Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2017, 08:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх ил тод байх нь хөнөөлтэй юу?

 

Хууль зүйн шинжлэх ухаан XIX зуунд математикийн шинжлэх ухаанаас постулат буюу "нотлох шаардлагагүй үнэн” гэдэг ойлголтыг зээлдсэнээр сая шинжлэх ухаан болж хөгжжээ. Хууль зүйн шинжлэх ухаанд хүний эрх, төрийн эрх мэдлийг хуваарилах онол нь постулат юм бол шүүхийн бие даасан, хараат бус байдал ч бас постулат юм. (Улсын дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь)


Зан төлөв, ёс зүйн хувьд шүүгч өөрөө хараат бус байдлаа хадгалж чадахгүй бол шүүхийн хараат бус байдал бодитоор оршихгүй. (МУИС-ийн доктор, профессор Н.Лүндэндорж)

Шүүхийн хараат бус байдал өөрөө зорилго биш. Харин шүүхийн шийдвэр шударга ёсонд нийцэж байх нь зорилго юм. (Доктор О.Мөнхсайхан)


Шүүгчийн хараат бус байдлыг объектив буюу албаны, субъектив буюу хувийн хараат бус байдал гэж авч үздэг. Шүүгчийг бүх насаар нь томилох, шүүгчийг зөвхөн шүүгч хянах гэх мэт нь хуульд заасан хамгаалалтууд нь албаны буюу объектив хараат бус байдлыг илэрхийлдэг бол тухайн шүүгч ёс зүй, зан төлөвийн хувьд уг албан тушаалыг хашихад бэлтгэгдсэн, бусдын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах чадвартай байх нь хувийн буюу субъектив хараат бус байдлыг илэрхийлдэг байна.


2017 онд гаргасан шүүхийн хараат бус байдлын ранкаар Монгол Улс дэлхийн 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ юунаас болсон бэ гэж үү?


1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан төрийн эрх мэдлийг анх удаа хуваарилж, "Монгол Улсын төрийн байгуулал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс бүрдэнэ. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй нэг адил бие даасан засаглал бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл болон Ерөнхийлөгчийн институтээс хараат бус, бие даасан байна” хэмээн хуульчлан баталгаажуулсны дараа Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн эхний давалгааг эхлүүлжээ. 1993 онд Шүүхийн тухай хуулийг, 2002 онд процессийн хуулиудаа баталсан байна. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх ҮАБЗ-өөс  шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хоёр дахь давалгааг эхлүүлж, 2012 он гэхэд шүүхийн багц хуулиудыг УИХ-аар батлан гаргасан байдаг. Дээрх хуулиуд нь шүүх болон шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах, шүүгчийн мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэж байв.


Хууль батлагдсаны дараа буюу 2014 онд шүүхийн төсөв түүхэндээ хамгийн их буюу улсын төсвийн 0,8 хувьд хүрчээ. Харин үүнээс хойш тогтмол буурсаар ирсэн байна. Үүний шалтгаан нь хууль тогтоогчид Шүүхийн тухай хуульд байсан "Шүүхийн төсөв, орон тоо, шүүгчийн цалинг ШЕЗ-ийн санал болгосноор УИХ батална. Шүүхийн төсвийг батлахдаа өмнөх оныхоос бууруулахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, шүүгчийн цалинг УИХ тогтоохоор өөрчилсөн явдал.


"Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно” гэсэн уг хуулийн бас нэг заалт хүчинтэй хэвээр байгаа ч хууль тогтоогчдын зүгээс "Тэгвэл тэрийг чинь ч гэсэн хүчингүй болгоод өгөх үү?” гэдэг байдлаар довтолж байгаа. Үүнийг шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа бодлогын буюу улс төрийн нөлөө гэж нэрлээд байна. Жирийн иргэдийн түвшинд "Шүүх бол шүүн тасалдаг, ял эдлүүлдэг байгууллага биш, харин шударга ёсыг тогтоодог Үндсэн хуулийн байгууллага, бие даасан эрх мэдэл юм байна” гэдэг ойлголт хэдийн тогтоод байхад улс төрийн дээд түвшинд үүнийг хүлээн зөвшөөрөх хандлага харьцангуй бага байна аа л гэсэн үг.


