Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2017, 05:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ц.Мандах: “Шүүхийн коллеж” байгуулах шаардлага тулгарч байна

 

Шүүхийн захиргааны ажилтны коллеж байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай ярилцлаа.


 

-Шүүхийн захиргааны ажилтан гэдэг бие даасан мэргэжилтэн бэлтгэх ямар хэрэгцээ шаардлага байна вэ?


-Шүүхийн шинэтгэлийн үйл явц, шүүн таслах ажиллагаанд шүүхийн захиргааны ажилтны гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага нэн чухал. Шүүхийн захиргааны ажилтан шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд тухайн шатны шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэлх процесс ажиллагааны туршид хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд биечлэн оролцдог. Тэр утгаараа шүүхийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиг үүргийг хариуцан ажилладаг. Тиймээс 2013 оноос хэрэгжиж эхэлсэн шүүхийн шинэтгэлийн багц хуулийн нэг болох Шүүхийн захиргааны тухай хуульд "Шүүхийн захиргааны ажилтан” (шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны бусад ажилтан) гэх ажил, мэргэжлийг бий болгож, эрх зүйн байдлыг нь тодорхойлж, олон улсын жишигт нийцүүлсэн.


Гэхдээ "Шүүхийн захиргааны ажилтан” гэх ажил, мэргэжлийг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулсан ч тэднийг тусгайлан бэлтгэдэг сургалтын тогтолцоо байхгүйгээс шүүхийн захиргааны үйл ажиллагааны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдахад хүрч байна. Тиймээс энэ чиглэлийн сургалтыг дагнан эрхэлдэг, бие даасан, шүүхийн сургалтын цогц төв болох "Шүүхийн коллеж”-ийг байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.


-Та шүүхийн захиргааны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдахад хүрч байна гэж хэллээ. Үүнийг тодруулна уу?


-Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг хууль зүйн их, дээд сургууль төгссөн эрх зүйчдээс хангадаг. Улсын хэмжээнд жил бүр 2000 гаруй оюутан эрхзүйч мэргэжил эзэмшиж төгссөнөөс 15 орчим хувь нь шүүхэд ажилд ордог. Одоогийн байдлаар шүүхийн нийт ажилтны 66.6 хувийг эрхзүйчид бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч эрхзүйч мэргэжилтэй ажилтан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 2 жилийн мэргэжлийн дадлагыг шүүхэд хийж, цаашид өмгөөлөгч, прокурор, шүүгч, компанийн хуульч болж карьераа үргэлжлүүлж байгаагаас шүүх хуульч бэлтгэх дамжлага бааз болоход хүрч байна. Нийт шүүхийн тамгын газарт 2012-2016 онд 1823 ажилтан шинээр ажилд орж, 1371 ажилтан ажлаас гарсан. Ажлаас гарсан хүмүүсийн тал шахам нь хоёр жил ажиллаад л, өөрсдийн хүсэлтээрээ гарсан байна.


 

 

-Шүүхийн захиргаанд ажиллах сонирхолгүй байна гэсэн үг үү?


 

-Бүтэц, орон тооны хувьд томоохонд тооцогдох дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 шүүхэд манай хүрээлэн социологийн судалгаа хийсэн. Шүүхийн захиргааны 118 ажилтнаас "Өөр ажлын санал ирвэл яах вэ?” гэсэн асуултад 74.2 хувь нь ажлаа солино, 13.6 хувь нь "ажлаа солихгүй” гэсэн. Үүнээс харахад шүүхэд ажилд орж байгаа эрхзүйчид зөвхөн мэргэжлийн дадлага хийх хугацааг гүйцээж, туршлага хуримтлуулж, тус бүрийн карьераа өөр газар хийх сонирхолтой байгаа нь харагдаж байна.


 

-Сургаж байтал ажлаасаа гарчихдаг, шинээр бэлтгэхэд шүүхийн үйлчилгээний чанарт ч, төсөв санхүүд ч хохиролтой болов уу?

