Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-10-2017, 12:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог судалсан тэмдэглэл


       Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, шүүгчийн шүүн таслах ажлыг хэвийн явуулах, ажиллах нөхцлөөр хангах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг болохыг Шүүхийн захиргааны тухай хуульд тодорхой заасан байдаг.


        Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 оны 128 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.


       Дээрх хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-тэй хамтран ажиллаж, тус улсын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо болон шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн бие даасан мэргэжил бий болсон шүүхийн туршлагатай танилцав.


        Багийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа миний бие, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, "Шүүхийн коллеж байгуулах” ажлын хэсгийн гишүүдээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-ийн менежер Б.Жавхлан, Ц.Мөнх-Од нар ажиллав.


        Судалгааны баг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зорьсон ажлаа эхлүүлж, ХБНГУ-ын Хэссэн мужийн Дээд шүүхэд зочилход тус шүүхийн Ерөнхий шүүгч н.Др.Посек, мужийн Дээд шүүхийн захиргааны ажилтны сургалт хариуцсан хэлтсийн дарга н.Линдеманн, мэргэжилтэн х.Н.Хэлмэр, х.Б.Аксманн нар хүлээн авч уулзлаа.


        Мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Др.Посек уулзалтыг нээж, манай хоёр улс олон мянган км-ийн зайтай боловч шүүх эрх мэдлийн салбарт хамтран ажиллаж, харилцан туршлага судалж байгаад баяртай байна. Мөн шүүх эрх мэдлийн салбар бол дан ганц шүүгчдээс бүрддэггүй, шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг шүүхийн захиргааны ажилтан чухал үүрэгтэй, манай улсын хувьд ч шүүхийн захиргааны ажилтныг сонгох, бэлтгэх, сургах, ажиллуулах асуудал их чухал байдаг. Иймд энэ хугацаанд ХБНГУ-ын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоо, сургууль, шүүх дэх дадлагажуулах сургалттай танилцаж, зорьсон үр дүндээ хүрч, тулгамдаж буй асуултынхаа хариултыг олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

        Судалгааны багийн ахлагчийн хувьд найрсаг дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлж, шүүх эрх мэдлийн салбарт Хэссэн мужийн дээд шүүхтэй олон жил хамтран ажилласан, цаашид ч бидний хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд бидний зорилго шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг шүүхийн захиргааны ажилтны одоогийн тогтолцоог өөрчлөх талаар судалгаа хийхэд чиглэсэн гэдгийг онцлов. Түүнчлэн энэ ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх, сургах "Шүүхийн коллеж” байгуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа, бэлтгэл ажил хийгдэж байгаа тул туршлага судлах багт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга зэрэг албан тушаалтан хамтран ажиллаж байгаа гэдгийг танилцуулсан юм.


        Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцөд тулгамдаж буй асуудал, үүнийг шийдвэрлэхээр бодлогын түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийв.


      Уулзалтын үеэр мужийн Дээд шүүхийн захиргааны ажилтны сургалт хариуцсан хэлтсийн дарга н.Линдеманн, мэргэжилтэн х.Н.Хэлмэр, х.Б.Аксманн нар мужийн Дээд шүүхийн бүтэц, чиг үүрэг, ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоо, онцлог, тухайн мэргэжлийг бий болгох болсон шалтгаан нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.


        ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх 2 төрлийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн статустай ажиллах (1) шүүхийн түшмэл (туслах шүүгч хүртэл дэвших боломжтой, дээд боловсролтой албан хаагч) , (2) дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt, (3) шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, (4) шүүхийн хуягийг бэлтгэдэг тогтолцоо;

Хоёрдугаарт, тарифын гэрээгээр ажиллах шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо юм.


