Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2017, 03:50   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төрийн албанд ажиллах эрхээ хамгаалуулж, зургаан жил шүүхэджээ


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн С.Шижирбаатар эрхээ хамгаалуулахаар таван шүүхээр үйлчлүүлжээ. Ингэхдээ зургаан жилийн турш шүүхэд гуравдагч этгээд, нэхэмжлэгч болж явсан байна. Тэрбээр "Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн захиргааны танхим болон Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эрхээ хамгуулуулахаар хандсан. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх шүүхүүд олон удаа сэргээж өгсөнөөр би ажил албан тушаалдаа удаа дараа томилуулж, цалин хөлсөө нөхөн гаргуулсан. Одоо ч ажиллаж байна. Шүүхэд чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байдгаа эргэн дурсаж, баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна” гэснээр ярилцлагаа эхэлсэн юм.

 

 

-Та цөөнгүй олон удаа шүүхэд ханджээ. Яагаад шүүхээр үйлчлүүлэх болов?

-Би Өмнөдэлгэр сумын Засаг даргын захирамжаар 2009 онд байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ алба хаагч болсон. Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж байсныг минь олон шагнал авснаас харж болно.

Ингээд ажлаа хийж байтал миний өмнө ажиллаж байгаад халагдсан Ө нь "... 2009 онд намайг байгаль хамгаалагчаар томилсон 12 тоот захирамжийг хүчингүй болгуулж, байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг ...сумын Засаг даргад даалгаж өгөх”-ийг хүсэж 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ.

 

 

-Өөрөөр хэлбэл, та анх шүүхэд дуудагджээ?

-Дээрх нэхэмжлэлд гуравдагч этгээдээр татагдсан хэрэг. Шүүх хурал 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Өлзийсайханыг байгаль хамгаалагчаар томилохыг Өмнөдэлгэр сумын Засаг даргад даалгаж, миний томилгоотой байсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

 

-Та шүүхийн шийдвэрээр ажилгүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Энэхүү шийдвэрийг би эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан. Дээд шүүх хянан хэлэлцээд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 07 тоот шийдвэр, давж заалдах шүүхийн 246 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.


-Тэгэхээр та буцаж ажилдаа орох эрхтэй болсон байна, тийм үү?

-Дээд шүүх шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн гэж миний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн тухайн үед байхгүй байсан учраас Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Төрийн албанд ажиллах эрхээ хамгаалуулж, зургаан жил шүүхэджээ

-Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Ингээд, Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, нэхэмжлэгч Ө-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж би хамгийн анх шүүхийн байгууллагын үйлчилгээг авч, шүүхэд итгэх итгэл үнэмшилтэй болсон юм.

 

 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу та ажилдаа орсон юм уу?

-Үгүй. Ийм маргаантай байх үед буюу асуудал нэг тийш шийдэгдээгүй байхад хуулийн хүчин төгөлдөр болоогүй анхан шатны шүүхийн 07 дугаартай шийдвэрийг үндэслэж, Өмнөдэлгэр сумын Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаар захирамж гаргаж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлчихсөн.

 

 

-Та дахиад л шүүхэд гомдол гаргахаас өөр аргагүй болсон гэсэн үг үү. Гэхдээ гуравдагч этгээд биш нэхэмжлэгч болох нь?

-Төрийн албаны Салбар зөвлөлд гомдол гаргасан. Салбар зөвлөл "...С.Шижирбаатарыг ажилд эргүүлэн томилж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа Д.Өлзийсайхан, ...нарыг ажлаас чөлөөлж ...хариу ирүүлнэ үү” гэж 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 53 тоот бичгээр талуудад хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд байх хугацааны дундуураа ажлаас чөлөөлөгдсөн маргаан зэрэг явж байсан юм.

Засаг дарга Төрийн албаны салбар зөвлөлийн 53 тоот шийдвэрийг эс биелүүлсэн тул миний бие "...сумын Засаг даргын ...189 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 2,008,525 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2012 оны 4 дүгээр сард гаргасан.

