Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-08-2017, 05:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Д.Гансүх: Эрүүгийн шинэ хууль иргэдэд ээлтэй болсон

 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч Дамдинсүрэнгийн Гансүхийг "Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Нийслэлийн шүүх үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр төрийн дээд  шагнал  хүртэж, Монгол Улсын гавьяат хуульч болсон танд баяр хүргэе. Энэ хүртэл явж ирсэн ажил, амьдралын тань зам хаанаас эхлэлтэй бэ?

-Баярлалаа. Би 1974 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын найман жилийн дунд сургуулийг, 1976 онд Онгон сумын 10 жилийн сургуулийг тус тус төгсч, 1976-1981 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн ангийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Бид аймгийнхаа Онгон сумын арван жилийн сургуулийн анхны төгсөгч гэдгээрээ бахархдаг.

 

Баяндэлгэр, Наран, Онгон сумдын найман жилийн сургууль төгсөгчдөөс аравдугаар ангид дэвших хуваарь авсан сурагчдаас Онгон сумын анхны "9А” анги бүрдэж байв. Бид аравдугаар ангийг 36-уулаа төгссөн. Биднээс 27-28 сурагч уралдаант шалгалтад аймгийн төвийн арван жилийг төгсөгчидтэй өрсөлдөж их, дээд сургуулийн хуваарь авч байв. Манай ангийнхан сурлага сайтай байсан. Тэр үед сургууль шинээр өөрчлөн байгуулагдсан болоод тэр үү, сурах нөхцөл хүнд, халаалт муу, дүлий пийшинтэй ангид хөдсөн дээлтэй сууж, үзэгнийхээ чернелийг амаараа үлээж гэсгээгээд хичээллэнэ. Бусад сумаас очсон хүүхдүүд голцуу дотуур байранд амьдарч байсан. Анги удирдсан Т.Гомбосүрэн, багш маань сургууль болон шавь нартаа маш хүндтэй хүн. Онгон сумын анхны найм, арав төгсөлтийн ангиудыг удирдаж төгсгөснөөрөө түүхэн гавьяатай. Тэр үед захирал Дуваа, хичээлийн эрхлэгч Очирбат, хэл уран зохиолын багш Цэвэгээ, Гантөмөр, Ухнаа, түүхийн багш Дамдинжав, газар зүйн багш Цэндхорлоо, орос хэлний багш Ж.Одонмажиг, математикийн багш Түвдэн, химийн багш Минжүүрдорж, Физикийн багш Х.Жавзмаа, биеийн тамирын багш Баатар нарын олон ахмад шилдэг багш нараас эрдэм номын өглөгийг хүртэж байв.

 

-Хуульч мэргэжлийн аяны дөрөөнд сүү дусаасан багш нараа дурсахгүй юу?


-Хууль зүйн ухааны доктор, академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа багшийн даасан ангид суралцан төгсч эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Багш маань оюутан бидэнд мэргэжилдээ эзэн байхын, хувийн соёл, зохион байгуулалт өндөр байхын чухлыг ухааруулж өгсөн. Би Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимэд, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч Л.Баасан, Хууль зүйн ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, доктор, профессор Б.Уранцэцэг нарын зэрэг олон эрдэмтэн, докторуудаас эрдмийн охийг хүртэж, эрхзүйч мэргэжил эзэмшсэндээ бахархдаг.

 

-Сүхбаатар аймгийн болон Төв аймгийн шүүхэд та хэр олон жил ажиллав. Тухайн газар орон, ард иргэдийн онцлог гэж байх уу?

 

-Шүүхийг Ардын шүүх байхаас мэргэжлийн шүүх болтол, Мэргэжлийн шүүхээс мэргэшсэн /төрөлжсөн/ шүүх болтол нь тасралтгүй 36 жил шүүгчээр ажилласны дотор Сүхбаатар аймгийн шүүхэд Хэсгийн ардын шүүхийн шүүгчээс аймгийн шүүхийн орлогч дарга, аймгийн шүүхийн дарга, Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр 20 жил, Төв аймгийн шүүхэд Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн шүүхийн шүүгчээр 12 жил тус тус ажиллаж иржээ. Тиймээс ажил, мэргэжлээ түшиж хариулья даа. Сүхбаатар аймаг 12 сумтай, үүнээс тав нь хилийнх, ард иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлнэ, малчдын амьдрал чинээлэгдүү, түүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил харьцангуй цөөн гарна. Харин Төв аймаг 27 сумтай, нийслэл хотоо тойрсон нутаг дэвсгэртэй, ард иргэд нь голчлон газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Авдрант, Мааньт, Мөнгөнморьт гээд гурван ч хорих анги, Согтууран мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх, хөдөлмөрлүүлэх газартай. Харьцангуй хүн ам олноор суурьшсан, хүн амын нягтаршил их, эрүүгийн нөхцөл хүнд талдаа. Нийслэлээс гарч буй гол төв замууд Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрдөгтэй холбоотойгоор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг түлхүү гардаг. Тэр нь газар нутгийн харьяаллаар шүүхээр харьцангуй их шийдвэрлэгддэг. Мал мах худалдах төвлөрсөн захууд нийслэлд төвлөрсөнтэй холбогдож малын хулгайн хэрэг шүүхэд ихээр шилждэг онцлогтой. Нийслэлтэй харьцуулахад хүн амь, хүчин, танхай, хулгай залингийн болон бусад хэргүүд харьцангуй цөөн байх жишээтэй. Иргэний болон захиргааны хэрэг маргаан харьцангуй ойролцоо тоогоор шийдвэрлэгддэг.

