Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2016, 03:31   Хэсэг: Мэдээлэл / Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн процессын хуулийн төсөл : Анхаарах (!), асуух (?), өөрчлөх (…) зарим асуудал

Эрүүгийн процессын хуулийн төсөл : Анхаарах (!), асуух (?), өөрчлөх (…) зарим асуудал 

 

Манай Улсад ардчилсан нийгмийн зүй ёсны шаардлага, эрх зүйн хөгжлийн чиг хандлагын дагуу хууль тогтоомжийн шинэчлэл хийгдэж байгаа билээ.

 

Энэ хүрээнд "Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн төсөл боловсруулагдан, УИХ-аар хэлэлцэгдэх гэж байх тул уг хуулийн төслийн зарим зохицуулалтын талаар үзэл бодлоо дараах байдлаар илэрхийлэв.

 

"Сэжигтэн” гэх нэр томъёог хэвээр хадгалах, энэ дагуу төслийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах

 

Төслийн холбогдох олон зүйл заалтаас (төслийн 1.8, 5.2, 15.3, 30.4-30.5, 30.8 зэрэг) үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргахаас өмнөх шатанд дуудагдсан буюу баривчлагдсан хүн, яллагдагчаар татах хүн гэх мэтээр нэрлэх нь зохимжгүй, хууль зүйн товч, оновчтой нэр томъёо гэж үзэх боломжгүй тул сэжигтэн (сэжиглэгдсэн хүн) гэсэн нэр томъёог хэвээр хадгалах нь зөв, үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Томъёоллын хувьд хуульд заасны дагуу гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан буюу дуудагдсан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй хүнийг сэжигтэн гэж ойлгоно. Сэжигтнээр тогтоогдсон үеэс яллагдагчийн эрх эдэлнэ гэж, мөн дуудагдсан, баривчлагдсантай холбоотой бусад тусгайлсан эрхийг нэмж зааж болно.

 

"Сэжигтэн” гэх нэр томъёо байснаас болоод Эрүүгийн байцаан шийтгэх хууль, процесс ажиллагааны ноцтой зөрчлүүд үүсдэг асуудал огт байдаггүй. "Сэжигтэн” гэх нэр томъёог авч хаяхыг шинэчлэл гэж үзэхгүй.


Сэжигтэнд үндсэн эрхийг нь бичсэн баримтыг (Үндсэн эрхийн сануулга гэх эсхүл өөрөөр нэрлэх) танилцуулж, тайлбарлах, баталгаажуулах

 

Сэжигтнээр баривчилсан, дуудсан тэр даруйд (төслийн 1.8, 30.12 дугаар зүйлийн холбогдох хэсэг) хуульд заасан эрхүүдийг (өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, өөрийн гэм буруутайг эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй зэрэг) болон зарим эрхийг агуулгыг тусгайлан тайлбарлан бичсэн баримтыг сануулах бус бүр агуулгыг нь тодорхой тайлбарлах, тайлбарласнаа баримтжуулах буюу талууд гарын үсэг зурах зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

 

АНУ-ын Дээд шүүхээс 1966 онд Маринда Аризонагийн эсрэг хэрэгт шийдвэр гаргахдаа цагдаагийн албан хаагчид саатуулагдсан сэжигтнүүдэд Үндсэн хуульд заасан эрхийнх нь тухай зөвлөх ёстой гэж тогтоожээ. Тэдгээр эрхэд:

 

- Сэжигтэн байцаалт эхлэхээс өмнө дуугүй байх

- Хэлсэн үг бүрийг чинь шүүхэд өөрийн нь эсрэг ашиглаж болохыг мэдэх

- Өмгөөлөгчтэй байцаалт өгөх

Өмгөөлөгч хөлслөх боломжгүй бол байцаалт эхлэхээс өмнө өмгөөлөгч томилуулах

- Байцаалтын аль ч үед асуултад хариулахаа зогсоох зэрэг эрхүүд багтдаг, эдгээрийг "Мариндагийн сануулга” гэж нэршсэн, тухайн сануулгыг АНУ-ын цагдаагийн алба хаагчид картад хуулж бичээд, сэжигтэн нарт тухай бүр уншиж өгдөг байна.

