Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-08-2017, 02:41   Хэсэг: Мэдээлэл / Онцлох мэдээ   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

-АНУ-д туршлага судлах сургалтад оролцсон шүүгчдийн тэмдэглэл-


Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 10 шүүгч 2017 оны долдугаар сарын 20-30-нд АНУ-ын Вашингтон хот болон Орегон мужийн Портланд, Нью Жерси мужийн Пристон хотод туршлага солилцох сургалтад хамрагдсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Шүүгчид АНУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай туршлага солилцсон юм.


Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Конгерссын дэргэдэх "Нээлттэй дэлхий манлайлал төв”-тэй 2014 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш шүүгчдийн туршлага солилцох сургалт уламжлал болсон билээ. 

 

Вашингтон хотноо


Сургалтын эхний үе Вашингтон хотноо хоёр өдөр үргэлжиллээ. "Нээлттэй дэлхий манлайлал төв”-ийн Гүйцэтгэх захирал, Элчин сайд Жон O Кийфи нарын албаны хүмүүс АНУ-ын холбооны болон мужийн шүүхийн хосолсон тогтолцоо, холбооны шүүхийн захиргаа, шүүгчийн ёс зүй, шүүгчийн сонгон шалгаруулалт болон давтан сургалтын талаар лекц уншиж, шүүгчидтэй ярилцлага өрнүүлсэн юм.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

АНУ Холбооны болон Муж улсын шүүхийн хосолмол тогтолцоотой. Сенатын танхимын хоёр гишүүний саналыг үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр Сенатын танхимын хуралдаанаар Холбооны шүүхийн шүүгчдийг бүх насаар нь томилдог. Харин Мужийн шүүхийн шүүгчдийн тухайн муж улсын онцлогоос шалтгаалж 6, 8, 12, 14 жилийн хугацаатайгаар олон нийтийн санал асуулгын дүнд буюу сонгуулиар сонгодог нь бусад улс орнуудтай харьцуулахад өвөрмөц байв.


Шүүгчид АНУ-ын Холбооны шүүхийн захиргааны төв, Холбооны дээд шүүх болон төрийн бус байгууллагуудаар зочилж туршлага судалсан юм.


Дараагийн өдрүүдэд нь шүүгчид хоёр хуваагдан Орегон мужийн Портланд хот, Нью Жерси мужийн Пристон хотод туршлага судлах сургалтад оролцсон билээ.


АНУ-д суралцаж, Орегон мужийн Портланд хотод туршлага судалсан шүүгчдийн тэмдэглэлийг хүргэе.


Портланд хотноо


Завхан аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нар АНУ-ын Орегон мужийн Портланд хотод сургалтаа үргэлжлүүллээ.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

Шүүгчид Орегон мужийн Клакамас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн коллеж (Clackamas community college)-д цуглан хөтөлбөрийн дагуу туршлага судлах аялал, сургалтаа үргэлжүүлсэн юм. Тус сургууль нь 1966 онд байгуулагдсан, гурван салбартай. Техникийн чиглэлээр 2 жилийн хугацаатай оюутан сургадаг мужийнхаа томоохон сургуулиудын нэг аж.


Үүний дараа шүүгчид АНУ-ын Холбооны давж заалдах 9 дүгээр тойргийн шүүхэд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. АНУ-ын тойргийн шүүх буюу Холбооны давж заалдах шатны шүүх 66 эрэгтэй, 34 эмэгтэй шүүгчтэй. Тэдний нэг нь ази хүн аж. Холбооны шүүгч бүх насаараа томилогддог. Харин мужийн шүүгч 75 настайдаа тэтгэвэрт гардаг. Холбооны шүүгч 4 туслахтай. Туслахуудын нэг нь байнгын, 3 нь хоёр жил тутамд солигддог гэнэ. Их, дээд сургуулийн төгсөх дамжааны оюутан, хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж буй иргэд шүүгчийн туслахаар ажиллах нь элбэг юм байна. Биднийг хүлээн авсан О Скайнлон шүүгч 4 туслах, 3 дадлагын оюутан туслахтай ажиллаж байгаагаа танилцуулсан.


