Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2015, 10:04   Ангилал: Мэдээлэл  

Иргэд шүүхийн шинэтгэлийг зогсолтгүй урагшлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид захилаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж энэ сард Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул аймгуудад томилолтоор ажиллаж, шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгчид болон иргэдтэй нүүр тулсан уулзалтууд хийлээ.

 

Түүний олон томилолтуудыг мөр даган сурвалжлаагүй ч Орхон, Дархан-Уул аймгийн шүүхүүдэд хийсэн ажлын айлчлалыг нүдээр үзэж, чихээр сонссоноо уншигч танаа тоймлон хүргэе. Үйл ажиллагаа нь зөвхөн хуулиар ярьдаг, алхам тутамд нь ёс зүй, сахилга хариуцлага нэхэл хатуу дагадаг тэр орон зайдаа хүлээцтэй, тэвчээртэй үг хэлгүйхэн ажлаа хийж байдаг шүүгчид, шүүхийнхний дотор руу өнгийж, зовлон жаргалыг нь хөндөж яриулна гэдэг хэрийн хүний дөнгөх ажил биш. Учир нь олон жил өөрсдийн дутуу гацууд гомдол тэмцэл тавьж ирээгүй, тангараг өргөсөн мэргэжлийн ажлаа эзний ёсоор гүйцэлдүүлэхийн төлөө зүтгэж буй тэдний тавилан бусдынхтай харьцуулшгүй. Энэ мэт шүүгч ажилтны бэрхшээл, шүүхийн шинэтгэлд тулж ирээд байгаа хүндрэл, иргэд шүүхээр үйлчлүүлэхэд үүсч буй доголдол, хүсэн хүлээж байгаа үр дүн зэргийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн дээрх аймгуудад хийсэн уулзалтууд бэлхнээ ил гаргаж чадлаа.

 

Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүх ОХУ-ын мэдлийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, Хөтөл тосгон дахь Сум дундын 22 дугаар шүүх цэцэрлэгийн зориулалттай умгар байранд прокурорын газартайгаа чихцэлдэж байрладаг, Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх хуучны хүнсний үйлдвэрийн зориулалттай байранд ажилладаг гээд байр савны гачигдал дүүрэн. Дээрх шүүхүүдийн булан тохой бүрт хүрч, дээвэр хонгилыг нь үлдээлгүй гар чийдэн хүртэл тусгаж байгаад онгичиж үзээд, хэдий хэрийн төсөв хөрөнгөөр засч сэлбэж болохтой биечлэн танилцсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын томилолтоос шүүх хэмээн их айлын "амины" асуудлуудыг сайтар мэдэрч явлаа. Шүүх ажиллана гэдэг хөрөнгө санхүү, дэд бүтэц, хүний нөөц, аюулгүй байдал гээд маш олон эд эсээс бүрддэг, нэгийг нь ч хойш тавьж боломгүй, шил дагасан асуудлуудтайг Дархан-Уул, Орхон аймаг дахь шүүхүүдээс мэдрэв.

 

Шүүгчдийн цалинг нэмэх гэж хангалттай эсэргүүцэлтэй тулж, сайн саараар чичлүүлж дөжирсөн Н.Лүндэндорж дарга шүүгч бүрийн өрөөг алгасалгүй орж, архив руу нь өнгийж, судалгаа мэдээллийн ажилтныг нь шалгааж, шүүх хуралдааны танхимууд, зөвлөлдөх тасалгааг эрж сурж, шүүгдэгчийн түр саатуулах өрөө, Тахарын албыг ч орхилгүй танилцаад, шүүгчдийн үгийг сонсож, иргэдтэй хийх уулзалт руу яаравчилсан 2 өдөр шүүхийн шинэтгэлийн бодит төрхийг өнгө будаггүй илтгэж байв. Завсар сиймхийгээр нь амжуулаад шүүгчдэд "Хууль тайлбарлах онол, арга зүй" лекц уншаад ч амжих аж. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр уншвал зохих шинэ номнуудыг хүргүүлж байхаар болсны дээж болох 19 номыг Н.Лүндэндорж Дархан-Уул, Орхон аймгууд дахь шүүхүүдийн Тамгын газрын дарга нарт гардуулсан юм.