Саяхан Хууль зүйн сайд нь телевизийн ярилцлагад орохдоо "Монголын шүүх ялзарсан” гэж хоёр удаа хэлсэн нь хоёулаа өөртэй нь холбоотой шүүхийн шийдвэр байв. Засгийн газрын гишүүн нь төрийн компаниас санхүүжилт аваад "Шүүгчид гэж авлигад автсан, мэдлэг боловсролгүй, дур зоргоороо каст боллоо. Шүүхийг өөрчилье” гэсэн хөдөлгөөн өрнүүлээд явж байсан тохиолдол ч зарим улс оронд байдаг л юм байна. Манай хүнтэй адилхан...


Бас нэг жишээ. Хуулиараа шүүгчдийг ШЕЗ санал болгосноор (сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр)Ерөнхийлөгч томилдог. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилохоос татгалзсан тохиолдол 1-2, 2-3 байдаг байсан бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилохоос татгалзсан тохиолдол 21 удаа болсон байна. Томилгооны хувьд илүү хараат болж байна гэсэн үг. Тиймээс шүүгчээр томилохоос татгалзах үндэслэлийг хуульчилж гаргаж өгөх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг судлаачид хийж байна. 


Гол асуудал буюу субъектив хандлага


Шүүх, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар халдсан тохиолдол нэг хэрэг. Үүнийг хуулийн хүрээнд, бодлогоор засч залруулах боломжтой. Харин шүүх, шүүгч өөрөө өөртөө, дотоод итгэл үнэмшлээрээ хараат бус, нөлөөнд автахгүй байх тэр ёс зүй, зан төлөвийг хэрхэн төлөвшүүлсэн бэ гэдэг өөр асуудал. Бараг бүх шүүгчийн асуудал. Үүнийг шийдэх нь хамгийн төвөгтэй.  


Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн бас нэг оролдлого нь шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон явдал. Хэрэв ямар нэг албан тушаалтан, хувь иргэн шүүгчийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож айлгасан, дарамталсан, авилга, албан тушаал санал болгосон тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Шүүгчийн мэргэжлийн хороо уг мэдүүлгийн мөрөөр шалгалт хийгээд нотлогдвол шүүгчид нөлөөлөх оролдлого хийсэн этгээд хуулийн хариуцлага хүлээдэг болсон. Хууль батлагдсанаас хойш 2016 он хүртэл шүүгчид нийт 26 удаа нөлөөллийг мэдүүлэг хөтөлснөөс 30,3 хувь нь л шүүхээр шийдэгдэж, хуулийн хариуцлага хүлээсэн байна. Харамсалтай нь шүүгч өөрсдөө нар шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавьж байгаа олон нийтийн хараа хяналтыг "шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого, хараат бус байдалд халдсан үйлдэл” хэмээн эндүүрэх тохиолдол олон гардаг байна. Энэ эндүүрэл нэг, хоёр шүүгчийн бус нэлээд хэсгийн асуудал, мэргэжлийн онцлог шахуу болчихвол бүр ч халгаатай.


Сүүлийн хоёр удаа телевизээр шууд дамжуулсан Н.Энхбаяр, Л.Гансүх нарын шүүх хурал байнгын жишээ болдог. "Шүүх хуралдааныг шууд дамжуулах нь шүүгчийн хараат бус, аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Шүүгчийг олон нийтийн сэтгэлзүйд тааруулж шийдвэр гаргахад түлхэж байна” гэх болгоомжлол шүүгчид, шүүхүүдийн зүгээс, ШЕЗ-ийн зүгээс ч удаа дараа сонсогдож байгаа. Хамгийн түрүүнд АНУ-ыг жишээ татдаг. АНУ-д шүүх хуралдааныг шууд дамжуулахыг хориглодог, шүүхийн шийдвэр олон нийтэд таалагдах албагүй гэж үздэг гэх мэтчилэн. Тэгвэл тэнд ч гэсэн дандаа тийм байдаггүй аж.


