Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2016, 03:48   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн тогтолцоо, шүүгчийн ачаалал” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо

“Шүүхийн тогтолцоо, шүүгчийн ачаалал” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар оролцож, "Шүүхийн тогтолцоо, шүүгчийн ачаалал” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Шүүхийн тогтолцоо


Шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас 2015 оны 6-р сард батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар сум дундын 8 шүүхээс бусад анхан болон давж заалдах шатны шүүхийг Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шүүн таслах ажлын төрлөөр нь дагнан байгуулсан. Үндсэн хуулийн Цэцээс давж заалдах болон дүүргийн анхан шатны шүүхийг засаг захиргааны нэгжээр байгуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнтэй холбогдуулан дээрх хуулийн төслийг Үндсэн хуульд нийцүүлэн өргөн барих шаардлага үүсээд байгаа билээ. Шүүх байгуулах тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа шүүхийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн үр ашиг, шүүгч нарын ачааллыг харгалзан үзнэ гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүхийг ухаалаг, чанартай, хүртээмжтэй байдлаар байгуулах шаардлагатай гэдгийг онцлоод ингэхдээ дээрх хуулийн төслийг боловсруулахдаа ард, нийтийн саналыг тодорхой хэмжээнд харгалзан үзэж, тусгах шаардлагатай гэдгийг онцолж байв. Аймаг тус бүрт давж заалдах шатны шүүх байгуулах нь тэдгээрт ажиллах шүүгчийн хүний нөөц хомс байгаагаас гадна шүүхийг өөрчлөн байгуулахад шаардагдах зардал улсын төсөвт тусгагдаагүй зэрэг хүндрэл байгааг хэлж байв. Түүнчлэн хүн ам цөөн, ачаалал багатай Багахангай дүүрэгт шинээр шүүх байгуулахад шүүхийн байр байхгүй зэрэг тулгамдсан асуудлууд байгааг энэ үеэр тайлбарлаж байлаа.


2015 онд 48869 хэрэг маргааныг

анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ


Монгол Улсын шүүх 2015 онд анхан шатны журмаар эрүүгийн 6756 хэрэг, иргэний 40674 хэрэг, захиргааны 1439 хэрэг нийт 48869хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 7311 хэргээр буюу дунджаар 17.6 хувиар өссөн байна. Шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 6 хувиар, иргэний хэрэг 19.6 хувиар, захиргааны хэрэг 21.2 хувиар тус тус өсчээ.


Давж заалдах шат шүүх 2015 онд эрүүгийн 1971 хэрэг, иргэний 2519, захиргааны 1049 хэрэг нийт 5539 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 11 хувиар өсчээ. Шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэг 29.4 хувиар, захиргааны хэрэг 18.8 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 8.8 хувиар буурсан байна.

 

Хяналтын шатны шүүх 2015 эрүүгийн 512 хэрэг, иргэний 1376 хэрэг, захиргааны 421 хэрэг, нийт 2309 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 18.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 35.3 хувиар, захиргааны хэрэг 10.5 хувиар тус тус өсчээ.

 

Шүүгчийн ажлын ачаалал


Анхан шатны шүүхийн хувьд нийслэл болон орон нутаг дахь нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал нийслэлд 69.6, орон нутагт 8.4 хэрэг байна.

 

Анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн хэргийн тоо:

- Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 192 хэрэг

- Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 48 хэрэг

- Сум дундын шүүх 103 хэрэг

- Дүүргийн эрүүгийн шүүх 56 хэрэг /Багануур, Багахангай, Налайх дэхашш 32 хэрэг/

- Дүүргийн иргэний шүүх 354 хэрэг /Багануур, Багахангай, Налайх дихашш 197 хэрэг/

- Захиргааны хэргийн анхан шатны шүүх 19 хэрэг тус тус шийдсэн байна.


Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо:

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 104 хэрэг

-Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 40 хэргийг шийдсэн байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал нийслэлд 65, орон нутагт 31 байна. Харин Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх- 53 хэрэг шийджээ. Түүнчлэн Иргэний хэргийн давж заалдах шатны нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал нийслэлд 138, орон нутагт 23 ногдож байна.

 

МУ-ын хэмжээнд анхан болон давж заалдах шатны

495 шүүгч ажиллаж байна

Анхан шатны шүүхэд 388 шүүгч ажиллаж байгаа юм. Үүнээс

•Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 75

•Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 67

•Сум дундын шүүхэд 29

•Дүүргийн эрүүгийн шүүхэд 55

•Дүүргийн иргэний шүүхэд 83

•Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 79 шүүгч тус тус ажиллаж байгаа юм.

Харин давж заалдах шатны шүүхэд нийт 107 шүүгч ажиллаж байгаагаас

•Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 11

•Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 49

•Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 47 шүүгч тус тус ажиллаж байна.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 27 байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид оролцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 963  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031