Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2017, 02:28   Хэсэг: Мэдээлэл / Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Э.Ариунаа: Шүүгчийн ажил нэр хүндтэй ч маш том хариуцлага дагадаг

 

Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр саяхан томилогдоод буй Э.Ариунааг урьж ярилцлаа. 

 

-Та сайн явж ирэв үү, хэзээ Хэнтий нутагт томилогдов? Таны ажил амьдралын замналаар яриагаа эхэлүүлье гэж бодлоо ? 

-Сайн байцгаана уу. Сайн явж ирлээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож ирээд, ажлаа хүлээн аваад байна. Миний хувьд анхан шатны шүүхэд 24 дэх жилдээ ажиллаж байна. Анх МУИС-ийн мөрдөн байцаагчийн ангийг төгсөөд Дорноговь аймаг дахь Прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллаж байлаа. Улмаар гэр бүлийнхээ хүнийг дагаад Эрдэнэт хотод очиж, Прокурорын байгууллагад орон тоо байхгүй байсан учраас Модны үйлдвэрт хуулийн зөвлөх, боловсон хүчний зааварлагчаар ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Шүүхийн иргэдийн төлөөлөгч, хуучнаар ардын төлөөлөгчийн сонгуульт ажлыг шүүх дээр очиж хийдэг байсан юм. Шүүгчдийг хуучнаар сонгуулиар томилчихдог байсан. Шинэ Үндсэн хууль гарсантай холбоотойгоор бүх шатны шүүхүүд дээд мэргэжилтэй шүүгч нарыг сонгодог болоод өөрсдөө нэрээ дэвшүүлж болдог, шүүхээс нь дэвшүүлж болдог тогтолцоонд шилжсэн. Ингээд Орхон аймаг дахь сум дундын шүүхээс миний нэрийг дэвшүүлж, Шүүгчийн ажлын анхны гараа минь 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зарлигаар Орхон аймаг дахь сум дундын шүүхээс эхэлж тэнд 10 жил ажилласан. Дараа нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхэд 9 жил ажиллаж, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаад сая томилгоогоо аваад Хэнтий аймагт ирээд байна. Би Иргэний хэргээр мэргэшсэн, шүүхийн хэмжээнд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар шүүгч багшаар бэлтгэгдсэн. Мөн Монголын хуульчдын холбооны сургалтын хорооны гишүүн учраас хуульчдын дунд явуулах сургалтанд нэлээд оролцдог.
 
-Хэнтий нутагт ирээд сэтгэгдэл ямар байна вэ? Цаашид ямар зорилго, зарчимтай энэ нутагт ажиллаж амьдаръя гэж бодож байна?

-Би 10 гаруй жилийн өмнө Хэнтийд урин дулаан цагт сургалтаар ирж байсан. Тэгээд Хэрлэнгийн хөвөөнд очоод Хэнтий аймгийн шүүх, орон нутагтай нь танилцаж байхад маш сайхан нутаг шиг санагдаж байсан. Жаахан залуу байсан бол энд ирж ажиллах юмсан гэж хэлж байсан удаатай. Сая 10 сараас манай шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хэнтий аймагт Ерөнхий шүүгчээр ажиллахгүй юу, танд тийм боломж байна уу гэсэн санал тавихад нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан, ялангуяа манай хүүхдүүд их дэмжсэн. Миний хувьд нас ахиж байгаа юм чинь би хотоос холдоод яахав дээ гэсэн бодолтой байсан хэдий ч  хүүхдүүдийн маань хэлж ярьснаар, нээрээ ч надад итгэл найдвар хүлээлгэж байгаа юм чинь ажиллая гэж шийдсэн. Ер нь нутаг орны хувьд Хэнтий сайхан шүү дээ, манай Монголчууд бүгд л мэднэ. Чингис хааны маань өлгий нутаг, ямар сайхан түүхтэй, байгальтай газар билээ дээ гээд ирсэн. Томилогдож ирэхэд хамт олон маань сайхан хүлээж авсан. Энд ирсэн миний сэтгэгдэл өндөр байгаа.

-Шүүхийн шинэтгэл гэж сүүлийн үед их ярьж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Хэрхэн, яаж шинэчлэгдсэн гэж үзэж байна?

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн гол ажлын нэг бол шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг цогцоор хамгаалсан багц хуультай болсон, шүүхийн захиргааг шүүхээс салгаж, захиргааны бие даасан албыг бий болгосон явдал юм. Энэ алба шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн маш олон үр өгөөжтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь шүүхийн шинэтгэлд олон эерэг өөрчлөлтийг авч ирсэн. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, ажлын албаныхан орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцахдаа иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгч олон нийтийн санал бодлыг байнга сонсож байдаг. Энэ ажил ч гэсэн мөн л шүүхийн шинэтгэлийн бодит үр дүн гэж боддог.

