Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-01-2015, 00:37   Ангилал: Мэдээлэл  

Ё.Цогтзандан: Шүүгчийн цалинг нэмсэн нь хараат бус, хариуцлагатай ажиллах гол нөхцөл болсныг мартаж болохгүй

Монгол улсад шүүхийн шинэтгэл ид өрнөж, шүүх эрх мэдэл рүү олон нийтийн хурц хараа чиглэж байна. Шүүх ил тод, нээлттэй болж, шүүгчийн эдийн засгийн баталгаанд бодит ахиц гарч, шүүхийн үйлчилгээ иргэдэд улам бүр ойртлоо. Хүссэн иргэн өнөөдөр шүүхийн шийдвэрүүдийг гар утаснаасаа үзэх цахим дэвшил шүүхэд бүрдээд байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн төлөөлөл болгон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандантай шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлаа.

 

- Олон жил шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй туршлагатай шүүгчийн хувьд шүүхийн шинэтгэлийн талаархи таны үгийг сонсохоор зорьж ирлээ. Яриа маань нээлттэй явагдана гэдэгт итгэж байна?

- Баярлалаа. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, шүүх эрх мэдэл гэсэн бүлэг орсноор 1993 онд шүүхийн шинэтгэлийн анхны суурь тавигдаж эхэлсэн. 20 жилийн дараа буюу 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн санааачлагаар Шүүхийн тухай багц хуулиуд амжилттай хэрэгжиж эхэлснээр олон жил нэг дор төвлөрч байсан шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг салгасан. Түүх сөхөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийг өмнө нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүйн яамны сайд давхар хариуцдаг байсан. Өөрөөр хэлбэл, шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа хоёр хутгалдаад явж байсан.Одоо бол шүүн таслах ажиллагааг захиргааны ажлаас хараат бус болгосноор бие даан ажиллах бүх нөхцлийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллаж байна.

 

- Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас салгасан нь бодитоор чухам юуг өөрчлөв? Шүүхийн захиргааны бие даасан энэ загвар өмнөхөөсөө ямар ахицтай юм бэ?

- Шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан байгууллага болж ажилласнаараа шүүхийн бие даасан,шүүгчийн хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Шүүхийн үйлчилгээ олон нийтэд ил тод, нээлттэй боллоо. Шүүхэд ирсэн хэн ч нээлттэй шүүх хурлын процессыг үзэж болдог болсон. Хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарахаас бусад шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулдаг боллоо. Захын хүн шүүх хурлыг гар утсаараа үзэх боломжтой. Германтай харьцуулахад манай улс эрх зүйн өндөр хөгжилтэй орноос дутахааргүй цахим шүүх талдаа хөгжсөн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дөрвөн том стратегийн бодлогын баримт бичиг баталж, ойрын ирээдүйд хийх ажлаа тодорхойлсон. Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж ажилласнаараа олон, олон асуудлыг зохих шатанд нь шийдвэрлэж, үйл ажиллагаа нь анхнаасаа жигдэрч байна. Олон нийтийн шүүхэд итгэх итгэл, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх өндөрт тавигдлаа. Хуучин иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд хэдэн хүн ордог байсан. Одоо бол Монгол улсын ял шийтгэлгүй иргэн жилд нэг удаа шүүх хуралд суух эрхтэй. Шүүн таслах ажиллагааг өөрийн нүдээр харж мэдлэгтэй болсноор гэрийнхэн, найз нөхөддөө ингэж ажилладаг юм байна, ийм хэрэгт иймэрхүүгээр шийтгэдэг, ийм хэрэг үйлдэж болдоггүй юм байна гэдгийг цаашаа сурталчилдаг.Шүүх иргэдэд ингэж нээлттэй ажилласнаар эрх зүйн боловсролыг нь дээшлүүлэх тал дээр маш том алхам хийж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ мэтээр шинэтгэлийн олон ажлуудыг зоримог хийж, хэрэгжүүлж байгааг та бүхэн бас харж байгаа байх.

 

- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна" гэж заасан байдаг. УИХ-аас баталсан энэ хуулийн хэрэгжилт хангагдаж байна гэж та үзэж байна уу?

