Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-11-2017, 05:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын шинжлэх ухааны салбар-Судалгааны бүтээл


-Монгол Улсын шинжлэх ухааны академи-2017 онд-


Шинжлэх ухааны ажилтны өдөр, Монголын орчин үеийн шинжлэх ухааны ууган байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн 96 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн 56 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны академи 2017 онд хийж бүтээсэн онцлох ажлуудаа тайлагнажээ.

Эдгээр ажлуудаас Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цувралаар хүргэе. 

 

МАНАЙ ОРОНД АЛТ, АЛМААСЖИЛТТАЙ ШИНЭ ТӨРЛИЙН КИМБЕРЛИТИЙН ЦОРГО ҮҮСЧЭЭ

 

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан, ШУ-ны доктор, профессор Д.Доржнамжаа: Монгол орны нутгаас цагариган бүтэцтэй, дугариг хэлбэртэй солирын тогоонуудыг Завхан аймгийн Алдархаан сумын Агьт Хангай, Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын Хүрээ Мандал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Баян Хүрээ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Цэнхэр зэрэг газар илрүүлж, алт, алмаасжилттайшинэ төрлийн кимберлитийн цорго үүссэн болохыг тогтоолоо.

 

Тэрхүү орчин нөхцөлд үүсэж биежсэн халуун цөм-магмын биет, цоргон бүтэц, тэдгээрт хурж хуримтлагдсан алт, алмаас, хар соронзон үрэл, рений зэрэг 60 орчим үнэт ховор чулуу, эрдэс, бодис флюидодинамикийн ижил зүй тогтолтой болохыг шинээр илрүүлж, байгалийн шинжлэх ухаанд урьд өмнө огт хэрэглэгдэж байгаагүй астропаип (одны цорго) хэмээх шинэ ойлголт, үзэл бодлыг дэвшүүлэн тавьж байгаа юм. Ялангуяа Завханы Алдархаан сумын нутаг дахь Агьт Хангайн солирын тогоо бол дэлхийд ховорт орох хосгүй нандин тогтоц буюу ёстой л эрдэнийн уул юм. Хүрээ Мандалын солирын тогооч бас дутахгүй. Ийм ч учраас бид асуудал боловсруулан тавьснаар улсынтусгай хамгаалалтанд оруулсан гэдгийг дурьдахад таатай байна.

 

ЧИХЭРТИЙН ЗООНЫ МАЛТЛАГА ХҮННҮГИЙН ОН ЦАГИЙГ УРАГШЛУУЛСАН

 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Г.Эрэгзэн: Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалыг бид анх 2013 онд археологийн авран хамгаалах судалгааны явцад илрүүлсэн юм. Тэнд газрын өнгөн хөрсөн дээр ил мэдэгдэх цагариг хэлбэрийн, чулуун дараастай 300 орчим хүннү булш бүртгэгдсэн болно. Ингээд бид2016 оноос БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний Их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимтэй хамтран Чихэртийн зооны дурсгалт газарт археологийн малтлага хийж, булшны бүтэц зохион байгуулалтын онцлог, илэрсэн олдворын хэв шинж, дагуул булшнаас нь гарсан хүрэл болон ясан зэв зэргээс үндэслэн Чихэртийн зоогийн Хүннү булш нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зуунд хамаарах боломжтойг тодорхойлоод байна. Энэ жилийн малтлагын үр дүнд 5м х 3.5м хэмжээтэй том модон бунханы таган дээрээс 4 дугуйтай хоёр морин тэрэгний үлдэгдэл олдсон бөгөөд чий будагтай, алт шармал, хүрэл болон төмөр тоногтой байлаа. Өмнө нь хүннүгийн язгууртын булшнаас морин тэрэгний үлдэгдэл хэд хэд илэрсэн байдаг ч тэдгээр нь бүгд 2 дугуйтай тэрэг байсан бол Чихэртийн зооных 4 дугуйтай тэрэгнүүд байгаа нь анхны тохиолдол юм. Мөн дагуул булшнаас илэрсэн хүрэл болон ясан зэвнүүд хэлбэрийн хувьд НТӨ VI-III зуунд дэлгэрч байсан зэвтэй ихээхэн төстэй байгаа юм. Эдгээр зүйлс нь НТӨ II зуунаас өмнөх үеийн зүйлстэй ижилсэж байгаа нь гадны судлаачид хүннүчүүдийг Монгол нутгийн уугуул оршин суугчид биш, нүүж ирэгсэд хэмээн үзэж ирснийг няцааж байгаагаараа онцлог юм. Түүнээс гадна Чихэртийн зооныдурсгал нь цагариг хэлбэрийн чулуун дарааст булшийг Хүннүгийн жирийн иргэдэд холбогдуулан үзэж ирсэн үзэл баримтлалыг өөрчилж, ийм хэлбэрийн дурсгал дотор харьцангуй өндөр зэрэг зиндааны хүмүүсийн оршуулга ч байх боломжтойг нотолж өгсөн нь энэ жилийн судалгааны бас нэгэн чухал үр дүн боллоо. 

 

ЗАЛУУ ГЕНЕТИКЧИД ЭРТНИЙ ХҮНИЙГ СУДАЛЖ БАЙНА

 

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан Р.Одонгоо: Бид эртний хүний митохондрийн ДНХ-ийн ялгаатай байдал дээр үндэслэн гаплобүлгүүдийг нь тогтоох судалгаа хийлээ. Митохондрийн ДНХ нь эхээс хүү, охин аль алинд нь удамшдаг тул У хромосомыг бодвол илүү өргөн тархдаг. Одоогоор манай оронд энэ төрлийн судалгаа хийгдээгүй байгаа. 

Монгол Улсын шинжлэх ухааны салбар-Судалгааны бүтээл 

Бидний судалгаагаар Баянхонгор, Булган аймгаас олдсон Хожуу хүрэл болон Хүннүгийн үед хамаарах эртний хүмүүст С4, G2а гэсэн гаплобүлгүүд илэрсэн. Үүнийг тогтоосноор тухайн бодгалын гарал үүсэл, тархалт зэрэг олон талт мэдээллийг авах боломжтой. Булган аймгаас олдсон хүннүгийн үед хамаарах булшин дахь эртний хүн С4 гаплобүлэгтэй байсан нь Зүүн хойд Азид түгээмэл тохиолддог, тэр дундаа орчин үеийн монгол хүмүүст 16%-ийн дамтамжтай илэрдэг бүлэг юм. Судалгааны дүнд С4 гаплобүлэг хожуу хүрлийн үеийн болон хүннү үеийн хоёр эртний хүнд илэрсэн. Сонирхолтой нь энэ хоёр хүний булш Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас олдсон байдаг. Хэдийгээр хоорондоо 1000 гаруй жилийн зөрүүтэй ч ижил гаплобүлэгтэй байгаа нь тухайн нутагт олон үе улиран тогтвортой суурьшиж байсныг нэг талаас гэрчилж, нөгөө талаас монголын эртний оршин суугчид болон орчин үеийн оршин суугчдын хооронд удмын холбоотойг харуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр бидний өвөг хүннүчүүд байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

 

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.11.24 №252 (5819)


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 240  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031