Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2017, 03:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр бүтнээрээ байгаа нь, хуулиа бариад шийдэж байгаа нь шүүх юм

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр бүтнээрээ байгаа нь, хуулиа бариад шийдэж байгаа нь шүүх юм 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас "Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг "Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор 4 дүгээр сарын 19-нд МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, иргэдийн байр суурийг сонсон тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

"Бидний хийж хэрэгжүүлэх гэж зүтгэж яваа шүүхийн шинэтгэл бол Монголын ард түмний төлөө, хүний төлөө, нийгмийн төлөө хийж байгаа ажил.

Хүн бүхэн сайхан амьдрах тухай мөрөөддөг. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Сайхан амьдарна гээд барж цадахгүй баян болдог ч юм уу, их мөнгөтэй баян болдог ч юм уу, эд хөрөнгө зэрэг бол тэр хүмүүсийн өөрсдийн ажиллагаанас шалтгаална. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөн заяандаа эзэн болох нь чухал. Хүн болж төрсөн заяандаа эзэн болно гэдэг нь хүн шиг амьдарна гэсэн үг. Хуулийн дагуу амьдрах юм бол санаа зовох зүйлгүй.

Хуулийн дагуу амьдардаг нийгэм рүү орох сонголтыг бид хийсэн. Ардчиллыг бид АНУ-аас аваагүй. Америк гэдэг орон нээгдээгүй байхад Монгол Улс их гүрэн байгуулж, хаанаа сонгож, хууль дүрмээ хэрэгжүүлж явсан орон. Хуулиар төрийг засдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж явсан орон. Ардчиллын гол утга бол хуулиар төрийг засах, хуулиар нийгмийг засахдаа л байгаа юм.

Эзэн Чингис ханы үед хүмүсийн үзэл бодолд ямар их хүндэтгэлтэй ханддаг байсан, хүмүүсийн шүтэх, эс шүтэхэд, хүний хувийн өмчид  ямар их хүндэтгэлтэй ханддаг байсныг та бүхэн бүгдээрээ мэднэ. Их засаг хуульд адуу хулгайлах, хүний хувийн өмчийг хулгайлахад ийм ийм ял онооно гээд биччихсэн байдаг. Энэ бүхэн Монголын өөрийнх нь уламжлал.

Бидний өнөөгийн зорьж байгаа, байгуулах гэж явж буй нийгэмд янз бүрийн нэр өгөөд хэрэггүй байх гэж би боддог. Энэ бол бид амьдралаа яаж хамгийн сайнаар зохион байгуулах вэ л гэдэг асуудал.

Би 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөөд эхнийхээ захирамжийг гаргаж байсан. Өрөөндөө орохоос өмнө миний хийсэн 2 ажил байдаг. Х.Чойбалсан гуай, Ю.Цэдэнбал гуайгаас нааш сууж ирсэн тэр өрөөгөө Иргэний танхим болгохоор шийдсэн. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд би сууя гэсэн.

Миний гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай  байсан. Хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулсан. Тэгэхэд гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай олон жил шийдэх гэж явсан тэр зүйлээ яриад, хамтарч суугаад бид энэ үйл ажиллагааг эхлүүлж байсан.

Шүүхэд ажил яаж явж байна, шүүхийн шинэчлэл явж байна уу, үгүй юү гэдгийг бид нар нэг л юмаар дүгнэе гэж би тэгэхэд хэлж байсан. Шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл ханамж ямар байна. Шүүх бол хэцүү шийдвэр гаргадаг газар. Нэг талыг нь шийтгэж, нөгөө талыг цагаатгадаг. Шүүхээр орсон бүхэн сэтгэл ханамжтай гардаггүй. Гэхдээ л манайхны өмнө нь шүүхийг ойлгодог ойлголт одоо өөр болсон. Социализмын үед эрх барьж байгаа эрх баригч хүчинд л үйлчилдэг, түүнээс зөрсөн хүнийг шийтгэдэг байсан.

Үүнийг бид иргэнд үйлчилдэг систем болгоё. Иргэнд ч, даргад ч ижилхэн ханддаг байя гэсэн. Шүүхээр үйлчлүүлсэн хүмүүс дунд санал асуулга явуулахад шүүхэд шинэчлэл болсон байна. Шүүх бол үнэхээр үйлчилгээний байгууллага болжээ. Хуулийн дагуу асуудал шийддэг болсон байна шүү. Огт өөр харилцаатай болсон байна гэдэг эерэг үнэлэлт 80 хувиас дээш гарсан байна.

ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жилийн өмнө Монголын  шүүх эрх мэдлийн шударга байдалд бүрэн дүн шинжилгээ явуулсан.  Тэндээс гаргасан дүгнэлтээр Монгол Улсын шүүх шударга түвшинд сайн ажилладаг юм байна гэж 64 хувьтай гарсан. Монгол Улсын шүүх олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зарим талаараа илүү байна. Бүс нутагтаа үлгэр жишээ авахуйц байна гэж дүгнэсэн. Энэ бол зүгээр нэг хэвлэлийн мэдээ биш. Германчууд хатуу хүмүүс шүү дээ.

Шүүхийн материалаас авсан жишээнээс хүргэе.

Баянгол дүүргийн иргэн Г.Ганчимэг "Шүүх шинэчлэгдэж, ил тод, шуурхай, нээлттэй ажилладаг болсон талаар их л мэдээлэл авч байсан. Харин сая би өөрөө шүүхээр үйлчлүүлж байж л үүнийг мэдэрлээ. Би анх удаа шүүхээр үйлчлүүлж байна” гэж хэлсэн байна.

Бидний шүүхэд тавьсан эхний шаардлага бол шүүгчид шийдвэр гаргасан бол яллах дүгнэлтээ, тогтоолоо  нээлттэй болго гэдгээс ажлыг нь эхлүүлсэн. Өмнө нь бол байгууллагын нууц, хуулийн нууц гээд өгдөггүй байсан. Бид эндээс ажлыг нь эхлүүлсэн. Шүүхийн яллах тогтоол ил болоод, веб сайт дээр мэдээлээд, дуртай нь орж үздэг болохоор тогтоолоо гаргахдаа наад зах нь хуулиа зөв баримталдаг.

Бид 2010 оноос энэ шаардлагыг тавьж, 2012 оноос www.Shuukh.mn веб сайтад байршуулдаг болсон. 2012 онд 60 мянган хүн энэ веб сайтад хандаж байсан. Одоо судалгаагаар жилд 3 сая хүн ханддаг болсон. Энэ бол асар өндөр тоо шүү, 12 дахин өссөн байна. Хүмүүс зөвхөн мэдээ үздэг биш, хэрэглээгээ болгосон. Оюутнууд, хуулийн мэргэжилтнүүд байнга ордог веб сайт болсон. Энд 15 мянган хүн байнга орно гэж бүртгүүлсэн. Нэг гайхамшигтай юм бол жилдээ 150 мянган шүүхийн шийдвэрийг татаж авсан байгаа юм. Иргэд шүүхийн яллах тогтоолыг бүр цаасан дээр татаж аваад, биечлэн танилцаж байгааг энэ тоо харуулж байна.

Үүнийг л шүүх нээлттэй болж байна. Нээлттэй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж байгаа юм.

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж гэдэг хүн ингэж хэлсэн байна. " Малчин хүн мөнгөтэй дарга нарыг шүүхээр ялж болдог гэдгийг би үзлээ. Анхан шатны шүүх хурлаар 4 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа, хяналтын шатны хурлаар 2 удаа орлоо. Би бол 70 гарсан настай хүн. Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй байлаа. Ойр тойрны хүмүүс ч та ингэх хэрэг байна уу гэж байлаа. Одоо би шүүх хуулийг шударгаар биелүүлж, эрх мэдлээ хэтрүүлдэг задарсан дарга нараас ядарсан иргэдээ хамгаалдаг гэдгийг ойлгож мэдэрлээ. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олж, түмний эрх ашгийн төлөө зөв сайхан хэрэгжиж байгааг би бахархалтайгаар тэмдэглэе” гэж хэлсэн байна.

Энэ настай хүний үгээр бид шүүхийн шинэтгэлийг дүгнэж болж байгаа юм.

Аливаа нийгэм, хүн ч гэсэн амьдрал нь аятайхан, эргэн тойрон нь аятайхан, өөрөө аз жаргалтай явъя гэвэл харьцаа сайтай л байх хэрэгтэй. Байгууллага дээр ч адилхан. Гэртээ ч адилхан. Авгай нөхөр хоёрын харилцаа сайн л байвал тэр гэрт аятайхан л уур амьсгал байна.