Шүүхтэй танилцсаны дараа "Lewis & Clark” хуулийн сургуульд зочиллоо. Портланд хотын төв цэцэрлэгт хүрээлэнд байрладаг уг сургууль нь 1915 онд байгуулагдсан 107 багш, 719 оюутантай. Төгсөгчдийн 87 хувь нь хуульчаар ажиллаж байгаа тус сургуулийн хичээлийн танхим, номын сан нь цонхгүй юм. Шалтгааныг тодруулахад "Оюутнуудын анхаарлыг сарниулахгүй байх зорилготой” гэнэ.


Долдугаар сарын 24-ны танилцах сургалтын төгсгөлд Орегон мужийн 3 дугаар тойргоос сонгогдсон Конгресын гишүүн Earl Blumenauer-ын ажлын байранд зочилж, АНУ-ын хууль тогтоох ажиллагаа, хоёр танхимын хоорондын харилцааны талаар ярилцлаа. Манай шүүгчид Монгол Улсад шүүхийн шинэтгэл өрнөж байгаа талаар танилцуулж, энэ удаагийн сургаль шинэтгэлд том хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.


Маргааш нь шүүгчид Портланд хотын орон нутгийн радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгч Монгол Улс, шүүх засаглалын талаар танилцууллаа. Монгол Улсад өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсны дараа Орегон мужийн Холбооны давж заалдах шатны 9 шүүхийн нэг байранд очлоо. Уг давж заалдах шатны шүүх нь харъяалах нутаг дэвсгэрийн хувьд хамгийн том бөгөөд шүүхийн дөрвөн байртай аж. Шүүх хуралдааны танхим нь эртний Грек, Ромын барилга лугаа адил засалтай бөгөөд шүүх засаглалын сүр жавхааг илтгэнэ. Бидэнд танилцуулга хийсэн О Скайнлон 80 настай эрдэмтэн бөгөөд Холбооны давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч. Тэрбээр АНУ-ын шүүхийн шинэтгэлийг боловсруулалцсан, Холбооны шүүхийн төв (Federal Judicial center)-ийн Шүүхийн гадаад харилцааны холбооны даргын албыг давхар хашдаг аж.


Тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Холбооны хуульчдын холбоо (Federal Bar Assocition)-ын гишүүн хуульчид болох шүүгч, прокурор, өмгөөлөгч болон шүүхийн захиргааны ажилтнууд цуглаж Монгол Улсын шүүгчдийн илтгэлийг сонсч, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Шүүх хуралдааны танхим суудалгүй болтлоо дүүрсэн байгааг О Скайнлон шүүгч "Энд 100 гаруй хуульч цуглаж, танхим суудалгүй болсон байгаа нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизмтай танилцах хүсэлтэй байгааг илэрхийлж байна” гэж тодотгосон билээ. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг "Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа "Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” сэдвээр танилцуулга хийв. Илтгэл тавьсны дараа тэнд цугласан хуульчид асуултдаа хариулт авсны дараа чиглүүлэгч шүүгч "Танай улсын шүүхийн шинэтгэл их хурдацтай, үр дүнтэй хэрэгжиж байгааг сонсоход таатай байна. Бид бүхэн танай шүүхийн шинэтгэлийг хоёр хөршөөсөө илүү сайн яваа гэж дүгнэлээ. Мөн танай улсад ялын тохиролцооны тогтолцоог энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа нь сонирхол татлаа. Бид ялын тохиролцооны талаар арвин туршлагатай. Энэ талаар хөгжиж буй орнуудад сургалт зохион байгуулдаг учраас хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

Долдугаар сарын 26-ны өдөр шүүгчид Орегон мужийн давж заалдах шатны шүүхэд ажиллалаа. Тус шүүх нь мужийн анхан шатны шүүхийн шийдвэролэсэн бүх иргэний хэрэг болон цаазаар авах ял оногдуулснаас бусад эрүүгийн хэргийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэдэг. Мөн тус мужийн төрийн захиргааны байгууллагын ихэнх шийдвэр, үйл ажиллагааг давж заалдах шатны журмаар хянадаг юм байна.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

Биднийг хүлээн авсан Рекс Армстронг шүүгч 1994 оноос хойш тус шүүхэд шүүгчээр сонгогдон ажиллаж байгаа. 1977-1978 онд Орегон мужийн Дээд шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байгаад, 1994 оныг хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж иргэний хэрэг, тэр дундаа шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн чиглэлээр туршлага хуримтуулсан гэнэ. Тэрбээр 14 хүүхдийн эцэг бөгөөд хүүхдүүдийнхээ 12-ыг БНХАУ-аас өргөж авсан тухайгаа ярьсан.


