ерөнхий байдлаар, харин Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан "захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл”-д хамаарах Захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг нэг бүрчлэн заах шаардлагатай.[4]Ингэсэн тохиолдолд зөрчлийн маргаан бүхий асуудалд субьектив байдлаар хандахгүй, ялангуяа захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнд тооцох зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуулийн эх сурвалжид заасан тухайн актуудын хүрээ, хязгаарт тодорхойлон шийдвэрлэнэ, харин энд хамаарахгүй өөр бусад актаар зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулах боломж хаагдана, нөгөө талаас энэ нь аливаа харилцааг аль болохуйц гагцхүү хуулиар зохицуулах харин хуулиас давсан захиргааны хэм хэмжээг дур зоргоор тогтоох боломжийг хязгаарлах, хэрэв тогтоосон бол хууль тогтоомжид тавигдах нэгдсэн стандартын шаардлагыг бүрэн хангасан эсэхийг хянах, хянуулах боломж бүрдэнэ. 

 

Зөрчил үйлдэгчийн гэм буруу зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарах ёстой.

Гэм буруу бол хүний ухамсар, хүсэл зоригийн нийлбэр буюу сэтгэхүйн үйл ажиллагааны дотоод мөн чанарыг илэрхийлдэг. Тийм учраас гэм буруугийн зарчим бүх зөрчилд үйлчилнэ, хамаарна гэж үзэж болно.

"Үндсэн хуульд шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” [5]гэж заасан нь хамгийн ноцтой зөрчил буюу гэмт хэрэг, ял шийтгэлийн улмаас хүний эрх бусад үнэт зүйлст учруулж болох ноцтой аюулаас урьдчилан сэргийлсэн, мөн хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн суурь хамгаалалт болохоос гэмт хэргээс бусад зөрчилд гэм буруу хамаагүй гэж мехианикаар ойлгох үндэслэл биш юм.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заагаагүй хэдий ч зөрчилд холбогдогч этгээдийн гэм буруугийн агуулга, хэлбэр, чиглэл, зорилгыг мэдэхгүйгээр хуулиар тогтоосон "зөрчлийн шинж”-ийг зөв тодорхойлох, үнэлэх, шийдвэрлэх боломжгүй.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан буюу эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн зарим шинж хангагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх зөрчилд тооцсон нь гэмт хэрэг ба зөрчлийн хувьд "гэм буруугийн санаатай” хэлбэрийг илэрхийлнэ. Харин Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй /хохирол хүрээгүй / боловч Зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй тул зөрчил гэж үзэхгүй.

Цаашид гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зарим гэмт хэргийг Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцох нь "шоронжуулахын эсрэг бодлого”-д хамаарч бас болно.

Гэтэл Зөрчлийн тухай хуульд холбогдох сургалтын зарим хэрэглэгдэхүүнд [6]"гэм буруугийн зарчим зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарахгүй” тухай тусгасан нь зөвшөөрөгдөх боломжгүй гэж үзэж байна. 

 

Тусгай анги


Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн зохицуулалтыг энгийнээр харахад ойлгомжтой, хэрэглэх, хэрэгжүүлэхэд хялбар мэт ойлгогдож болох хэдий ч бас анхаарвал зохих зарим асуудлууд байна.

Тусгай анги дахь нийт зөрчлийг судлан үзэхэд дараах 5 төрлийн ангилалд хувааж болохоор байна. Үүнд:

Салбарын хууль зөрчсөн зөрчил /дийлэнх нь энд хамаарна/,

Гэмт хэргийн зарим шинж бүхий зөрчил : Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4, 8.6, 8.78.810.3, 10.28 дугаар зүйл,

- Зөрчилд тусгайлан тооцсон зөрчил : Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1, 5.3, 5.5, 5.7, 6.21, 6.22, 10.8, 15.1, 15.215.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.21 дүгээр зүйлд тус тус заасан зөрчил,

Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил : - Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.16, 10.20,15.25, 15.26 дугаар зүйл,

- Нийлэлдсэн зөрчил :/зарим салбар хуулиуд, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчлүүдийг нэг дор бөөгнөрүүлэн нэгтгэсэн шинжтэй/ - Хүүхдийн эрхийг зөрчих /6.20 дугаар зүйл/, - Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4 дүгээр зүйл/, Тайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих /10.21 дүгээр зүйл /гэх мэт.