 

Энэ нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрхээ сайн мэдээгүй, эрүү шүүлтэд орсон, дарамталсан, хуурагдсан гэх мэт элдэв шалтаг тоочин мөрдөгчийг шалгуулах болон будлиант, зохиомол, ээдрээ бүхий олон сөрөг асуудлаас урьдчилан сэргийлнэ.

 

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн "гэм буруугүйг” биш "гэм буруутайг” нотлох үүрэг хүлээхгүй, харин гэм буруугүйгээ нотлох эрх нээлттэй байх нь зарчмын асуудал юм. (төслийн 6.3 дугаар зүйлийн 1) 

 

Төслийн 4 дүгээр бүлэг

 

Мэтгэлцэх зарчим зөвхөн шүүх хуралдаанд бус бүр мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс эхлэх ёстой, боломжтой.

 

Өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаа эхлэх тухайн цаг үеэс хуульд заасан журмаар, хууль ба ёс зүйгээр хориглоогүй арга хэрэгслээр өмгөөллийн бүрэн эрхээ шударга, зөв, чадварлаг, бүрэн хэрэгжүүлэх ёстой.

 

Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ асуулт асуух эрхтэй л бол "мөрдөгчийн зөвшөөрөл” авах ёсгүй. (төслийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1) 

 

7 дугаар бүлэг

 

Нийгэм, төр буюу нийтлэг эрх ашигт учирсан хохирлыг прокурор хамгаалах эрхийг өргөтгөх

 

Төрийн өмч, хөрөнгөд гэж ерөнхий томъёолох, харин явцууруулж заах нь буруу юм. (төслийн 7.1 дүгээр зүйлийн 4 )

Жишээ нь авлига, албан тушаал, төрийн өмчийн эсрэг гэмт хэргийн хувьд тусгайлсан хохирогчгүй гэх боловч энэ тохиолдолд нийтлэг эрх ашиг, төрийн хөрөнгө буюу татварын орлого зэрэгт ноцтой хохирол учирдаг тул нийтлэг эрх ашгийг холбогдох төрийн байгууллага эсхүл прокурор хамгаалах чиг үүрэгтэй байх ёстой.

 

Жишээ нь, Төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын төслийн тендерт нэгэн даргын нууц хувийн компани шалгарсан боловч хууль зөрчиж шалгарсан нь хэзээ хойно илэрсэн тул тендерийг хүчингүй болгожээ. Гэтэл тендерт шалгарсан компани нь иргэний шүүхэд хандан газар шорооны ажлын болон бусад хохиролд 6 орчим тэрбум төгрөг нэхэмжилсэн байх ба төрийн өмчит компани нь нөгөө хувийн компанитай 5 тэрбум орчим төгрөгийг нь төлөхөөр зөвшөөрөн эвлэрч, шүүхийн шийдвэр гаргуулж, мөнгийг шууд шилжүүлсэн байжээ.

 

Гэтэл тухайн асуудлыг хуулийн дагуу дахин шалгахад хувийн компанид учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр 3 орчим тэрбумаар тогтоогдсон байтал төрийн өмчит компаний удирдлага бид хохироогүй, эвлэрсэн гээд хохирогч байгууллагын төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй байх тохиолдолд яах ёстой вэ ?

 

Уг нь бол төрийн өмчит компанийн удирдлага өөрөө хохироогүй нь үнэн боловч энд нийтлэг эрх ашиг, төрийн сан хөмрөгт хохирол учирсан нь тодорхой байх тул прокурор хохирогчийн эрх эдлэх боломжтой гэж үзнэ, төрийн өмчит компаний удирдлага тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон, нуун далдалсан шинжтэй гэж ойлгогдох тул түүнийг хохирогчоор тогтоохгүй ч байж болно.

 

Хохирогчийн эрх, хохирогчийн төлөөлөгчийн үүрэг, хариуцлагыг зөв тусгах

 

Иргэний хувьд хохирогч нь Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул үндсэн эрхэд нь тусгах / төслийн 7.2/

 

Нэгэнт хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдсон бол эрх эдлэхээс гадна бас үүрэг, хариуцлага хүлээх ёстой тул хохирогч, түүний төлөөлөгчийн эрх, үүрэг, зохицуулалтын логик дарааллыг зөв хийх. / төслийн 7.2 дугаар зүйлийн 2-5/ 

 

8 дугаар бүлэг


Шүүх өөрийн санаачилгаар биш гэхэд талуудын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилох эрхтэй байх шаардлагатай (төслийн8.1 дүгээр зүйл.)

