Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2017, 07:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Б.Бээжин: “Шүүхийн үйлчилгээний төв” байгуулсанаар иргэд үйлчилгээ авахад хялбар болсон


 

Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 онд шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг хэрэгжүүлж үйлчилгээг сайжруулах шилдэг төсөл шалгаруулах төслийн уралдаан зарласан юм. Уралдаанд шалгарсан шүүхүүд үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулжээ.


Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжинтэй "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн талаар ярилцлаа.

 

-"Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, иргэдэд шинэ стандартаар үйлчилж эхэлсэн шүүхүүдийн нэг танайх. Энэ төвийг нээснээр иргэдэд ямар ач холбогдолтой вэ?


-Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлөөс энэ оныг иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд шүүхийн Тамгын газруудын дунд үйлчилгээний хэсгийг шинэчлэх төслийн уралдаан зарласан. Уралдаанд Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар шалгарч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр шүүхийн байрны нэгдүгээр давхарыг шинээр зохион байгуулж, тоног төхөөрөмж суурилуулж, сандал ширээ шинээр заслаа.


Шүүхэд үйлчлүүлэхээр хандсан иргэдийн ихэнх нь эрх зүйн мэдээлэл тааруу ирдэг. Хариуцагч нь хаана байвал хэрхэн хандах, улсын тэмдэгтийн хураамжийг яаж төлөх, нэхэмжлэлээ хэрхэн гаргах, тэр нь хэнд яаж хуваарилагдах талаар тэр бүр мэддэггүй. Энэ ч аргагүй. Хүн бүр эрхзүйч биш, хуулийн талаар мэдлэгтэй байх албагүй шүү дээ. Иргэдэд тулгардаг энэ мэт бэрхшээлийг л арилгахын тулд "Шүүхийн үйлчилгээний төв” нээсэн. "Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлуулсан самбар, үйлчлүүлэгчид суух сандал ширээ, шүүхийн мэдээллийн цахим хөтөч (киоск төхөөрөмж) зэрэг нь бүгд үйлчлүүлэгчид зориулсан, ашиглахад хялбар. Тухайлбал, тухайн иргэний хэрэг хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан, ямар ажиллагаа хийгдэж байгаа, хариуцагчийг дуудсан уу, шүүх хуралдаан хэзээ зарлах вэ гэх зэрэг бүх мэдээллийг цахим хөтөчөөс авах боломжтой. 

 

-Та шүүхэд хандаж байгаа иргэдийн олонхи нь мэдээлэл тааруу байдаг гэлээ. "Шүүхийн үйлчилгээний төв” нээснээр анхан шатны мэдлэг авч, өөртөө үйлчлэх боломж олгож байгаа гэсэн үг үү?

 

-Мэдээллийн самбаруудыг хараад шүүхэд яаж хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах зэрэг мэдээллийг хэн нэгний тусламжгүйгээр авчихна. Мөн шүүхийн захиргааны ажилтнууд болон шүүгчийн ёс зүйн талаар хэн, хэрхэн гомдол гаргах талаар заавар байршуулсан. Энэ бүхнийг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем байгаа учраас иргэд анхан шатны мэдээлэл авч, шүүхээр үйлчлүүлэх боломжтой.


-Иргэд анхан шатны мэдээллээ үйлчилгээний төвөөс авсанаар шүүхийн Мэдээлэл, лавлагааны ажилтны ачаалал буурч байна уу?


-Манай шүүх энэ оноос "Хөтөч” ажиллуулж байгаа. Хэнд яаж хандах, хаанаас мэдээлэл авах зэргийг хөтөч зааж өгнө. Тэр дагуу бэлдээд тавьчихсан загварыг ашиглах боломжтой. Мэдээлэл, лавлагааны ажилтан иргэний хэрэг маргааны нэхэмжлэл авдаг учраас дараалалтай байдаг. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс өөртөө үйлчлэх шүүхийн цахим хөтөч ажиллуулж байгаа. 

