Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017, 04:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

М.Батсуурь: Үндсэн хуулийн зарим өөрчлөлтийг эсэргүүцэхээс өөр арга алга

-ШҮҮГЧ ПАРЛАМЕНТАД БУЙ ОЛОНХИ НАМЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР 
СОНГОГДДОГ БОЛНО-

Улсын Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн, шүүгч М.Батсуурьтай үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухай ярилцлаа.

-Шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?  

-УИХ-д байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчид, УИХ-ын гишүүд шүүгчидтэй уулзаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар санал авлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой хэд хэдэн заалт бий. Шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар гэсэн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийг харахад зарим нь дэвшилттэй байгаа ч зарим өөрчлөлтийг эсэргүүцэхээс өөр арга алга.

-Шүүгчид томилгоотой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг багагүй шүүмжилж байна?

-Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгооны асуудал дээр "УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч томилох” тухай нэмэлт, өөрчлөлт төсөлд орсон. Одоо байгаа зохицуулалтаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дордуулсан гэж үзэж байгаа.

-Яагаад?

-Улс төрийн соёл төлөвшөөгүй манайх шиг улсад зохимжгүй зохицуулалт. Ардчилал 200 гаруй жил хөгжсөн Америкийн нэгдсэн улсад сенат юм уу конгрессын дэмжлэгийг авснаар Дээд шүүхийн шүүгчээр томилогддог. Тэнд улс төрчид огт хэрэг ярьдаггүй. Парламент нь тухайн хүний мэргэшсэн байдал, хувь хүний төлөвшлийг ярьж байгаад дэмждэг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн томилгоонд субъектив, улс төрийн үнэлэмжээр огт ханддаггүй. Харин Монголд УИХ-аас байгууллагддаг төрийн байгууллагад томилгоо хийхэд парламентад олонхи байгаа нам, эвслээс дэмжлэг авах шаардлагатай болдог. Шүүгч яг тэр шугамаар томилогддог болно гэсэн үг. Шүүгчийн карьер хөөж байгаа хүн ур чадвараа нэмэгдүүлэх, шинжлэх ухаанч байдлаар хуулиа судлах, мэргэшихийн зэрэгцээ аль нэг нам, улс төрийн хүчинд танигдах, тэдэнтэй ойр байх шаардлага бий болох нь. Тэгэхгүй бол Улсын Дээд шүүхийн шүүгч болох нь эргэлзээтэй байх нөхцөл үүсэх эрсдэлтэй. Улс төрийн соёл төлөвшөөгүй, намууд нь ийм түвшинд байгаа манай улсад энэ бол маш зохимжгүй заалт юм.

-Дээд шүүхийн шүүгчээр ажиллах хүн мэргэшихээс гадна "намчин” байх тусгай шаардлага тавигдах нь ээ?

-Өдөр тутамд хэрэг шийдэж байгаа шүүгчийн ажлын үзүүлэлтийг УИХ яаж таних билээ. Ард түмэнд ч танигдахгүй шүү дээ. Шүүгчийн ажлын онцлогоос хамаарч ажлын хүрээ, үр дүн нь гадагшаа танигдахад хязгаарлагдмал байдаг. Зөвхөн дээд шатны шүүх буюу хяналт тавьж байгаа шүүхийн шүүгчид нь "Энэ шүүгч хэргээ шударгаар шийдэж байна. Хуулиа зөв тайлбарлаж байна” гэж үнэлдэг. Гэтэл ажлын үзүүлэлтээс гадна тухайн шүүгч өөрөө улс төрчдөд танигдах шаардлага бий болох нь. УИХ-аас дэмжлэг авахын тулд танилын хүрээгээ нэмэх ёстой болох гээд байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр томилогдож байгаа хүн "Би мэргэжлийнхээ карьерыг өсгөж Дээд шүүхэд очно” гэж боддог. Түүнээс "Би намаас дэмжлэг авах ёстой, улс төрийн хүчин, улс төрчтэй ойлголцох ёстой” гэсэн бодолтой байж болохгүй.

-Шүүгчээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх заалт төсөлд орсон. Шүүгчид төсөлд орсноос даруй 5, 10-аар насыг нь нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн байна. Таны хувьд?

-Шүүгчээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх нь буруу биш. Жишээлбэл, Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдох насны хязгаарыг 40, анхан шатны шүүхэд 35 болгох нь зөв. Харин насны хязгаарыг хэтэрхий нэмэгдүүлвэл шүүх боловсон хүчний дутагдалд орох эрсдэлтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан судалгаагаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа иргэдийн ихэнх нь 30 нас хүрээгүй байдаг. Угаасаа 35, 40 нас хүрсэн хуульч аль нэг байгууллагад карьераа олчихсон байдаг. Прокурорын байгууллагад дүүргийн ахлах, дарга болтлоо карьераа өсгөчихсөн хүн анхан шатны шүүхийн шүүгчид очих бодол хэзээ ч төрөхгүй. Ихэвчлэн шүүгчийн туслах, аль нэг байгууллагад туслах хуульчаар ажиллаж байгаа, карьераа олоогүй, нас залуу хүмүүс шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдох насыг 35 гээд заачихвал шалгалт өгөх хүн олоход маш хэцүү. Өнөөдөр орон нутгийн зарим шүүхийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг 3-4 удаа зарлаж байна. Өгөх хүн цөөн. Өгсөн цөөн хүн нь шалгалтандаа уначихдаг. Амьдралын шаардлага, хуулийн онол ном гэж байна шүү дээ. Нэг талаас насыг нь нэмэгдүүлж, туршлагыг нь харгалзах үндэс байх боловч Монголын амьдрал, бодит байдал дээр боловсон хүчний асуудал гарч ирнэ. Манайд анхан шатны шүүхийн шүүгч том албан тушаалтан гэж харагдахгүй байна шүү дээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэх, өөрчлөлт тухай мөн яригдаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурван загвар дэлхийд байдгийг манай улс гурвууланг нь туршсан. Хууль зүйн сайд нь Шүүхийн ерөнхий зөвлөлөө удирддаг загвар байдгийг туршаад, Засгийн газрын гишүүн шүүхийг толгойлдог байж болохгүй гээд больсон. Дараа нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг давхар хашсан. Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхээ удирддаг боллоо гэсэн шүүмжлэл гарсан учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд бие даасан байдлаар байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй. Таван гишүүн нь шат шатны шүүх, Хууль зүйн яам, Хуульчдын холбоог төлөөлдөг. Энэ загвар ерөнхийдөө боломжтой гэж харагдаж байгаа. Харин гишүүдийн тоо цөөн байгаа. Өмнө нь арван хэдэн гишүүнтэй байхад шүүгчээр сонгогдоход маш олон хүний шүүлтүүрээр гардаг байсан. Одоо таван хүний гурвын саналаар шүүгчээр сонгогдох гээд байдаг. Тэгэхээр орон тооны бүтцийг нь хадгалаад, бусад гишүүдийг орон тооны бус замаар оруулж ирье. Орон тооны бус гишүүд нь олон байгууллага төлөөлдөг байх нь зөв хувилбар гэж үзэж байгаа. Тоо нь хэд байх, аль аль байгууллагыг төлөөлөхийг шийдэх байх.

-МАНАЙ УЛСАД ШҮҮХИЙН ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ МАШ ОЛОН ЖИЛ 
МАРГААН ДАГУУЛЖ БАЙНА-

-Таны харж буйгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зайлшгүй тусгах ёстой ямар асуудал байна вэ?

-Шүүхийн тогтолцооны асуудал олон жил маргаан дагуулж байна. Хамгийн анх Шүүх байгуулах тухай хууль батлагдаж, дүүргийн найман шүүхийг 2-хон болгосон. Нийслэлийн зүүн, баруун бүсийн шүүх байгуулах нь өөрөө маш их ач холбогдолтой байсан. Найман шүүхийн Тамгын газрын зардлыг хэмнэсэн. Шүүхийн ордон байгуулчихвал нэг л Тамгын газар ажиллана шүү дээ. Нөгөө талаас иргэдэд хүрэх шүүхийн хүртээмжийн асуудал. Хэмнэсэн мөнгөөр шүүх иргэдэд үйлчлэх төхөөрөмж буюу миний хэрэг хэн дээр байгаа, хуралдааныг ажиглах зэрэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх боломжтой. Одоо найман шүүхэд байгаа 30, 40 шүүх хуралдааны заалыг тэгж тохижуулахад ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай билээ. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд боломжоороо шийдэж байгаа ч хангалттай биш. Зарим аймгийн давж заалдах шатны шүүх маш бага хэрэг шийддэг. Харин нийслэлийн давж заалдах шатны шүүхүүд ачааллаа дийлдэггүй. Энэ мэт зохисгүй харьцааг тэнцвэржүүлж, гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байгуултал Үндсэн хуульд аймаг бүр шүүхтэй байна гэж заасан гээд Цэцийн шийдвэрээр хүчингүй болчихсон. Тийм учраас Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийг зайлшгүй өөрчлөх ёстой. Уг нь Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд шүүх анхан, давж заалдах, хяналтын шатны гэсэн гурван шүүхийн тогтолцоотой байна гээд заачихад л шийдэгдэх асуудал. Анхан шатны шүүх нь үндсэн хэргээ шийддэг, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг, Улсын Дээд шүүх бодлого барьдаг шүүх. Анхан шатны шүүх аймаг бүрт байх уу, сум дундынх байх уу, дүүрэг бүрт шүүх байх уу бүсчилсэн байдлаар байх уу гэдгийг УИХ хүн амын нягтрал, нийгэм эдийн засгийн нөхцөл зэргийг харгалзаж байгаад байгуулдаг. Ийм эрхийг УИХ-д өгчихвөл асар их мөнгө хөрөнгө, нөөц бололцоо хэмнэх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 48 дугаар зүйлийг зайлшгүй оруулах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=97342

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 466  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031