Дээрх ангиллын хүрээнд тус тусгай ангийн зохицуулалт, бодлогын хувьд цаашид анхаарвал зохих зарим асуудлаар дараах санал дэвшүүлж байна. Үүнд :

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчлийг :

- Гэмт хэргийн зарим шинж бүхий зөрчил : /Эрүүгийн хуультай нягт уялдуулах буюу зарим гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй зарим зөрчил энд хамаарна/,

- Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил /Салбарын хуульд заасан зөрчилд хамаарахгүй буюу давхцаагүй тохиолдолд захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудтай уялдуулах/,

- Зөрчилд тусгайлан тооцсон зөрчил/Эрүүгийн болон бусад салбар хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актад заасан зөрчилд хамааралгүй буюу давхцаагүй, зөвхөн Зөрчлийн хуулиар тусгайлан зөрчилд тооцох/ гэсэн "гурван бүлэг”-т хуваан зохицуулах боломжтой гэж үзэж байна.

2. Салбарын хуулиудад хамаарах зөрчлийг холбогдох тухайн хуульд нь нарийвчлан тодорхойлж, уг зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд, тэдгээрт хүлээлгэх захиргааны шийтгэл, тухайн зөрчлийг зөвхөн "шалгах” эрх бүхий субьект, мөн тухайн зөрчлийг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх”-ийг тус тус тодорхой, ойлгомжтой заах нь оновчтой, зөв байж болохоор байна. Учир нь :

2.1. Хууль бол нэг талаас иргэн бүр эрхээ чөлөөтэй эдлэх боломж нөхцөл, баталгааг бүрдүүлж буй төрийн үүргийн үндсэн хэлбэр болох тул хуулийн үйлчлэл буюу үйлчилгээ нь "нэг цэгийн үйлчилгээ” шиг нэгдмэл, цогц, шуурхай хэрэгжих, нэг мөр ойлгогдох ёстой, иргэдэд цаг хугацаа алдах, нэмэгдэл зардал чирэгдэл үүсгэх, зөрчил гаргаж болох нөхцөл байдалд зориуд хүргэхээр байх ёсгүй.

Хүн, хуулийн этгээд өөрт зайлшгүй хэрэгцээтэй салбарын хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэхэд тухайн хуульд эрх, үүрэг, түүнчлэн эрх, үүргийн хэмжээ хязгаар буюу зөрчвөл хүлээлгэх хариуцлагын механизм нь нэг мөр тодорхой, ойлгомжтой, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг нэг мөр, иж бүрэн олгосон, ойлгуулсан, мэдрүүлсэн байх ёстой.

Хууль зөрчигдөхгүйгээр амьдралд шууд хэрэгжих, үйлчлэх үндсэн нөхцөл, арга зам нь тухайн хууль дахь иж бүрэн зохицуулалт буюу хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах хариуцлагын оновчтой механизм, түүний тодорхой, ойлгомжтой байдал болдог.

Салбар хуульдаа хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийн хэмжээ хязгаар буюу хориглоогүй бүхнийг хийх боломжийн хүрээ хязгаарыг заахгүй орхигдуулах нь хуулийн этгээд ялангуяа хүний хувьд хуулийн зөрчил гаргах, хугацаа алдах, зардал чирэгдэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэхээс бууруулахгүй болно.

Хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, хэвлэн түгээх болон хууль тогтоомжийн тухай мэдээлэл хүргэх, авах цахим сүлжээний зэрэг "олон талт үйлчилгээ” хүртээмжгүй, хэрэгжилт хангалтгүй, шуурхай бус зэрэг нөхцөл байдлыг мартаж болохгүй.

Төр өөрөө иргэдийн өмнө хүлээх Үндсэн хуулийн дагуух "үүрэг”[7]-ийн хүрээнд иргэдэд баталсан "хуулиа мэдүүлж” чадсан эсэх нь анхаарах хамгийн чухал асуудал. Төрийн энэ үүрэг хангалтгүй байхад "иргэд хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх хуулийн хийсвэр заалтын агуулгаар иргэдийг алдаа, хариуцлага руу хүчлэн түлхэх, шийтгэх ёсгүй болно.