Рекс Армстронг шүүгч "Манай шүүх анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хөндөх, өөрчлөх, дүгнэх эрх байхгүй. Давж заалдах шатны шүүх бол зөвхөн хууль хэрэглээний болон процессын алдааг л хянадаг. Гэхдээ уг алдаа нь шүүхийн шийдэлд нөлөөлөхөөргүй бол бид завсар оруулчихдаг. Харин шийдэлд нөлөөлсөн гэж үзэхээр бол хүчингүй болгоод, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаадаг. Ер нь шүүхийн алдааг шүүх л засдаг. Хамгийн гол нь ард түмэн шүүхийн бүх чадлаараа ажилласан гэдэгт итгэлтэй байх нь чухал” хэмээн шүүхийнхээ үйл ажиллагааг танилцуулахдаа онцолсон.


Дараагийн зочилсон шүүх бол Орегон мужийн Дээд шүүх. Тус шүүх 7 шүүгчтэй. Ази гаралтай эмэгтэй шүүгч ажилладаг юм билээ. Ерөнхий шүүгчээ шүүгчид дотроосоо 6 жилийн хугацаатай сонгодог. Тус шүүхийн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх л хянах боломжтой. Мужийн анхан шатны шүүхийн цаазаар авах ял оногдуулсан, хөдөлмөрийн хууль зөрчсөн тухай шийдвэрийг, мөн мужийн татварын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар хүлээн авдаг онцлогтой аж.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв

Долдугаар сарын 27-ны өдөр Мужийн тойргийн анхан шатны шүүхэд зочиллоо. Тус шүүхэд эмч хүний эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хохирол нэхэмжлэх шүүх хуралдаанд сууж, шүүх хуралдааны явцтай танилцлаа. Мөн Орегон муж дахь Холбооны дүүргийн анхан шатны шүүхэд ажиллахдаа ялын тохиролцоог батлах эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаанд сууж шүүх хуралдааны дэг, оролцогчдын эрх үүрэгтэй танилцав. Шүүх хуралдаанд шүүгчийн туслах, нарийн бичгийн даргаас гадна хурдан бичээч суудаг ба шүүх хуралдааны тэмдэглэл нь хурдан бичигдэх зорилгоор үгийн томъёонд оруулсан байдаг сонирхолтой байлаа.


Холбооны дүүргийн шүүхийн байранд байрладаг Маршалын албаны үйл ажиллагаатай мөн танилцсан. Маршалын албыг Ерөнхий тахар удирддаг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч томилдог. 2008 онд томилогдсон Ерөнхий тахар албаа удирдаж байлаа.

Маршалын албаны чиг үүрэг нь:

1.Шүүхийн аюулгүй ажиллагаа (Шүүгч, гэрч, хохирогч, хуяглан хүргэлт гэх мэт)

2.Оргон зайлсан хүнийг эрэн сурвалжлах

3.Шүүх хуралдааны аюулгүй ажиллагаа (шүүх хуралдааны бүх оролцогчдын аюулгүй байдлыг хангах)

4.Шаардлагатай бол Ерөнхий шүүгч, прокурорыг мөн хамгаална.

 

Маршалын алба нь тус албаны хамгаалалтад байгаа обьектод ямар нэгэн халдлага болох талаар сэжиг илэрсэн тохиолдолд ажиллагаа хийж эхэлдэг. Мөн шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалал зэрэглэл өөр, өөр байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг ажилд нь унаагаар хүргэж өгөх, 24 цагийн биечилсэн хамгаалалтад байлгах зэрэг ямар төрлийн хамгаалалтыг яаж хэрэглэхийг Ерөнхий тахар өөрөө шийддэг аж.


Бид сургалтын сүүлийн өдөр Орегон мужийн түүхэн дурсгалт газраар аялж дараа нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын гэрт зочилсон нь мартагдашгүй дурсамж үлдээлээ.

АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв
АНУ-ын шүүгчид Монголын шүүхийн шинэтгэлийг хурдтай, үр дүнтэй гэж дүгнэв 

 

АНУ-д суралцсан шүүгчдийн төлөөлөл

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 700  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930