Монгол Улсын Үндсэн хууль болоод олон улсын гэрээ, конвенц хуульд заасан өөрийнх нь болон бусдын эрх ашиг сонирхол хөндөгдсөн зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхэд мэдүүлэх эрхтэй. Миний эрх ашиг хөндөгдлөө, зөрчигдлөө гэж үзээд Шүүхийн хаалга татаад орж ирж байгаа хүнд Шүүх хамгийн түрүүнд нээлттэй ил тод, талуудын тэгш зарчмыг хангаж, чирэгдүүлэхгүй, шуурхай  үйлчлэх ёстой. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн үйл ажиллагаа бол ерөөсөө үүнд л чиглэгдэх юм.  Тийм болохоор талууд бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй, хууль шүүх нээлттэй байж, иргэнд хуулинд заасан үүргийг нь тайлбарлаад, эрхийг нь сайн таниулж байж хүмүүсийн эрхийг зөрчихгүйгээр л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Сүүлийн үед хүмүүсийн сэтгэгдэлд эерэг өөрчлөлт гарч байна. Хүмүүс Шүүх гэхээр Шүүхийн хаалга татлаа гээд л буруугаар ярьдаг байсан. Одоо бол шүүхээр орж байгаа хүмүүст "Шүүх бол эмээж байх газар биш юм байна, бид нарын эрхийг хамгаалдаг газар шүү” гэдэг ойлголт төрж байна.

-Ер нь Шүүхийн байгууллагын бүтэц тогтолцоо яагаад үл ойлгогдох байгаад байна. Ямар байвал зүгээр гэж та бодож байна вэ?

-Надад одоогийн байгаа тогтолцоо бол их зөв, хүмүүст ч гэсэн нэлээд хүртээмжтэй, шүүгч нартаа ч гэсэн цаашид мэргэших, дагнаж ажиллахад илүү боловсронгуй хэлбэр гэж үзэж байгаа. Эрүү, Иргэн, Захиргаа гээд яагаад нэрлээд байгаа вэ гэхээр аливаа этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг шүүх нь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Монгол Улсын эрүүгийн хуулинд гэмт хэрэг гээд заачихсан хэргийг тухайн  хэрэгт холбогдогч этгээд үйлдсэн эсэх, үйлдсэн тохиолдолд ямар ял шийтгэл оногдуулах асуудлыг шийддэг шүүх бол сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь цагаан захтануудын хэрэг буюу хуулинд тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэрт гаргасан гомдлыг шийдэж байгаа шүүх гэдгээрээ ялгаатай. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, энэ шүүх нь сум дундын Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг давж заалдах журмаар хэлэлцдэг шүүх юм. Тэгэхээр манай аймагт дээрх 4 шүүх үйл ажиллагаа явуулж байна.

-Таны хувьд Иргэний хэргээр дагнасан шүүгч гэлээ. Олон жилийн туршлагаас харж байхад Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар асуудлаар ханддаг вэ? Иргэдийг юун дээр анхаараасай гэж та хүсдэг вэ?

-Манай Монголчууд аливаа асуудалд урьдчилан зөвлөгөө авахын оронд ихэвчлэн өнгөрсөн хойно нь, хүндэрсэн хойно нь  яах билээ гэж ханддаг.  Тухайлбал бичгийн гэрээ хэлцэл хийх зүйл дээр амаар гэрээ байгуулдаг ч юм уу, бичгээр хийсэн гэрээ хэлцэлээ агуулгыг нь анхаарч уншихгүй өөртөө хүнд нөхцөл агуулсан зүйл дээр гарын үсэг зурдаг ч юм уу эсвэл гэрээ хэлэлцэл огт хийхгүй байж байгаад хожим нь нөхөж хийх зэргээр хариуцлагагүй ханддаг, үүнээсээ болоод хохирох байдал их харагддаг. Гэрээний эрх зүйн маргаануудаас банк санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээл, иргэд хоорондын зээл, худалдах, худалдан авах гэрээний маргаан нэлээн байдаг. Мөн дараагийн түлхүү гарч буй зүйл бол гэр бүлийн эрх зүйн асуудлаар Шүүхэд хандах асуудал газар сайгүй маш их болсон. Одоо ингээд харж байхад улсын хэмжээнд гэр бүл, гэрлэлт цуцлалтын хэргүүдийн тоо нэлээд их байна, түүнийгээ дагаад гэрлэлт цуцлалттай холбоотой хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал, хөрөнгийн маргааны асуудлууд гарч ирж байна. Залуучуудын дунд гэр бүлээ зөв төлөвлөхгүй байх, хань ижлээ зөв сонгохгүй хөнгөн хандах, тохиолдлын байдлаар хүүхэдтэй болох, гэр бүлийн талаар тогтворгүй байх асуудал зонхилдог. Хуучны үед гэр бүлийн харилцаа  нарийн нандин байх ёстой, гэр бүлийн талаар тогтвортой эсэхийг улс төрд, ажил албан тушаалд дэвшүүлэх асуудал дээр шалгуур үзүүлэлт болгож хардаг байсан. Тийм учраас гэр бүлийн хувьд хүмүүс их тогтвортой байдаг байлаа. Тэр үед биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг жинхэнэ утгаараа хэрэгждэг, гэр бүлийн хувьд тогтворгүй хүн улс төрийн хувьд тогтворгүй гэж намын хэмжээнд яригддаг байсан, тийм асуудал одоо ховорджээ.