        Эдгээрээс туршлага судлах багийн гол судлах чиглэл бол төрийн дундаж түвшний албан хаагч-Justizfachwirt, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо, тэдгээрийн онцлог, ялгаа, давуу болон сул талыг судлах явдал байв. Justizfachwirt мэргэжлээр суралцагчид Шүүх дэх захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу тухайн төрлийн сургалтыг дагнан эрхэлдэг сургуульд онолын хичээл үздэг бол Justizfachangestellte мэргэжлээр суралцагчид суурь хичээлийг Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу Мэргэжлийн боловсролын төв дээр үздэг. Харин дадлагын хувьд аль аль нь мужийн Дээд шүүх дэх сургалтын хэлтсийн хяналт дор анхан шатны шүүхэд дадлагаждаг байна.

 

        Практикт ажиллахад гүйцэтгэх чиг үүргийн хувьд төдийлөн ялгаагүй боловч, ажиллах статус, карьерын өсөлтөөр ялгагдана. Одоогийн байдлаар Хэссэн мужийн бүх шатны шүүхийн 5000 гаруй шүүхийн захиргааны ажилтны 50% нь төрийн албан хаагчийн статустайгаар, 50% нь тарифын гэрээгээр ажилладаг байна.


        Мужийн Дээд шүүх сургалтын үйл явцыг нэгтгэн хариуцаж, хяналт тавьдаг. Шүүхийн захиргааны ажилтны сургалт, хүний нөөц, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтыг хариуцдаг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй олон газар, нэгжүүд мужийн Дээд шүүхэд харьяалагдан ажилладаг.


        Уулзалтын дараа Хэссэн муж дахь хамгийн том сургалтын шүүх болох Франкфурт-Майн хотын анхан шатны шүүхийг зорьж, сургалтын шүүх дэх шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн сургалт, дадлага, шүүхийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, түүнд шүүхийн захиргааны ажилтны гүйцэтгэж буй чиг үүрэгтэй газар дээр нь танилцав. Тус шүүх шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах томоохон бааз болохын хувьд шүүхийн байрны нэг хэсэгт сургалтын заал, танхимыг бэлтгэж, суралцах орчныг маш сайн бүрдүүлжээ. Мөн шүүхийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн гүйцэтгэж буй чиг үүрэгтэй танилцсанаар эхний өдөр өндөрлөв.


        2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр судалгааны баг Ротенбург а.д. Фулда гэх жижиг хот дахь төрийн захиргааны дээд түвшний албан хаагч бэлтгэдэг Санхүүгийн удирдлага, шүүхийн захиргааны дээд сургууль (hосhshule), дундаж түвшний төрийн албан хаагч (Justizfachwirt)-ийг бэлтгэдэг тус сургуулийн харъяа төрийн албан хаагчийн сургуульд тус тус зочилсон юм.

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  тогтолцоог судалсан тэмдэглэл

        Тус сургуулийн мэргэжлийн салбарын хэлтсийн дарга н.Р.Юрчик, багш н.Х.Хауст нар сургуулийн түүх, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, шүүхийн түшмэлийн сургалтын талаар танилцуулга хийсэн. Ротенбургийн Санхүүгийн удирдлага, шүүхийн захиргааны дээд сургууль зөвхөн татварын албан хаагчдыг бэлтгэх зорилготойгоор 1953 онд байгуулагдсан, 1973 оноос үйл ажиллагаа нь өргөжин шүүхийн түшмэл бэлтгэж эхэлжээ. Мөн тус 2 мэргэжлээр ажиллаж байгаа албан хаагчдын давтан сургалтын асуудлыг хариуцдаг. Энэхүү дээд сургуулийн бэлтгэдэг татварын албан хаагч болон шүүхийн түшмэл нь дээд түвшний албан хаагчид хамаарна.

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  тогтолцоог судалсан тэмдэглэл

        Тухайлбал, шүүхийн түшмэлийг онол-практик хосолсон 3 жилийн сургалтаар бэлддэг, ажлын байрны хувьд шүүх, прокурорт ажиллах боломжтой ба туслах шүүгч хүртэл дэвших боломжтой байдаг. Шүүхийн түшмэл нь хуульд заасан тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг тул хараат бусаар, зөвхөн хуульд захирагдаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ онцгой статус нь бусад төрийн албан хаагчдаас ялгагдах гол шинж юм.


