Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-11-2017, 05:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Г.Ганбаатар: Эрүүгийн процессийн шинэ хууль

 
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.  

Тус хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэглэх явцад тус хуулийн бүлэг, зүйл, тэдгээрийн зарим зохицуулалтын хувьд "логик дараалал, уялдаа холбоо, цэгц”-ээс гадна асууж тодруулах (?), анхаарах буюу нэг мөр ойлголтод хүрэх (!), тодотгон боловсронгуй болгох (...) асуудлууд байгаа нь ажиглагдав. Энэ хүрээнд хамаарах зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг товч илэрхийлж байна.       

1.5 дугаар зүйлийн 1.4 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нэг тохиолдол нь тухайн хэргийн хувьд урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал "хүчинтэй” биш "хүчин төгөлдөр” тохиолдолд үүснэ.   

9.6 дугаар зүйлийн 6 

Гэрчээр мэдүүлэг өгсөн этгээд эсрэгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болох тохиолдолд тус заалт багагүй маргаан дагуулж байна. Мөрдөгч нь гэрч биш гэмт хэрэгт сэжиглэгдэх, яллагдагчаар татаж болох этгээд гэдгийг мэдсэн атлаа гэрчээс мэдүүлэг авах, үргэлжлүүлэх нь эсрэгээрээ сэжигтэн, яллагдагчийн эрхийн зөрчил /өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруутайг болон хэргийн байдлыг нотлох үүрэггүй гэх мэт/-д хүргэх улмаар хэргийн нотолгооны чадварт, хүчинтэй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.   

10.2 дугаар зүйлийн 2   

Тус заалт нь эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүхэд шүүх бүрэлдэхүүний  хүрэлцээгүй байдал, мөн шүүгчдийн ачаалал, шүүхийн зардал нэмэгдэх, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунжруулахад хүргэсэн зэрэг багагүй сөрөг дагавартай байна.     
   
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар ялангуяа орон нутагт шүүхээс зөвшөөрөл олгох зарим ажиллагааг Ерөнхий шүүгчээс бусад шүүгч нар тойргоор эсхүл зарим нь дагнах зэргээр хянан шийдвэрлэж, шүүхийн ачаалал, шүүх бүрэлдэхүүний асуудлаа зохицуулж байгаа боловч тухайн заалтын улмаас "шүүгч татгалзах, татгалзагдах” асуудал үүсч байна.    
Мөрдөн шалгах зарим ажиллагаанд олгох "зөвшөөрөл”-үүд прокурорт хэт төвлөрсөн байх тул тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дахь заалтын хүрээнд шүүхээр шийдвэрлэх асуудал цөөн байна. Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад зарим оролцогчийг албадан ирүүлэх, таслан сэргийлэх зарим арга хэмжээ авахад шүүгч зөвшөөрөл олгох ба энэ нь тухайн шүүгч тэдгээрт холбогдох эрүүгийн гэмт хэргийнх нь шүүх хуралдааныг даргалах, эсхүл шүүх бүрэлдэхүүнд оролцож болохгүй гэж үзэх үндэслэл хангалтгүй юм.    

Тус хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан бичвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, харин "хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгч тухайн шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон хүний үйлдсэн тухайн гэмт хэрэгт оролцож болохгүй” гэсэн заалтаар солих нь оновчтой юм. 

Зарим оролцогчийн хувьд Үндсэн хуульд заасан "өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх" үндсэн эрх тусгагдаагүй, дутуу тусгагдсан байх тул зөвтгөх нь зүй ёсны асуудал.  

Тухайлбал, Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй /7.4 дүгээр зүйлийн 2/, баривчлагдсан сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй /31.8 дугаар зүйлийн 1.5/, хохирогчийн үндсэн эрхэд тусгагдаагүй, харин гэрчийн эрхэд тусгагдсан. /8.2, 9.6 дугаар зүйл/  

Яллагдагч, хохирогч эсхүл баривчлагдсан сэжигтэн эсэхээс үл хамааран Үндсэн хуульд заасан тухайн эрх тэдний үндсэн эрхэд заавал тусгагдах ёстой ба утга агуулгыг нь урьдчилан мэдэх, туслалцаа авах боломж хязгаарлагдах ёсгүй.  

Сэжигтэнтэй холбоотой бодлого, зохицуулалтын логик зөрчил бүхий бусад асуудлыг нэг мөр анхаарах шаардлагатай.   

Баривчлагдсан эсэхээс үл хамааран сэжигтний нийтлэг эрхийг нэг дор нэг мөр зохицуулаагүй, зөвхөн баривчлагдсан сэжигтний эрхийг энд тэнд салангид байдлаар дутуу зохицуулсан нь алдаа, зөрчилтэй асуудалд хамаарч байна. /31.6, 31.8, 31.11 дүгээр зүйл/   
 
Сэжигтний эрх эдлүүлэх буюу сэжигтнээс мэдүүлэг авахад заавал баривчлагдсан байх шаардлага юу байна вэ ? Яагаад заавал баривчлахгүйгээр яллагдагчаар татах тогтоол танилцуулахаас өмнө сэжигтний эрх эдлүүлэн сэжигтнээр мэдүүлэг авч болохгүй вэ ? Ямар хэрэгт сэжиглэгдсэнээ огт мэдэхгүйгээр гэнэт дуудагдан яллагдагч болчихсон байх нь эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломж нөхцөл, зарчим, логикийн хувьд зүй зохистой юу ?     

Баривчлагдаагүй сэжигтнийг "гэрч”/ 9.6 дугаар зүйлийн 6/-ээр тогтоон мэдүүлэг авч болно гэж үзэх нь холбогдох хуульд заасан сэжигтэн, яллагдагчийн эрхийн зөрчилд хүргэх тул зөвшөөрөгдөх боломжгүй. 

Мөн урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүйгээс гадна эрүүгийн хэрэг нээх, улмаар яллагдагчаар татах асуудал тусдаа зохих хугацаатай, хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгагдах тохиолдол цөөнгүй үүсэх тул заавал баривчлахгүйгээр сэжигтнээс мэдүүлэг авсан байх нь гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээ, тактик, чиглэлийг зөв тодорхойлох, тодруулахад ач холбогдолтойг бас давхар тооцох шаардлагатай.   
  
Баривчлагдсан сэжигтэнд "дараах зүйл”-ийг танилцуулна гэсэн нь ойлгомжгүй /31.6 дугаар зүйлийн 1/. Баривчлагдсан эсэхээс үл хамааран сэжигтний эдлэх эрхийг "зүйл” гэж зохицуулах ёсгүй. Зүйл биш эрх болох нь ойлгогдоно.          

Зөвхөн баривчлагдсан сэжигтний эрх хэмээн хязгаарлаж улмаар сэжигтний үндсэн эрхэд хамаарах утга агуулга нэгдмэл буюу зарим эрхийн агуулгад нь багтах зарим асуудлыг "эрх, зүйл” хэмээн энд тэнд салангад байдлаар зохицуулсан /31.6, 31.8, 31.11 дүгээр зүйл/ нь зөрчил, давхардал, ойлгомжгүй байдал үүсгэсэн байх тул "баривчлагдсан” гэж хязгаарлахгүйгээр "сэжигтний нийтлэг эрх”-д хамаарах эрхийг нэгтгэн нийтлэг байдлаар зохицуулах, харин баривчлагдсан сэжигтэн "нийтлэг эрх” эдлэхээс гадна баривчлагдсантай холбоотой бусад зарим эрхийг тусад нь тодотгон заах нь оновчтой, зөв болохоор байна.  
 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 509  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031