Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналууд

 

Хорацио, таны философид төсөөлөгддөгөөс

хамаагүй их зүйл орчлон хорвоод байдаг. Хамлэт

 

"Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол Улс, Монголчуудын их хувь заяа, өнө мөнхөд амар амгалан амьдрах, оршихуйн цогц асуудлыг багтаасан үндэсний амин, язгуур бодлогын суурь баримт бичиг мөн” учраас тус Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын иргэн бүрийн хувьд бүх талаас нь сайтар хэлэлцэх, үзэл бодлоо чөлөөтэйгөөр зайлшгүй илэрхийлбэл зохих хамгийн чухал асуудал юм.

Тийм учраас иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 2018 оны 6 сарын 25-ны өдрийн хувилбартай танилцаж, цөөн зарим асуудлаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн өмнөх хувилбарын хүрээнд илэрхийлж байсан саналуудыг дахин давтаагүй болно.

Саналууд ухаалаг эсхүл ухаалаг бус эсэх нь гол бус, харин асуудлыг олон талт өнцгөөс харж, үзэл бодлоо чөлөөтэй уралдуулснаар "олон түмний ба улс төрийн ухаалаг хүсэл зоригийн зохистой давхцал” буюу зөв гарцыг олж болох учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна.


Үндсэн хуулийн 46 дугаар зүйл 4

Санал : "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно” гэснийг "Төрий албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн албаны зарчмыг зөрчсөн, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн албан тушаалтан хэн боловч төрийн алба хаших эрхээ алдаж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж өөрчлөн найруулах шаардлагатай.

Үндэслэл :

1. "Төрийн улс төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхаж болох утга агуулга бүхий зохицуулалтыг Үндсэн хуулиар зөвшөөрөх нь хүний эрх, суурь зарчим, үндэсний болон олон улсын хэм хэмжээний ноцтой зөрчилд хамаарна.

Mонгол Улсын Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээ[1]-гээр "хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, алагчлахыг хатуу хориглосон”, харин улс орон бүр хүн бүр тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрхийг хангах, хүнийг элдэв ялгаварлал, алагчлалаас үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

2. Сонгуульт албан тушаалтан буюу улс төрийн албан тушаалтны хүрээ, хязгаарыг төрийн албаны болон холбогдох салбарын хуульд заасан байдаг тул "сонгуулийн үр дүнгээр гэх юуг ч хамааруулан тайлбарлаж болох хийсвэр ойлголт”-ийг тусад нь үндэслэл болгох ёсгүй, гагцхүү салбарын хууль тогтоомжид улс төрийн албан тушаалтны тоо, хүрээ хязгаарыг оновчтой хязгаарлан зөв тогтоосон байх нь чухал.

3. Сонгуулиар олонхи суудал авсан улс төрийн нам буюу намын төрийн удирдах багийнхан "төрийн албан хаагчдыг хууль бусаар халдаг, чөлөөлдөг, албан тушаал бууруулан сэлгэдэг хууль бус, бусармаг явдлыг таслан зогсоох нь зүй ёсны шаардлага” болно.

Улс төрийн сонгууль бүрийн үр дүнд хууль бусаар халагдсан, чөлөөгдсөн, сэлгэгдсэн төрийн албан хаагчид, үүний улмаас улсын төсөвт болон тухайн төрийн албан хаагч, тэдний ар гэрт учирсан ноцтой хохирол, хор уршгийн талаарх мэдээд баримтууд [2], улс төрийн сонгууль бүрийн өмнө, хойно улс төрийн намуудын зүгээс төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, сэлгэсэн тооны болон хохирлын талаар "бид бага, тэд их” хэмээн гавьяа байгуулсан, өс авсан мэт ам уралцах, өрсөлдөх улс төрийн эмгэнэлт жүжиглэл, бусармаг явдал "төрийн алба”-нд ужгиран буглаж, хий үзэгдэл мэт тэнүүчилсээр байна.

