Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-10-2017, 10:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчид эдийн засгийн гэмт хэргийн талаархи сургалтыг ингэж үнэлэв

Шүүгчид эдийн засгийн гэмт хэргийн талаархи сургалтыг ингэж үнэлэв

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банктайхамтран "Шүүхийн сургалтын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн гэмт хэрэг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын сэдвээр эрүүгийн хэргийн нийт 191 шүүгчид сургалт зохион байгуулж байна.

Шүүгчид эдийн засгийн гэмт хэргийн талаархи сургалтыг ингэж үнэлэв 

"Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтын эхний ээлж бямба гаригт /2017.10.21/ амжилттай өндөрлөж, 61 шүүгч сертификат гардсан юм. Сургалтын талаарх шүүгчдийн сэтгэгдлийг хүргэж байна. 

Шүүгчид эдийн засгийн гэмт хэргийн талаархи сургалтыг ингэж үнэлэв

 

ШүүгчД. Оюунбат:


- Энэ сургалт 2015 оны шинэ Эрүүгийн хуульд эдийн засгийн гэмт хэргийг бүлэглэж оруулсан, өмнөхөөсөө арай өөрөөр илүү нарийсгаж томьёолсон, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг болсон, мөн өнөөдрийн Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдож орсон заалтуудын хүрээнд шүүгчдэд гүнзгийрүүлж судлах шаардлагын үүднээс зохион байгуулагдаж байна. Эдийн засгийн гэмт хэрэг гэж их том хүрээний асуудлыг ойлгох шаардлагатай байдаг юм байна. Өмнө нь бид энэ талаар, татвараас зайлсхийх зэрэг хэрэг маргааныг шийдвэрлэж байсан. Одоогийн Эрүүгийн хуульд олон төрлийн гэмт үйл ажиллагааг нэгтгэж оруулсан учраас илүү нарийн мэдлэг олгосон, эдийн засгийн нарийвчилсан хуулиуддаа үндэслэсэн сургалт боллоо. Өмнө нь бидний анзаарч нарийн судалж байгаагүй сэдэв агуулгыг хөндөж тавилаа. Энэ мэдлэгээ эдийн засгийн мэдлэгийн суурь болгож, илүү олон зүйлийг судалж, тэдгээрийн хоорондын нарийн уялдааг гаргаж ирэх, бие дааж суралцах боломж сэдлийг өгснөөрөө ач холбогдолтой боллоо.

 

Шүүгч Ц.Мөнхтулга:


- Урьд нь эдийн засгийн гэмт хэрэг гэхээр ерөнхий төсөөлөлтэй байсан. Түүнийгээ өөрийнхөө хэмжээнд боломжийн хангалттай гэж дүгнэдэг байсан бол энэхүү сургалтанд суралцсанаараа бодол маань өөрчлөгдлөө. Сонирхолтой, эргэлзээ дагуулсан, олон төрлийн мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа. Сургагч багш нарын хувьд Америк, Солонгосын бэлтгэгдсэн хүмүүсээр хичээл заалгалаа. Дагнасан шүүх цаашид татварын шүүх гэх мэтчилэн илүү нарийсч, гэмт хэргийн төрлөөр дагнах байх. Мэдээж, энэ нь цаг хугацааны л асуудал. Түүний урьдач нөхцөл болсон олон ойлголтуудыг бид аль болох эрт авах ёстой юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн хөгжлийн банктай хамтран явуулж буй энэ сургалт цаг үеэ олсон, өргөн агуулга бүхий, магадгүй хоцорчихоогүй байгаа гэмээр үр нөлөөтэй боллоо. Нийслэл, орон нутгийн шүүгчид нэг дор цуглаад вакумжсан тохилог орчинд мэдээлэл авч, хоорондоо санал солилцсон. Шүүгчийг сургах асуудал нь нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Урьд нь шүүгчид бүгдийг мэддэг юм шиг төрөл бүрийн гэмт хэргийг шийдсээр ирсэн. Нийгэм хөгжихийн хэрээр хэргийн ээдрээ төвөгтэй байдал нь шүүгчдээс олон талт мэдлэг, мэдээлэл шаардаж байна. Энэ шаардлагад шүүгч нийцэж ажиллахгүй бол хэргийн оролцогчид, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг бүрэн хангаж чадахгүй. Энэ эрэлтийг соргог мэдэрч, шүүгчдийг мэргэшүүлж дагнуулж байгаа нь маш зөв. Цаашдаа бүр нарийн мэргэшиж, татвар, мөнгө угаах зэрэг гэмт хэргийн төрлөөр дагнаж ажиллах нь зүйтэй. Жишээлбэл, гэр бүлийн хэргийг дагнаж шийдэж байгаа 3 шүүгч байна гэж байна. Би энэ жилийн хувьд 5 дахь удаагийн сургалтанд хамрагдлаа. Шүүгчийн сургалт бол хувь хүний өөрийнх нь сонголтоор, боломжийн хувьд тэгш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд нээлттэй сургалт санал болгож, өрсөлдүүлж сонгож авч байгаа нь тэгш хүртээмж юм. Хуучных шиг нэр зааж сонгож сургалтанд хамруулдаг үе бол ард хоцорсон.Тиймээс миний хувьд шүүгчийн сургалтын энэхүү өргөн боломжийг алдахгүй өөрийгөө дайчилж байгаа.