Жишээ нь олны анхааралд өртсөн дуулиант хэргийн шүүх хуралд орохын тулд АНУ-ын иргэд нь шөнөжин шүүхийн байрны гадаа дугаарладаг. Хамгийн эрт дугаарласан хүн хамгийн түрүүнд шүүхийн байр луу нэвтэрч чаддаг учраас. Дугаарласан хүмүүс нь хэт олон, шүүхийн танхимд багтах боломжгүй бол саваа мод сугалуулаад хэн нь шүүх хуралдааныг үзэж сонирхохыг шийдчихдэг гэнэ. Хэрвээ шүүх хуралдааныг хаалттай явуулахаар бол үндэслэлээ заавал хэлдэг. Хамгийн наад зах нь шүүхийн байрууд иргэдэд ойр, ойлгомжтой байхын үүднээс гаднаа автобусны буудалтай, хүн бүр очих боломжтой байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна.


Харин манайд "шүүх хуралдаан иргэдэд нээлттэй” гэх боловч шүүхийн танхим руу нэвтрэхийн тулд ихэнх тохиолдолд хэн нэгний зөвшөөрөл шаарддаг. Шүүх хуралдааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдээс ч гэсэн урьдчилж заавал зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Тэгээд олны анхааралд өртсөн дуулиантай хэргүүдийг ихэнхдээ ямар нэг шалтгаанаар хаалттай явуулж, "нууц”-ад хамруулдаг. Жилийн өмнө шүүсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудал дөнгөж одоо л яригдаж эхэлж байх жишээтэй. Гэхдээ нууц нь нууцаараа үлдэнэ, нууц биш нь л ил болно гэнэ.


О.Мөнхсайхан доктор үүнийг "Шүүгчийн хараат бус байдал үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс дээгүүр биш. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ч бас шүүхийн хараат бус байдлаас дээгүүр биш” гэв. Зөвхөн хувь иргэнд хамаатай асуудлыг биш, хууль юу вэ гэдгийг тайлбарлаж байгаа учраас олон нийт шүүхийн процессийг мэдэх эрхтэй. Тиймээс Шүүхийн процесс ил тод байх тухай 2016 оны Стамбулын тунхагийн гол санаа нь new public management буюу шүүх нь ардчиллын институциуддээ хянагдах ёстой гэсэн байна. Иргэний нийгэм болон хэвлэлийн эрх чөлөөндөө хянагдана гэсэн үг.


АНУ гэх мэт ардчилал хөгжсөн орнуудад илүү консерватив буюу "шүүгчийн хариуцлагыг шүүх өөрөө хянах ёстой” гэх үзэл давамгайлдаг бол ардчиллын шинээр тогтоосон болон сэргээн тогтоосон орнуудад иргэний нийгмийнхээ хяналтыг илүү чухалчилдаг байна. МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар энэ тухай "Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг иргэдийн өмнөөс эдэлж, мэдэх эрхийг нь хангадгийнхаа хувьд хэн нэгний хэвлэн нийтлэх эрх шүүхийн хараат бус байдалд халдсан болохгүй. Нөлөөлөх оролдлого байж болох ч шүүгч өөрийн мэдлэг, туршлага болон бусад зүйлээр түүнийг даван туулах ёстой” гэв. Өөрөөр хэлбэл, шүүгч, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг объектив хүчин зүйлүүдээс илүү хувь хүмүүсийн (шүүгчдийн ч бас) субъектив хандлага илүү хөнөөлтэй ч байж болох юм.


Гэх мэтчилэн олон асуудлыг хөндсөн "Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-өөс "Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран зохион байгуулж, шүүгч, хуульчид, судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн оролцон санаа бодлоо уралдуулав. Шүүх ил тод, нээлттэй байх нь хаалттай байхаасаа илүү хөнөөлтэй юу?!



Б.СЭМҮҮН



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 526  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031