Ингэж бухдаг нь луйварын арга [3]

Өөдгүй хулгайч шургах зайгүй ч

Үзэсгэлэнт ордонд шуурга нэвтрэхгүй ч

Үе үе сэм сэм орж хулгай хийх "нууц нээлхий”-г өөртөө урладаг [4]

Харсаар байтал гэнэт баяжаад эхэлдэг

Хавийн газруудыг худалдаж, харш сүндэрлүүлдэг [5]

Хар хороор зүрх нь дүүрсэн амьтад [6][7] гэх зэрэг ёгтлолын гүн агуулга бүхий үзэл санаа, үзэгдэл төрийн албанд уг нь байх ёсгүй. 

Ф.Бастиа : Хууль гуйвж гүйцжээ. Нийтийн эрх ашиг гэх нэрийн дор санаатай болон санамсаргүй мөлжлөг хийж, хуульчилсан тонуулийн тогтолцоог бий болгожээ. Хуульчлагдсан тонуулд өртсөн хохирогчид хууль тогтоогчдын эгнээнд шилжиж, мөн л тонуулчин болж, хууль дээдлэх ардчиллын гол зарчим алга болж байна. Хууль нь өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэргийг хянах, бузар булай бүхнийг шийтгэхийн оронд түүнийг төрүүлж байгаагаараа өөрөө буруутан.

Соломон : Хууль аалзны шүлсэрхүү юм, сул дорой нэгнийг гарах газаргүй болтол нь торлодог, хүчтэй нь түүнийг тасдан одох бөлгөө.

Аристотель : Ёс суртахуунгүй болсон улс төр агуулгын хувьд ядуу иргэний нийгэм рүү хөтөлнө. Түүнчлэн явцуу, бусдыг үл хүлцсэн сэтгэлгээ рүү хөтөлнө.

Ж.Роулс : Ядуу нийгмийн хамгийн том дайсан бол авлигач элит ба дарангуйлагч засаг. Улс төрийн зохион байгуулалттай эрх ашгийн төлөө, мөнгөний байнгын эрэлд байгаа үед улс төрийн ардчилсан систем ажиллаж чадахгүй, уг системийн зөвшилцлийн эрх мэдэл саажсан байдаг. Үл үзэгдэх гар нь юмсыг буруу чиглэлд хөтөлж, олигопол (хэдхэн хүний хооронд өрсөлдөөн явагддаг хязгаарлагдмал зах зээл бүхий нөхцөл) байдлыг дэмжиж буй үед шударга бололцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг өөгшүүлдэг.

Чазерье Беккари : Нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд байрладаг.

Ж.Орвелл : Улс төрчид ард олныг "амьтад мэт” үзэн өөрсдөө тухай амьтадын фермийн эзэд, харгис хомхой "гахай" шиг л болж хувирдаг.

Якоб Буркхард : Засаг нь өөртөө байгаа хүмүүсийг эвдэн завхруулж, эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэдэг.

Лорд Актон : Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.

Локк : Хүн эрх чөлөөтэй төрдөг, гэвч одоо хаа сайгүй гинжлэгджээ.

Камю : Энэ нөхцөл байдал пулемёттой хүмүүстэй зөвхөн сэлмээр зэвсэглэсэн хүмүүс тулалдах...мэт.

Рассел : Энэ байдлаас эрин үеүдийн бүх хөдөлмөр, зүтгэл, бүх урам зориг, хүмүүний авьяас билиг, ололтууд "сүйрсэн ертөнц”-ийн үнс нурманд дарагдана.

Хоббс : Хууль ёс гэж байхгүй бол нийгэм задарч, бүгд бүгдийнхээ эсрэг дайтаж, хүний амьдрал ой гутам, хүсэл тачаалдаа захирагдсан, зэрлэг, ахархан болно.

Энгельс : Хаана ч ялгаагүй хуульчлагдсан дээрэм, үүнийгээ илэн далангүй үйлдэнэ. Нийгмийн ийм солиотой юм шиг нөхцөлд бүх юм сүйрчихээгүй байгаа нь л гайхалтай.

Cтросс : Хүн тогтвортой нийгэм байгуулахын тулд төрөлх хүслээ дарж, дүрэм журамд зохицож байх ёстой.

