Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2014, 17:10   Ангилал: Мэдээлэл  

Шүүх, шүүгчийн хараат бус байдлын эсрэг турхиралт

      Шүүх, шүүгчийн хараат бус байдлын эсрэг  турхиралт

 

         Аливаа улсын шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцөл хэрхэн хангагдсанаар төрийнх нь чадамж, чансааг төвөггүйхэн мэдэж болдог. Тиймээс дэлхийд энэ шалгуураар тухайн орныг олон таван үггүй үнэлдэг цор ганц зарчимтай. Манайд шүүхийн шинэчлэл өрнөж байгаа энэ үед шүүх, шүүгч рүү хоморголон дайрах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эсэргүүцэн УИХ,Ерөнхийлөгч, АТГ-т хандах зэргээр удтал олон нийтийг шуугиулсан, зохион байгуулалттай үйлдлүүд илтэд газар авах болсон тул сэтгүүлч, басхүү шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг судлаач  миний бие үзэг шүүрэхгүй байж чадсангүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлийн нэг болох  шүүх засаглал руу дуртай нь нулимж буй энэ доромж хандлага цаашид жишиг болвол төсөөлшгүй аюулд хүргэнэ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн болгон хэвлэл мэдээллээр зай завсаргүй шуугиулж, шүүгчийг шалгуулж байж заргаа авч болдог юм бол хууль гэж цагаан дээр хараар тунхаглаад,эрх зүйт ардчилсан төртэй улс гэж нэрийдэхийн ч хэрэг алга.

       Шүүх засаглалын дархлаа, хуулиар хамгаалагдсан хил хязгаар руу ийнхүү дайрч байгаа  нь өнөө цагийн араншин.Нөгөө талаар шүүх олон нийтэд хүндэтгэлтэй, хүлээцтэй, ханддаг бодлого ч нөлөөлдөг байх. Хэн нэгэн үзэл бодлоо илэрхийлсэн болгонд тэр бүр хариу хэлээд байдаг цаг зав ч  байдаггүй биз. 2013 онд гэхэд анхан, давах, хяналтын шатны шүүхээр нийт 48770 хэргийг шийдвэрлэсэн стастистик мэдээнээс ч харсан шүүх, шүүгчийн ажлын ачаалал их гэдэгтэй маргах хүн үгүй байх. Иргэн, захиргааны хэрэг өсч байгаа  нь иргэд, хуулийн этгээдийн  шүүхэд хандах хандлага ихэсч байгаагийн илрэл юм. 

         Сүүлийн үед олны анхаарлыг хүчээр, байсхийгээд татах болсон захиргааны хэргийн маргаанаас үүдэлтэй шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн "Голден парк” хотхоны оршин суугчдын зарга  нилээд хэдэн сарыг дуулиантайгаар элээж байна. Улсын Дээд шүүх бусдын эзэмшил газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөр этгээдэд шилжүүлсэн захиргааны акт болон Барилгын тухай хууль, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай журам, Газрын тухай хуулиар хамгаалагдсан газар эзэмшигчдийн эрхийг зөрчиж барьсан барилгуудыг байнгын ашиглалтанд оруулсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2012 оны 326/2012, 2013 оны 112/2013 дугаар актуудыг л хүчингүй болгож шийдвэрлэснээс бус "Голден парк” хотхоны оршин суугчдын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, байрнаас нь хөөх шийдвэр огт гаргаагүй байна.

           Эрхэм уншигч таны үнэт цагийг хэмнэн товчоор өгүүлэхэд "Голден парк”-ын тодотголт энэхүү хэрэг "Материал импекс” болон "Эко констракшн” компанийн хоорондын 2007 онд байгуулагдсан барилга барихад хамтран ажиллах гэрээнээс үүдсэн газрын маргаанаас улбаатай. Б.Зориг захиралтай "Материал импекс” компанийн эзэмшлийн газар дээр "Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа барилга барьж, ашгаа хуваахаар гэрээ хийсэн байдаг.Явцын дунд талууд маргалдаж, бусдын газар дээр барилга барьсан С.Нямдаваа энэ хугацаанд 5 га газрыггазрыг сэм өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан нь эрх бүхий албан тушаалтны олгосон газар эзэмшүүлэх зөвшөөрөл илэрснээр үүсч, "Материал импекс” компани Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар тухайн хэрэг хянан хэлэлцэгдэж, гурван шатны шүүх тус компаний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 2012 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд гаргасан 14 дүгээр тогтоолд "Материал импекс” компаниас өөрийн эзэмшил газраа шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад иргэн С.Нямдаваагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 5 га газрыг түүний нэр дээр шилжүүлсэн, хариуцагч захиргааны албан тушаалтан газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гаргасан тухайгаа газар эзэмшигч "Материал импекс”  компанид мэдэгдээгүй болох нь тогтоогдсоныг дурдаад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181, 2011 оны 877 дугаар захирамжийн иргэн С.Нямдаваад холбогдох заалтуудыг хүчингүй болгосон шүүхийн  шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ.