 

"Шүүгч, эмч хоёр нийгмийг эмчилдэг. Буруу ажиллавал нэг нь хүний эд эрхтэнийг гэмтээнэ, нөгөөх нь эрх чөлөөнд халдана" гэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын үг чихэнд сэртэсхийтэл бууна. Эрдэмтэн, багш хүнийхэний ч ой тоонд буутал наалдацтай, басхүү дундуур нь нирхийтэл инээд алдтал часхийтэл чимхээд авах намжиртай яриа нь шүүгчид, иргэдийн дотрыг төвөггүйхэн уудалж явлаа. "2015 он шүүгчдийн оюун сэтгэхүйд хөрөнгө оруулалт хийсэн жил байх болно" хэмээн Н.Лүндэндорж дарга онцолсон нь шүүгчдийн чихэнд чимэгтэй мэдээ байв.

Тэрбээр шүүгчдээс ажлын ачаалал, шийдвэрлэсэн хэргийн тоо, шүүн таслах ажиллагааг явуулахад тулгарч байгаа хүндрэл, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаа эсэх, мэдлэг чадвар туршлага, түүнийгээ ахиулж байгаа байдал, өрөө тасалгааны хүрэлцээ гээд асууж ярилцах зүйл бишгүй. "Манай шүүгчид шийдвэрлэсэн хэргийнх нь тоог асуухаар ачаалал бага гэж хэлэхдээ санаа зовоод байх шиг байдаг. Шүүгч, цэрэг хоёрыг төр мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг. Гэмт хэрэг их гарч байвал сайн зүйл биш биз дээ?" гэж толгой өндийх завгүй, хэрэг шагайж суудаг шүүгчдийн нуруу тэнийхийг ч буруутгасангүй. Цаашлаад тэрбээр дагнасан шүүхийн зохион байгуулалт, түүний эерэг сөрөг тал, цахим шүүхийн үйл ажиллагааг "Сүүлийн хоёр жил Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хөрөнгө хүч зориулж, Монгол улсын бүх шүүхүүдийг цахимжуулсан. Үүнийгээ шүүгч, ажилтнууд бүрэн ашиглаж чадаж байна уу? Програмууд дээр ажиллаж байна уу? Онлайнаар шүүх хуралд оролцсон тохиолдол байна уу" гэх мэтээр дэлгэрэнгүй лавлаж явлаа.

 

 

 

Дагнасан шүүхийн талаар шүүгчид ам сайтайгаар зогсохгүй, хэрэг дагнан шийдвэрлэснээр мэдлэг чадварын хувьд өмнөхөөс дээшилж, шүүхийн шийдвэрийн чанарт ч ахиц гарч байгаа талаар ярив. Томилолтын үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос ярилцлага авч, шүүхийн шинэтгэлийн бодит байдал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар асууж ярилцлаа. "Шүүхийн үйл ажиллагааны чанар чансаа, иргэдэд хүрч байгаа хүртээмж, ил тод, нээлттэй байдлын талаархи шударга үнэлэмжийг иргэдээс өөр хэн ч үнэлж, дүгнэж чадахгүй. Тиймээс Монгол улсад өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн үйл явцад ямар санаа бодолтой байгаа, түүнээс чухам юу хүсэн хүлээж байгаа тухай иргэдийн үгийг сонсоно" гэсэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын Дархан- Уул,Орхон аймаг дахь томилолтын оргил хэсэг байлаа. Хөтөлбөрийн дагуу 03 сарын 19,20-ны ажлын өдрүүдийн 14.00 цагт товлосон уулзалтанд нь иргэд идэвхтэй зорьж ирж, 2 цагийн турш шүүхээр "амьсгалахдаа" сэтгэл хангалуунаар үдэв.