 

Шинжээч нь гэрчийн хувьд биш гаргасан дүгнэлтийнхээ хувьд л хариуцлага хүлээх учир шинжээчийг "гэрч”-ээр биш шинжээчээр дүгнэлтийг нь тодруулан асуух нь зөв юм. 

 

13 дугаар бүлэг

 

Мөрдөгч, прокурор нь тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээг бие даан авах эрхтэй байх боломжтой. (13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 1.7)

 

Харин яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь мөрдөгчийн авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох хүсэлтийг прокурорт, прокурорын авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох хүсэлтийг дээд шатны прокурорт гаргахаар зохицуулж болох юм.

 

Хэлэлцүүлгийн хувьд шүүх тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад хэлэлцүүлэг хийх, бусад тохиолдолд хийхгүй байж болохоор зохицуулах, энэ нь хугацаа, зардал хэмнэх, ачаалал үүсгэхээс урьдчилан сэргийлнэ. 

 

Төслийн 15 дугаар бүлэг

 

Сэжигтэний (баривчлагдсан, дуудагдсан, яллагдагчаар татагдах хүн) мэдүүлгийг нотлох баримтад тооцох. /төслийн 15.1 дүгээр зүйлийн 1/


Шүүх, бусад талууд нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлээгүй ч хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах боломжтой байх ёстой. /төслийн 15.1 дүгээр зүйлийн 7/


Байх ёстой зохицуулалт эсэхийг дахин нягтлах

 

Гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа нарийн төвөгтэй ажиллагаа ба ялангуяа нийтлэг эрх ашигт хохирол учруулах буюу төрийн өмч завших, төрийн зүтгэлтний амьд биед халдах, эх орноос урвах, улсын нууц задруулах, авлига, терроризм болон бусад нуугдмал, зохион байгуулалтай гэмт хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал, энэ төрлийн гэмт хэргийн сэжиг, учгийг олох, шалгах, таслан зогсооход олон түмний мэдээлэл, оролцоо нэн чухал байдаг.

 

Олон түмнээс мэдээлэл авах, хамтран ажиллах нь хууль, эрх зүйг үгүйсгэх үзлээс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх үүргийг нь ухамсарлуулах, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэгт ач холбогдолтой.

 

Олон түмний гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх хүрээ, хязгаарыг хумих тусам гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа мухардалд орно.

 

Нөгөө талаас тухайн мэдээлэл шууд нотлох баримт биш ба зөвхөн сэжгийн дагуу бусад ажиллагаа хийх эх сурвалж төдий л ач холбогдолтой.

 

Гэрч болох хүн ихэнхдээ л "амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр бол” гэсэн үзлээр гэрч байхыг үргэлж цааргалдаг, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг.

 

Одоо цагт дээр дооргүй л зурхайч, үзмэрч, бөө, пастор зэрэг хүмүүс олширсон тул тэднийг лам, санваартан биш гэж үзэх боломжгүй ба хэргийн гол зарим гэрчүүд нь лам, санваартан гээд мэдүүлэг өгөхөөс зугтах, бас зугтаалгахыг үгүйсгэх боломжгүй.

 

Хэрэг илрүүлэх ажиллагаа, цуглуулсан зарим нотлох баримтын хууль ёсны эсэхийн шалгуур нь "хэрэгт холбогдогчийн зөвшөөрөл” байх ёсгүй юм.

Ийм учраас 15.3 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь заалтуудыг эргэн харах шаардлагатай.