- Шүүхэд шинээр орж буй ажилтанг туршлагатай ажилтан нь 4-6 сарын хугацаанд дадлагажуулан сургадаг. Мөн шүүхийн төсвөөс нэмэлт зардал гаргаж сургадаг. Тэгэхгүй бол шинэ ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх практик мэдлэг, чадвар эзэмшээгүй, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага төлөвшөөгүй, эрх зүйн актын төсөл боловсруулах, архив албан хэрэг хөтлөлт суралцаагүй байдаг. Тэр шүүхийн процесс ажиллагаанд алдаа гарах, хэрэг шийдвэрлэх хугацаа удаашрах, шүүхийн үйлчилгээний чанарт сөрөг нөлөө үзүүлэх, цаашлаад хүний эрх зөрчигдөх эрсдэл тулгардаг.

 

Шүүхийн захиргааны хүний нөөцөд тулгамдаж буй эдгээр асуудал хувь хүний мэдлэг, чадвараас илүүтэйгээр хууль зүйн их, дээд сургуулиудын эрхзүйч бэлтгэдэг сургалтын хөтөлбөр шүүхийн захиргааны ажилтныг бэлтгэхэд чиглээгүй байдагтай холбоотой. Сургалтын хөтөлбөрт онолын болон материаллаг эрх зүйн хичээл давамгайлсан, процессын эрх зүйн хичээл багатай, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түүнтэй холбоотой мэргэшүүлэх хичээл үздэггүй, үйлдвэрлэлийн дадлагыг оюутны сонголтоор, богино хугацаанд танилцах байдлаар хийдэг шүү дээ.

 

 

-Гадны улс орнуудад шүүхийн ажилтнаа хэрхэн бэлтгэдэг юм бэ?


-Гадаад улсын хувьд шүүхийн захиргааны ажилтныг бусад эрх зүйчдээс тусгайлан авч үзэж бэлтгэдэг тогтолцоо байдаг. Тухайлбал, ХБНГУ шүүгчийг процессийн явцад дэмжин ажилладаг бүртгэл хөтлөгч, шүүхийн зардал тооцогч, бичээч зэрэг ажилтны чиг үүргийг шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч гэсэн мэргэжил болгон нэгтгэсэн. Үүнийгээ хуулиар баталгаажуулж, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг бэлтгэх хугацаа, сургалтын ерөнхий хөтөлбөр, олгох шаардлагатай мэдлэг, ур чадвар, шалгалт зэргийг зохицуулсан байдаг. ХБНГУ-ын туршлагыг судалж, шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-тэй Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллаж байгаа. Энэ оны аравдугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөл, ХЗДХЯ, БСШУСЯ-ны хамтарсан баг төслийн санхүүжилтээр тус улсын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо болон шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн бие даасан мэргэжил бий болсон шүүхийн туршлагатай танилцаад ирлээ. ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх 2 төрлийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Үүнд, нэгдүгээрт, төрийн албан хаагчийн статустай ажиллах шүүхийн түшмэл (туслах шүүгч хүртэл дэвших боломжтой, дээд боловсролтой албан хаагч), дундаж түвшний төрийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн хуягийг бэлтгэдэг тогтолцоо байна. Хоёрдугаарт, тарифын гэрээгээр ажиллах шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэдэг тогтолцоо юм.


- Манай улсад "Шүүхийн коллеж” байгуулах талаар судалж байгаа гэсэн. Үүнд ХБНГУ-аас нэвтрүүлж болохуйц ямар туршлага байна вэ?


-ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх 2 төрлийн тогтолцоотой талаар хэллээ. Манай улсын хувьд заавал ийм 2 төрлөөр биш шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг бэлтгэдэг тогтолцоог нь нутагшуулах боломжтой. Сургуулиа байгуулахаас өмнө эхний ээлжинд шүүхийн захиргааны удирдлага гэх шинэ мэргэжлийг бий болгох юм. Өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны ажилтан шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авах, бүртгэх, тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг хянах, баримт бичгийн бүрдлийг шалгаж, шүүгчид танилцуулах, хэрэг, маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх, хавтаст хэргийг хөтлөх, шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг тухайн шатны шүүх хүлээн авахаас эхлээд хянан шийдвэрлэж дуусах хүртэлх процесс ажиллагаанд биечлэн оролцож, хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлж буй хэлбэр юм. Монгол Улсад шинэ мэргэжил бий болгох тохиолдолд тухайн мэргэжил, индексийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индекст нэмүүлэх шаардлагатай байдаг. Одоо энэ ажил хийгдэж байгаа бөгөөд БСШУСЯ-ны сайдад албан хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тавьсан.