- Хэвлэл мэдээллээр шүүгч нар тав, зургаан сая төгрөгний цалинтай болчихлоо гэж ярьдаг. Монголын шүүгч нар ажилласан жилээсээ хамаараад цалин нь янз бүр байгаа. Бусад төрийн албан хаагчдаа бодвол бидний цалин өндөр байгаа. Хүний хэрэгцээнд энэ бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна. Шүүгчийн цалинг нэмсэн нь хараат бус, хариуцлагатай ажиллах гол нөхцөл болсныг мартаж болохгүй. Манай шүүх 24 шүүгчтэй, тал хувь нь орон сууцны зээлтэй. Үүнийгээ цалингаасаа төлөөд, оюутан хүүхдийнхээ төлбөрийг өгөөд хүрэлцээтэй болоод л байгаа. Ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл тайван, цалин нь болоод байгаа нөхцөлд хүн ажлынхаа төлөө шамддаг нь харагдаж байна. Цалин хөлс нь багадвал хүн зээлийн мөнгөө яах вэ, оюутан хүүхдийнхээ төлбөрийг яах вэ гээд ажилдаа биш хувийн асуудалдаа анхаарах нь ихсэнэ. Хотод эрүү, иргэний шүүх гэж дагнан байгуулсан нь шүүгчдийн орон тоог нэмсэн. Урьд нь жилд эрүүгийн хэрэг дагнан шийдвэрлэдэг шүүгч 120-130 хэрэг шийддэг байсан. Одоо бол 80-90 хэрэг шийддэг болсон. Энэ бол шүүгчид чамгүй ачаалал юм. Өнөөдөр энэ ачааллыг нь зохицуулаад ирэхээр шүүгч нар ажилдаа хайнга хандахгүй, хариуцлага нь улам өндөрсөөд ирсэн. Иргэдэд үйлчлэх үйлчилгээ маань сайжирч, түргэн шуурхай үйлчилдэг болсон.

 

- Шүүгчдийн дотоод итгэл, хариуцлага дээшилж байгаа гол хөшүүрэг нь цалин гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй шүүмж хаа сайгүй дагасаар л байна?

- Цалин нэмэгдсэнээр шүүхэд ажиллаж буй хүмүүсийн урам зориг,хариуцлага, чармайлт нэмэгдсэн. Шүүхийн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулаад, хэрэг маргаанаа шийдвэрлээд, иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх сэтгэлээр хандаж байгаа. Эрүүгийн хэргийг шийдэхэд 25 хоног болдог бол тэр 25 хоногийнхоо дотор энэ хэргийг шийдээд, иргэдийг чирэгдүүлэхгүй байя, наана нь хүмүүстэй соёлтой, ёс зүйтэй харьцаж,хэдийгээр хэрэг үйлдсэн ч гэсэн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүмүүстэй хүн чанартай харьцая гэсэн сэтгэл шүүгчдэд төрж байна. Шүүгчийн цалин нэмэгдээд ирэхээр мэдлэг боловсрол, хариуцлагаа дээшлүүлэх, нийгэм хөгжихийн хирээр шүүгч, хуульч хүн бүгдийг нь судалж, манлайлагч байхын тулд байнга өөрийгөө боловсруулж байх шаардлага тулгарч байна. Монголд кибер гэмт хэрэг, мөнгө угаах, хүний наймаа гэх мэт шинэ гэмт хэргүүд нэмэгдэж байгаа. Энэ талаархи мэдлэг боловсролоо дээшлүүлж байж, тухайн шүүгч үнэн, зөв хуульд заасны дагуу шийдэх болно. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн мэдлэг,ур чадварт анхаарч,системтэй сургалтууд зохион байгуулж байна. "Мянга сонсохоор нэг үз" гэгчээр гадаадын сургалтанд хамруулж, сайн туршлага судлуулж байгаагаас чадлынхаа хэрээр суралцах хэрэгтэй. Манай хэсэг хуулийнхан Франц яваад ирсэн. Францад авилгатай хэрхэн тэмцэх, хууль бусаар хөрөнгөжих асуудлыг хэрхэн илрүүлж, хэргийг нь хэрхэн шийдвэрлэж байна гэдгийг судалж ирээд онол практикийн бага хурал хийсэн нь маш их үр дүнтэй болсон. Шүүхийн тухай багц хууль хэрэгжсэнээр зөвхөн шүүгчдийн цалингаас гадна шүүхийн салбарт нэлээд хөрөнгө зарцуулагдсан. Шүүхийн байр, хуралдааны танхимуудыг стандартад нийцүүлэх ажлаас эхлээд дэд бүтэц, хүний нөөцийн бодлогод ахиц гарч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах шүүгчээс тусдаа суудаг болсон. Хуучин шүүгч туслахгүй байсан. Одоо бол бүгд туслахтай болж, туслах хүн бүх хууль дүрмээр шүүгчийг хангах, хэрэг маргааныг шийдвэрлэхэд бэлтгэл ажлыг хангах ажлуудыг хийдэг болсон.