Шүүхийн хаалгаар нь яваад ороход л хүн тосоод авдаг. Ийм юм бичих гэсэн юм, ийм маргаан гарлаа гэвэл "Ийм хуульд үндэслээрэй. Ийм хүнтэй уулз. Энэ өрөөнд ор” гээд зааж өгдөг мэргэжлийн хүн сууж байгаа.

Өмнө нь шүүхээр орж шийдэгддэг байсан нийт хэргийн бараг 20-иод  хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна. Ганцхан жилийн дотор ийм шат дамжлагаар дамжаад ямар нэгэн ялгүй, "Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийддэг болсон. Энэ бол гайхамшигтай шинэчлэл. Энэ бол дарга нарын төлөө юм уу, хийж байгаа зүйл биш. Иргэдийнхээ төлөө хийж байгаа шинэчлэл. Шүүхэд очоод заавал ял авдаг, заавал буруудаж гардаг гэсэн сэтгэхүйтэй биш болж байгаа юм. Амжилттай эвлэрүүлэн зуучилсан хувь нь асар өндөр, бараг 90 орчим хувь байгаа.  Магадгүй энд дутагдал байгаа л байх. Бид энэ хуулиа улам сайн болгоод цаашаа явна.

"Адууны алгаас аяганы алаг” гэж монголчууд ярьдаг. "Аяганы алаг” гэж хүний харьцааг л хэлж байгаа юм. Хүнийг өмссөн хувцас, нас, зүсээр нь олзлоод л, хоёр өөр гартай, хоёр өөр хэлтэй юм шиг хүнд ханддаггүй, яг ижилхэн хандах ёстой. Ерөнхийлөгч яваад орсон ч ижилхэн, жирийн иргэн яваад орсон ч ижилхэн. Үүнийг л шударга ёс гэж байгаа юм. Хэн ч бай, хууль зөрчсөн, хуулийн хилийг давсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг, ийм л системийг шударга ёс гэж байгаа юм.

Манайхан шударга ёс гэж ярих их дуртай. Агуулгаа сайн ойлгохгүй л байгаа юм.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн Ц.Оюунгэрэл "Би жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад гомдож, бэтгэрч явсан хүн. Сайхан харилцаа, хандлагаас нь эхлээд л сэтгэл тайвширдаг юм билээ. Төр байдаг юм байна. Төрийн нэрийг гаргадаг шүүх шударга шийддэг юм байна. Төрийн нэрийн өмнөөс гаргасан шийдвэр хүчтэй байдаг юм байна” гэж хэлсэн байна.

Би боддог юм. Явж явж төр бол шүүх юм. УИХ бол хууль тогтоодог байгууллага. Хэрэв тэнд байгаа гишүүд, дарга, цэргүүд асуудал гаргасан бол шүүхээр л хэргээ шийдүүлнэ. Бүх хүн тийм. Явж явж төр бүтнээрээ байж байгаа нь, хуулиа бариад шийдэж байгаа нь  шүүх юм.

Төр гэдэг бол та бүхэн шүү. Шүүх гэдэг бол төрийг цонхон дээр гаргаад хүний өмнө зогсоосонтой адилхан шүү. Ингэж харилцаарай л гэж би хэлээд байгаа юм.

Мэдээж тэнд хүн ажиллаж байгаа, дутагдал байгаа. Гэхдээ ийм хугацаанд ингэж сайжирч, хийдэг ажлынхаа утга учрыг ойлгож урагшилсан нь чухал. Шүүхийн шинэчлэлийг хийхэд шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маш сайхан хүлээж авсан. Хүн ажил хийж байхад дандаа муу хэлүүлээд, муухай хэлүүлээд байх дургүй байдаг юм байна.

Хууль өөрчлөгдөөд, ойлголт нь өөрчлөгдөөд, нийгэмд аятайхан болоод ирэхээр тэр ажлыг хийхэд урамтай болж эхэлдэг юм байна шүү дээ. Шүүх өөрөө ийм өөрчлөлтөд ороод ирэхээр бусад байгууллага, иргэд энэ өөрчлөлт рүү явж байгаа юм.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Х.Төмөрбаатар олон сар жилээр хүнд гэмт хэрэгт гүтгэгдэж, маш хүнд байдалтай явж байгаад шүүхээр асуудлаа шударга шийдүүлсэн. Үүний дараа Х.Төмөрбаатар "Шүүх бол хэний ч нөлөөнд үл автах, авлига, хээл хахууль, хүнд суртлаас ангид цор ганц байгууллага байгаад би баярлалаа. Жил гаруй хугацаанд сэтгэл санаа, бие махбодиороо хохироод зогсохгүй нутаг усныхандаа ч муу нэртэй болсон. Гэсэн ч шүүх үнэн мөнийг тогтоож өгсөнд одоо сэтгэл өөдрөг амьдрах боллоо” гэсэн байна.