 

-Таны намтраас харахад, шүүхийн бай-гууллагын удирдлагад, тухайлбал, хоёр аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллажээ. Шүүхийн байгууллагыг удирдах хэцүү байдаг уу?

 

-Төр, түмэн итгэж л тэдгээр аймгийн шүүхүүдийг удирдах үүрэг ногдуулсан болохоор аль болох итгэлийг нь даахын төлөө л зүтгэнэ шүү дээ. Сүхбаатар аймгийн шүүхийн дарга М.Могноон, Ц.Халзай, Н.Хүрэлбаатар, орлогч дарга Л.Дэлэг нарын шүүхийн байгууллагын олон шилдэг дарга нарын удирдлагад, Тамгын хэлтсийн дарга Г.Тогооч, Ж.Бадрах, Х.Чимиддорж, С.Бямбаа нарын шилдэг менежерүүд, болон шүүгч Ш.Дуламжав, С.Сугар, С.Өлзийсайхан, Ж,Энхчулуун, Ш.Даваадулам, С.Буд, Г,Сүрэн, Д. Мягмаржав, Н.Түвшинжаргал, Д.Оюунчулуун, П.Баттулга, П.Долгормаа, Д.Буянтогтох, Ж.Мөнхтуяа, Б.Хажидмаа, Д.Очмандах гээд олон туршлагатай шүүгч нартай хамтран ажиллаж байсан болохоор тэднийхээ өмөг түшигт ажил урагштай явсан. Байгууллага, хамт олныг удирдахад 1999 онд Удирдлагын Хөгжлийн институтийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсч, мэдлэгээ сэлбэсэн нь ихэд ач холбогдол өгсөн гэж боддог.

 

Би Төв аймгаас шилжиж очсон гурван ч шилдэг даргын удирдлагад ажиллаж, тэдний арга барилаас их зүйл сурч мэдэж авсан азтай хүн. М.Могноон дарга /Говь-Алтайн Бугат сумын уугуул/ шаардлага өндөртэй, шийдмэг дайчин хүн. Нийслэлийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын гавьяат хуульч болсон. Миний хувьд анхны дарга М.Могнооны замналаар ажиллаж, түүний амжилтыг давтсандаа бахархдаг. Бидний амьдралын замнал сонин түүхтэй, тухайлбал М.Могноон дарга Сүхбаатар аймгийн шүүхийн даргаас Төв аймгийн шүүхийн даргаар, дараа нь Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн. Харин миний хувьд Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Төв аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр, дараа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Ц.Халзай /Ховдын уугуул/ дарга бол бизнес сэтгэлгээ сайтай, хүнтэй ажиллах ур дүй сайн эзэмшсэн, хүний мөс чанарыг сайн таньдаг, нэг үгээр хэлбэл гавьяатын эрэмбэтэй сайн дарга байсан. Намайг их дэмждэг байлаа. Н.Хүрэлбаатар дарга харьцангуй залуу хүн гэхэд шүүхийн болон аж ахуй эрхлэн хөтлөх практик мэдлэгийг богино хугацаанд эзэмшсэн, бизнес сэтгэлгээ сайтай, бусдад тусархаг, хүнлэг тун их өсөх ирээдүйтэй Монголын шүүхэд мөн ч хэрэгтэй сайхан залуу дарга байв.

 

-Одоо та Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Энэ жил түүхэн ой нь тохиож буй Нийслэлийн шүүх, хамт олныхоо талаар та юу хэлэх бол?

 

-Түүх сөхвөл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1927 оны долдугаар тогтоолоор Улсын Дээд шүүх байгуулагдсаныг баталсан байдаг. Харин одоогийн Нийслэлийн буюу Улаанбаатар хотын шүүхийг 1927 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр сонгон байгуулж, яамны шүүх хэлтсийг татан буулгаж, түүний үүргийг Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ жил Нийслэлийн шүүх үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосноор манай хамт олон ой угтан олон ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, түүхт ойтойгоо амжилт бүтээл дүүрэн золгож байна.