Сократ : "Агуй дахь хүмүүс агуйн ханан дээр туссан сүүдрээр л агуйн гаднах зүйлсийг төсөөлөн ойлгодог” гэсэн шиг "Төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх аалзны тор шиг сүлжилдсэн авлигын тогтолцоот схем буюу улс төрийн эрх мэдлийн нууц биш нууц авлигажсан "агуй”-д бугшсан, шимтэн шигдсэн, мансуурсан сэтгэхүйн цар хүрээгээр муйхар, бохир бодлого хэрэгжүүлж огт болохгүй”.

Үг, яриа нь үйлдлээсээ зөрүүтэй, "нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын тулд "утоп, ид шидэт үлгэр” зохион эгэл түмний тархийг угаах, басамжлах нь ардчилал, ардчилсан засгийн легитм шинж биш болно.

Улс орны эдийн засаг, олон түмний амьдралын чанар, хөгжлийн байдал шальдир бульдир, зогсонги, дороо хий эргэсэн, дампуурлын ирмэгт тулсан одоогийн бодит байдал, дүр төрх ардын, ардчилсан засгаас бидний хүсэн хүлээсэн үр дүн мөн юм уу ? Төрийн паразитууд түмэн олны зовлон, зовлонгийн шалтгаан болов.

Төрийн алба бол улс төрийн албан тушаалтнууд илүү эрх эдлэх, төрийн биш харин төрлийн, намын, албатын алба хаагч болон хувирах, түмний хөрөнгийг хувийн мэт бүлэглэн цөлмөхийн төлөө улайран тэмцэлддэг, "амьтны ферм” дэх амьтадын цуглуулга, орогнох байр, халхавч, нээлхий биш учраас Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, суурь зарчмын үзэл санаа, утга агуулгыг зөрчсөн, гажуудуулсан хууль бус, зүй бус явдалтай эвлэрэх ёсгүй.

Төрийн алба савлагаатай, төрийн алба хаагчид улс төрөөс хараат бус байх нөхцөл бүрэн хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдог зуршил арилаагүй, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг нам, улс төрийн хүчний бодлого, шийдвэрээр өөрчилдөг...Ингэж төрийн албыг сүүлийн 20 жилийн турш сульдуулж, туйлдуулав. Дээрх нөхцөл байдал нь төрийн албаны нөөцийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч болзошгүй болсон байна гэсэн дүгнэлтийг төрийн албаны зөвлөлийн 2014 оны тайланд тусгасан[8], тухайн заналхийллийн эсрэг оновчтой бодлого, зохицуулалт бодитой хийгдээгүй учраас заналхийллийн хор холбогдол эдүгээ ямар хэмжээнд хүрснийг төсөөлөхөд хүндрэлтэй асуудал биш.

Зөвхөн 2008-2016 онд Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн "төрийн албаны маргаан”-ы тоог авч үзвэл 2008 онд 100 байсан бол жил бүр өссөөр 2016 онд 417 [9] болсон байх боловч үүний цаана төрийн албанаас халагдсан, тушаал буурсан хэдий ч шүүхэд хандаагүй цөөн бус албан хаагчид байгааг бас анхаарах ёстой.

Гэтэл төрийн хууль илтэд ноцтой зөрчсөн буюу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас хуулийн, сахилгын, улс төрийн хариуцлага хүлээсэн тоо "000” зааж байна.

Улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг хоморголон халж, өөрчилж буй нь тухайн албан хаагчдыг намын засгийн бодлогын эсэргүү, үзэл санаа нь ялзарсан мэт үзэж, тэгш бус хандан, ялгаварлан гадуурхаж буй бохир бодлогын ноцтой илрэл, нэг ёсны дарангуйлал буюу хууль, шударга ёсыг илтэд гажуудуулж буй хэрэг мөн.

Иймд "төрийн албаны зарчмыг зөрчсөн, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн албан тушаалтан хэн боловч төрийн алба хаших эрхээ алдаж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” хэмээн Үндсэн хуульд заах нь Үндсэн хуулийн суурь зарчмын хэрэгжилтийг бодитой хангах, үнэт зүйлсийг хамгаалах, ялгаварлал, алагчлалаас бүх хүнийг адил тэгш, үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлж буй бодлого, зохицуулалтын хамгийн зөв, оновчтой арга болно. Тодруулбал, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал, сайн, ухаалаг төр, хариуцлагатай улс төрч, улс төрчийн ёс зүй, улс төрийн соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн суурь зохицуулалт, механизм бүрдэнэ.