-Ер нь шүүх байгууллага, шүүгч гэдэг бол алхаараа хүний амьдралыг дэнсэлж байдаг, шүүгч хүний баримтлах ёстой ёс зүй ямар хэм хэмжээнд байх ёстой гэж та бодож дүгнэж явдаг вэ?

-Шүүгчийн ёс зүйн дүрэм, Монголын хуульчдын холбооноос гаргасан хуульчдын ёс зүйн дүрэм гэж байгаа. Дүрэмд шүүгч хүн ажил албан тушаалдаа яаж хандах, биеэ яаж авч явах, бусадтай яаж харьцах ёстой зэргийг тодорхой зохицуулсан байдаг. Шүүгч хүн ямар ч хүнд хардлага сэрдлэг төрүүлэхгүй, тийм хэмжээнд л биеэ авч явж байх ёстой. Үзэгний үзүүрээр бид хүний хувь заяаг шийдэх гэж байгаа учраас шийдвэрлэж буй асуудалдаа хайнга, хариуцлагагүй хандаж болохгүй. Шүүгч хүн амьдралын туршлага хуримтлуулсан, практиктай, ёс зүйтэй, логиктой гэх мэт хүний хамаг л чухал шинжүүдийг өөртөө шингээсэн байх ёстой. Эхлээд шүүхийнхээ байшин дотор, тэнд ажиллаж буй ажиллагсаддаа хүндлэгд, үүнээс таны ёс зүй, ажлын хариуцлага, сахилга бат гэх олон зүйл аяндаа бусдад ил тод болно, тэгж байж та үнэлгээ авна гэж би хамт ажиллаж буй хүмүүстээ хэлдэг. Шүүгчийн ажил маш нэр хүндтэй ч гэсэн түүнийхээ хажуугаар маш их хариуцлага дагуулж байдаг.

-Ажил мэргэжил бүхэн сайхан гээд ярьдаг шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүний хувьд хууль, хяналтын байгууллагад томилгоогоор ажиллана гэдэг бол хүнд даваа гэж бодож байна. Таны хувьд ажлын тань хэцүү нь, бахархал нь юу вэ?

-Ямар ч үед бусад асуудлаа хойш нь тавьж шүүн таслах ажилдаа бүх анхаарлаа хандуулж байх ёстой. Бидний хамгийн гол нэгдүгээрт тавих ажил бол шүүн таслах ажил. Тийм учраас залуу байхад ар гэрээ, хүүхдүүдээ хаяад л явж байсан. Тэр нь хүнд хэцүү юм шиг боловч бид нарын өөрийн сонгосон мэргэжил юм чинь яах билээ. Сайхан нь гэвэл зөв шийдэл гаргах, ялангуяа маргаантай асуудал дээр миний шийдвэрийг дараа дараагийн шүүх хэвээр батлах л сайхан байдаг. Тэр хүмүүс яаж ч шийдсэн байсан эцсийн эцэст дараа нь баярлалаа талархлаа гээд гарч байгаа нь сайхан даа. Ер нь шүүгч хүн сална гэж байгаа юм чинь салгачихъя гэж алх цохиод л гэр бүл цуцлахаа урьтал болгохоос илүү асуудал бүрт  маш няхуур хандаж, дэнсэлж үзэж шийдвэр гаргах ёстой гэж болдог.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Өмнө нь тэр хуулийн ажлын хэсэгт орж байсан. Ахуйн хүрээнд болдог гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хэлэх хүн байдаггүй учир энэ хууль байх ёстой л гэж үзэж байгаа. Олон жил хэрэг шийдэж байхад гэр бүлийн асуудлыг хүмүүс найз нөхдөдөө ч гэсэн тэр болгон хэлдэггүй. Даамжирсаар байгаад өөрөө хохирогч болох, нөгөө хүн нь эрүүгийн гэмт хэрэгтэн болох алхамд хүргэж байна. Иргэнийхээ үүргийг манайхан тэр болгон биелүүлэхгүй байна шүү дээ. "Бусдын асуудалд сэтгэл нь зовинохгүй байвал та хүн чанараа алдаж байгаа гэж бодоорой” гэдэг үг байдаг. Хүний зовлонг тэр надад ямар хамаатай юм гэдэг байдлаар хандах биш, тэрэнд хэрэгт дуртай байдлаар хандаж байгаа биш, ер нь зүгээр нөхөрсөг туслалцаа үзүүлэх юм уу, зөвлөгөө өгөх зүйл хүн болгонд байх ёстой гэж бодож байна.

 Д.Одонтунгалаг

Эх сурвалж: http://www.montsame.mn

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 459  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031