 

Шүүгч Н.Мөнхбаяр:

 

- Сургалтын талаар дэлгэрэнгүй ярихаар зүйл их байна. Нэгдүгээрт, эдийн засгийн гэмт хэрэг гэж өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгараад байгаа чухал, шинэлэг сэдвүүдийн хүрээнд сургалт судалгаа маш бага заагдаж байсан. Өнөөдрийн хувьд өргөн сэдвийн хүрээнд мэргэшсэн багш нараар заалгасан нь их таалагдлаа. Хоёрдугаарт, зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банкинд талархаж байна. Байр орчин, тохь тухын хувьд сэтгэл их гаргасан сургалт боллоо. Дагнаж мэргэшсэн шүүгчид хоорондоо туршлага солилцож, тухайн орон нутагтаа гардаг хэрэг маргааны онцлог, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авч чадаж байна. Шүүгчдийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, нүүр тулсан ярилцлагуудын боломжийг илүү нээж өгснөөрөө ач холбогдолтой боллоо. Шүүгч хүн хуулийг хэрхэн яаж хэрэглэхийг практикт мэдрэмжтэй, нийгэмдээ манлайлагч байж хэрэг маргааны ончийг олж шийдвэрлэнэ гэдгийг илүү ойлгож авлаа. Сургалтын үр дүн үүгээрээ өндөр ач холбогдолтой боллоо.

 

Шүүгч Ж.Отгонхишиг:


- Юуны өмнө сургалтыг амжилттай зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлд болон Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Онлайн сургалтын амьд харилцаа үүсдэггүй байдлаас болоод орон нутгийн шүүгчдэд танхимын сургалт тэр бүр үр дүнтэй болдоггүй тохиолдол олон бий. Тийм учраас танхимын сургалтыг вакумжсан байдлаар хийж байгаа нь идэвх, оролцоог бүрэн дүүрэн хангаж цаг хэмнэж байгаа нь үр дүнтэй болж байна. Эрүүгийн шүүгчдийн тулгамдаж байгаа асуудал бол шинэ Эрүүгийн болон процессын хуулийг зөв хэрэглэж, нэгдсэн ойлголт, практик тогтоох. Бид зөв практик тогтоох юм бол энэ хуулийн хэрэгжилт, үр дүн, утга агуулга, нөлөөлөл нь илүү оновчтой болно.Цаашид сургалтыг нэг багц болгож, энэ чиглэлээр хийвэл орон нутгийн шүүгчдэд илүү ач холбогдолтой байх.


  

Шүүгч Д. Батцэнгэл:


- Шүүгчээр 10 сар ажиллаж байгаа миний хувьд шүүгч болсноос хойшхи анхны том сургалтдаа хамрагдлаа. Багш нарын заах арга барил, сургалтын орчинд сэтгэл их өндөр байна. Эдийн засгийн гэмт хэргийг шийдвэрлэх талаарх өргөн мэдлэг, ойлголтыг багш нар бидэнд бүрэн дүүрэн өгч чадсан. Сурч мэдсэнээ практикт ашиглах онолын мэдлэг олгох томоохон сургалт боллоо. Сургалтыг зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлд болон Азийн хөгжлийн банкны хөтөлбөрийн хамт олонд талархлаа илэрхийлье.

 

 

 

  

 

Шүүгч Д.Мөнхөө:

 

- "Эдийн засгийн гэмт хэрэг” сэдвийн хүрээнд татварын эрх зүй, шүүхийн шинжилгээ, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг сэдвүүдээр 6 хоногийн сургалтанд хамрагдлаа. Хамгийн гол нь багш нарын чадавхи өндөр түвшинд, богино хугацаанд их мэдлэг өгч байгаа нь үр дүнтэй байлаа. "Эдийн засгийн гэмт хэрэг” гэсэн гарын авлагыг цаашид нарийвчлан судалж, хэрэг маргааныг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нь сургалтын гол ач холбогдол. Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк сургалтанд өндөр ач холбогдол өгч ажилласан. Шүүгчид ч сургалтдаа идэвхтэй оролцсоныг дурьдах нь зүйтэй.

 

 

Шүүгч Н.Туяа:


- Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаараа шүүхийн системд болон Монгол улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой үйл явдал болсон. Азийн хөгжлийн банкны төслөөр сурах бүхий л боломж нөхцлөөр дээд зэргээр хангасан сургалт зохион байгуулж байгаа нь сурах эрмэлзэл, хууль хэрэглээний ажилд маань өндөр ач холбогдлоо өгч байна. Би энэ жилийн хувьд 2 дахь сургалтдаа хамрагдлаа. Азийн хөгжлийн банкны төслийнхөн, Дээд шүүх болон эрүүгийн танхимынхан, Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ сургалтанд хамрагдсан нийт шүүгчдийн өмнөөс баярлалаа гэж хэлье.

 

 

 

 


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 178  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031