Хэрэв тийнхүү заахгүй бол Үндсэн хуульд нэмэлт хийх тухайн зохицуулалтууд (төслийн хувилбараар) хэрэгжих механизмгүй буюу амьд үйлчлэлгүй, тунхаг заалт болон хувирна. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн туршид ардын, ардчилсан үзэлт намуудаас хэрэгжүүлсэн төрийн алба тойрсон гажуудсан бодлого түүний хэрэгжилтийн бодит дүр төрх, үр дагавараас илэрхий нотлогдоно.

Нийтлэг эрх ашиг, хууль дээдлэх ёс, шударга ёсны өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн албан тушаалтанд "хуулийн, сахилгын, улс төрийн хариуцлага” хүлээлгэхгүй байх нь хууль бус, шударга бус төдийгүй намын төрөөс төрсөн тэр бумтнуудын дур зорго, түрийвчний өмнө "төр” хүчгүйдэн бөхийж, шударга бус явдлыг дэмжин дэвэргэж, иргэдийн хууль дээдлэх, шударга ёс, үүргийн мэдрэмжийг бөхөөж буй хэрэг мөн.

Албан тушаалтан "нийтлэг эрх ашиг, хууль, шударга ёсыг ноцтой зөрчсөн”-ий улмаас тухайн хохирогч-албан хаагчид учирсан цалингийн хохирлыг төлөх нь үүргийн зөрчилд нь хүлээлгэж буй хуулийн, сахилгын, улс төрийн бодит хариуцлага огт биш буюу хариуцлагын бодит, оновчтой механизм болж чадахгүй.

Улс төрийн нам, намын удирдах бүлэг, фракцийн дур зорго хууль, эрх зүйт ёсны үйлчлэлээс гадуур хязгааргүй оршиж, улмаар хууль засаглах бус харин хүний, намын дарангуйлал тогтоож буй хууль бус, зүй бус үзэгдэл, түүний илрэл бүрийг хуулийн хүрээнд таслан зогсоох, хязгаарлах нь эдүгээ тулгамдсан асуудал болоод байна. Эс бөгөөс "Монгол төрийн алба нь намын удирдах багийнхны дур зорго, авлига, албан тушаалын тогтолцоот схемд автагдсанаар бидний ирээдүйн хөгжил, аюулгүй байдал эс шийдвэрлэгдэх битүү цагирагт баглагдан, буруу зүг чигт хий эргэлдэн, эрхэмлэх бүх зүйл тал тал тийш бутран, балран сарнихад хүрнэ” гэдгийг хэн үгүйсгэх юм.

 

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1

Cанал : "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, хотын шүүх, сум, хот (орон нутгийн харьяалалтай) буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх” гэснийг "Шүүхийн үндсэн тогтолцоо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс бүрдэх” гэж өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Үндэслэл : Тийнхүү өөрчлөхгүй бол дараах сөрөг үр дагаварууд үүснэ.

1. Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтыг хэд дахин ихэсгэнэ.

Үндсэн хуулийн төслийн тайлбар[10]-аар орон нутгийн харьяалалтай хот гэдэг нь аймгийн төвийн сумдууд болон зарим томоохон сум Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-үүд, Бор-өндөр зэргийг хамааруулж байх ба тухайн тохиолдолд нэг аймагт сум буюу сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх (одоо байгаа)-с гадна тусдаа улсын чанартай хот болох Дархан-уул, Орхон аймгийг хасахад нийт 19 аймагт 19 "хот”-ын анхан шатны шүүх шинээр байгуулагдах ба хотын шүүхэд доод тал нь 9 шүүгч /эрүү, иргэн, захиргаа/-ээр бодоход нийт 171 шүүгчийн орон тоог шинээр нэмэх шаардлагатай.

2. Мөн Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-үүд, Бор-өндөр сумдыг орон нутгийн харьяалалтай хот болгосноор тухайн хотуудад одоо байгаа эрүү, иргэний шүүх дээр нэмж, хотын захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах буюу нэг хотод доод тал нь 3 шүүгчээр тооцоход нийт 18 шүүгчийн орон тоо нэмэгдэнэ.

3. Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-үүд, Бор-өндөр сумдыг хот болгоход тэдгээр сумдын шүүхэд харьяалагддаг бүх сумдууд дахь хэрэг, маргаан бүхэлдээ аймгийн төв дэх сум дундын шүүхэд шууд харьяалагдах учраас тухайн шүүхийн ачаалал ихсэнэ, энэ нь бас шүүгч нарын орон тоог нэмэх үндэслэл, шаардлага бодитой үүснэ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд харьяалагддаг Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Баян-Өндөр гэсэн 6 сумдын хэрэг маргаан гэдэг бол бага бус тоо гарна гэсэн үг.

4. Иргэдэд шүүхийг ойртуулах бус эсрэгээр хөрөнгө, цаг хугацааны хувьд багагүй зардал, чирэгдэл, алдагдал шинээр үүсгэнэ.

Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-үүд, Бор-өндөр сумдыг хот болгоход тэдгээр сумдад байрших сум дундын шүүхэд харьяалагддаг ойролцоох бүх сумдын иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр аймгийн төв дэх сум дундын шүүх рүү явах нь тодорхой учраас энэ байдлыг иргэдэд шүүхийг ойртуулсан гэж үзэхгүй.

Уг нь тухайн хот болох сумдад сум дундын шүүхийг байгуулсан суурь шалтгаан нь шүүхийг иргэдэд ойртуулах, шүүхийн хүртээмж, үйлчилгээг шуурхай хүргэх явдал юм.

5. Шинээр хотуудын шүүх байгуулснаар шинэ шүүгчийн орон тооноос гадна шүүхийн захиргааны албан хаагчийн мөн төчнөөн орон тоо, орон байр, бусад үй түмэн зардлууд шинээр үүсэх нь энгийн ухамсрын түвшинд ойлгомжтой асуудал юм.

6. Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрээр [11] шүүхийг гагцхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар байгуулах ёстойг эцсийн байдлаар шийдвэрлэсэн учраас Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцоонд оруулах дээрх төслийн дагуу шүүхийн төсвийн өсөн нэмэгдэх үр ашиггүй зардлыг бууруулах, бусад сөрөг нөлөө, үр дагавраас урьдчилан сэргийлэх бодит үндэслэлгүй. Тодруулбал, шүүхийг сум, хот дундын болон хот дундын зэргээр бүсчлэн байгуулах үндэслэлгүй болохыг Үндсэн хуулийн цэц нэгэнт тогтоочихсон. "Цэцийн дээр хөх тэнгэр л оршдог” гэх тул гарах гарцгүй гэсэн үг.

Тийм учраас шүүхийн тогтолцоог зөв шийдвэрлэхэд тухайн асуудлын талаарх хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн олон талт үндэслэл, хандлага, нөхцөл байдал, үр дагавар зэргийг бүх талаас нь сайтар судалж, бодитой үнэлж, зөв, соргогоор мэдэрсэн ухаалаг шийдэлд хүрэх нь нэн тулгамдсан асуудал юм.

Тухайлбал, хэд хэдэн сум дундын хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх сум дундын шүүх байршиж буй Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-үүд, Бор-өндөр сумдыг хот болгож болох хэдий ч шүүхийн хэргийн харьяаллыг нь хэвээр буюу хот, сумдаар бүсчлэн тухайн хотод байршуулж болохгүй үндэслэл, шалтгаан юу байна вэ ? Тухайн сумдын иргэдийг ойролцоо хот (орон нутгийн харьяалалтай) руу биш харин хол зайтай аймгийн төв рүү явж зөрчигдсөн эрхээ хамгаалахыг үүрэгдэх нь зөв шийдэлд тооцогдохгүй.

Мөн иргэдийн хууль эрх зүйн ухамсар, соёл дээшлэхийн хирээр гэмт хэрэг, зөрчил, маргааны тоо хэмжээ жил өнгөрөх тусам буурах нь эргэлзээгүй төдийгүй жил тутам гардаг шүүхийн статистик баримт [12]-с үзэхэд зарим шүүхэд шүүгч нарын орон тоо хангалттай байх боловч шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоо харьцангуй бага, төв ба орон нутгийн шүүхийн шүүгч нарын ажлын ачаалал хэт зөрүүтэй байгаа зэрэг нь цаашдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгж дунд буюу шүүхийг бүсчлэн байгуулах хэрэгцээ, шаардлага бодитой үүссэн байгааг онцгой анхаарч, бодитой нягтлах нь чухал юм.