        Мөн төрийн албан хаагч болж ажиллах тул заавал ХБНГУ-ын иргэн байх шаардлагатай. Сургуулиа төгссөний дараа прокурор, анхан шатны шүүхэд голчлон ажиллах боловч давж заалдах шатны шүүхийн жижиг хэлтэс, албад, дээд шүүхийн захиргаанд ажиллах нь бий. Гүйцэтгэх чиг үүргийн тухайд анхан шатны шүүх дэх маргаангүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, аж ахуй нэгжийн бүртгэл, өв залгамжлал, гэр бүлийн бүртгэл)-нд бие даан шийдвэр гаргаж, бүртгэл хийдэг. Маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (дампуурал, албадан дуудлага худалдаа, албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, урьдчилан сануулах ажиллагаа, эрүүгийн хэргийн шийдвэр дэх мөнгөн төлбөрийн хэрэгжилтийг хянах, ИХХША-ны процессын зардал тогтоох)-нд шүүгчийг дэмжин ажиллах чиг үүргийн хэрэгжүүлдэг байна.


        Энэ сургууль мэргэжил дээшлүүлэх түвшинд шүүхийн менежментийн сургалтыг зохион байгуулдаг. Сургалтад шүүхэд ажиллаж буй шүүхийн түшмэл, дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt нар өөрийн хүсэлтийн дагуу хамрагдаж, удирдах албыг хаших боломжтой болдог. Жишээлбэл, шүүх дэх төсөв, хүний нөөц, сургалт хариуцсан ахлах ажилтан, тамгын газрын дарга болж болно.


        Судалгааны багийнхныг сургуулийн орчин нөхцөл, материаллаг бааз, номын сан, сургалтын танхим, сургалтын үйл ажиллагаа зэрэгтэй мөн танилцуулсан. Тус сургуулийг жижиг хотод түшиглэн барьж байгуулахдаа сургуулийн орчныг бүрэн цогц, кампус хэлбэрээр шийдвэрлэснээр суралцагчдын аятай тухтай суралцах орчныг маш сайн бүрдүүлжээ.


        Зорьж ирсэн ажлын үндсэн хэсэг болох дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt бэлтгэдэг төрийн албан хаагчийн сургуульд зочилж, үйл ажиллагаатай танилцах үеэр сургуульд элсэгчдийг сонгон авах ажиллагаанаас эхлээд төгсөлт, ажлын байранд ажиллах хүртэлх бүхий л үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.


        Дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt нь шүүгч болон шүүхийн түшмэлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах чиг үүрэгтэй.


        Элсэлтийн тухайд энэ мэргэжлээр суралцахыг хүссэн 10 жилийн боловсролтой хүмүүс Хэссэн мужийн Дээд шүүхэд материалаа явуулж, тэднээс сайн дүнтэй суралцагчийг ялган авч, элсэлтийн шалгалтад оруулдаг. Тус шалгалт бичгийн шалгалт, ярилцлагаас бүрдэх ба ярилцлагын багт сэтгэл зүйч оролцож, тухайн хүний суралцах хүсэл эрмэлзэл, харилцаа хандлагыг үнэлдгээрээ онцлогтой.


        Суралцагчдыг элсүүлж, сургалтын үйл ажиллагаа эхэлдэг ба сургалтын хугацаа 2 жил үргэлжилнэ. Суралцагчид Ротенбургийн төрийн албан хаагчийн сургуульд танхимын хичээлээ 2-3 сар үзээд, анхан шатны шүүхэд танхимын сургалтаар үзсэн хичээлийн агуулгаар дадлагажих байдлаар сургалтын үйл ажиллагаа үргэлжилдэг. Ажлын байранд гараад шүүх дэх маргаантай болон маргаангүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (1) шүүхээс гарч буй бичиг баримтыг хүргүүлэх, (2) шүүхийн шийдвэрийн үндэслэл бичих, (3) шүүхээс гарах, орох баримт бичгийн хөдөлгөөнийг зохицуулах, (4) хэргийн оролцогчтой харилцах, (5) хүсэлт, шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол, тайлбарыг хүлээн авах, (6) шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх (7) гэрч, шинжээчийн нөхөн төлбөрийг тооцох, (8) шүүхийн зардлыг тооцох, тус зардлыг бие даан нэхэмжлэх гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлдэг.


