Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2017, 02:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн хуучин ба шинэ хуулийн зөрлөгт үүссэн ээдрээ, эмгэг, эсрэгцэл

  

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн тухай цөөн үг

 

"Эх орон, ард түмний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэм дээд эрх ашиг, үнэт зүйлс бүхэн Эрүүгийн хуулийн онцгой онцлогтой бодлого, зохицуулалтаар хамгаалагддаг


Эрүүгийн хууль нь хүний ба улс орны амьдрах эрх, аюулгүй байдал, амин эрх ашиг, үнэт зүйлсийн үндсэн бөгөөд онцгой хамгаалалт учир Эрүүгийн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалт нь орчин цагийн эрх зүйн хөгжлийн түгээмэл хандлага, нийгмийнхээ бодит амьдрал ахуйд нийцсэн, зөв, оновчтой, гэмт хэргийн гаралтыг ихэсгэхгүй харин бууруулах буюу тодорхой түвшинд тогтоон барихад чиглэгдсэн, энэрэнгүй, хийдэлгүй байх зэрэг "олон талт” шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой.


Түүнээс биш Эрүүгийн хууль нь улстөрч гэх хэн нэгэн эсхүл хэсэг бүлэглэлийн дурын санал, хүсэл зоригийн эсхүл бусдаас хуулбарласан буюу зохицохгүй, хуучирсан зохицуулалтын эрээвэр, хураавар хураангуй биш юм.


Тийм ч учраас 2002 оны Эрүүгийн хуулийн хуучирсан, шоронжуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох талаар хуульч, эрдэмтэн, судлаачид тус хууль батлагдсан цагаас эхлэн шинэлэг буюу шүүмжлэлт санал дэвшүүлэн, үзэл бодлоо илэрхийлсээр байсан ч үе үеийн төр засгийн эрх баригчид "чихэнд нь алт, ус хийсэн ч сэгсрэх илжиг шиг”, "Эр саарал илжиг ийш нь чангаах, Эрдэнэ ширээтийн Дүвчин унзад тийш нь чангаах эхлэл, өрнөлөөр дүр эсгэлт, хуурмаглалыг ёжлон өгүүлэхДүвчин унзад”-ын домог мэт "нүдэн балай чихэн дүлий”, шинэчлэлийг эсэргүүцэн, "улс төржсөн утоп попури”-гаар илбэдсээр 15 орчим жил эгэл иргэдээ "шоронжуулах”-д чиглэгдсэн ялын хатуу бодлого, харин авлига, албан тушаалын хэргийн эрх мэдэлтэнд эсрэгээр "зөөлөн бодлого” хэрэгжүүлсэн нь онцлон тэмдэглэгдсэн байдаг.


Бүхэл бүтэн 15 жилийн турш Эрүүгийн хуулийг шинэчлэхгүй "зэлтэрийн гацаа”-нд байлгав. Улстөрч гэх хэн нэгэн буюу хэсэг бүлгийн амнаас гарсан хийтэй үзэл, хар санаа, дур хүсэл хуульд шургалах буюу хууль болон хувирч, харин эгэл түмэн, судлаачдын хийгүй үзэл, цэвэр санаа, хүслүүд хаданд хашгирсан цуурай мэт замхарав. Төрийн тэрбумтнуудын "бохир” савирсан хэвээр, "эгэл борчууд” торлогдон, бөөстсөн хэвээр байв.Яагаад? Юу болоод өнгөрөв? гэдэг бол жич дүгнэгдэх ёстой асуудал юм.


Гэвч шинэ эрин-эдүгээ цаг дор төрийн буруу бодлогын золиосоор шоронд буй нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх нь дэлхийн ардчилсан, ухаалаг төрийн үүрэг, загвар бодлого болсон байх тул түүнээс зожигрон зөрөх, гажих ёс, гарц үгүй болов.