Иймд "шүүхийн үндсэн тогтолцоо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс бүрдэх”...(бусад нь хэвээр) гэж эрдэмтэн, судлаачдын нэгдсэн байр суурь, холбогдох судалгааны бүтээл[13]-д бичсэн санал, үндэслэлээр өөрчлөх нь хамгийн зөв шийдэл болно.

Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нийгмийн эрэлт, шаардлага, хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, эсхүл бүсчлэн байгуулах эсэхийг УИХ тухай бүр хуулиар шийдвэрлэх бүрэн эрхтэй учраас энд иргэдийн шүүхэд хандах эрхтэй холбоотой Үндсэн хуулийн ямар нэгэн зөрчилтэй, хийдэлтэй асуудал огт үүсэхгүй юм.

 

Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 5

Санал : "Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно” гэснийг : "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос бүх шатны шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос тухайн шатны нийт шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар тус тус сонгоно гэж өөрчлөх

Үндэслэл : Шүүх бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч буюу төрийн эрх мэдлийн тэнцвэр, хяналтын тулгуур багана, ард түмнийг хууль эрх зүйн хувьд хамгаалагч буюу хууль ёс, шударга ёсны хэмжүүр учраас Ерөнхий шүүгч нарыг нийт шүүхийн шүүгч нар өөрсдөө сонгодог болох нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалд утга төгөлдөр нийцнэ.

- Төслийн хувилбарт буй...”нийт шүүгчдийн”...гэдэг нь аль нэг шатны шүүхэд тухайлан хамаатуулсан тодотголгүй байх тул Монголын нийт шүүгчид гэж ойлгогдохоор байна, гэхдээ

- Улсын Дээд шүүх нь Монголын шүүхийн дээд байгууллага буюу шүүх эрх мэдлийг бүрэн төлөөлөх, эцсийн дээд хяналтыг хэрэгжүүлдэг учраас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчдийн, харин давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг давж заалдах шатны нийт шүүхийн шүүгчдийн, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг анхан шатны нийт шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар тус тус сонгох нь улс төрийн болон бусад элдэв нөлөөлөл, хараат байдалд оруулах эрсдэл, сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ,

- Ерөнхий шүүгч нь шүүхийн шатлалаас хамааран нийт шүүхийн шүүгчид (500 гаруй) болон давж заалдах шатны нийт шүүхийн шүүгчид (100 орчим), анхан шатны нийт шүүхийн шүүгчид (370 гаруй)-ийн олонхийн саналаар тус тус сонгогдох нь тухайн нэг шүүхийн шүүгчдийн олонхи (хамгийн багадаа 2 шүүгч, хамгийн ихдээ 13 шүүгч)-с Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх буюу сонгохтой харьцуулахад тоо, чанарын хувьд давуу талаас гадна шүүгчид өөр хоорондоо талцан хуваагдах, элдэв нөлөө, шахалтад автах, дэмжсэн эсэх байдлаар шалтаглан бие биедээ хардах, сэрдэх, үл итгэх, таагүй хандах, тийм ойлголт төрүүлэх, худал цуурхах зэрэг сөрөг үр дагавар дагуулахгүй,

- Шүүгч бүрийн хувьд Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхийг хязгаарлахгүй буюу тухайн шүүх дотроо нэр дэвшихэд цөөнх болсон шүүгч бие даан нэр дэвших боломж нээлттэй бөгөөд

- Ерөнхий шүүгч нарын сонгууль өрсөлдөөнтэй болох төдийгүй

- Ерөнхий шүүгчид нэр дэвшигч шүүгч нарын мэргэшсэн байдал, туршлага, нэр хүнд, манлайлал зэргийг бодитой үнэлэх боломж илүүтэй хангагдах зэрэг цогц утга агуулгаараа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчим, баталгааг бодитой хангахад чиглэгдсэн оновчтой бодлого, зохицуулалт болж чадна гэж үзэж байна.

