Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2015, 03:02   Ангилал: Мэдээлэл  

Сайн хуульч ёс зүйгүй бол боловсролтой л дээрэмчин

Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржид албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон ажилтнуудад Үндсэн хуулиа дээдлэхийг төрийн жинхэнэ албан хаагчийнх нь хувиар сануулсан байна. Төрт ёс, хуулийн засаглалтай Монгол Улсын хуулийн толгой байгууллагуудад мөр зэрэгцэн ажиллаж буй хоёр эрхмийн нэг нь "гомдсон” үг унагааж, нөгөө нь сануулга хүргэх ч яах вэ. Гол нь хууль хэлбэрэлтгүй, зогсолтгүй үйлчилж байх чухал. Буруугаа засаад, дутуугаа нөхөөд шинэчлэгдэж байх чухал. Биеэр, бичгээр, утасны харилцуураар нэгэндээ шүүмж дуулгах яах вэ. Үр дүн нь Монголын төлөө, үндэсний эрх ашгийн төлөө юм бол хуулиа бариад өдөр болгон зодолдсон ч яах вэ. Энэ бол эрүүл үзэгдэл.

 

Академич Ж.Амарсанааг албан бичиг найруулж байх хойгуур Н.Лүндэндорж профессор Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байв. Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнтэй орон нутагт хоёр хоног ажиллаж, ажлын цагаар хамт явсны хувьд ямар үйл ажиллагаа өрнөснийг иргэдэд "матах” хэрэгтэй гэж бодлоо. Шүүх байгуулах тухай хуулийн ихэнх заалтыг Цэцийн хуралдаанаар хүчингүй болгосон. Долдугаар сарын 1 гэхэд тойргийн шүүхүүд татан буугдахаар байгаа. Н.Лүндэндорж дарга Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын шүүхэд ажиллаж, иргэд, хуульчдын санаа бодлыг сонсч явсан. Энэ удаа Дархан-Уул, Орхон аймгаар явж иргэдтэй уулзсан нь цаанаа зорилготой байсан болов уу. Дагнасан шүүхээ авч үлдэе. Шүүхийн шинэтгэлийг сааруулалгүй, үр дүнг нь үзье гэдгээ тэр аль эрт хэлчихсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч ийм саналтай байгаагаа мэдэгдсэн билээ.

 

"Иргэндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа. Иргэнийг чирэгдүүлж байгаа” хэмээх шүүмж жилийн өмнөөс тойргийн шүүхийг дагаж гарч ирсэн. Газар дээр нь танилцахад иргэд ч, шүүгчид ч, хууль сахиулах байгууллагууд ч ийм зүйл ярьсангүй. Асуухад "Болж л байна” гэв. Учир нь, шүүх иргэдийн хүсэлтээр нүүдэллэн ажиллаж байгаа гэх юм билээ. Хамгийн гол нь, шүүхийн танхим бүрт камер байршуулжээ. Шүүхүүдийг шилэн кабелаар холбосон болохоор хэргийн оролцогч, шүүгдэгч, гэрч, хохирогч нар хүсэлтээ тавиад хамгийн ойр байгаа шүүхийн танхимаасаа шуух хуралдаанд онлайнаар оролцох боломжтой болсон юм байна. Ийм байхад шүүхийг шинэтгэлийг дунд нь таслах, ухраах, дагнасан шүүхийг татан буулгах нь ямар ашигтайг мэдэхгүй юм. Магадгүй энэ яриаг иргэд биш, газар дээр нь ажиллаж судлаагүй мөртлөө улстөрчид л гаргасан байж болох талтай.

