Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-05-2014, 12:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ч.Нармандах: Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдлын дийлэнх нь нотлох баримтад тулгуурлаагүй байдаг.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч. Нармандахаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Шүүхийн ёс зүйн хорооны үндсэн чиг үүргийн талаар товч мэдээлэл өгнө үү.

-Шүүхийн ёс зүйн хорооны үндсэн чиг үүрэг бол шүүгчийн ёс зүйн сахилга, хариуцлагыг сахин хамгаалах, дээшлүүлэх, иргэн хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан ирүүлсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх, шүүгч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцох, мөн шүүгчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

 

-Шүүгчид бол "эцсийн” шийдвэр гаргадаг албан тушаалтан. Тэдгээрийн гаргасан шийдвэрийн талаарх гомдол ёс зүйн зөрчилтэй холбогдуулан гаргасан гомдлын ялгаа заагын талаар торуулна уу.

-Энэ маш чухал асуудал юм. Иргэд олон нийтийн зүгээс шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэг үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл ойлголттой байх шиг байна. Шүүхийн ёс зүйн хороо нь шүүх, шүүгчийн гаргасан аливаа шийдвэр үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх, мэргэжил ур чадварын хувьд алдаа гаргасан уу гэдгийг хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Харин шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, шүүгчид ёс зүйн сахилга, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг хараат бус байгууллага юм. Шүүгчийн баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг Шүүгчийн ёс зүйн дүрэм болон хуулиар тусгайлан тогтоосон байгаа. Иймд иргэд гомдол гаргах эрх хэмжээ, ялгаа заагийн талаар зохих мэдлэгтэй байхгүй бол Шүүгчийн ёс зүйн хорооны эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар гомдол гаргаж байгааг анхаарах шаардлагатай.

Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж   2014 оны 03 дугаар 01 -ний өдрөөс даган мөрдөж байна.

 

-Ёс зүйн хороо хичнээн гишүүний бүрэлдэхүүнтэй вэ? хянаж шалгадаг хороонд ямар хүмүүс ажиллаж байна вэ?

-Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүний хувьд Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Шүүхийн ёс зүйн хорооны даргаар Хууль зүйн сайдын зөвлөх О. Алтангэрэл, гишүүнээр Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрхлэгч Н.Эрдэнэцогт, Хууль зүйн яамны Эрх зүйн бодлогын шинэчлэлийн газрын дарга Т.Бат-Өлзий, Улсын их хурлын гишүүний зөвлөх Д.Пунцаг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Хуульчдын холбооноос нэр дэвшүүлэн томилуулах гурван хүн одоогоор арай шийдэгдээгүй байна. Одоогийн ажиллаж байгаа Шүүгчийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнээс харахад 100 хувь шүүхийн гаднах төлөөлөл ажиллаж байна.

 

-Шүүхийн ёс зүйн хороо иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн хичнээн өргөдөл, гомдол хүлээн авч, ямар үе шаттайгаар шийдвэрлэж байна вэ?

-Шүүхийн тухай багц хэрэгжиж эхэлснээс хойш Шүүхийн ёс зүйн хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлд давхардсан тоогоор 281 шүүгчид холбогдох 183 гомдол, хүсэлт иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлжээ. Үүнээс Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар 222 шүүгчид холбогдох 141 гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүлээн авч, хорооны дарга гишүүдэд хуваарилсны дагуу хорооны гишүүд гомдлын мөрөөр хянан шалгах ажиллагааг явуулж, шалгалтын дүнгийн талаар хорооны даргад танилцуулж хуралдаанд илтгэдэг. Ёс зүйн хорооны хуралдаан гурван гишүүний бүрэлдэнүүнтэй хуралдаж шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах тухай шийдвэрийн аль нэгийг гаргана. Уг шийдвэрийг хуралдаанд оролцогч нарын аль нэг тал эс зөвшөөрвөл Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй. Харин нийт гишүүдийн хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана. "Шүүхийн захиргааны тухай хуульд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заасныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан тул цаашид хэрхэн шидвэрлэх нь хууль тогтоох байгуулаагаас гарах шийдвэрээс хамаарна. Шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг хэлэлцэж байгаа дээрх үйл ажиллагаанаас үзэхэд нилээд олон шат дарааллаар давхар хянагдаж шийдвэрлэгддэг болохыг харж болно.