 

Шүүх зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай ямар нөхцөл байдлууд үүссэн, Монгол Улсын Ерөнхийлөгч эрх зүйн хомсдолд ороод байсан шүүхийг хэрхэн багц хуультай болгож, шүүхийн шинэтгэлийг өдийг хүртэл өрнүүлж байгаагийн ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн тухай Н.Лүндэндорж дарга Дархан-Уул аймагт 580, Орхон аймагт 450 иргэдтэй хийсэн уулзалт тус бүртээ дэлгэрэнгүй ярьж, тэдний санал хүсэлтийг сонслоо. "Шүүхийн шинэтгэл бол өнгөлөн далдлалт, ажил сайжруулалт, жирийн нэгэн дэвшил, өөрчлөлт биш. Үндсээр нь өөрчлөх,чанарын өөр түвшинд аваачих зүйлийг шинэчлэл буюу реформ гэдэг.

 

Шинэчлэл асар их бэрхшээлтэй тулгардаг.Шинэ хуучин хоёрын ил, далд тэмцэл маш хүчтэй явагддаг.Шинэтгэл болгон амжилтанд хүрч байсан түүх хүн төрөлхтний түүхэнд цөөхөн. Хуучин хүч нь шинэчлэгчдээ татаж унагаагаад, хуучин хэвэндээ орсон эмгэнэлт түүх олон байдаг. Монгол улсын шүүхийн шинэтгэл ч гэсэн ийм зөрчил, бэрхшээлтэй нүүр тулгарсаар байгаа. Шүүхийн шинэтгэлийг хийх болсон гол нөхцлүүдээс хамгийн чухал нь шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч, шүүх зөв шийдвэрлэсэн ч авилга авсан, нөгөө талд нь үйлчилсэн гэж харддаг байсан. Шүүх бол банкны адил ард түмний итгэл дээр тогтдог эмзэг салбар. Үнэ цэнэ нь тэр. Шүүх эрх зүйн хомсдолд орсон зэрэг нь шүүхийн шинэтгэлийг зайлшгүй эхлүүлэх нөхцөл шалтгаан болсон" хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга иргэдтэй хийх уулзалтаа эхэлсэн юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад иргэд "Шүүхийн шинэтгэл цаг үеэ олсон, маш хэрэгтэй шинэчлэл. Өнгөрсөн хугацаанд шүүхийн байгууллагаар яваад багагүй өөрчлөлтийг олж, харж, үзэж сонслоо. Шүүхийн шинэтгэлийг зогсолтгүй урагшлуулахыг хүсье... Ёс зүйтэй шүүгчтэй болохын төлөө хэрхэн ажиллаж байна вэ... Шүүгчдийн цалинг нэмээд шударга ажиллана гэдэгт эргэлзэж байна... Шүүх өмнөхөөс ил тод, нээлттэй үйлчилж байгаад талархаж байна... Шударга үйлчилж байгаа Сум дундын шүүхэд баярлалаа" хэмээх асуулт, талархлуудыг илгээж, орон нутагт хүрэлцэн ирж, уулзалт хийж байгаад нь баярлаж байгаагаа илэрхийлж, шүүхийн шинэтгэлийн үйлсэд амжилт хүслээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хөдөө орон нутгийн шүүхүүдээр ажиллаж байгаагийн нэгээхэн хэсэг болох Дархан-Уул, Орхон аймгуудад ажилласан Н.Лүндэндорж даргын ажлын хоёр өдрийг сурвалжлахад товчхондоо ийм байна. Түүний хэлснээр шүүх олон жил орхигдож, байр савгүй чихэлдэж суугаа нь нэг талаар, гачигдал бэрхшээлтэйгээ чимээгүйхэн эвлэрч ирсэн шүүгчдийн сул, даруу зангийн илрэл аж. Харин болж бүтэхгүй байгаагаа бусад шиг гомдоллож сураагүй тэд өнөөдөр ажилдаа, авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун байгаа нь ярианаас нь илт. Өдрөөс өдөрт ахиж байгаа ч, өөрөөр харагсдын сөрөг хандлагатай бишгүй нүүр тулж байгаа шүүхийн шинэтгэлийг зогсолтгүй урагшлуулахыг иргэд Н.Лүндэндорж даргад захиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэдэнд "Шүүхийн шинэтгэлд саад бэрхшээл их байна. Гэвч шинэтгэлд ухрах зам байхгүй" хэмээн эрсхэн хариулж явсан юм.




Ш.Отгонцэцэг

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 819  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930