        Улмаар хичээлийн хөтөлбөр, сургалтын явцын үнэлгээний систем, төгсөлтийн шалгалт, түүний үнэлгээний талаар нилээд дэлгэрэнгүй ярилцаж, туршлага судлав. Сургалтын хөтөлбөрт хууль тогтоомжийн хичээл давамгайлсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат хэрхэн явагддаг, шүүхээс ямар шийдвэр гарах боломжтой, тухайн хэрэг маргаан, шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ямар чиг үүрэг хэрэгжүүлэх ёстойгоо мэддэг, мэдлэг, ур чадвартай албан хаагчийг бэлтгэхэд чиглэдэг байна.


        Хэлэлцүүлгийн дараа тус сургуультай танилцаж, шүүх дэх мэдээллийн технологийн хэрэглээний хичээлийн явцыг ажиглахад гол давуу тал нь танхимын хичээл хэдий ч хэргийн жинхэнэ хавтаст материал дээр багшийн хяналттайгаар ажиллах, шүүхийн програм дээр өөрийн нэрээр нэвтэрч ажиллагаа хийх зэргээр практикт суурилсан сургалтыг зохион байгуулж байлаа.


        Судалгааны баг эхний өдрүүдэд төрийн захиргааны дээд түвшний албан хаагч бэлтгэдэг дээд сургууль, дундаж түвшний төрийн албан хаагч (Justizfachwirt)-ийг бэлтгэдэг сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан мэдээлэл авч, нарийвчилсан судалгаа хийсэн болно.


        2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч /Justizfachangestellte- бэлтгэх Франкфурт-Майн хотын анхан шатны шүүх дэх сургалтын шүүхэд ажиллалаа. Энэ хүрээнд элсэлт, сонгон шалгаруулалт, сургалтын үйл явц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, шүүх дэх дадлага, сургагч багш, сургалтын үнэлгээ, явцын талаар дэлгэрүүлэн судлав.

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  тогтолцоог судалсан тэмдэглэл

        Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч /Justizfachangestellte/-ийн мэргэжил болон дундаж түвшний төрийн албан хаагч /Justizfachwirt/-ийн мэргэжлийн ижил болон, ялгаатай талыг хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгт

Justizfachwirt

Justizfachangestellte

Ижил төстэй тал

Сургалтын систем

Онол-практик хосолсон дуал систем /сараар/

Онол-практик хосолсон дуал систем /өдрөөр/

Дадлага

Хэссэн мужийн анхан шатны шүүхүүд

Гүйцэтгэх чиг үүрэг

Шүүгч, шүүхийн түшмэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах

Элсэлт, төгсөлт

Хэссэн мужийн Дээд шүүх нэгтгэн зохион байгуулна

Ялгаатай тал

Эрх зүйн зохицуулалт

Шүүх дэх мэргэшсэн захиргааны албан хаагчийн тухай хууль

Мэргэжлийн боловсролын тухай хууль

Сургалтын хугацаа

2 жил

3 жил

Сургалтын хөтөлбөр

Онол /танхим/-ын сургалт их

Дадлага ажил их

Онол (танхим)-ын сургалт

Төрийн албан хаагчийн сургууль

Мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын шүүх

Сургалтын явцын хяналт хэрэгжүүлэх газар

Төрийн албан хаагчийн сургууль

Онолын хичээлийн хувьд Мэргэжлийн боловсролын сургууль, шүүхийн дадлагын хувьд мужийн Дээд шүүхийн тухайн сургалтыг хариуцсан нэгж

Статус

Төрийн албан хаагч

Тарифын гэрээт ажилтан

Иргэншил

ХБНГУ-ын иргэн (мужийн хуулиар)

Иргэншил хамаарахгүй (мужийн хуулиар)