Салбарын хуульд "зөрчил, зөрчигч хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх шийтгэл, зөрчлийг шалгах субьектыг нь тодорхой заачихсан” байхад бусад холбогдох бүх асуудлыг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэхэд зөрчилдөөн, хийдэл, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байхаар зохицуулах бүрэн боломжтой.

2.2. Зөрчлийн тухай хуульд бүх салбар хуулиуд дахь зөрчлийг нэмж нэгтгээгүй бөгөөд угаасаа бүгдийг мехианикаар нэмж нэгтгэх ч бодит боломжгүй.

Зөрчлийн тухай хуулийн танилцуулга[8]-аас үзэхэд зөвхөн 230 гаруй салбарын хуульд заасан "зөрчилд хариуцлага хүлээлгэх” бүлгийг Зөрчлийн тухай хуульд механикаар нэгтгэсэн байх ба "эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем”[9]дэх салбарын хуулиуд, захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг сайтар шалган харьцуулахад "230” гэсэн тоог хэд дахин ихэсгэсэн маш сонирхууштай тоо, баримт гарах болно.

Энэ нь эсрэгцсэн утгаараа салбар хуульдаа тухайн хуулийг зөрчсөн зөрчлийг зааж болох утга агуулга, үндэслэл бүхий баримт болно.

Тухайлбал, Улсын Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарыг сонгохтой холбоотой Сонгуулийн тухай (төрөлжүүлэн нэгтгэсэн) хууль[10]-д хүн, хуулийн этгээдийн зүгээс үйлдэх, хэрэгжүүлэхийг хориглосон буюу захиргааны зөрчилд тооцохоос өөр аргагүй "маш олон зөрчлүүд” байгаа боловч тухайн салбарын хуульд өөрт нь нарийвчлан, тодорхой зохицуулсан байдаг.

Энэ нь салбарын хуулиар зохицуулж болох зөрчлийг Зөрчлийн тухай хуульд механикаар нэгтгэх нь чухал биш харин салбарын хуулиуд батлахдаа багцлах буюу төрөлжүүлэх, салбар буюу салбар дундын хуулиудын зохицуулах зүйлийнх нэгдмэл, нийлмэл буюу ижил, төсөөтэй, ойролцоо шинж байдлыг нь харьцуулан сайтар шалгаж, салбарын хуулиуд дахь зөрчлийг давхцуулахгүй байхад анхаарах нь хамгийн чухал болохыг давхар нотлон илэрхийлж байгаа юм.

2.3. Зөрчлийн тухай хууль дахь"нийлэлдсэн зөрчил” нь зөрчил гаргагч хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байх тул задалж, холбогдох салбарынх нь хуулиар зохицуулах, хэрэв салбарын хуульгүй бол захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил, эсхүл Зөрчлийн хуулиар тусгайлан тооцсон зөрчил, эсхүл гэмт хэргийн зарим шинжийг хангасан зөрчилд хамаарах эсэхээр нь шалгуур болгон нарийвчлах шаардлагатай.

Зөрчлийн тухай хуульд зарим зөрчлийг мехианик байдлаар нэгтгэн нийлүүлсэн нь хүн, хуулийн этгээдийн хувьд зөрчил гаргах эрсдэлд буюу салбарын хуулиуд, захиргааны хэм хэмжээний зарим актыг хэрэглэх, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх, төөрөгдөх, будилахад хүргэж болохоор байна.

Салбарын хуульд зааж болох зөрчлийг Зөрчлийн хуульд нэгтгэсэн ч гэсэн тухайн салбарын харилцааг нарийвчлан зохицуулсан салбар хуулийг нь эргэн харж, судалж ойлгохгүйгээр зөрчлийг зөв шийдвэрлэх бодит боломжгүй тул салбарын хууль дахь зөрчил нь тухайн хуульдаа байх нь илүү оновчтой, хэрэглэхэд амар хялбар, шуурхай, чирэгдэлгүй болох нь эргэлзээтэй биш юм.