 

 

- Шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэдэг сургуулийг БСШУСЯ-нд түшиглэж байгуулах юм уу. Эсвэл Шүүхийн ерөнхий зөвлөлд харьяалуулж байгуулах уу?


- "Шүүхийн коллеж”-ийг шүүхийн захиргааны төв байгууллагад түшиглэж байгуулснаар бусад хууль зүйн их дээд сургуулиас процессын эрх зүйд тулгуурласан сургалтын хөтөлбөр, онол-практик хосолсон сургалтын систем, хэргийн хөдөлгөөний удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх ажиллагаанд мэргэшсэн багшлах-дадлагажуулах боловсон хүчин, шүүхэд тулгуурласан дадлагын лаборатори зэргээр эрс ялгагдах боломж бүрдэнэ. Одоо үйлчилж байгаа холбогдох хуульд заасны дагуу төрийн өмчийн сургууль коллежийг Засгийн газраас байгуулдаг тул бид нар шүүхийн захиргааны ажилтны коллеж байгуулахтай холбоотой хууль эрх зүй, санхүү, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сургалтын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө зэргийг боловсруулсан. Одоо Засгийн газраар шийдвэр гаргуулж, тусгай зөвшөөрлөө авах дутуу байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл бодлогоор энэ сургууль байгуулах асуудлыг дэмжиж байгаа тул харьяалал нь хаана байхаас үл хамаарч бүх талаар дэмжиж ажиллах нь дамжиггүй юм.


-"Шүүхийн коллеж”-д сурснаар шүүхийн захиргааны ажилтны карьер хаана хүрэх боломжтой байдаг юм бэ?

 

- Коллеж байгуулснаар эрх зүйч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, түүний карьер өсөлтийн зааг ялгаа тодорхой болж, олон улсын нийтлэг жишгийн дагуу тус тусдаа хөгжих боломж бүрдэнэ. Тухайлбал эрх зүйч мэргэжилтэй хүн өмгөөлөгч, прокурор, шүүгч, төрийн болон хувийн байгууллагын хуулийн зөвлөх болж карьерийн өсөлт, шилжилт хийдэг. Харин шүүхийн захиргааны ажилтны хувьд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлд газар, нэгжийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хүртэл карьерийн өсөлт, шилжилт хийж болно. Энэ сургуулийг байгуулснаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадвар эзэмшсэн, практик чиг баримжаатай шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх боломжтой болно. Цаашдаа шүүхийн захиргааны ажилтны сургалтаас гадна шүүгчийн бэлтгэл болон давтан сургалтыг эрхэлсэн шүүхийн сургалтын академи болгон өргөжүүлэх, процессын эрх зүйгээр мэргэшсэн, чадварлаг ажилтныг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх том зорилтыг тавьж байгаа болно. Ийм ч үүднээс энэхүү сургуулиа "Шүүхийн коллеж” гэж нэрлэх саналтай байгаа. Коллеж байгуулснаар улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бакалаврын сургалт эрхлэх, дээд боловсрол олгох юм. Сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын сайн туршлагыг нутагшуулж Монгол Улсын боловсролын тогтолцоонд тохирсон байдлаар боловсруулж байгаа.


- Хэзээнээс элсэгчдээ элсүүлэх вэ? Багшлах боловсон хүчнээ хэрхэн шийдэх вэ?


- Сургууль байгуулахад багшлах боловсон хүчин, үйлдвэрлэлийн дадлага, хичээлийн байр, танхим, дотуур байр зэрэгт тодорхой шаардлага тавьдаг. Багшлах боловсон хүчний хувьд шүүхийн захиргаа, хууль эрх зүйн суурь мэдлэг олгох багш нараас гадна шүүхийн захиргаанд ажиллаж буй туршлагатай алба хаагчдаас гэрээт багшаар ажиллуулна. Багш нарын сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, мэдлэг дээшлүүлэх тусгай сургалтад хамруулна. Мөн бүх шатны шүүхүүдэд дадлага удирдуулах тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хичээлийн байр, танхим, дотуур байрны хувьд мөн хотын төвд болон хотоос гадна хичээллэх байр, анги, танхим, номын сан байгаа. Албан ёсоор байгуулагдсаны дараа сургалтын үйл ажиллагаагаа эхэлнэ. Бидний тооцооллоор бол 2018 оны намар анхны элсэлтээ авах боломж бүрдэнэ.

 

 

- Ярилцсанд баярлалаа

 



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 578  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031