 

- Шүүгчийг хуульчийн мэргэжлийн оргил гэж үздэг. Та 24 жилийн өмнө энэ оргил өөд юунаас эхэлж "мацаж" байв?

- Би хуульчийн ажлын гараагаа хүний эрхийг хамгаалах өмгөөлөгчөөр эхэлж байсандаа баяртай байдаг. 4 жил өмгөөлөгч хийхдээ алдаж оносон хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлж, тэдний алдааг нь ойлгуулж, хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэж явсан. Үүнээс хойш би 24 жил шүүгчээр ажиллаж байна.Хуульчийн мэргэжлийн оргил нь шүүгч гэдэгтэй санал нэг байдаг. Шүүгч бол хуульчийн мэргэжлийнхээ ноён оргилын хувьд бусад хуульчдыг бодвол биеэ авч явахаас эхлээд зан харьцаа, мэдлэг боловсрол, өөрийгөө хөгжүүлж боловсруулахаас эхлээд бусдыг манлайлагч байх ёстой. Шүүгч хүн аливаа хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэдэгээрээ асар хариуцлагатай алба.

 

- Ерөнхий шүүгчийн өрөөний үүдээр гомдолтой иргэд цувж харагддаг. Нам гүм байгаа нь нөлөөллийн мэдүүлгийн үр дүн гэж үзэж болох уу?

-. Шүүгчид хэн нэгэн хүн нөлөөлөх гэж үзвэл "Нөлөөллийн мэдүүлэг" бичдэг болсон. Хэрэг шүүх дээр ирэхэд шүүхэд нөлөөлөхөд ийм, ийм хариуцлага тооцогдоно гэдгийг сануулаад, шүүгчид сэтгэл амар ажлаа хийх хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдвэрлэнэ, ямар нэгэн танил тал, найз нөхдөөрөө шүүхэд нөлөөлөхийг оролдвол захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэнэ гэхээр хүмүүс ойлгоод эхэлж байгаа. Хуучин бол миний хүүхдийг хөнгөлөөд өгөөч гээд өргөдөл бариад аав, ээж нь үүд сахиад суучихдаг байсан. Шүүх мэтгэлцээний нэг талтай бол ганцаарчилж уулзах асуудал байхгүй болсон. Туслах нь тэр хүмүүстэй уулзаад хурлаа зарлана. Уулзах шаардлагатай бол өмгөөлөгч, прокурор хоёрыг байлгаж байж уулзана. Өмгөөлөгч, прокурортой дангаараа уулзах асуудал байхгүй болсон.

 

- Шүүхийг дагнан байгуулсан шинэ бүтэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараад байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалд та ямар бодолтой байна вэ? 