 

        Судалгааны баг 2017 оны 09 дүгээр сарын 1-нд шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн курсд элсэн орсон суралцагчдын иргэний процессын хичээлд сууж, танилцав. Хичээл суралцагч төвтэй сургалтын арга зүй дээр тулгуурлан явагдаж байгаа нь их үр дүнтэй харагдаж байлаа. Мөн Ротенбургийн төрийн албан хаагчийн сургуультай адил суралцагчид сургалтын танхимдаа шүүхээс ирүүлсэн жинхэнэ хавтаст хэрэгт холбогдох ажиллагааг хийж, процесс ажиллагааны програмд сургалтын танхим дахь компьютерээс нэвтрэх, дадлагажих боломжийг бүрдүүлж өгсөн байлаа.


        Тухайн өдөр асуулт, хариулт хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ХБНГУ-ын туршлагыг илүү танин мэдэх, мэргэжлийн зааг, ялгааг илүү тодорхой болгох, Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоо, "Шүүхийн коллеж”-ийн талаарх дүр зургийг гаргахад чухал ач холбогдолтой болсон юм.

 

        Судалгааны баг айлчлалын 4 дэх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Франкфурт Майн хотын сургалтын шүүхэд дахин ажиллаж, үлдсэн сэдвүүдийн хүрээнд Мужийн Дээд шүүхийн захиргааны ажилтны сургалт хариуцсан мэргэжилтнүүд болон шүүгчтэй хэлэлцүүлэг хийв. Тухайлбал, явцын болон төгсөлтийн шалгалт, ажлын байр, ажлын байран дахь хариуцлага, дэвшин ажиллах боломжийн талаар туршлага судаллаа.

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  тогтолцоог судалсан тэмдэглэл

        Хэлэлцүүлэгт анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч Фарген уригдан ирж, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар үзэл бодлоо илэрхийлж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын ажлын уялдаа холбооны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрээр шүүх дэх үйлчилгээний нэгж шүүгчийн үйл ажиллагааны төв бааз бөгөөд тус нэгж нь хэргийн оролцогчтой харилцах, хавтаст хэргийг холбогдох материалын хамт нэгтгэн хадгалах, бичиг хэргийн ажлыг нэгтгэн зохион байгуулах гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлж байна. Энэ нь шүүгчид хууль хэрэглээнд илүү төвлөрөх боломж олгож, техник ажиллагаанаас холдуулдаг. Гэхдээ дан ганц техникийн шинжтэй ажилтан гэж ойлгож болохгүй, тухайлбал, шүүхийн үйлчилгээний нэгж өөрт эрх олгогдсон асуудлыг бие даан шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд үндэслэн шүүхийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иймд шүүгч болон шүүхийн захиргааны ажилтан бол нэг баг, тэд нэг үр дүнгийн төлөө хамтарч ажилладаг гэдгийг онцолж байсан юм.


        Ийнхүү Франкфурт-Майн хотын анхан шатны сургалтын шүүх дэх туршлага судлах ажлаа өндөрлүүлж, Эшборн хот дахь Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийг зорилоо.


        Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төв байранд зохион байгуулагдсан уулзалтад бүсийн захирал н.Й.Прай, газрын дарга н.Др.Пёшке, мэргэжил арга зүйн газрын ахлах зөвлөх н.Др.Ян нар оролцов.


        Уулзалтын үеэр Монгол Улс болон ХБНГУ-ын хамтын ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлсэн эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн ололт, амжилт, үр дүн, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар байр сууриа илэрхийлж, ярилцлаа.


        "2017 оны 08 дугаар сард хийсэн судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл сул байгаа нь шүүхийн захиргааны ажилтны мэдлэг чадвар, харилцаа хандлагатай холбоотой гэсэн дүн гарсан. Иймд Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбар шүүхийн захиргааны ажилтандаа анхаарах цаг болсон” гэдгийг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг бэлтгэх, сургах тогтолцоо зайлшгүй үгүйлэгдэж байгаа, энэ тогтолцоог бий болгосноор шүүх эрх мэдлийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэх болно" гэдгийг тус тус онцолж, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зүгээс хэрэгжүүлсэн олон төслүүд амжилттай хэрэгжсэн болохыг дурдаж, энэ удаагийн шүүхийн захиргааны ажилтныг бэлтгэх мэргэшсэн тогтолцоог бий болгох төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа Монголын багийн ахлагчийн зүгээс илэрхийлэв.