Мөн Зөрчлийн хуульд хэд хэдэн салбарын хуулиуд дахь зөрчлүүдийг нэгтгэсэн нь энгийн иргэд байтугай мэргэжлийн хүмүүсийн хувьд ч салбарын хуулиудыг хайж олох, мэдэх, судлахад төөрөгдөх, будилах, алдаа, зөрчил гаргах боломжтой. Тухайлбал :

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил. Холбогдох салбар хуулиар нь нарийвчлан зохицуулж болох зөрчлүүдийг холимог байдлаар нэг дор бөөгнөрүүлэн заасан нь ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй байдал үүсгэхээр байна.

Хүн, хуулийн этгээд энэ төрлийн багц зөрчлийг үйлдэхгүй байх буюу эрх үүргийн хэмжээ хязгаараа мэдэхэд эсхүл үйлдэгдсэн зөрчлийг шалгах, шийдвэрлэхэд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай тухай, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль, бусад холбогдох хэм хэмжээний актуудыг хайж олж, судлан мэдсэн байх зайлшгүй шаардлагатайгаас гадна Эрүүгийнхээс бусад холбогдох салбарын хууль тогтоомж зөрчсөн тухайд Зөрчлийн тухай хууль дахь холбогдох заалтуудыг олж тогтоон "зөрчлүүд давхцсан эсэх, давхцаагүй нарийвчилсан зохицуулалт нь аль болох” зэрэг цогц олон асуудлыг иж бүрэн, нарийвчилсан байдлаар мэдэх, шалгах, тогтоох ёстой болно.

Мөн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих тухай 10.4 дүгээр зүйлд заасан зөрчил. Энэ бол олон салбар хуулиуд, захиргааны хэм хэмжээний актаар тогтоох маш өргөн хүрээг хамааруулж болох зөрчил. Энэ мэт цөөнгүй зөрчлүүд байна.

"Иргэд хууль мэдэхгүй байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэдгийг шууд механикаар ойлгох, хэрэглэх боломжгүй. "Иргэд хууль мэдэхгүй” байгаа нь эсрэгээрээ төр засгийн зүгээс "иргэдэд хуулийг мэдүүлэх” үүргээ хангалттай биелүүлж чадсан эсэхтэй нягт холбоотой байдгийг анхаарах нь чухал.

2.4. Захиргааны хэм хэмжээ тогтоосон "ямар” актуудыг зөрчсөн "ямар” үйлдэл эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцон шийтгэл оногдуулж байгаа нь салбар хуулиудтай зөрчилдөх буюу давхцахгүйгээр нарийвчлалтай, тодорхой зохицуулагдсан байх нь хамгийн чухал шаардлага гэж үзэж байна. 

Захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд цөөнгүй боловч Зөрчлийн тухай хуулиар "Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт” зөрчсөн ямар зөрчлүүд зохицуулагдсан эсэх нь тодорхой байх ёстой. Тийм учраас аливаа харилцааг аль болохуйц гагцхүү салбарын хуулиар төрөлжүүлэн зохицуулах харин хуулиас давсан захиргааны хэм хэмжээг дур зоргоор тогтоох боломжийг хязгаарлах, салбар хуулийн ба захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд дахь зөрчлийг ялган зааглах, давхцуулахгүй байх үүднээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан буюу захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэлд хамаарах тухайн актуудыг "Зөрчлийн тухай хуулийн эх сурвалж”-д заах нь зөв, оновчтой гэж үзэж байгаа юм.

3. Зөрчлийн тухай хуулийг Эрүүгийн хуультай нягт уялдуулах асуудал маш чухал атал уг асуудал дутуу орхигдсон гэж үзэж болохоор байна.

Уг нь гэмт үйл явдал буюу зөрчлийн нийгмийн аюул, үнэт зүйлс, эрх ашигт учруулсан гэм хор (хохирол, хор уршиг)-ын шинж байдал зэргийг харгалзан гэмт хэрэг эсхүл зөрчилд тооцох шалгууртай, түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн зарим шинж хангагдаагүй эсхүл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бусад зарим зөрчлийг Зөрчлийн хуулиар зөрчилд тусгайлан тооцсон байх нь гэмт хэрэг, зөрчилтэй иж бүрэн тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалт болдог. Энэ хүрээнд анхаарах дараах асуудлууд байна.

1. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэнд тооцох зарим гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцох асуудал /17.11 дүгээр зүйл, 27.1 дүгээр зүйлийн 3 гэх мэт/.

2. Зарим гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнд тооцогдоогүй "хүний эрүүл мэндэд учирсан зарим хохирол”, "эд хөрөнгөд учирсан зарим хохирол”-ыг тодорхой шалгуур, ялгамжтайгаар зөрчилд тусгайлан тооцож, шийтгэлийн төрлийг оновчтой, ялгамжтай тогтоох шаардлагатай.

Зарим зөрчилд холбогдох салбарын хууль тогтоомжид гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүн болохгүй "хүний эрүүл мэндэд учирсан хохирол”, "эд хөрөнгөд учирсан хохирол” тус бүрийн төрөл, хэлбэр, хэмжээг огт заадаггүй тул зөвхөн салбарын хууль тогтоомж зөрчсөн гэх хэлбэрийн төдий буюу гэм хор шаардахгүй үйлдэлд "эрүүл мэндийн ба эд хөрөнгийн хохирол”-ыг ялгамжгүйгээр хүчээр багтаах нь оновчгүй бодлого, зохицуулалт болно. Жишээ нь : Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл 1-д заасан гэмт хэргийн улмаас "хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол” учирсан тохиолдолд хор уршиг, аюулын хувьд ямар ч ялгамжгүйгээр салбарын аль нэгэн хуульд заасан "хориглосон үйлдэл”-д хүчлэн багтааж, торгох шийтгэл ялгамжгүй оноох нь зөв үү ?

Хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хөнгөн хохирол, хүний эд хөрөнгөд учирсан их, ноцтой, үлэмж хэмжээний хохирлын аль нь ч ялгаагүй онцгойлон хамгаалбал зохих үнэ цэнэтэй зүйлс ба тухайн хохирол тус бүрийг хохирол шаардахгүй зөвхөн хэлбэрийн төдий үйлдлээр зөрчилд тооцогдсон "нус, цэр, тамхины иш, хог” зэрэгтэй адилтгах буюу энгийн нэг үйлдэл мэт үзэх боломжгүй бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөхгүй.

 

Эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирвал гэмт хэрэг биш.

Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2, 20.13 дугаар зүйлийн 1, 20.15 дугаар зүйлийн 1, 23.5 дугаар зүйлийн 2, 24.7 дугаар зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 2, 27.2 дугаар зүйлийн 1, 27.3 дугаар зүйлийн 1, 27.9 дүгээр зүйлийн 1 гэх мэт.

 

Эд хөрөнгөд их, ноцтой, үлэмж, бага хэмжээний хохирол учирвал гэмт хэрэг биш.

Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1, 18.1 дүгээр зүйлийн 1, 18.4 дүгэр зүйлийн 1, 18.17 дугаар зүйлийн 1, 20.6 дугаар зүйлийн 1, 20.13 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1, 23.5 дугаар зүйлийн 1, 2, 24.7 дугаар зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 2, 27.2, 27.3, 27.9 дүгээр зүйлийн 1 гэх мэт.

Энд хөндсөн асуудлын хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, холбогдох салбарын хууль тогтоомж[11]-ийг иж бүрэн харьцуулан анилиз синтез хийхэд "эрх зүйн хийдэл, зөрчил” бүхий ямар асуудлууд үүсч байгаа нь энгийнээр ойлгогдох болно.

4. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-тзааснаар шийтгэл оногдуулахад эрх хязгаарлах /хяналт тогтоох/, торгох шийтгэлийг "хэмжээг нь зохистойгоор тогтоон” нэмэх шаардлагатай.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3, 5.2 дугаар зүйлийн 1, 5.8 дугаар зүйлийн 6,8.6, 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар баривчлах шийтгэлийг дангаар бус торгох шийтгэлийг сонгож болохоор,

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд гэр бүлийн хамааралтай бус хүнийг зодсон бол торгох шийтгэл оногдуулахаар,

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт оногдуулах ял нь зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн сонголттой байхад гэр бүлийн тухайн зөрчилд оногдуулах шийтгэл заавал "туйлын чанга” байх ёстой вэ ?