Шинэ цаг үе, нийгмийн бодит шаардлагын хүрээнд Улсын Их Хурал эрс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2015.12.03-ны өдөр "чадан ядан” баталсан ба "баруун жигүүр”-ийн бүлэглэлийн тайлбарласнаар 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль бол "маш их” эмгэгтэй байсныг тийнхүү эмчилсэн гэх боловч "зүүн жигүүр”-ийн бүлэглэлийн үзсэнээр шинэчлэгдсэн Эрүүгийн хуульд "маш их бус” эмгэгүүд байна, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл дутуу, Эрүүгийн процессын хууль ёсчлогдоогүй учир хүчингүй гэх зэрэг шалтаг, шалтгаанаар тус хуулийн хэрэгжилтийг урт хугацаагаар хойшлуулсан.


Тухайн хойшлогдсон хугацаанд Эрүүгийн хуулийн "Маш их бус” эмгэгийг эмчлэхэд чиглэсэн гэх "нэмэлт, өөрчлөлт” хийгдсэнээр шинэчлэгдсэн Эрүүгийн хууль 2017.07.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх төлөвт шилжсэн билээ.


Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль мөнхийн, гайхамшигтай хууль биш ч гэсэн ерөнхий үзэл баримтлал, зарим зохицуулалыг цаг үеийн шаардлагад нийцүүлэхийг эрмэлзсэн гэдэгт эргэлзээгүй.


Эрүүгийн хуулийн "Маш их ба маш их бус” эмгэгийг бүрэн эмчилж чадсан эсэх асуудал нь тухайн хууль нийгмийн бодит амьдрал дээр хэрэгжиж, хэрэглэгдэж эхэлснээр тодорхой болно, харин Эрүүгийн хуулийн эмгэгийг эмчилсэн гэж хий хоосон цэцэрхэж, магтаалын үг урсгаснаар шийдвэрлэгдэхгүй юм.


Эрүүгийн хуульд "хууль бол хууль” гэж механикаар, олон хэмжээст биш хайрцаглагдсан, хоцрогдсон, царцанги үзэл, сэтгэлгээгээр хандах, ойлгох ёсгүй.

Хууль нь эрх зүйт, шударга, амьд байх шалгуурыг хангасан эсэх нь анхаарах гол асуудал. Хуулийн бодит бичвэр цэвэр үү, шударга, эрх зүйт мөн үү, амьд үйлчлэлтэй болж чадсан уу, хуулийн цаадах хуулийн утга агуулга, ил ба далд санаархал нь үндэсний эрх ашиг, зүй ёс, шударга ёсны шаардлагад нийцсэн эсэх, улс төр, ёс суртахууны болон эдийн засгийн онолтой байсан эсэх, бодлогын болон зарчмын үндэслэл нь юу болох эсэх зэргийг илрүүлэх ёстой.


Хууль эмгэгтэй байна гэдэг хуулийн буруу биш. Хуулийн эмгэг гэдэг бол эсрэгээрээ төрийн ой санамж, хуулийн бодлого тодорхойлогч, хууль тогтоогчдын мэдлэг, чадвар, үнэт зүйлс, нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлогыг илтгэх шинж болно.


Үнэт зүйлс, нийтлэг эрх ашиг, эрх зүйт ёсны асуудлыг олон талт өнцгөөс харах улстөрчийн нүд хуульчийн нүднээс өөр байх нь цөөнгүй.


Улстөрч ба хуульчдын хувьд хууль бүтээх, түүний утга агуулга, нийцэл зохицлын гүнд нэвтрэх чадвар, алсын хараа эсрэг тэсрэг байх нь элбэг.


Эрүүгийн хуульд бодлого, зохицуулалтын хувьд алдаа, зөрчил, хийдэл бүхий асуудлууд байгааг үгүйсгэхгүй ч тухай бүр судалгаатай, үндэслэлтэй, оновчтой санал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээр тодотгон боловсронгуй болгох боломж бүрдэнэ.


Асуудлыг олон талт өнцгөөс харж, үзэл бодлоо чөлөөтэй уралдуулснаар зөв гарцыг олж болно. Үзэл бодлын зөрүү байж болно, гол нь бүхий л алдаа, буруу, бүрхэг асуудлыг илрүүлэн хэлэлцэх, нэг мөр ойлголтод хүрэх, засч залруулах нь чухал болоод байна. 

 

Хуульчийн хувьд мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн шинэчлэлд хамаарч болох зарим асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байна.

 

Бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү



 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 529  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031