 

Шүүхийн тухай багц хуулийг батлахаас өмнө Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хашдаг байв. Шүүхийн захиргааны тухай хуулийг мөрдөж эхэлснээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг шүүгч шүүн таслах ажиллагаагаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон Н.Лүндэндорж захиргааны ажлаа хариуцдаг болсон. Нэгнийхээ ажилд хутгалдахгүй, оролцохгүй, нөлөөлөхгүй. Шүүгч хүн компьютер, машин, цалин хангамжаа төр, захиргааныхнаас гуйхгүй, урдах ажлаа л хийнэ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, төсөв, цалинг нь зохицуулах, хүний нөөцийн бодлогыг нь авч явах үүрэг хүлээсэн. Хуучин хуулиар хоёр давхар ажил, үүрэг гүйцэтгэж байсан Дээд шүүхийн ерөнхий шүүгчид орон нутагт ажиллах нь зав хомс байж. Өдөр шөнөгүй хавтаст хэрэг уншиж, тогтоол, шийдвэр бичиж суудаггүй болохоороо ч юм уу, арай завтайгаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн энэ удаа орон нутгийн иргэд, шүүгч нартай уулзаж байгаа нь энэ юм.

 

Нийслэлээс 6.00 цагт гарч давхисаар Эрдэнэт хотод ирлээ. Шүүх дээр ирдэг хэрэг маргаан, суурин газрын ойр холыг харгалзаж Орхон, Булган аймгийн дунд Эрүү, иргэний давж заалдах 7 дугаар шүүхийг байгуулсан. Мөн Эрдэнэтэд Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх, Сум дундын 14 дүгээр шүүх байна. Аль Зөвлөлтийн үед Эрдэнэтэд хүнсний үйлдвэрийн зориулалтаар барьсан барилгад энэ дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулна. Нэмж 7 дугаар тойргийн тахарын алба, шүүхийн тамгын газрынхан энд толгой хорогддог юм байна. Барууны орнуудын шүүх том цагаан ордонтой байдаг гэнэ. Харин үйлдвэрийн хот Эрдэнэтэд шүүх нь нурж унах дөхсөн байшинд буурьтай. Энэ ч яах вэ. Орхон аймгийн хоёр, Булган аймгийн 17 сумын иргэний зөрчигдсөн эрхийг сэргээхэд шүүгчийн мэдлэг, мэдрэмж, хууль хэрэглээний чадвар л хамгийн чухал.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дээрх дөрвөн шүүхийн өрөө бүрээр орж, мэдээллийн ажилтан, тахар, шүүгчийн туслах, шүүгч, ерөнхий шүүгч, тамгын ажилтнууд, архивын ажилтантай нь уулзлаа. Ачаалал хэр байна, хэдэн хэрэг шийдэж байна, хэлэх захих зүйл юу байна гэж байцаав. Ерөнхийдөө эрүү, захиргааны хэргийн шүүхүүд ачаалал арай бага. Хэрэг гарахгүй, хэн нэгнийг шийтгэхгүй бол харин ч сайн биз. Иргэний хэргийн тойргийн шүүх болон Сум дундын шүүхийн шүүгчдийн ачаалал харин их байдаг юм байна. Шүүхийг дагнан байгуулсан нь шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлж, шүүгчийг нэг чиглэлээр дагнан мэргэшиж, иргэндээ илүү сайн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон тухай шүүгчид ярьж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудтай хурал хийсэн. Тогооных нь яриа бидэнд, бас уншигчдад сонирхолгүй учраас гараад явлаа. "Уурхайчин” соёлын төвд Орхон, Булган аймгийн 400 гаруй иргэнтэй хийсэн уулзалт ширүүн болж өнгөрсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ирэх сургаар шүүхийнхэн урьдчилж бэлдсэн хүмүүсээр үг хэлүүлж, өөрсдийгөө болон ШЕЗ-ийг магтуулж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Н.Лүндэндорж дарга Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд болон шүүгчдэд тайлагнаж, шүүхийн шинэтгэлийн сэдвээр танилцуулга хийсний дараа иргэдийн санал бодлыг индрээс сонсов.