Гэр бүлийн хүчирхийлэл анх тутам үйлдсэн захиргааны зөрчилд үйлдлийнх нь шинж байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан шууд баривчлахгүйгээр, алдааг нь ухамсарлуулах сургалтад хамруулж, торгох, хяналт тогтоож болох сонголттой байх нь зөв гэж үзэж байна.

Гэр бүлийн гишүүдэд аль болохуйц "амьдрал тогтсон суурь гэгээ”-г нь тодотгох, "ГЭГЭЭ” нэмэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал болохоос гэр бүл дэх суурь гэгээг нь сүүмийлгэх, сүүдэртүүлэх, сүйд хийлгэхэд хүргэх ёсгүй болно.

Шууд баривчилснаар гэр бүлийн хүчирхийллийг хязгаарлах, зогсоох бус эсрэгээр гэр бүлийн гишүүдийн харьцаа, эв эе, итгэлцлийг улам бүр сэдрээх, сөрөг, ноцтой үр дагаварт хүргэж болох нөхцөл байдал шүүхийн практикаас ажиглагдаж байгааг анхаарах нь чухал юм. Жишээ нь :Mэдсэнгүй, шууд баривчилдаг юм уу, баривчлахгүй байж болохгүй юу, нөхөр бага зэрэг архи уучихаад архины мөнгө нэхээд, бас автомашинаа унаад явах гэтэл түлхүүр авчихаад өгөхгүй байхаар нь уур хүрээд цагдаад мэдэгдчихсэн юм, одоо ямар ч гомдол байхгүй, гомдлоо татаж авья гэх "хүчирхийлүүлсэн хохирогч” нарын гомдлоо үгүйсгэсэн гомдол цөөнгүй үзэгдэнэ.

  

Бусад асуудал


Тус бичвэрт авч үзсэн зарим асуудал бусдын хувьд эрх зүйн ухамсрын өөр өнцгөөс харж, дүгнэж болох бусад асуудалд хамаарах эсхүл алдаа мадагтайд ч тооцогдож болно.

Бас тухайн хуульд тус бичвэрт хөндөгдөөгүй бусад зарим асуудал байгаа болно.

Хуулийг улам бүр боловсронгуй болгоход хамаарах зарим асуудлын тухайд иргэд, ялангуяа мэргэжлийн хуульч, судлаачид олон талт өнцгөөс харж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээр тухайн хуулийн шинэчлэл зөв, оновчтой хийгдэх суурь нөхцөл бүрдэх билээ. 

 

 

Г.ГАНБААТАР

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч


 

Л.ОЮУНЧИМЭГ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч

 

 

 


[1] Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) 1.10 дугаар зүйлийн 2

[2] Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй гэх мэт. Цаашид Захиргааны зөрчил нь хэд хэдэн салбар эрх зүйн зааг хязгаарын хүрээнд тодорхойлогдох олон талт асуудал учраас захиргааны эрх зүй нь төрийн захиргааны эрх зүй, зөрчлийн эрх зүй (захиргааны зөрчлийн) гэсэн тус тусдаа салбар эрх зүйн хэлбэрээр хөгжих үндэслэл бүхий юм.

[3] Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 онд "Захиргааны зөрчил” хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд. Шүүхийн архив.

[4] Энэ нь сайтар эргэцүүлбэл салбар хуулиудад байсан "зөрчилд хариуцлага хүлээлгэх” тухай бүлгийг Зөрчлийн тухай хуульд механикаар нэгтгэсэнээс илүү чухал ач холбогдолтой.

[5] Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалт.

[6] Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга), гарын авлага. Хууль зүйн яам. УБ., 2017

[7] Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1

[8] Зөрчлийн тухай хуулийн гарын авлага. Хууль зүйн яам. УБ., 2017

[9] Mонгол Улсын хуулиуд, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд. www.legalinfo.mn

[10] Cонгуулийн тухай хууль. www.legalinfo.mn

 

[11] Mонгол Улсын хуулиуд, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд. www.legalinfo.mn

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 611  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728