 

Нийслэлийн шүүх, дотроо Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хоёр бие даасан шүүхтэй, дундаа нэг гал тогоо буюу Тамгын газартай. Дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэр, тогтоол, захирамж, шийтгэврийг эс зөвшөөрч төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын давж заалдсан гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тухайн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэдэг юм. Ачааллын хувьд улсын хэмжээний 22 давж заалдах шатны шүүхийн жилд шийдэвэрлэсэн нийт хэргийн 50-60 хувьтай тэнцэх хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Ахмад, дунд, залуу шүүгчдийн төлөөлөл бүхий 30 шүүгчтэйгээр шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэг. Манайд анхан шатны шүүхүүдээс дэвшиж ирсэн оюунлаг залуу, дунд үеийн шүүгчид, мөн олон жил аймаг, дүүрэг, сум дундын шүүхүүдийг удирдаж, Ерөнхий шүүгчээр нь ажиллаж ирсэн туршлагатай шүүгчид ч ажилладаг. Жишээ нь, зөвхөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 шүүгчийн дөрөв нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, дөрөв нь дүүрэг, сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр, гурав нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байх жишээтэй. Би тус шүүхийн оюунлаг, эвсэг, соёлч хамт олноор бахархдаг. Иргэний хэргийн давж заалдах шүүх мөн адил бүрэлдэхүүнтэй хуульзүйн докторын зэрэгтэй шүүгч хүртэл ажилладаг.

 

-Иргэдийн дунд сүүлийн үед эрүүгийн хэргүүд улам нарийсч хүндэрсэн гэсэн яриа байдаг. Ямар өөрчлөлтүүд анзаарагдах юм бэ?

 

-Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж харгис хэрцгий болж байна. Хүн амь, хулгай, дээрэм, авто осол, хүчин, танхай, эрүүл мэндийн эсрэг ихээр гарах юм. Сүүлийн үед хар тамхи, авилгын хэрэг өсөх хандлага ажиглагдаж байгаа. Телевизүүдийн нэгдсэн бодлоготой холбоотой гэх юм уу, мэдээллийн гол хэрэгсэл болох телевизийн сувгуудаар алаан хядаан, хүчирхийлэл, дээрэм тонуул, хар тамхитай холбоотой янз бүрийн кино, мэдээлэл их цацах юм. Нөгөөтэйгүүр цахим тоглоомын газрууд хяналтгүй ажиллах юм. Энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэхүйг хордуулж байна уу гэж боддог. Түүний оронд хүмүүсийн ажил амьдралын сайн туршлага, хүн болж төлөвших, зөв хүмүүжих уламжлалт арга зүй, төр засах ухаан, монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, шашин, хууль иргэнд, хүнд хэрэгтэй тустай гэгээлэг бүхнийг л бодлоготойгоор түлхүү мэдээлбэл зохистой юм.

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн статистик мэдээллээс үзэхэд, шүүхээр 2017 оны эхний хагасд нийт ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны буюу идэр залуу насныхан 1794 байна. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 43.4 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх хувь нь идэр залуу насныхан байна гэсэн үг. Иймээс энэ насны онцлогт тохирсон гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

 

-Шүүгчид тэр бүр нээлттэй байдаггүй. Тэр нь ажлын онцлогоос хамаардаг байх. Ямар дүрэм, дүрэм журмыг баримталдаг вэ?


-Шүүгч тэр бүр нээлттэй байдаггүй нь үнэн. Өмнө нь шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааг Шүүхийн тухай хууль гэсэн зөвхөн нэг хуулиар зохицуулж ирсэн. 2013 оноос Шүүхийн шинэтгэл төгөлдөржиж, Шүүхийн багц хуулиуд тухайлбал, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд олон хууль шинэчлэгдлээ. Тэдгээрт үндэслээд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг 2013 онд, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг 2014 онд тус тус шинэчиллээ. Энэ бүх дүрэм, журмуудад хуульчийн баримтлах нийтлэг зарчим, ёс зүйн хэм хэмжээ, шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлсон байдаг. Шүүгч шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж явахаар нэгэнт тангараг өргөдөг болохоор түүнийгээ л мөрдөнө шүү дээ. Ер нь шүүгчийн эрх бол бусад төрийн албан хаагчидтай харьцуулахад хязгаарлагдмал гэж хэлж болно. Гэхдээ багшлах, эрдэм шинжилгээний ажил хавсарч хийхийг зөвшөөрдөг. Мэдээж хууль зөрчихгүй арга журмаар алдсан, эндсэн хүмүүст анхааруулж зөвлөх зүйл бишгүй л тохиолддог.