 

-Шүүхээс анхан шатны үйлчилгээ авахад хялбар болжээ. Харин шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байгаа иргэдэд энэ үйлчилгээний төв ямар ач холбогдолтой бол?


-Үйлчилгээний хэсэгт тусгайлан ширээ, сандал тохижуулсан. Тэнд шүүгчийн туслах хэргийн оролцогчдод хэрэг танилцуулна. Тэр үйл явцыг дүрс бичлэгээр баталгаажуулж байгаа. Мөн хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулах, програмаас хэвлэж авах зэрэг шаардлага гарвал компьютер, хэвлэгч, хувилагч машин байрлуулсан байгаа. 

 

-Танхимд хавтаст хэрэгтэй танилцуулахад хэргийн нууц алдагдах, хэргийн оролцогчдын тав тух алдагдах эрсдэл бий юү?


-Хэрэг танилцахад зориулсан ширээний тусгаарлагчийг модоор хийсэн. Тэгсэнээрээ бусад хүн харах боломжгүй. 

 

-Шүүх хуралдааныг "Нээлттэй шүүх танхим”-аас дэлгэцээр үзэх боломжтой болсон. Танхимуудад шүүх хуралдаан зэрэг болох дэлгэцээр дамжуулахад бэрхшээл байна уу?


-Дорноговь аймгийн шүүх хоёр шүүх хуралдааны танхимтай. "Нээлттэй шүүх танхим”-д хоёр дэлгэц байршуулснаараа шууд үзүүлэх боломжтой. Шүүх хуралдааныг зэрэг үзүүлэх боломжийг хангах үүднээс утастай чихэвч ашиглуулдаг байсан. Харин одооноос утасгүй, 100 метрт барьдаг мэдрэгчтэй чихэвч ашиглуулдаг болсон. 

 

-Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт нэвтэрсэнд иргэд хэрхэн хандаж байна вэ?


-"Шүүхийн үйлчилгээний төв”-ийг тохижуулахаас өмнө шүүхээр үйлчлүүлээд, тохижуулсны дараа дахин ирсэн хүмүүс "10 хоногийн дотор шүүх огт өөр болсон байна. Үйлчилгээ авахад бэрхшээл алга” гэж дүгнэсэн. 

 

-Харин шүүхийн захиргааны ажилтнууд энэ өөрчлөлтөд хэр хандаж байгаа вэ?


-Сэтгэл хангалуун байгаа. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажил хөнгөрсөн. Нэг өрөөнд дөрөв, тавуулаа суудаг. Тэгэхэд дөрөв, таван хүн орж ирчихээд хэргийн талаар асуугаад, хэрэгтэй танилцаад байхаар ажил хийх боломж тааруу байсан. Одоо ажлын цаг хэмнэлт сайжирсан. Гадны нөлөөгүй, түүртэхгүй ажлаа хийж байгаа.

 

-Бүх шүүх ийм үйлчилгээний төвтэй болох зорилт тавьсан. "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулсан эхний шүүхүүдийн нэг гэдэг утгаараа бусаддаа жишиг болох нь гарцаагүй.


-Манай "Шүүхийн үйлчилгээний төв” 118 метр.кв талбайтай. Энэ талбайг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан нь давуу тал болсон. Үүнээс гадна манай шүүх шүүхээр үйлчлүүлж байгаа болон үйлчлүүлж байгаагаагүй иргэдээс санал асуулгыг цаасан хэлбэрээр авдаг. Өнгөрсөн сарын 20-ноос "Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлуулсан цахим хөтөчөөрөө санал асуулга авч эхэлсэн. Мэдээлэл технологийн мэргэжилтний маань зохиосон уг програмаар санал асуулгын дүн тэр доороо гардаг. Дэлгэц нь мэдрэмжтэй, санал асуулгын хариултыг сонгох зэрэг ашиглахад хялбар учраас иргэд идэвхитэй ханддаг. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг иргэд эерэгээр хүлээн авч, идэвхитэй байгаа нь ажиглагддаг.

 
Б.Цэцэгдэлгэр

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 518  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31