Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2016, 07:36   Хэсэг: Мэдээлэл / Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

“Эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг иргэд ойлгодог болсон”


Монголчууд "эрхмийн дээд эв” хэмээн хэлэлцэж, өвөр зуураа эв эеийг хичээж ирсэн журамтай ард түмэн. Тиймээс ч 2013 оны 04 сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. Монголд шүүх дэх орон тооны 45 эвлэрүүлэн зуучлагч хэрэг маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай талуудын ашиг сонирхолд нийцсэн сайн шийдлийг олоход нь дэмжлэг өгөх зорилготой ажиллаж байна.

 

Эв эеийг эрхэмлэх нь Улс үндэстэн, хүмүүсийн харилцааны нандин чанар. Хүмүүс маргаан, зөрчилдөөн бүхий нөхцөл байдалд харилцан ойлголцох, зөвшилцөх, санаа бодлоо уудлан ярилцахыг хүсэх боловч хэрхэн эвлэрэх арга эвээ олж чаддаггүй. Тиймээс ч эвлэрүүлэн зуучлагч талуудын хооронд үүссэн ан цавыг холбох гүүр болж, эвлэрүүлж байна. Эвлэрэл нь зөвхөн маргалдагч талуудад ашигтай төдийгүй, нийгэмд ашигтай, улс орны эдийн засагт ч дэмтэй, маш үр нөлөөтэй ажиллагаа юм.

 

Иргэд хоорондын төдийгүй аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага хоорондын найрсаг харилцааг хэвээр хадгалах, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан хувилбараар сонгох, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх, мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой зэрэг олон сайн талтай.

 

Шүүх, арбитраар явж олон жилийн түншлэл, цаашдын хамтын ажиллагаагаа алдаж, нөхөрлөл, ажил хэргийн харилцаагаа дуусгавар болгох, нэг нэгэндээ дайсагнахыг хэн бүхэн хүсэхгүй. Нийгмийн харилцаанд найрсаг байдал, хамтын ажиллагаа, эвлэрэл зохицлыг хадгалж үлдээх чухал арга хэрэгслийн нэг бол яах аргагүй эвлэрэл юм. Тиймээс ч монголчууд эвлэрүүлэн зуучлалыг дэмжиж, энэ ажиллагаанд талархалтай хандаж, ихээр үйлчлүүлдэг боллоо.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн хэрэгждэг талаар товч танилцуулья. Тухайн шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчид ажилладаг бөгөөд энэ ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эвлэрүүлэн зуучлагч явуулдаг. Талуудын харилцан ярьсан бүхий л зүйлийг нууцлан хадгалж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж оролцоход тусалдаг. Талуудын хувьд харилцан ойлголцох нь хамгийн чухал. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь заавал нотлох баримт шаардаггүйгээрээ давуу талтай.

 

Тухайлбал иргэний эрх зүйн маргааны зохигч этгээдүүд нь найз нөхөд, ах дүү, хамаатан садангууд байдаг. Тийм учраас хоорондоо ихэнхдээ л нотлох баримтгүй итгэлцлийн хүрээнд аман хэлбэрээр хоорондоо мөнгө зээлдүүлж, зээлсэн өөрөөр хэлбэл ямар нэг гэрээний эрх зүйн маргаан байдаг шүү дээ. Тэгэхээр талуудын өөрсдийнх нь шийдэл бодит амьдралд илүү их нийцдэг тул эвлэрүүлэх ажиллагаа ямар их хэрэгтэй болох нь доорх жишээнээс харагдаж байна.

 

Жишээ нь: Н нь найз Б-дээ 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Дотны итгэлтэй хүн учир гэрээ байгуулахгүйгээр мөнгөө өгсөн байж. Б нь хугацаандаа мөнгөө өгөөгүй тул Н нь зээлдүүлсэн 10,000,000 төгрөг хүү 1,000,000 төгрөгийг өгөхийг түүнээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б-д нэгэн өмгөөлөгч зөвөлгөө өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү төлөхгүй гэснийг Б мэдэж, хүү төлөхгүй гэж татгалзсан. Үнэхээр хуулинд зээлийн хүү тохирохдоо бичгээр гэрээг байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй. Энэ тохиолдолд эвлэрүүлэх ажиллагаа явуулж талуудыг уулзуулж ярилцуулахад магадгүй Б мөнгийг нь зөндөө л хэрэглэсэн мэдээж банкнаас авсан бол зээлийн хүү төлөх л байсан гэж ойлгоод 11,000,000 төгрөгийг тодорхой хугацаа заагаад төлье гэж тохирох, эсвэл Н нь найз Б-г орлогогүй хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгоод хүү шаардахаа болъё гэж шийдэх олон боломжууд бий. Ингээд дээрх байдлаар өөрсдөө маргаанаа шийдвэрлэх нь олон талын ач холбогдолтой юм.


Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулинд гэр бүлийн эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхээр заасан хэдий практикаас харахад хугацаа хэтэрсэн өр төлбөрийн маргаан, хөршийн харилцаанаас үүссэн маргаан, утасны төлбөрийн маргааныг маш ихээр шийдвэрлэж байна.

 

Гэр бүлийн эрх зүйн маргааныг бол шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр эхний ээлжинд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар заавал орсон байх шаардагатай гэж заасан байдаг. Гэр бүл элэг бүтэн, сайхан амьдарч байж улс орны минь ирээдүй сайн сайхан явах учраас энэ бодлогын цаад санаа нь гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэж буй нь сайн тал болж байна.

 

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 7420 өргөдөл гаргаснаас 5695 маргааныг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 4023 маргаан буюу 70.6%-д нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4%-д нь эвлэрэл амжилтгүй болжээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжаар улсын төсөвт 116,537,840 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар төвлөрүүлжээ.

 

Үүнээс харахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ачааллыг багасгахаас гадна шударга ёс, хүний эрхийг хамгаалах, улмаар үндэсний эв нэгдлийг хангах, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болсон бөгөөд цаашид ч энэ тогтолцоо маань эрчимтэй хөгжиж, олон иргэд, гэр бүлийг эвлэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхиийн эвлэрүүлэн зуучлагч: Э.Эрдэнэтуяа 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 791  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031