 

 

Нотлох баримтыг хүчингүйд тооцох эсэхэд нухацтай хандах

 

Өөрөө хүсэл зоригоор татгалзчихаад эцэст нь өөрийн бус хүсэл зоригоор татгалзсан гэж зохиомол байдал үүсгэх бүрэн боломжтой тул тийм заалт байх шаардлагагүй. / төслийн 15.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/

 

Мөн хууль зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт ба шүүхэд шинжлэн судлах гэж байгаа нотлох баримтын хооронд шалтгаант холбоо байх боловч шүүхэд шинжлэн судлах гэж байгаа нотлох баримт нь хуулийн дагуу цугларсан, бэхжигдсэн байхад өмнөх баримттай шалтгаант холбоотой гэх тэр хэсгийг хүчингүй болгох шаардлага, үндэслэл нь юу вэ ? (15.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэг)

 

Жишээ нь : Гэрч А-аас авсан мэдүүлэг хууль зөрчжээ, гэтэл гэрч А-с мэдээлэл сонссон Б-ээс хуулийн дагуу мэдүүлэг авсан. Энэ тохиолдолд Б-ийн мэдүүлгээс А-ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжтай шалтгаант холбоотой хэсгийг хүчингүй болгох юм уу, эсхүл өөр агуулга, үндэслэл байна уу ?

 

Түүнчлэн хууль зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болсон боловч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж, энэ хүрээнд хуулийн дагуу цугларсан, бэхжигдсэн нотлох баримтыг өмнөх хуульд нийцээгүй гэх нотлох баримттай харьцуулан хүчингүй болгох үндэслэл юу вэ ? (төслийн 15.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэг)

 

Жишээ нь : Хохирогч А-аас мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулаагүй боловч, түүнээс нөхрийнхөө хүчирхийллийг тухай бүр бичсэн тэмдэглэл бүхий баримтыг хураан авч, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна. Энэ тохиолдолд тухайн нотлох баримтуудыг хүчингүйд тооцох нь зөв үү ? (төслийн 15.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэг)

 

Ер нь нотлох баримтыг хүчингүйд тооцоход хангалтгүй, эргэлзээтэй зарим үндэслэлийг оновчгүй заах нь гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох хязгаарлагдмал боломж болон хэргийн ул мөр, баримт сэлтийг үрэгдүүлэх, ач холбогдолгүй болгох, мөрдөн байцаалтын хуулийн хүрээнд явуулсан ажлын зохих үр дүнг үгүйсгэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэхийг олон талаас нь нягтлах шаардлагатай.

 

 

Шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримтыг хэргийн материалаас тусад нь хадгалах шаардлагагүй, учир нь хүчингүйд тооцсон шийдвэр нь нэгэнт байгаа учраас үнэлэхгүй гэдэг нь тодорхой ба тусад хадгалах нь үрэгдэх, бас зардал, нэмэлт ажиллагаа шаардана. (төслийн 15.12 дугаар зүйл). 

 

Төслийн 16 дугаар бүлэг

 

Нийтлэг журмыг баримтлах нь тодорхой боловч нийтлэг журамд хугацаа бас тодорхойгүй байх тул хялбаршуулсан журмаар хэрэг хэлэлцэх хугацааг тодорхой заах, /16.4 дүгээр зүйлийн 1/

 

Шүүх тухайн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн хувьд хэргийн зүйлчлэл тохироогүй, гэм бурууг нотлох баримт хангалтгүй гэж үзэх үндэслэл буюу гэм буруутайд тооцож, ял оногдуулахааргүй нотолгоо, зүйлчлэл илэрвэл хэргийг прокурорт буцаах, бусад тохиолдолд ердийн журмаар шийдвэрлэх зохицуулалт хийх. / төслийн 16.4 дүгээр зүйлийн 4, 6/ 

 

Төслийн 21 дүгээр бүлэг

 

Сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ, оршуулсан цогцсыг гарган шинжлэх, хүний биеэс шинжилгээнд зориулж дээж авах ажиллагааг шүүхийн зөвшөөрлөөс хасч, прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаанд хамруулах боломжтой. /төслийн 21 дүгээр зүйлийн 3/ 

 

Төслийн 30 дугаар бүлэг

 

Сэжигтнээр баривчлахад өмгөөлөгч авах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг бүхий л эрхийг мэдээлэх бус баримтаар танилцуулж, тайлбарлах, баримтжуулах шаардлагатай.


Харин хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах заалт хуульд байх зохимжгүй, тухайн заалт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн агуулгад хамаарах тул хасах, харин өмнө дурдсан "Үндсэн эрхийн сануулга”- д бичиж оруулах /төслийн 30.8 дугаар зүйл/.