Ерөнхий шүүгч нарын сонгууль явуулахад нийт шүүхийн болон тухайн шатны шүүхийн шүүгч нар заавал нэг дор цугларах шаардлагагүй, сонгуулийн товлосон 1 өдөрт нийт шүүхийн шүүгч нар тус тусын шүүх дээрээ сонгуулийн саналаа өгч, баримтжуулсны дараа нийт саналыг нэгтгэх асуудлыг холбогдох хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулах боломжтой учир зардал, чирэгдэл үүсэхгүй, үүсгэхгүй байх арга замууд байгаа болно.

Зарим иргэд, судлаач, улс төрийн намынхны зүгээс Монголын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, ялангуяа Улсын Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг ард түмнээс сонгох тухай санал, санаачилга дэвшүүлсэн байх боловч тухайн сонгууль нь улс төрийн сонгууль лугаа адил болон хувирч, сонгуулийн санхүүжилт, сурталчилгаа бусад бүхий л асуудлын хувьд улс төрийн болон хувь хүн, хуулийн этгээдийн нөлөөлөл, хараат байдалд орох өндөр эрсдэл, сөрөг үр дагавар дагуулах учраас хүлээн зөвшөөрөгдөх бодит үндэслэлгүй болно.

 

Товч дүгнэлт


Дэвшүүлсэн саналуудын үндэслэлийн хүрээнд дүгнэхэд Үндсэн хуульд оруулах зарим нэмэлт, өөрчлөлтийн хувьд улс төр, хууль эрх зүй, ёс зүйн болон бодлого, зарчмынх нь үндэслэл хангалтгүй, тодорхой бус, мөн үндэсний эрх ашиг, хууль ёс, зүй ёс, шударга ёсны шаардлагад бүрэн нийцээгүй, амьд үйлчлэлгүй буюу тунхаг төдий хэлбэрийн шинжийг агуулсан байна.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүртэл авлига, албан тушаалын асуудал төрийн улс төрийн болон бусад албаны дээд шатанд хий үзэгдэл мэт тэнүүчилж, төрийн хаагчдыг хууль бусаар үй олноор хоморголон халж, чөлөөлж, сэлгэсээр буй бохир бодлого, буруу хандлагыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд төрийн хуулийг дур мэдэн хууль бусаар зөрчсөн тухайн албан тушаалтанд өөрт нь "хариуцлага” хүлээлгэх суурь зохицуулалтыг Үндсэн хуульд заавал хийх ёстой. Үндсэн хуулийн ийм суурь зохицуулалтгүйгээр шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал, сайн, ухаалаг төр, хариуцлагатай улс төрч, улс төрчийн ёс зүй, улс төрийн соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын тогтвортой байдлыг хангах бодит боломжгүй болохыг сүүлийн 20 гаруй жилийн туршид "засгийн эрх барьсан улс төрийн намын бүрэн эрхэт багийнхан” илтэд харуулсан, харуулсаар буй нь олон түмэнд илэрхий болов.

Мөн Монгол Улсын шүүхийн зөв, оновчтой тогтолцоог бүрдүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг хууль зүйн хувьд бодитой хамгаалах суурь бөгөөд оновчтой зохицуулалтыг Үндсэн хуулиар баталгаажуулахгүйгээр нийгэмд хуулийн засаглал, шударга ёс тогтоох болон сайн засаглал, шударга ёсны тогтолцоог төгөлдөржүүлэх, бэхжүүлэх, шүүх, шүүгчийг улс төрийн болон бусад нөлөөллөөс бүрэн ангижруулах, ухаалаг, цомхон төрийн тухай асуудал ярих нь хийсвэр, бодит амьдралд нийцэхгүй утоп асуудал болон хувирна.

Кант : Бодит зүйлээс биш хийсвэр төсөөллийн зүйл дээр үндэслэн Үндсэн хууль батлах хэрэг юу байна. Олон нийт нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хууль л үнэн зөв хууль. Олонх ямар нэг хууль, заалтыг илүүд үзэж баталлаа гээд тэр шударга хууль болохгүй. Олонхи нь ямар нэг Үндсэн хууль баталсан гээд тэр Үндсэн хууль шударга гэсэн баталгаа болохгүй.