Хүмүүс заримдаа бодохоороо муу юм хийсэн хүн л шүүх рүү очдог. Тэдний асуудлыг л шүүх шийддэг гэдэг. Үгүй ээ. Аливаа нийгэмд хууль зөрчдөг, буруу юм хийдэг хувь нь магадгүй, ойролцоогоор 10 хувь байгаа. Хуулиа дагаад, биелүүлээд явдаг нь нийт хүн амын 90 хувь байдаг. Шүүх бол тэр 90 хувийн эрх, эрх чөлөөг 10 хувиас нь хамгаалдаг.

Дийлэнх олонхийн, нийтийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага бол шүүх юм.

Шүүх, хуулийн байгууллагад хийх бидний ажил дуусаагүй байгаа. Бид хийх ажлын 40-60 хувь нь л нугарч байна гэж нэг удаа дүгнэж байсан.  Хэд хэдэн хуулийг хуучин УИХ сонгууль тулаад баталж чадаагүй, энэ УИХ хойшлуулаад байгаа. Хамгийн гол нь Эрүүгийн хууль байна. Хэдэн зуун зүйл, заалттай маш том хууль байгаа. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бас тусдаа хууль бий. Бас хэдэн зуун зүйл, заалттай, маш их том хууль. Зөрчлийн хууль гэж байна. Зөрчлийн асуудлыг шалган шийдвэрлэх хууль гэж бас тусдаа гарч байгаа.

Монголын түүхэнд эрүү, зөрчил хоёрыг энэ цаг хугацаанд бид ялгаж өгч байгаа. Өмнө нь зарим зөрчил эрүүдээ ороод шийтгэгдээд, шүүхээр ял болоод явдаг байсан. Одоо бол зөрчил гаргасан бол сануулдаг, түүнийг засуулдаг болсон. Зөрчил даамжрахаараа эрүү болдог. Ер нь даамжирсаар даамжирсаар цааш явдаг. Эхлээд нэг бүдрэхэд нь хүнд сануулчих юм бол дараа нь алхаж гишгэхдээ мөрөө хардаг болдог. Нийгэм дахиад өөр болох гэж оролдож байгаа. Барьдаг судрыг нь бид өөрчилж өгөх гээд байна. Бүтэц, үйл ажиллагааных нь хувьд бид өөрчилж байгаа. Барьдаг номыг нь өөрчлөөгүй учраас шүүх, хуулийн байгууллагатай холбоотой янз бүрийн шүүмжлэл гараад байдаг. Хуучин сэтгэхүй тэндээ байгаад байдаг. Энэ 4 хууль батлагдаад гарчихвал шүүх, хуулийн байгууллагын салбарт тавьж байсан зорилтын 80 хувьд хүрлээ шүү гэж бараг хэлэх түвшинд байгаа.

Нэг хүний үед юм уу, нэг Засгийн газрын үед Монголын бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Монголын бүх зовлон арилна гэж байхгүй. Хүүхэд ч төрөөд л аав, ээжийнхээ гаргаж байсан алдааг давтаад л эхэлдэг. Аав ээжээсээ ялимгүй илүү гарч амьдарч байгаа бол та бүхний хүүхдийн сайных. Хүний нийгэм, хүний үе дандаа л асуудалтай байдаг.

Төрийн бодлого тодорхойлж ажиллаж байгаа үед бидний өмнө тулгамдаж байгаа, бидний шийдэх боломжтой асуудлыг л шийдэх юмсан гэж боддог. Энэ улс төрд 27 жил явахдаа хойч үедээ ачаа болгож өгмөөргүй байна гэсэн ийм л бодолтой явсан. Гэхдээ хүссэнээр тэр бүр хийгддэггүй юм гэдгийг хэлэх нь зөв байх” гэлээ.

 

 Эх сурвалж: http://www.president.mn/content/12416



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 394  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930