 

Тухайн анхааруулгыг хуулийн заалт болгох нь бас эсрэгээрээ сэжигтний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж болно. Жишээ : хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болно гэдгийг сэжигтэн шууд утга буюу механикаар ойлгон ямар нэг мэдүүлэг өгөхгүй тохиолдолд жишээ нь, түүнийг хувийн сэдэлттэй бус танхай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрдэж болно.

  

31 дүгээр бүлэг

 

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй.

 

Мөрдөн шалгах хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг эс зөвшөөрвөл яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгч, түүнчлэн мөрдөгч, мөрдөх албаны дарга тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш тухай бүр 7 хоногийн дотор холбогдох гомдлыг прокурорын байгууллагын дээд шатны удирдлага хүртэл шаталсан байдлаар гаргах, хэрэв Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд тус тус гомдол гаргаж болно гэж өөрчлөх (31.5 дугаар зүйл)

 

Мөрдөгч, мөрдөх албаны даргын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн ажиллагаа буюу нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг гэж үзсэн дотоод итгэл, хийсэн ажлын үр дүнгээ хамгаалах буюу шалгуулах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргах нь тус тусын чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны хувьд хууль зүйн харилцан хяналтын хэлбэр гэж үзэж байна.

 

Мөрдөгч нь прокурорын дээд шатанд зөвхөн санал гаргахаар зохицуулсан(төслийн 5.2 дугаар зүйлийн 2.12) байх боловч санал гаргах бус гомдол гаргах гэж өөрчлөх, түүнчлэн мөрдөгч нарт шүүхэд гомдол гаргах эрх олгох нь хууль, зарчимд нийцнэ.

 

Нийтлэг эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулдаг зарим төрлийн гэмт хэргүүдийг тухайлбал, төрийн өмч, хөрөнгийг завших, авлига, албан тушаалын зэрэг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг шүүхээр заавал хянуулдаг байх шаардлагатай гэж зарим эрдэмтэн, судлаачид үздэгийг анхаарч, оновчтой зохицуулах нь зүй ёсны асуудал юм.

 

Шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч учраас эрүүгийн хэргийн хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө, харин шүүхийн хяналтыг ямар арга замаар хэрэгжүүлэх, ямар хэмжээ хязгаарт байх ёстой вэ гэдэг нь шинэ цаг үеийн шаардлагын дагуу шийдвэрлэгдэх гол асуудал болоод байна. 

 

32 дугаар бүлэг

 

Хэргийг прокурорт буцаах санал гаргах нь зөвхөн прокурорт бус яллагдагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт байх ёстой эрх, тэд бол мэтгэлцээний талууд тул тэгш эрх эдэлнэ.

 

Анхан шатны шүүх талуудын саналыг үндэслэх биш харин харгалзан бие даан шийдэл гаргах эрхтэй байхаас гадна талууд буцаах санал гаргаагүй боловч хуульд заасан тухайн үндэслэлүүд байвал шүүх өөрөө хэргийг буцаах эрх хэмжээтэй байх зайлшгүй шаардлагатай. /төслийн 32.3 дугаар зүйл/

 

Шүүх эрх мэдлийг шударга, бодитой хэрэгжүүлэхийн тулд буюу гэмтэнг гэм буруугүйд, гэмгүйг гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн зэрэг тохиолдолд анхан шатны шүүхээс хэргийг буцаахгүйгээр зөв шийдвэрлэх ямар ч бололцоо байдаггүй.

 

Шүүх хэргийг хуульд заасан үндэслэлээр буцаах эрх хэмжээгүй байна гэдэг нь мөрдөгч, прокурорын хэргийн талаарх зөвхөн тэдний дотоод итгэл, үзэмжээс хараат байдалтай, "морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг тэдний санал, үнэлэмжид сохроор итгэж, аялдан дагасан буюу өөрийн дотоод итгэлгүй, бүрэн эрхгүй "амьгүй албат мэт” байх утга агуулга юм.

 

Шүүх хуралдаанаас хэргийг аль болохуйц буцаахгүй, шүүх хуралдааныг хойшллуулахгүй байхад хамаарах байж болох бүхий л үндэслэл, зохицуулалтыг урьдчилсан хэлэлцүүлэгт өргөжүүлэн хийх нь зөв гэж үзэж байна. Энэ нь шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг хуульд заасан зохих үндэслэлээр буцаах эрх хэмжээтэй байх эсэхээс үлэмж хамааралтайг анхаарах нь чухал.

