Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-01-2015, 08:04   Ангилал: Мэдээлэл  

"Шүүхэд баярлалаа" сэдвээр...

Б.Энхтуяа: Шүүх шинэтгэлээ зөв эхэлж, зөв гольдролоор явж байгаа юм байна

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, шүүхийн шинэтгэлийн үйл явцын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцахаар БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхтуяа бидэнд хандсан юм. Шүүх бол иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүлж, Монгол улсын нэрийн өмнөөс үнэн худлыг ялгах эцсийн шийдвэр гаргадаг төрийн эрх мэдлийн байгууллага. Хүний амьдралын үнэ цэнэ, эрх чөлөөг хамгийн ихээр мэдрүүлдэг шүүхийн талаар иргэд маань ямар санаа бодолтой байдгийн жишээ болгон түүний үгийг хүргэж байна.

 

- Та шүүхийн талаар хэр мэдлэгтэй вэ? Шүүх шинэчлэгдэж байгаа эсэхэд ямар үнэлгээ өгөх вэ?

 

-Надад шүүхээс "Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирнэ үү" гэсэн дуудах хуудас ирсэн юм. Тэгээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэдүгээр шүүх дээр 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн шүүх хуралд цагтаа ирж суусан. Миний дүгнэлтээр манай шүүхийн байгууллага маш сайхан болсон байна. Жирийн нэг иргэнийг дуудаж шүүх хуралдаанд оролцуулдаг нь их онцлог болжээ. Шүүхийн шинэтгэл гээд л телевиз радиогоор яриад л байдаг, тэр бүр мэддэггүй л байлаа. Хүн өөрөө биеэрээ ирж үзэж харж, оролцож байж мэддэг юм байна. Шүүх шинэтгэл хийснээр маш зөв зүйтэй ажлууд хийгдсэн байна гэдэг нь хараад л шууд ойлгогдож байна. Энэ тал дээр иргэн хүний хувьд маш их баярлаж байна.

 

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө иргэдийн төлөөлөгчөөр тангараг өргүүлдэг журамтай юм билээ. Иргэн надад итгэл үзүүлж, шүүх хуралдаанд суулгаж, шийдвэрлэх гэж байгаа хэргийг яаж шийдвэрлэвэл зохилтой талаар дүгнэлт гаргуулан авч байгаа нь би энэ улсын иргэн, шударга шийдвэр гаргахад өөрийн санал, дүгнэлтээ хэлэх эрхтэй нэгэн юм байна гэдгийг бодогдуулж, өөртөө итгэх итгэл аяндаа бий болдог юм байна. Хууль гэдэг чинь ийм агуу юм, шүүхийн байгууллагад шинэчлэлт өөрчлөлт нь үнэхээр зөв явагдаж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.

 

- Та ямар гэмт хэргийн шүүх хуралд суув?

 

- 3 хүн нийлээд нэг хүнийг согтуугаар зодчихсон танхайн гэмт хэргийн шүүх хуралд оролцлоо. Одоогийн залуус маань маш их архи ууж, үүнээс үүдэлтэй гэмт хэргүүд ихээр гарах болжээ. Тэгээд хуулийн мэдлэг дутуу дулимагаас мөн шалтгаалаад амьдралдаа алдаж байна. Хүн ер нь заавал шүүхийн танхимд орж, Монгол Улсын нэрийн өмнөөс гэж уншуулж байж ухаардаг байх албагүй шүү дээ. Хайран сайхан, ид хийж бүтээх залуу насныхаа 2,3 жилийг шоронд өнгөрүүлэх, нэг бол насан туршид нь дагах хар толбо болсон тэнсэн ял шүүхээс сонсох зам руу архи хөтөлж байна. Хүнийг цохимоор зодмоор байсан ч эрх, амь насанд халдаж болохгүй, халдвал би өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ л мэддэг байх ёстой. Дээрх 3 залуу шүүх хурал дээр үнэн сэтгэлээсээ маш их гэмшиж байналээ.

 

- Шүүхийн шийдвэрийн үнэн бодитой эсэхэд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

 

- Шүүх хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар хуулийн дагуу шийдвэрлэдэг юм байна. Тухайн хэргийн процесс, үйл явдлуудыг сонсоод сууж байгаа иргэдийн төлөөлөгч хүний хувьд шүүх энэ хэргийг үнэн мөнөөр нь шударга шийдвэрлэлээ гэж үзэж байгаа.

 

- Та шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж үзэв үү? Нээлттэй шүүх танхимаар орсон уу?

 

- Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж амжаагүй л байна. Харин "Нээлттэй шүүх" танхимаар орж сонирхож үзлээ. 4,5 телевизээр шүүх хуралдаанууд нь шууд гараад сайхан болчихжээ. 1 телевизээр нь хууль сурталчилсан шторк мэдээллүүд ээлжлээд л гарч байна. Гарын авлагууд хэвлэмэл хуудас ч байна. Би өөрөө хороо, дүүргийн иргэдтэй харьцдаг хэсгийн ахлагч хүн. Зарим иргэд маань шүүхийг нэг өнцгөөс нь харж, буруу ойлголттой явдаг л даа. Харин сая надад шүүх бодит болсон үйл явдал дээр нотлох баримтыг үндэслэл болгож, хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэдэг юм гэсэн ойголт төрлөө.

 

- Шүүхийн захиргааны албан хаагчдын зан харьцааны талаар таньд анзаарагдсан, хэлэх зүйл байна уу?

 

- Шүүхээс над руу зохион байгуулагч гээд хүү утсаар ярьсан л даа. Их л найрсаг мөртлөө албан ёсны яриа хөөрөөтэй залуу байсан. Мөн захиргааны ажилтнууд нь бусад иргэдтэй үйлчилгээний байгууллага шиг зөв боловсон уур амьсгалтай харьцаж байсан. Үүднээс нь авахуулаад орж ирсэн хүнийг ямар асуудлаар, хаана хэнтэй уулзах, хаагуур орж гарах, хэнд хандах ёстойг нь хүртэл хэлээд өгчихөж байналээ. Би урьд өмнө нь шүүхийн талаар дутуу дулимаг ойлголттой явж байжээ. Шүүх шинэтгэлээ зөв эхэлж, зөв гольдролоор явж байгаа юм байна гэж дүгнэж байна. Шүүх ил тод, нээлттэй болж байгаад баяртай байна.

 

Л.Мөнхтуяа

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 150  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930