 

-Шүүгчийг алдах эрхгүй гэдэг. Ар гэр нь найдвартай ар тал, халамж анхаарал дүүрэн халуун дулаан орчин байж таарна. Та гэр бүлээ танилцуулна уу?

 

-Миний хань Сумъяа анагаах ухааны дунд сургуулийг сувилагч, Цагдаагийн академийг эрх зүйн мэргэжлээр тус тус төгссөн, төрийн үйлчилгээний болон захиргааны байгууллага, дараа нь төрийн тусгай алба шүүхийн байгууллагад захиргааны албыг олон жил хашсан. Хоёр хүү, хоёр охин маань бүгд мэргэжил эзэмшиж, гурав нь төрийн албанд, нэг нь төрийн өмчит компанид эдийн засагч, хуульч, инженерийн мэргэжлээр тус, тус ажиллаж байна. Шүүхийн цаг наргүй нөр их ажил, ачааллын онцлогийг хань минь надтай ханилсан цагаасаа ойлгож, дэмжиж, туслаж, халуунд нь халж хүйтэнд нь хөрч, үр хүүхдээ өсгөж, бидэнд хайр халамжаа шингээж, ар талын фронтыг найдвартай удирдаж явсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж ханиараа бахархдаг, үр хүүхдийнхээ буян заяанд итгэдэг.

 

-Одоо шүүхийн шинэчлэл, сүүлийн үед хэрэгжиж буй Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулиудын талаар танаас асууж, уншигчдадаа мэдээлэл өгье гэж бодож байна?

 

-Шүүхийн шинэчлэл 1992 онд Үндсэн хууль батлагдаж төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилснаар шүүх эрх мэдлийн бие даасан байх эрх зүйн үндсийг тогтоож, 2013 онд Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан үеэс хэрэгжиж эхэлсэн гэж үздэг. Харин шүүхийн шинэтгэл бол 2013 онд Шүүхийн багц хуулиуд, түүнд холбоотой бусад хуулиуд батлагдсанаар хэрэгжиж эхэлсэн. Шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх гол зэвсэг болсон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, зөрчил хэлэлцэн шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдсөнөөр шүүхийн шинэтгэл төгөлдөржих, өөрөөр хэлбэл жинхэнэ утгаар хэрэгжих шатандаа орлоо гэж харж байна.

 

-Эрүүгийн болон Зөрчлийн хууль шүүхийн шатанд хэрхэн хэрэгжиж байна?

 

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэхэд 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш сар шахам хугацаанд анхан шатны шүүхийн тогтоолтой Эрүүгийн 70 гаруй хэргийг хянан хэлэлцэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлж, хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж шийдвэрлээд байна. Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн мэдээллээс үзэхэд 4124 ялтны ялыг 2015 оны хуулийн зохих зүйл хэсэгт оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн. Үүнээс ял нь хөнгөрсөн 1049 ялтныг суллаж, үлдсэн 3075 ялтны ялыг дүйцүүлэн хассан. Харин 376 ялтны ял хөнгөрөөгүй тул ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн мэдээ байна.

 

-Өмнөх Эрүүгийн хуулийг хүмүүс "Хар хууль”, "Шоронжсон хууль” гэхчлэн шошго зүүж ярьж, бичдэг байлаа. Түүнтэй харьцуулахад шинэ хууль иргэдэд хэр ээлтэй, ямар боломжуудыг нээсэн бол?


-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд "нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан нь энэ хуулийн үзэл баримтлалын томоохон өөрчлөлт гэж үздэг. 2002 оны Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн эсэх, үүний дотор ялтай давтан, өөрөөр хэлбэл, тухайн ялтан ялаа эдлэж ирсэнээс хойш хуульд заасан тодорхой хугацаа өнгөрөөгүй үед ялтайд тооцогддог байсан, нэг төрлийн хэргийг мөн давтан үйлдсэн, түүнчлэн гэмт хэргийн хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн ангиллаар авч үзэж, ялын хэмжээг хүндрүүлж тогтоодог байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүнд гэсэн хоёр ангилалтай болгосон. Үүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигаа арилгасан, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ял оногдуулахгүйгээр шийддэг болсон. Мөн хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, хөрөнгө орлогыг хураах, албадлагын арга хэмжээг хэрэглэх зэрэг шинэ зохицуулалтууд нэмэгдсэн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хялбаршуулан хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх шинэ зохицуулалт нэмэгдсэн зэрэг мэдээллийг өгч болохоор байна. Нөгөөтэйгүүр хүмүүс Эрүүгийн хуулийг "Хар хууль”, "Шоронжсон хууль” гэхчлэн шошго зүүж ярьж, бичдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны амжилд амжилт хүсье.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 831  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031