 

33 дугаар бүлэг

 

Яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хэд хоногийн дотор шүүх хуралдаан хийхийг тодорхой заах.

 

Тус улсын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны холимог хэв маягийг сонгосон. "Яагаад” гэх асуултад цөөн үгээр хариулъя.

 

Тухайн холимог хэв маягийг "гэмт үйл явдлын шударга, бодит үнэнийг бүхий л талаар зөв, бүрэн тогтооход чиглэгдсэн оновчтой хувилбар” гэж олон эрдэмтэн, судлаач, хуульчид хүлээн зөвшөөрдөг.

 

Холимог хэв маягийг сонгосон шалтгаан, ач холбогдлыг "хууль зүй гэдэг бол нэгэн зүйл инженерийн урлаг” (Аннерс), "мэргэжилгүй хүнд хуульчийн диплом гардуулбал галзуу хүнд хутга бариулсантай адил болно” (хуулийн багш Д.Лувсаншарав асан) гэх зэрэг эрх зүйн онч үгсийн гүн утга агуулгаас эргэцүүлэн мэдэж, тодорхойлж болно.

 

Гэм буруутай эсэхийг тогтоох нь ял оногдуулахаас ч илүү хэцүү, хариуцлагатай, энд нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийх зэрэг мэргэжлийн, онол, арга зүйн өргөн мэдлэг, туршлага нэн чухал, мэргэжлийн бус ухамсар, хийсвэр сэтгэлгээ, таамаглалын журмаар гэм бурууг зөв, бодитой тогтоох боломжгүй.

 

Гэм буруугийн асуудлаар мэргэжлийн хуульчид ч алдаа гаргадаг, мэргэжсэн хуульч биш ихэнхдээ энгийн иргэд болох "Тангарагтан” гэх хүмүүс бүр ноцтой алдана гэдэгт хэн ч маргах боломжгүй. Энд гэмгүйг гэм буруутай, гэмтэнг гэм буруугүй гэж үзэх, нэгэнт тийнхүү шийдсэн бол дахин авч хэлэлцэх боломжгүй зэрэг хууль завхруулсан, хүний эрхийг ноцтой зөрчсөн зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

 

Шүүх буюу мэргэжлийн шүүгчид байсаар атлаа мэргэжлийн хуульч биш "Тангарагтан” гэх хүмүүсээр хэн нэгний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгосны дараа шүүгч нар зөвхөн ял онооно гэдэг бол "бусдын гараар могой бариулна” гэдэг шиг шүүх буюу төр нь хууль, шударга ёсны өмнө хүлээх үүрэг, хариуцлага, иргэний эрхийн баталгааг бүх талаар хангах чиг үүргээсээ зайлсхийсэн, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх ОУ-ын ба үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно гэж үздэг.

 

Манай хууль тогтоогчид энэ бүхнийг бүх талаас нь зөв тооцоолж, үнэлж, дэнсэлсэний улмаас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны "холимог хэв маяг”-ийг нэгэнт сонгосон тул гэм буруутайг тогтоох, ял оногдуулахыг тус тусын шүүх хуралдаанаар явуулах шаардлагагүй, харин нэг шүүх хуралдаанаар нэг мөр эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй, оновчтой.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулах саналыг шүүгдэгч талаас шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө гаргаж болно, харин нотлох баримттай холбоотой бусад асуудлаар шүүх хуралдааныг завсарлуулах, хойшлуулах зохицуулалт байх шаардлагагүй, тийм асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлэгт л тавьж, нэг мөр шийдвэрлүүлэхээр зохицуулах нь зүйтэй.

 

Эдгээр зохицуулалтыг хийх нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй, шүүх хуралдааныг тасралтгүй явуулах, сунжруулахгүй, шүүх, шүүгч, бусад байгууллага, албан хаагчийг ачаалалд оруулахгүй байх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой. /төслийн 33.1 дүгээр зүйл/

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн яллагдагчаар татсан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно /төслийн 33.13 дугаар зүйл/

 

Шүүх хуралдааныг мөрдөн шалгах ажиллагаа явуулах талуудын хүсэлтийг үндэслэлтэй гэж хойшлуулах ёсгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар талууд урьдчилсан хэлэлцүүлэгт санал гаргаж, нэг мөр шийдвэрлүүлэх шаардлагатай./ төслийн 33.15/

 

Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хохирлоо нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж болно, харин хойшлуулах асуудал байх боломжгүй.