             Иргэн С.Нямдаваа уг газар дээр шүүхийн шийдвэр гарах үед эхний барилгуудаа барьсан тул оршин суугчид нь хэдийнээ орсон орон сууцны барилгад хамаарах талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэрийн дагуу талбайг "Материал импекс” нийтийн эзэмшилд шилжүүлсэн байх юм.Энэхүү шийдвэрээр  шүүх оршин суугчид нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр шүүх гаргасныг одоогийн энэ их дуулиан дунд хэнч ярьж дурдахгүй байгаа нь мэдээллийн бодит үнэн байдлыг нийтэд хүргэх зорилгогүй, харин буруутай үйлдлийг хамгаалсан шийдвэр гаргуулах хүч түрсэн хууль бус шаардлага тавьж байгаагийн илэрхийлэл гэмээр.

           Дээрх асуудлаар шүүхдэж байх хооронд С.Нямдаваа 3 барилга нэмж барин, "Материал импекс”   Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” томилон ашиглалтанд оруулсан актыг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл  гаргажээ.

            Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны долдугаар сарын 9-ний өдрийн 1075 дугаартай захирамжаар иргэн С.Нямдаваад газар эзэмших эрх олгосон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулахыг хориглосоор байхад 3 барилга нэмж дуусгасан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг.

"Эко констрашн” ХХК-ний энэ цагаандаа гарсан үйлдлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлэлгүй барилга нэмж барьж дуусгахад хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар комисс томилж, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт”-д заасан ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, уг газарт барилга барих  баримтгүй байхад ашиглалтанд хүлээн авсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж шүүх  дүгнэснийг хэрхэн буруутгах үндэслэл гаргасан нь тодорхойгүй ажээ. Гэхдээ шүүхийн шийдвэрээр дээрх хууль бус ажиллагаа явуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын томилсон комиссын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал  хэн нэгний нөлөөллөөр шүүхийн нэр хүндэд, цаашлаад шүүгчийн хараат бусаар ажиллах баталгаанд халдаж байгааг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй. Явж явж эцсийн дүндээ МХЕГ-ын алдаатай ажиллагааг шүүх дүгнэжээ. Ухаж үзвэл хоёр компани хоорондоо зохицвол иргэдийн эрх ашиг хөндөгдөхгүй нь хэнд ч  ил харагдаж байна.

Гэтэл үүнийг тэмээ гэхээр ямаа гээчийн үлгэрээр ойлгон, оршин суугчдын нэрийг барин хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчтэй тооцоо бодож, шүүхийн нэр хүндийг буртаглаж байхаар шүүхийн шийдвэрийн хуулийн үндэслэлийг ойлгохгүй бол хүсэлт гарган тайлбарлуулах эрх хэргийн оролцогчдод бий.Одоогийн нөхцөлд "Голден парк” хотхоны гал команд, түргэн тусламж орох гарах гарцгүй, хогны цэггүй, гаалийн талбай орсон гэх  газраас үүдэн оршин суугчдын эрх ашиг хохирч байгаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх Мэргэжлийн хяналтынханд байгааг эрүүлээр харахад л тодорхой байна. Ийнхүү шүүхийн шийдвэрээр иргэдийг хоморголон, өмч хөрөнгөнөөс нь салгах тухай огт дурдагдаагүйгээр үл барам асуудал өөр зүгт хандаж байхад шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагааны нэр хүндэд зориуд санаатайгаар халдаж, энэ үйлдэлдээ олон нийтийг турхирч байгаа нь иргэдийн эрх, эрх чөлөөний утга огтхон ч биш билээ. Шүүх, шүүгчийг шүүх эрх хэнд ч байхгүй.  Шүүх эрх мэдэл бол бие даасан засаглал.Хараат бус байж,гагцхүү хуульд захирагдах хил хязгаарыг нь хэдэн мянган оршин суугчдын нэр барин цамнагсад  хувийн өчүүхэн сонирхлоор үймүүлчих хэврэгхэн хана хэрэм биш билээ. Тэр хамгаалалтыг нь багц хуулиар хангасан Монголын шүүхийн хянан шийдвэрлэсэн нэгэн хэргийн шийдвэрийг хүлээн авах хандлагыг онцлон үзэхэд ийм байна. Шүүхийг халдлага, нөлөөллөөс нүд цавчилгүй сэрэмжлэн хамгаалах хараат бус байдлын баталгаа нь өнөөдөр ийм дүр төрхтэй харагдана. Энэ жишгийг сэрэмж болгон олон түмэнд тайлбарлахыг оролдсон маань шүүхийн шинэтгэлийг өрнүүлж, багц хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа шүүх засаглалын үнэт зарчимд чиглэлээ. Удтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүч түрсэн "Голден парк”-ийн хэргийн талаар  уншигч та бага боловч үнэнийг дэнслэсэн гэж найдна.

                                                                                                     О.Цэцэг

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

 

Нийтэлсэн orgild   Үзсэн: 780  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30