 

 

Б.Далх-Очир: Иргэдийн төлөөлөгч хотны захад босгосон мануухай шиг байлаа

 

-Шүүх шинэчлэгдэж байгааг харж, мэдэрч байна. Би яагаад ингэж хэлэх гээд байна гэхээр, 1970-аад оны үед миний бие шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж, шүүх хуралд сууж явлаа. Тэр үед иргэдийн төлөөлөгч бол хотны захад босгосон мануухай шиг байлаа. Одооны иргэдийн төлөөлөгч үгээ хэлэх, дүгнэлт өгөх эрхтэй болж. Тэгэхээр шүүхэд шинэчлэл явагдаж байна гэж ойлгож байна. Манай Эрдэнэтийн шүүх дээр энэ талын шинэчлэл сайн хэрэгжиж эхэлсэн. Би нэг шүүх хуралд сууж үзсэн. Өөрчлөгдсөн байна шүү.

 

Н.Батсуурь: Шүүгч шийдвэр гаргасны төлөө цалингаа нэмүүлнэ гэдэг буруу

 

-Шүүхийн шинэчлэлийн тогтолцоон дотор шүүгчийн цалингийн асуудал гэдэг томоохон сэтгэл зүй явж байгаа юм. Шүүгчийн цалинг өндөр болгочих юм бол шүүгч шударга болчихно гэж яригддаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Цаана нь цагдаа, прокурор цалингаа нэмүүлнэ гэж ярих нь. Хэргийг цагдаа дээр мөрдөн байцаагаад шүүх дээр авчирдаг. Шүүгч шийдвэр гаргасныхаа төлөө цалингаа нэмүүлнэ гэдэг буруу. Өндөр цалинтай болчихоор авлигаас ангид байж, авлига авахгүй байна гэсэн ойлголтонд би итгэхгүй байна. Багш хүн 400 мянган төгрөгийн цалинтай байж байгаад дөрвөн сая төгрөг болонгуут сайн заана гэсэнтэй яг адил логик ойлголт.

 

Х.Гэндэн: Сайн хуульч байлаа гээд ёс зүйгүй бол боловсролтой дээрэмчин

 

-Өнөөдөр Монгол Улс диплом өвөртөлсөн хуульчаар өтчихсөн. Багтаахаа байгаад, пологдож байна. Ёс зүйтэй хүн олдохоо байсан. Ёс зүйгүй шүүгчид ямар ч хууль атгуулаад хэрэггүй. Тийм учраас ёс зүйтэй хүнээ олж авахад ямар ажил хийх вэ гэдэг сонин байна. Боловсролтой дээрэмчин шуламсаас дор гэж үг байдаг. Сайн хуульч байлаа гэхэд ёс зүйгүй бол боловсролтой дээрэмчин. Тэгээд цалинг нь нэмнэ гэдэгт би эсрэг саналтай байна. Одоо танай шүүгчдэд хоёр сая төгрөгийн хахууль өгье гэхэд, авахгүй гэнэ. Болио оо, миний цалингаас бага байна, дөрвөн сая гэж хэлнэ” гэв.

 

Уурхайчин соёлын төвд цугласан иргэдийн зарим нь шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад уламжилсан. Н.Лүндэндорж дарга "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шийдсэн хэрэгт оролцох байтугай ярих, нөлөөлөх эрхгүй. Бидэнд хориотой, хуулийн хязгаартай зүйл. Иргэн шүүхэд гомдолтой байдаг бол давж заалдах эрх нь бий” гэв.