- Үндсэн хуульд "Шүүх Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дунд, дүүргийн шүүхээс бүрдэнэ" гээд, "Шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулж болно" гэж заасан байдаг.Энэ утгаараа шүүхийг дагнан байгуулсан асуудлыг буруу гэж үзэхгүй. 2004 онд захиргааны шүүх байгуулагдаад үндсэн тогтолцоогоороо явна гэвэл нийслэлийн найман дүүрэгт бүгдэд нь захиргааны анхан шатны шүүх байгуулах ёстой байсан. Өнөөдөр нийслэлийн найман дүүргийн дунд захиргааны нэг шүүх улсын хэмжээнд ажиллаж байна. Одоо 11 дэхь жилдээ ажиллаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуучин байхгүй байж байгаад улсын хэмжээнд нэг л ажиллаж байна. Одоо эрүү, иргэн,захиргаа гэж дагнан байгуулж болно гэсэн утгаараа дүүргийн эрүүгийн шүүх, дүүргийн иргэний шүүх гэж гурван дүүргийн хооронд тойргоор байгуулагдсаныг хууль зөрчсөн гэж үзэхэд хүндрэлтэй. Нэгэнт Үндсэн хуульдаа заачихсан. Үүнийг Үндсэн хуулийн цэц үндсэн тогтолцоогоороо шийдчих шиг болсон. Дагнаж, төрөлжүүлж байгуулж болно гэсэн асуудлаараа болохгүй юм байхгүй.

 

- Шинэ бүтцийн томилгоонд хол ойр сэлгээ хийгдэж, хөрөнгө хүч ч их зарцуулсан. Цэцийн дүгнэлтээр асуудал шийдэгдвэл эргээд их нугалаа гарах байх даа?

- Аймгийн давж заалдах шатны шүүх байгуулна гэвэл шүүгч нарын орон тоог нэмнэ. Нөгөө хүмүүст эргээд орон байрны асуудал яригдана, шүүгч нарын туслах, нарийн бичиг асар их болно. Барьцаж байгаа юм биш, бодит байдлаараа захиргааны давж заалдах шүүх аймаг болгонд байгуулах ёстой. Дагнасан байдлаараа явна гэвэл одоогийн бүтэц болох л бүтэц юм. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд дагнасан шүүхүүд байгуулагдахаас өмнө иргэний, эрүүгийн гээд 2000 оноос хойш дүүргийн шүүхэд дагнасан байсан. Орон нутгийн шүүх одоо ч дагнаагүй байгаа. Орон нутагт, сум дундын шүүх гээд цөөхөн шүүх ажилладаг. Нийслэлд 2000 оноос дагнасан. Үнэхээр шүдний эмч, мэс заслын эмч хийдэггүй, нүдний эмч дотрын эмч хийдэггүйтэй адил төрөлжсөн. Дагнасны ач холбогдол бол тухайн хэрэг маргааныг хуульд заасны дагуу шийдвэрлэх, бүх л зүйл дээр дагнасны ач холбогдол өндөр байгаа юм. Одоо ч дагнах боломжтой. Насанд хүрээгүй хүмүүсийн сэтгэхүй өөр. Тэдэнтэй харьцдаг, хулгайн хэргээр, хөдөлгөөний аюулгүй байдлаар мэргэшсэн шүүгчидтэй болох боломжтой. Цагдан хорих зөвшөөрөл өгдөг шүүгч мэргэшээд эхэлсэн. Манай дээр 3 цагдан хорьдог шүүгч байгаа. Эдгээр хүмүүс цагдан хорих хугацаа, цагдан хорихоос татгалзах асуудлыг шийдэх нь мэргэшээд эхэлж байна.Одоогоор хүний эрхийг хамгаалах үүднээс иргэний шүүхүүд гэр бүл, хүүхдийн,эрүүгийн шүүх дотроо хулгайн, залилангийн, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэг таслах шүүхийн баг гэж мэргэшиж явах бололцоотой. Өндөр хөгжилтэй орнууд мэргэшсэн хүмүүсээр шүүн таслах ажиллагааг гардан хийлгэхийг баримталдаг. Сингапурт явж байхад шөнийн шүүх байдаг гэхэд нь бид гайхаж байсан. Өдөр нь 8 цаг ажлаа хийсэн шүүгч, орой нь тараад хэрэг маргаанаа шийдвэрлэдэг. Энэ нь манайхаар бол ээлжийн жижүүрийн шүүгч юм.Ингэж шөнийн шүүх ажилласнаар иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх хангагдаж, үйлчилгээ нь түргэн шуурхай болж байгаа юм.