 

 

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Намайг ажилдаа эргэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө бүрэн гаргуулан авах 2 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдож, цалин хөлсөө бүрэн гаргуулж авсан, үнэхээр талархаж, баярлаж явдаг. Цааш нь хэлэхэд миний амьдрал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр бөглөгдсөн, тэтгэвэрт гаргахад минь асар их ач тустай зүйл болсон. Тиймээс шүүх, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарт маш их баярладаг.

 

 

-Ямартай ч та олон шүүх дамжиж, багагүй хугацаанд заргалдсаны хүчинд эрхээ хамгаалуулж чаджээ.

-Тийм. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хойш сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар солигдсон. Байгаль орчны газрын дарга байгаль хамгаалагчдыг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг Засаг даргад хүргүүлсэн юм билээ. Энэ дагуу намайг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлсөн. Тэгсэн атлаа Байгаль орчны газрын дарга 2015 оны 01 тоот тушаалаар намайг байгаль хамгаалагчаар дахин томилсон.

Хуулиар байгаль хамгаалагчийг Засаг дарга томилж, чөлөөлж байхаар зохицуулсан. Тиймээс Засаг даргын намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан юм. Төрийн албаны зөвлөл Засаг даргын захирамжийг хууль бус гэдэг шийдвэр гаргалаа. Эдгээр шийдвэрийг үндэслээд сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар захирамж гаргаж намайг эргүүлэн томилсон.

 

 

-Маргаан ингээд дууссан уу?

-Үгүй. Сумын Засаг дарга Төрийн албаны салбар зөвлөлийн болон яамны зөвлөмжийг зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг дахин ажлаас чөлөөлсөн. Ингээд би Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "...сумын Засаг даргын 2015 оны ...Б/31 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, байгаль хамгаалагчийн албан тушаалд сумын Засаг даргын захирамжаар эгүүлэн томилуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан болж, байгаль хамгаалагчийг сумын Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй болохыг нэг мөр тогтоосон 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийдвэр гарсан юм. Энэ шийдвэрт хариуцагч нар гомдол гаргаагүй. Гэтэл дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Байгаль орчны газрын дарга 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "Ажлаас чөлөөлөх тухай” 45 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны цалин хөлсөөр хохироож шийдвэрлэсэн.

 

 

-Та дахиад шүүхэд хандсан уу?

-Дахин Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгохыг газрын даргад даалгасан буюу миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 12 дугаартай шийдвэр гарсан юм. Хариуцагч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй.

Хариуцагч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан. Дээд шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай тогтоол гарсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг буруу гаргаж маргаснаас ийм асуудал болсон юм билээ.

 

 

-Тэгэхээр та өөр шаардлагаар нэхэмжлэл гаргасан гэсэн үг үү?

-Зөвхөн цалингаа иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байсан тул дахин Байгаль орчны газар, сумын Засаг дарга нарт холбогдуулан "Ажилласан хугацааны цалин 3638688 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сард Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Энэ хугацаанд газрын дарга солигдсон байсан. Байгаль орчны газрын дарга хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгч хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156/ШШ201700224 дугаартай шийдвэрийг хуульд заасан хугацаанд шуурхай гаргаж надад ирүүлснээр цалин хөлсөө бүрэн гаргуулж хохиролгүй болсон. Түүнчлэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа нөхөн төлүүлсэн. Шүүхэд тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах, асууж лавлахаар очиход шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар инээмсэглэн угтаж мэндэлж, соёлтой харьцаж, ёс зүйтэй ажиллаж байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний шүүхээр цалингаа нөхөж авахаар нэхэмжлэх хугацаанд шинээр томилогдсон сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж намайг бас чөлөөлсөн.

 

 

-Бас уу. Дахиад шүүхээр үйлчлүүлэх хэрэг гарчээ.

-Тэгсэн. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "...сумын Засаг даргын 2016 оны ...Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

Шүүгч "Урьдчилан хэлэлцүүлэг” эвлэрүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулсаны ачаар нэхэмжлэгч хариуцагч бид хоёр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хичээл зүтгэлээр ажил албан тушаалдаа томилогдоод цалин хөлсөө сар бүр авч ажиллаж байгаасаа гадна манай гэр бүл азжаргалтай амьдарч байна даа.

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин 2017.10.04


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 309  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031