 

Эрдэнэт хотоос гуравдугаар сарын 20-ны өглөө гарч, Дарханд ирлээ. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийнхэн хадаг, сүү болсоор угтлаа. Тус шүүх өнгөрсөн 2014 онд 156 хэрэг хүлээн авч 151 хэргийг шийдвэрлэжээ.  Энэ оны гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 29 хэрэг хүлээн авч 19 хэргийг шийдвэрлэсэн бол эдгээр шүүх хуралдаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан, Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдын нийт 463 хүн оролцжээ. Мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх 2014 онд 183 хэрэг хүлээн авч 164 хэргийг шийдвэрлэсэн, энэ оны эхний хоёр сарын байдлаар 54 хэрэг хүлээн авч 32 хэргийг шийдвэрлэсэн байна. Эдгээр үзүүлэлтийг бол нийслэлийн дүүргүүдийн шүүхтэй харьцуулбал Дархан-Уул аймгийн шүүхүүд ачаалалтай ажиллаж байгааг мэдэж болохоор. Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Сум дундын 7 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн ерөнхий шүүгч, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар Шүүхийн тухай багц хуулийг сурталчлах ажлыг нэлээд сайн хийжээ. Ажлын ачаалал өндөр ч гэсэн боломжоороо ажиллаж байгаа юм байна. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд шүүхийн талаар муу үг цухуйлгаагүй. Дийлэнх нь "Шүүх шинэчлэгдсэн. Өмнөхөөсөө өөр болсон. Харилцаа сайтай болсон” гэх юм билээ.

 

Дархан хотын "Залуучууд” соёлын төвд болсон уулзалтад 400 гаруй иргэн цугласан байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнд энэ удаа Дарханыхан ширүүн үг дайсангүй. Индэрт үг хэлсэн иргэдийн дийлэнх нь шүүхийн шинэтгэл цааш үргэлжлэх ёстойг сануулж, дагнасан шүүхийг хэвээр авч үлдэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад уламжлав. Дарханыхан шүүхдээ итгэж, шүүх нь иргэддээ хүрч ажиллаж чадсаныг энэ удаагийн уулзалт гэрчлэв. Иргэдийн зүгээс Н.Лүндэндорж даргын илтгэлээс шүүхийн шинэтгэлийн цааш өрнөх чиг баримжааг ойлгож авсан бөгөөд амжилт хүсч, цаашид анхаарах зүйлийг захиж байлаа. Уг хурлын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүгч, ажилчдад ШЕЗ-ийн 2014 оны ажлын тайланг танилцуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгч, ажилчдад "Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдвээр лекц сургалт орлоо. Уулзалтын үеэр Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч Д.Оюундарь "Шүүхийн тэргүүний ажилтан”, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгч Ж.Бурмаа "Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдаж, Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн захиргааны ажилтан Ч.Болормаад буцалтгүй тусламж болох нэг сая төгрөгийг гардууллаа.

 

Энэ үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Дархан-Уул аймгийн шүүхүүдийн номын санд нэлээд олон ном хүлээлгэн өглөө. Тэрээр "Магна Хартыг хамгийн эртний "эрх чөлөөний баримт бичиг” хэмээн хүлээн зөвшөөрч, дэлхий нийт "улс төрийн библи” гэж хүндэтгэдэг. Өдгөөгөөс 800 жилийн өмнө англиуд тугалын арьсан дээр бичиж үлдээсэн энэхүү бичээс одоо ганц Их Британийн өмч биш. Магна Хартын үзэл санаа улс орнуудын Үндсэн хуульд нэвчсэнээс үүдэн дэлхийн өмч хэмээдэг болсон юм. Хуульч бэлтгэдэг их сургуулиуд эхний хичээлээ Магна Хартаар эхэлж, дурсамж хичээлээ мөн л Магна Хартаар төгсгөдөг. Манайхан л орчуулалгүй, судлалгүй тойроод байснаас бус хуульч нэр зүүдэг хэн бүхний эхэлж уншсан ном байх учиртай. Энэ номыг орчуулсан даруйд нь Дархан-Уул, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүдийн номын санд хүлээлгэн өгч байгаа юм. Хуульч мэргэжлийн оройд шүүгч байдаг. Ийм учраас шүүгч хүн хуулиас гадна амьдралыг мэддэг байх ёстой. Бас бүх шүүгч хууль тайлбарлах онол, арга зүйг эзэмшсэн байх ёстой” гэж хэллээ.

 

 

Эх сурвалж: www.itoim.mn

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 649  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930