 

- Шүүх цахимжсаны үр нөлөө та бүхний ажилд хэр мэдрэгдэж байна вэ?

- Өнөөдөр цахим шүүхийн ач холбогдол асар чухлаар тавигдаж байна. Нэн ялангуяа тойргийн шүүх байгуулагдсан өнөө үед шүүх цахимжсаны ачаар иргэн заавал өөрөө биеэр шүүхэд ирэх шаардлагагүй болж байна. Анхан шатны шүүхэд ирээд цахим маягаар давж заалдах шатны шүүхэд мэдүүлгээ өгөөд явах бүрэн бололцоотой. Одоогоор хорих 461-р анги онлайнаар мэдүүлэг өгөх боломжоор хангагдсан. Хоригдож байгаа хүмүүс тэндээсээ онлайнаар мэдүүлгээ өгч, эрүүгийн хэргийн шүүх хуралд оролцож болно. Энэ л орчин үеийн техник, технологио ашиглаад явбал тойргийн шүүхүүдэд болохгүй юм байхгүй.

 

- Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх явдал мөнхийн асуудал. Энд ахиц байна уу? Нэн тэргүүнд юу хийх ёстой гэж та бодож байна?

- Өөрийн тань хэлж байгаа чухал асуудал. Шүүх дээр зарга хийсэн хүмүүсийн нэг тал нь заргаа авдаг. Хоёулаа сэтгэл ханамжийн баталгаатай гарна гэдэг ховор байдаг. Эвлэрүүлэн зуучлах төв гэж бий болсон. Гэрээ хэлэлцээртэй холбоотой иргэний маргаан дээр хүмүүс хоорондоо эвлэрчихвэл улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд дуудагдахаас эхлээд хүндрэлүүд гаргахгүйгээр эвлэрч болно. Эвлэрлийн журмаар эвлэрч чадахгүй асуудлыг нь шүүх шийдвэрлэж байгаа. Шүүхэд заргаа авсан тал нь баярлаад гарахаар заргаа авч чадаагүй нь гомдоод гардаг. Гэхдээ шүүх тэр хүмүүст ирсэн цагаас нь шүүх шударгаар хуульд зааснаар шийдэх юм байна гэсэн итгэлийг төрүүлэх ёстой. Иргэдтэй харьцах харьцаан дээрээ анхаарахаас эхлээд, хэргээ хугацаанд нь шийдэж шүүх рүү олон дахин дуудахгүй, чирэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэний шүүгч нар одоо ачаалал ихтэй байгаа.Жилд дунджаар 1 шүүгч 150-200 хэрэг шийдвэрлэж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1,2-р шүүх дээр орон тоог нь нэмэх л хэрэгтэй. 100 нэхэмжлэлтэй хүнтэй харьцах, 70 нэхэмжлэлтэй хүнтэй харьцах хоёр бол шал өөр асуудал. Шүүх хурлууд цахим хэлбэрээр сайтад тавигдаж байна. Иргэдийн төлөөлөгчөөр өөрөө суух боломжтой болсон нь иргэдэд шүүхэд итгэлийг төрүүлж өгч байгаа юм. Үүнийг зүгээр үзүүлээд өнгөрөх бус "Энэ жилд манай дүүрэгт ийм ийм хэрэг гарсан. Баянгол дүүрэгт залилангийн хэрэг их гардаг. Иймээс иргэн та залилангаас болгоомжлоорой" гэх мэтээр тайлбарлаж өгөх нь үр дүнтэй. Аль болох шүүхээ хүмүүст ойлгуулаад, мэдээлэл хийгээд байх тусам хүн ойлгодог. Тэгэхгүй мэдээлэл хомс байх тусам шүүх эрхэмсэг байна, биднийг тоохгүй байна гэх сөрөг хандлага цухалзах нь бий.

 

-Ярилцсанд баярлалаа.

 
Эх сурвалж: Зууны мэдээ" сонин 2015.01.22 №14 /4940/ 
Ш.Отгонцэцэг
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 222  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930