Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Чиг үүрэг

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн онцлох ажил, бүтээгдэхүүн

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлдэг онцлох ажлыг танилцуулбал,


3.1. Шүүхийн судалгаа

- Шүүн таслах ажиллагааны практикийг судлах, шүүхийг судалгаагаар хангах хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны тайланг нэгтгэн боловсруулж, үр дүнг бүх шатны шүүх, шүүхийн захиргааны байгууллага, олон нийтэд танилцуулдаг. 

- Шүүх судлал, салбар эрх зүй, процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлон судлах, шийдвэрлэх арга зам, бодлогын хувилбар дэвшүүлэх зорилгоор бодлогын судалгаа, лавлагаа, зөвлөмжийг хийдэг.

 

3.2. Шүүхийн мэдээлэл, номын сан

- Мэдээлэл, арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл” эмхэтгэл. Эмхэтгэлийг "эрх зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, шүүхийн шийдвэрийг судлан шинжилж аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” нийтлэлийн бодлоготойгоор улирал тутам эрхлэн гаргаж, Монгол Улсын шүүхийн нийт шүүгч, судлаачдын хүртээл болгодог.

- Шүүхийн судалгаа, мэдээллийн www.judinstitute.mn цахим хуудас. Мэдээлэл, арга зүйгээр хангах чиг үүргийг шуурхай, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хэмнэлттэйгээр хэрэгжүүлэх зорилготой. Цахим хуудсыг ашиглан бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд шүүх судлалын болон эрх зүйн шинэлэг мэдээ, мэдээлэл, судалгааны тайлан, төсөл хөтөлбөр, шүүхийн статистик мэдээлэлтэй танилцахаас гадна тусгайлан бэлтгэсэн видео хичээлийг үзэх боломжтой.

- Шүүхийн номын сан: Бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан төрөлжсөн номын сан. Эрх зүй, улс төрийн онол, шүүх судлал, үндсэн хуулийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй, хууль зүйн толь бичиг зэрэг нийт 860 гаруй мэргэжлийн ном, гарын авлага, судалгааны тайлан, материал, судалгааны цахим эх сурвалжийн www.heinonline.org цахим сан.

- Шүүхийн шийдвэрийг судалгаа, шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг хөгжүүлэх зорилгоор жил болгон "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл” бүтээлийг эрхлэн гаргадаг. Бүх шатны шүүхүүд эмхэтгэлд оруулах шийдвэрээ сонгон жил ирүүлдэг бөгөөд тэдгээрийг хууль хэрэглээ, хууль зүйн техник, үндэслэл гэх мэт шалгуураар үнэлж шалгарсан шийдвэрийг нь эмхэтгэл болгон гаргадаг.

 

3.3. Шүүхийн сургалт

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн бодлогыг тодорхойлсон "Шүүхийн сургалтын хөтөлбөр"-ийн хүрээнд тус хүрээлэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг дараах төрлөөр зохион байгуулдаг. 

  

Шүүгчийн сургалт

Шүүхийн захиргааны ажилтны сургалт

1. Шинэ шүүгчийн сургалт

2. Хуулийн хэрэглээний сургалт

3. Шүүгчийн ур чадвар хөгжүүлэх сургалт

4. Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт

1. Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт

2. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад зориулсан сургалт

3. Шүүхийн захиргааны ажилтны ур чадвар хөгжүүлэх сургалт

4. Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