Ёс суртахуун хувь хүмүүсийн ашиг сонирхол дээр суурилж болохгүйн адил шударга ёс тухайн нийгмийн хувиа хичээсэн ашиг сонирхол дээр суурилж болохгүй. Ёс суртахуунтай хууль боловсруулахын тулд бид өөрсдийгөө хувийн зорилго, ашиг сонирхлоос салгах ёстой. [14]

Аристотель : Төгс Үндсэн хууль ямар байх талаар ярьж эхлэхээсээ өмнө бид хамгийн "зөв амьдрал”([15]) гэж юуг хэлэх вэ гэдгийг бодох ёстой. Энийгээ тодорхой болгоогүй цагт Үндсэн хуулийг яаж төгс болгох вэ гэдэг асуулт хэзээ ч тодорхой хариултанд хүрэхгүй.[16]

Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг улам бүр боловсронгуй болгох, бодлого, зохицуулалтын хамгийн зөв шийдлийг олохын тулд олон түмний болон мэргэжлийн хуульч, судлаачдын ухаалаг оюуны шүүлтүүрээр удаа дараа оруулах, тухайн нэмэлт, өөрчлөлт бүрт холбогдох онол, практикийн судалгааг иж бүрэн сайтар хийх буюу хангалттай баримттай, бодитой хандах, орчин цагийн хууль эрх зүй, улс төр, ёс зүй, шударга ёсонд хандах түгээмэл үзэл, хандлага болон өөрийн орны бодит амьдрал ахуй, өвөрмөц онцлогт нийцэж буй эсэхийг нягтлан шалгах зэрэг бодлого, судалгаа, шинжилгээний цогц ажиллагаа зайлшгүй шаардлагатай юм.

Хуульч Г.ГАНБААТАР,

2018.08.01



[1] Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйл

[2] Төрийн албаны шинэтгэл ба тулгамдсан асуудал ( эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл) УБ., 2017.

Төрийн мэргэшсэн албан хаагч тогтворгүй байхад улсын тогтвортой хөгжлийн талаар ярих боломжгүй" https://ikon.mn/n/g4z

Төрийн албыг төрлийн болгож байна. http://news.zindaa.mn/12rl

Төрийн албанаас 22,235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14,000 нь ажлаасаа халагдсан. "https://ikon.mn/n/11hs. Бусад мэдээ, баримтыг холбогдох сайтаас хайж дэлгэрүүлэн үзнэ үү.

[3] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Тариачин, хонь хоёрын үлгэр

[4] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Уран барилгачин Улаан үнэгний үлгэр

[5] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Үнэг, тарвага хоёрын үлгэр

[6] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Могой, хурга хоёрын үлгэр

[7] Жорж Орвелл. "Амьтны ферм” (улс төрийн элэглэл) зохиолоос үзнэ үү.

[8] Төрийн албаны шинэтгэл ба тулгамдсан асуудал ( эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл) УБ., 2017. 9-17 дахь тал

[9] П.Одгэрэл. "Төрийн албаны эрх зүйн зохицуулалтын системчлэл” илтгэл. Төрийн албаны шинэтгэл ба тулгамдсан асуудал (эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл) УБ., 2017. 21-26-р тал

[10] Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2017 он. 141-142-р тал

[11] http://conscourt.gov.mn, legalinfo.mn/ Үндсэн хуулийн цэцийн 2016.01.28-ны өдрийн 01 дугаар тогтоол. Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

[12] Монгол Улсын шүүхийн тайлан. УБ. 2013, 2014, 2015, 2016, 2017 он.

[13] Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2017 он. 110-115 дахь тал

Д.Лүндээжанцан. Монгол Улс дахь төрийн эрх мэдэл хуваарилалт. УБ., 2001 он

Н.Лүндэндорж. Шүүх эрх мэдэл. УБ., 2017 он 

[14] Майкл Сандэл. Шударга ёс, зөв зүйл гэж юу вэ ? УБ. 2018. 11, 135, 152-154-р тал

[15] Амьдрал гэдэг нь : "нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа-соёлын хүрээ”-г хамаарна гэж тодотгон ойлгоно

[16] Майкл Сандэл. Шударга ёс, зөв зүйл гэж юу вэ ? УБ. 2018. 238-р тал



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 704  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031