        Уулзалтын төгсгөлд Бүсийн захирал ноён н.Й.Прай "Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн олон төсөл, хөтөлбөр дэлхий дахинд хэрэгжиж байгаагаас Монгол Улсад хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд илүү амжилттай байдаг нь төслийг хэрэгжүүлэхийг хүсч буй тухайн улсын төрийн байгууллага, ард иргэдийн хүсэл эрмэлзлээс хамаардаг байх гэж бодож байна. Монгол Улсад хэрэгжсэн хөтөлбөрүүд бол хамтын үйл ажиллагаа сайн байвал ямар түвшинд хүрч болдгийг харуулсан сайн жишээ юм. Иймд бидний хамтын үйл ажиллагаа цаашид энэ хэвээр үргэлжилж, өргөжинө гэдэгт итгэж байна” гэдгээ илэрхийлсэн юм.


        Айлчлалын сүүлийн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бид Хэссэн мужийн Дармштат хотын анхан шатны шүүхэд ажиллав. Энэ шүүхийг тусгайлан сонгосон шалтгаан нь анхан шатны шүүх дэх "юниор үйлчилгээний нэгж”-тэй танилцах явдал байлаа. "Юниор үйлчилгээний нэгж”-д шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч- Justizfachangestellte нар ажиллана. Гол онцлог нь эдгээр суралцагчдыг ажлын талбарт нь илүү ойртуулах, дадлагажин ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс шүүх дэх үйлчилгээний нэгжийн жижиг хувилбар байдлаар "Юниор” үйлчилгээний нэгж байгуулсанд оршино.

ХБНГУ-ын шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  тогтолцоог судалсан тэмдэглэл

        Тухайлбал, найман долоо хоногийн суурь мэдлэг олгох хичээл үзсэний дараа "Юниор” үйлчилгээний нэгжид ажиллаж эхэлнэ. Суурь мэдлэг олгох найман долоо хоногт зохион байгуулалт, ажлын урсгал, хавтаст хэрэгтэй харилцах, шүүгчийн захирамжийн дагуу хавтаст хэрэгт ажиллагаа хийх, шуудан хуваарилах, програм дээр ажиллах зэрэг хичээлийг судалдаг. "Юниор” үйлчилгээний нэгжид суралцагч багшийн удирдлага дор жинхэнэ хавтаст хэрэгт ажиллагаанд хийж, хянуулаад, шүүхийн үйлчилгээний нэгжид шилжүүлдэг. Дадлагажаад ирмэгц гүйцэтгэж буй чиг үүргийг өөрчилж, хэргийн оролцогчийн хүсэлт, гомдол тэмдэглүүлэх зэрэг өөр ажил хуваарилан өгдөг. Суралцагчид энэ дадлагын зэрэгцээ Мэргэжлийн боловсролын төв дээрх сургалт болон шүүх дээрх танхимын сургалтад хамрагддаг байна.


Ийнхүү ХБНГУ-ын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоо, сайн туршлагыг судлах судалгааны баг ХБНГУ-ын шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх 2 төрлийн сургалтын тогтолцоо, эдгээр тогтолцооны онцлог, ялгаа, шүүх дэх шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, дадлагын талаар дэлгэрэнгүй судалж, танилцлаа. Судалгааны багийн судалгаа Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, "Шүүхийн коллеж” байгуулах ажилд тус нэмэр болно хэмээн итгэж, тэмдэглэлээ өндөрлөж байна.


Бидэнтэй хамтран ажилласан Төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-ийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье.



Судалгааны багийн ахлагч О.Зандраа

/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн/


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 232  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031