Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2017, 05:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч эмэгтэйчүүдийн үндэсний холбооны хуралд Монголын төлөөлөл оролцлоо


Шүүгч эмэгтэйчүүдийн үндэсний холбооны хуралд Монголын төлөөлөл оролцлоо

    Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа 2017 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд АНУ-ын Жиоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдсан Шүүгч эмэгтэйчүүдийн үндэсний холбооны 39 дэх удаагийн ээлжит хуралд оролцжээ.

Хуралдаанаар шүүгч болон хуульчийн ёс зүй, ахмад настны эдийн засгийн эрхийн хамгаалалт, хүн худалдаалах, хүний хөдөлмөрийг мөлжих гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн шинэчлэл, цагаачлалын хууль тогтоомж, ЛГБТ гэр бүлийн эрхийг хамгаалах зэрэг нийтийн эрх зүйн сонирхол татсан олон асуудлуудаар хэлэлцүүлэг өрнөсөн байна. Тус хуралдааны талаарх Н.Баярмаа шүүгчийн сэтгэгдлийг хүргэж байна.


 

    -Ээлжит хуралдаанд нийт 18 орны 28 шүүгч, АНУ-ын 300 гаруй шүүгч, хуульч, профессорууд оролцсон бөгөөд миний бие олон улсын шүүгчдийн дундаас өөрийн орны эмэгтэй шүүгчдийн холбооны мэндийг уламжилж, товч танилцуулга хийх завшаан тохиосон цорын ганц шүүгч болсноо дуулгахад баяртай байна.

 

    National association of women judges буюу Шүүгч эмэгтэйчүүдийн үндэсний холбоо нь 1979 онд үүсгэн байгуулагдсан, эмэгтэйчүүдэд шүүх эрх мэдлийн салбарт ажиллах тэгш боломж олгох, тэдгээрийн хараат бус байдлыг дэмжих, бүх шатны шүүх дэх шүүгч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх, эмэгтэй шүүгчдийн боловсролыг дээшлүүлэх, тэдгээрт мэргэжил, мэргэшлийн хувьд өсөн дэвших өргөн боломж олгох зорилго бүхий байгууллага. Тус байгууллагын гишүүн болсноор ижил төрлийн өөр байгууллагатай харилцан холбоотой ажиллах, гишүүдийнхээ мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, шүүх эрх мэдэл, хууль зүйн салбарт тохиолдож буй сүүлийн үеийн асуудлууд, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, шүүх эрх мэдлийн салбар хууль зүйн ухааны хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой болох юм.


 

    Энэхүү ээлжит хуралдаанд АНУ-ын 39 дэх удаагийн Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны төлөө шагналт Жимми Картер, эхнэр Росалин Картерийн хамт оролцож, ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш тэдний хийж буюу нийгмийн сайн сайхны төлөө олон хөтөлбөр, ажлуудынхаа талаар харилцан яриа өрнүүлсэн. Түүнчлэн АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Роналд Трампийн цагаачлалыг хориглосон зарлиг Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй болохыг илэрхийлснийхээ улмаас ажлаасаа халагдсан АНУ-ын төрийн департаментийн хуулийн албаны дарга асан Сэлли Уэтис оролцсон нь хуралдааныг улам ч сонирхолтой болгосон юм. Тус хуралдаан АНУ-ын иргэний эрх чөлөөний хөдөлгөөний эх нутгийн нэг болох Жиоржиа мужийн Атланта хотод өрнөж байгаатай холбогдуулан иргэний эрх чөлөөний асуудлыг хөндсөн олон сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн. Дашрамд дурьдахад Жиоржиа мужийн Атланта хот нь энх тайвны төлөө Нобелийн шагналт Мартин Лютер Кингийн төрсөн нутаг юм.


 

    Дээрх холбооноос гадна International association of women judges буюу Олон улсын эмэгтэй шүүгчдийн холбоо мөн үйл ажиллагаа явуулдаг байх ба тус байгууллагын 14 дэх удаагийн ээлжит хурал ирэх 5 дугаар сард Аргентин улсын Буэнис Арис хотод зохион байгуулагдах юм байна.

 

Харин Эмэгтэй шүүгчдийн үндэсний холбооны дараагийн ээлжит хуралдаан буюу 40 дэх удаагийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сард Сан Антониа хотод зохион байгуулагдах бөгөөд дээрх хурлуудад манай эмэгтэй шүүгчдээс оролцох бүрэн боломжтой болохыг дуулгахад таатай байна.

Байгууллагуудын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоонд мэдэгдэх тул тус холбоотой харилцан сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 978  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031