 

Шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох болон бусад баримт урьдчилан хэлэлцүүлэгт санал тавин гаргуулах, мөн шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой./төслийн 33.17 дугаар зүйл/

 

Шүүгдэгчийн холбогдсон зарим гэмт хэрэг нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болсон гэдэг нь шүүхээр хэргийг тусгаарлах үндэслэл болохгүй гэж үзнэ. / төслийн 33.18 дугаар зүйлийн 1.1/


 

Шүүхнь шүүх хуралдаанаас тухайн үндэслэлээр буцаах эрх хэмжээтэй байх шаардлагатай, хуульд заасан үндэслэл байсаар атал өмгөөлөгч нь шүүгдэгчид ашигтай, эсхүл тэд дотоод итгэлээрээ хүсэлт, санал гаргахгүй байж болно, энэ тохиолдолд шүүхэд хэргийг буцаах эрх нээлттэй байх нь зохистой. /төслийн 33.19 дүгээр зүйлийн 2/

 

Шүүх хуралдаанаас буцаах үндэслэлийг аль болохуйц хумих, урьдчилсан хэлэлцүүлэгээс буцаах үндэслэлүүд заасан байтал шүүх хуралдаанаас дахин тухайн үндэслэлээр давхцуулан буцаах шаардлагагүй гэж үзэж байна.

 

39 дүгээр зүйл

 

Тухайн шийдвэрээр хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн гэснээс хэргийн оролцогч гэсэн нь зөв болно. /төслийн 39 дүгээр зүйлийн 1/

 

Бусад асуудал

 

Төслөөс үндсэн гол гэж үзсэн зарим асуудлаар санал илэрхийлсэн ба төслийн хувьд УИХ-аар хэлэлцэгдээгүй байгаа учраас онол, практикийн харилцан шүтэлцээг хангах, найруулга, нэр томъёоны болон зохицуулалтын хувьд давхардал, хийдэл, зөрчил, маргаан бүхий бусад асуудлууд цөөнгүй байгааг ажлын хэсэг, УИХ-ын байнгын хороо, УИХ-ын хуульч гишүүд засах боломжтой юм.

 

Бусад улс орны жишиг хандлага, эрх зүйн тогтолцооных нь зарчим, институт, үндсэн шинжийг зээлдэн авах буюу рецепци хийж болно, гэхдээ энэ нь өөрийн орны бодит амьдралд нийцэж хэрэгжих буюу нутагших эсэх, түүнчлэн өөрийн орны хамаарагдаж буй эрх зүйн тогтолцоо, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны холимог хэв маяг зэрэг асуудлуудтай хэрхэн зохицож байгаа эсэхийг сайтар шинжлэн судалсан байх шаардлагатай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, хуулийн шударга хэрэгжилтийг хангах, шударга, бодит үнэнг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч ял завшуулахгүй байх, гэмт буруугүй хэнийг ч хэлмэгдүүлэхгүй байх зэрэг цогц ажиллагааны "Үндсэн хууль" учраас тухайн хуулийн төсөлд олон талын судалгаа, шинжилгээтэй хандах, эрдэмтэн, судлаач, хуульчдын өргөн оролцоо, санал, зөвшилцлийг бүрэн хангасан байх нь зайлшгүй чухал.

 

Аль ч хуулийн төсөл нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, зохицуулалтын хүрээнд эдүгээг хүртэл хийсээр ирсэн хууль тогтоомжийн шинэчлэл, хөгжлийн хүрсэн түвшинг хадгалах, улам бүр тодотгон боловсронгуй болгохыг үзэл баримтлалаа болгосон байх нь зүй ёсны асуудал ба харин өмнө хийсэн эрх зүйн шинэчлэл, хөгжлийн хүрсэн түвшнээс ухрах ёсгүй билээ.


 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Г.ГАНБААТАР, Үндсэн хуулийн өдөр, 2016 он.

 

 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 5 400  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031