Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-11-2017, 02:08   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Н.Отгонтуяа: Монгол Улсад шударга ёс байдгийг шүүх харууллаа


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын II бүрэн дунд сургуулийн захирал Н.Отгонтуяатай ярилцлаа. Тэрбээр шүүхийн шийдвэрээр ажилдаа дахин томилогдсон юм.


-Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн юм бэ. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа итгэлтэй байв уу?


-Өлгий сумын II сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байхад шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад аймгийн Засаг дарга үндэслэлгүйгээр халсан учраас гомдолтой байсан. Шүүхэд хандах ёстой гэж бодсон ч шийдвэр гаргахад хамгийн хүнд байсан. Ойрын хүмүүс маань "Шүүхэд хандаж зарга хийснээс ажил олгогчоос санал болгосон ажлыг хийхээр тохиролцсон нь дээр” гэдэг зөвлөгөөг өгч байлаа. Надад ч хууль бус шийдвэртэй тэмцэхээс илүү шүүхэд хандах нь аймаар санагдаж байсныг нуухгүй. Хариуцагч тал аймгийн Засаг дарга. Эрх мэдэлтэй, улс төрийн албан тушаалтантай заргалдахад шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлгүй байсан. Олон хоног бодсоны эцэст "Монгол Улсад шударга ёс гэж байдаг бол тэр нь шүүх байх ёстой” гэсэн итгэлээ дагаад нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад, ажлаа авах хүртэл 12 сар 12 хоног өнгөрсөн байна.

 

-Нэг жил гаруй хугацаанд шүүхээр үйлчлүүлжээ. Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?


-Жил гаруй хугацаа өнгөрсөн ч Монгол Улсад шударга ёс байдгийг шүүх харуулж чадсан. Намайг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан.

 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлсэн үү?


-Анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Ингээд хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэр 2017 оны зургадугаар сард гарч, анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Гэтэл аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхэд бас багагүй хугацаа ордог юм билээ. Ингээд жил гаруйн дараа ажилдаа орлоо.

 

-Шүүхээр маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй тал байв уу?


-Анх удаа шүүхэд хандаж, зарга хийж үзлээ. Шүүхийг эрх баригчдын талд шийдвэр гаргадаг, улстөрчид нөлөөлөх хандлагатай гэсэн таамаг байсныг нуухгүй. Харин шүүхээр үйлчлүүлээд явж байхдаа энэ таамаг маань үндэслэлгүй болохыг мэдэрсэн. Шүүхийн бүхий л үйл явц нээлттэй байсан. Нээлттэй байх тутам хардах үндэслэл багасдаг юм билээ. Харин маргааныг шийдвэрлэхэд их хугацаа алддаг юм байна. Энэ нь шүүхийн ажиллагаа гэхээсээ илүү хариуцагч талын шүүх хуралдааныг хойшлуулах сонирхлоос үүдэлтэй юм билээ. Тухайлбал, шүүх хуралдааны үед гуравдагч этгээдийг оролцуулах, гэрч асуулгах, сургалтад хамрагдаж байгаа гээд удаа дараа хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдсон.

 

Төрийн албанаас над шиг үндэслэлгүй халагдсан олон хүн байдаг байх. Тэр хүмүүст хэлэхэд, шүүхэд эргэлзэхгүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй юм байна. Шүүх шударга гэдгийг биеэрээ мэдэрлээ. 

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 306  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031