 

- Тэдгээр өргөдөл гомдлыг төрөлжүүлж үзвэл?

-Иргэд, олон нийтээс шүүхийн ёс зүйн хороонд ирүүлж байгаа гомдлыг агуулгаар нь авч үзвэл шүүх хэрэг буруу шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулсан, хэргийн нэг талд үйлчилсэн гэх гомдол дийлэнх хувь нь байгаа бөгөөд дээр дурдсан ёс зүйн хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн 222 шүүгчид холбогдох 141 гомдлоос хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдоогүй, гомдол нь шүүгчийн ёс зүйтэй холбоогүй зэрэг үндэслэлээр 176 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь нийт гомдлын 90 орчим хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдлын дийлэнх нь нотлох баримтад тулгуурлаагүй, харьяаллын бус, шүүгчийн ёс зүйтэй холбоогүй гомдол гаргаж байна.

 

- Шүүгчид хариуцлага тооцох ямар үе шат байдаг вэ? Шүүгч ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдоод хариуцлага тооцсон тохиолдолд шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх үндэслэл болох уу?

-Ёс зүйн хорооны хуралдаанаар 16 шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээс нийт гишүүдийн хуралдаанаар 8 хэргийг хэлэлцэж 6 шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцэхийг хойшлуулж, нэг шүүгчид гурван сар цалингийн хорин хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээд байна. Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй тул энэ нь эцсийн шийдвэр гэж үзэж болохгүй юм. Шүүхийн ёс зүйн хороо шүүгчийн ёс зүйн зөрчлийн шинж байдал, шүүх, болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан сануулах, цалин бууруулах болон шүүгчийн албан тушаалаас огцруулах хүртэл сахилгын арга хэмжээ эрхтэй юм.

 

-Шүүх бол ард иргэдийн эрхийг хамгаалдаг, шударга ёсыг тогтоодог байгууллага. Харин маргалдагч талуудын аль нэг нь шүүгчийн гаргасан шийдвэрт сэтгэл ханамжгүй үлддэг. Иймдээ ч шүүгчид хараат бусаар ажиллахгүй байна, авлигал авлаа, шударга бус шийдвэр гаргалаа гэх зэргээр гомдол гаргадаг? Иргэд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчид өширхсөн байдлаар гомдол гаргадаг шүү дээ?  

-Шүүх бол иргэд, олон нийтэд шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аль нэг талд нь эерэгээр шийдвэр гаргадаг учраас нөгөө тал нь гомдолтой үлддэг. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, буруу шийдвэр гаргасан тул танай хороо энэ шийдвэрт үнэлэлт дүгнэлт хийж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гомдол их ирдэг. Зарим тохиолдолд өширхсөн байдалтай гэхээс илүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон гомдол байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс, Шүүхийн ёс зүйн хороо гомдлыг хянан шалгах ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн бүрэлдэхүүнээр гомдлыг хянан хэлэлцэж байгаа учраас шударга шийдвэр гаргадаг гэдэгт итгэлтэй байж болно. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд иргэд, хуулийн этгээдээс шүүхийн шийдвэр гарангуут л шүүх буруу шийдчихлээ гээд манайд ханддаг нь тухайн этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дараа дараагийн шатны шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг алдахад хүрдэгийг анхаарах ёстой юм. Бид иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдлын агуулгад байнгын судалгаа хийж, шүүхийн ямар үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа талаарх мэдээллийг шүүхүүд болон бусад байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Ингэснээр шүүгч нар өөртөө мэргэжлийн болон хувийн ёс зүйн өндөр шаардлагыг төлөвшүүлэх, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах хандлага нэмэгдэх юм. Шүүгч бүр албаны үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэвэл тэр нь ёс зүйн өндөр төлөвшил бий болж байна гэж үздэг бөгөөд үүгээр дамжин шүүхийн бие даасан хараат бус байдал бэхжих юм.  

 

-Ярилцсанд баярлалаа.

                                                                                               Г.Хонгорзул

Эх сурвалж: Өдрийн сонин

Нийтэлсэн khangai   Үзсэн: 948  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031