Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2018, 05:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ерөнхийлөгч прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож байна.

Төрийн тэргүүн дээрх зөвлөгөөнд оролцож, хэлсэн үгэндээ:

Эрхэм хуульчид, прокурорууд аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Уламжлал болгон явагддаг зөвлөгөөн, энэ жилийн хувьд удирдах ажилтнуудын хувь хүний хөгжилд анхаарах, ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа гэж надад мэдээлсэн.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын тайланг харж байхад хэдэн сонирхолтой тоо байна. 2017 оны сүүлийн зургаан сард анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд прокурор оролцож санал дүгнэлт гаргажээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэг 69.3 хувиар өссөн байна. Харин хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлийн явцад хэргийг хаасан хэргийн тоо 31.6 хувиар буурсан гэжээ. Дээд шатны прокурорын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан прокурор, ажилтны тоо өмнөх оноос 21.4 хувиар буурчээ гэж. Эдгээр нь танай хамт олны амжилтыг илэрхийлдэг эерэг үзүүлэлт, мэргэжлийн үнэлгээ байх.

Гэхдээ нийт иргэдийн хувьд бол үнэлэмж хараахан өөр байна. Би саяхан нийслэлийн долоон дүүрэг, зүүн болон говийн бүсийн таван аймгийн иргэдтэй уулзалтууд хийсэн. Иргэдийн хамгийн их бухимдаж байгаа, шүүмжилж байгаа асуудлууд дунд хуулийн засаглал хэрэгжихгүй байна, шударга ёс, төрийн албаны ёс зүй алдагдсан талаарх гомдол ихээхэн байр суурь эзэлж байна. Энэ нь мэдээж дан ганц прокурорын байгууллагатай холбоотой биш. Хууль тогтоох дээд байгууллагаас уруудаад хууль сахиулж, хэрэгжүүлж байгаа бүхий л үе шатанд хамаатай шүүмжлэл байх. Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3000, нийт 12000 орчим иргэд оролцож, 670 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1300 гаруй иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ. Эндээс оффшор данстай төрийн албан хаагчдад болон төрийн албыг наймаалцсан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй байгаа талаар 109, хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 98 гомдол гарсан байгааг Ерөнхийлөгчийн тамгын газар цэгцэлж холбогдох газар, албан тушаалтнуудад хүргүүлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж ажиллана.

Прокурор бол хууль сахиулах, шүүх ажиллагаанд Төрийг төлөөлж оролцдог субъект. Төрийг төлөөлнө гэдэг нь ард олныг төлөөлж, тэдний эрх ашгийг сахин хамгаалах, хуулийн засаглалыг тогтоох үйлс болохоос албан тушаалтанд үйлчлэх биш юм. Иргэд албан тушаалтнуудын дураар авирлах, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон байдал хуулийн шийтгэлээс гадуур үлдээд байна, шударга ёсны хариуцлагад өртөхгүй байна гэсэн шүүмжлэлийг их хэлж байгаа. Нэг талдаа хоосон хардлага цөөнгүй байдаг байх, нөгөө талдаа үнэхээр оффшор данстай төрийн албан хаагчид, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан хэрэг гээд шийдэгдэхгүй, сунжраад гацаад байгаа хэргүүд шүүмжлэл дагуулж байна.

Өнөөдөр Монгол улсыг гадна, дотногүй муухай харагдуулж байгаа олон асуудал байдаг. Үүнээс цөөн буюу гурван асуудлыг хэлмээр байна.

Нэгдүгээрт, авлигатай тэмцэх төрийн хүчин чармайлт хэлбэр төдий, оромдсон байдалтай байгаа. Энэ бол үнэн. Хоёрдугаарт, хуулийн засаглал сул, төрийн албан тушаалтнууд нь ёс зүй, зарчимгүй байна. Энэ ч мөн үнэн. Гуравдугаарт, нийслэлийн агаарын бохирдол гэсэн гурван асуудлыг тодруулж хэлье.

Эдгээр цогц бэрхшээлүүдээс арай хурдан шийдэж болох нь агаарын бохирдол, утаа байх. Утаа урин цаг ирэхээр, эсвэл салхи гарахаар арилаад өгч магад. Харин авлига, ёс зүйгүй байдал тийм амар арилахгүй. Энэ бол өдөр бүр шаргуу, хатуу тэмцэж байж л алга болох нийгмийн хорт хавдар гэж үзэж байна. Авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй ч Прокуроруудын чин сэтгэл, зүтгэл илүү шаардлагатай байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудаар хязгаарлалгүй төрийн үйлчилгээний ажилтан эмч, багш хэн бүхнээс Төр өөрийн чиг үүргийг тухайн албан хаагчаар дамжуулан хэрэгжүүлж байгаагийнхаа баталгаа, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын илэрхийлэл болгож төрийн бүх шатны албан хаагчдаас ёс зүйтэй ажиллахыг шаардах, үүрэг хариуцлага нэхэх эрх бий. Тийм учраас прокурорууд төрийн албан хаагчдыг ёс зүйгээр үлгэрлэн ажиллаж, хариуцлагыг хэрэгжүүлдэг байх ёстой гэж би бодож байна.

Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүрэг бол Прокурорын байгууллагын гол хийж гүйцэтгэх ажил. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий … байгууллага мөн” гэж тодорхойлсон прокурорын үүргийг дорвитой хэрэгжүүлээч гэж би та бүхнийг уриалж, бас шаардах гэж ирсэн юм. Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй болж.

Үндсэн хуульд хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно, шүүхийн шийдвэр эцсийнх байна гээд тов тодорхой заачихсан байхад "энэ шүүхийн шийдвэрт итгэж болно, тэр шүүхийн шийдвэр худлаа” гэх мэтээр ялгаварлан үзэх хандлагыг Хууль зүйн сайд нь нийтэд илэрхийлээд явж болох уу? Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.1-д "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг хүчингүй болсон гэж би сонсоогүй байгаа шүү. Хуулиа хэрэгжүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

Энд шүүх, прокурорын байгууллагууд яагаад хүлцэнгүй хандаад байгаа юм. Зарчмаа, хуулиа хамгаалах хэрэгтэй. Олон нийтэд маш буруу ойлголт, үнэлэмж үүсээд байхад яагаад таг дуугүй суугаад байгаа юм. Прокурор буруу хянаад, шүүх нь буруу шийдсэн нь үнэн юм бол тэрийгээ хэл.

Олон түмэнд тодорхой мэдээлэл ойлголт өгөхгүй байгаагаас хууль улам гажиж, байнга зөрчигдөж байна. Бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаарх иргэдийн гомдлыг хэлэлцэхгүй гэсэн зарчмыг хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь зөрчөөд шүүхтэй зэрэгцээ "шүүх” ажиллуулаад хууль бус хэлэлцүүлгээр бусдыг гэмт хэрэгтэн гэж цоллоод, буруутгаад явж байхад яагаад прокурор тэдэнд хууль сануулахгүй, яагаад олон нийтэд хуулийг зөвөөр тайлбарлахгүй суугааг ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг сахин хамгаалах зориг та бүхнээс гарах ёстой. Төрийн өндөр дээд албан тушаалтан сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэр хулгайч, энэ луйварчин гээд дураараа цоллож, яллаж байхад хууль сахиулах, хамгаалах үүрэгтэй байгууллагууд яагаад дуугүй суугаад байдаг юм бэ?

Мөн хэлэхгүй өнгөрч болохгүй нэг хэрэг бий. С.Зоригийн амь насанд халдсан хэрэг дээр шүүхээс гадуурх маш олон буруутгал, хардалт, таамаг тархаж байхад прокурор яагаад байр сууриа тод илэрхийлэхгүй байгаа юм. Та нар хэргийг муу хянасан, хууль зөрчсөн мөрдөн байцаалт, эрүүдэн шүүлтийг өөгшүүлээд сууж байсан юм уу? Мэдээлэл хомстсон, бүрхэгдсэн газар л цуурхал, хов жив газар авч иргэдийн буруу ойлголт гаардаг юм.

Авлигатай тэмцэх ажлыг Прокурорын байгууллага манлайлан ажиллах шаардлага үүсч байна. Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гээд тунхаглачихсан. Үйл ажиллагааны үндсэн зарчмыг нь "хуулийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоотой хамтын зарчимтай байх, төр ба хувийн хэвшил, иргэний нийгэм түншилж авлигатай тэмцэх” гээд заачихсан. Төрийн бүх байгууллагад авлигатай хамтарч тэмцэхийг үүрэг болгосон. Авлигатай тэмцэх нь дан ганц АТГ-ын ажил, үүрэг биш, авлигын эсрэг тэмцэх ашиг сонирхол нь нийлж байгаа бүх хүмүүс хамтарч тэмц гэж тунхагласан.

Гэвч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хэн нь хэзээ ямар үүрэг хүлээж, хэн хэнийхээ ямар эрх мэдэл дээр хяналт тавьж, хэн хэндээ ямар мэдээллийг харилцан өгөлцөж, авалцахыг тодорхой болгоогүй, огт журамлаагүй байна. Үүнийг нэн яаралтай журамламаар байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг олон талт хамтын ажиллагааны баримт бичиг болгож, хатуу журамлахгүй бол авлигатай тэмцэх тэмцэл тунхаг төдий байсаар байх болно.

Авлигатай тэмцэх, албан тушаалтны гэмт хэрэгт хяналт тавих прокурорын чиг үүргийг улс төрийн зорилгоор сулруулсан явдал гарсан. Гарсаар ч байна. УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг АТГ-т шилжүүлсэн. Ингэснээр авлигатай тэмцэх ажлаас прокурорыг хөндийрүүлж, Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ Прокурорын байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна.  Авлигатай тэмцэх тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон хувиргах боломжийг төрийн өндөр албан тушаалтанд олгосон гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэн тодорхой боллоо. Тийм учраас энэ алдааг яаралтай залруулж Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах шаардлага үүсч байна би бодож байна. Үгүй бол АТГ-ыг хэн ч шахаж шаардахгүй, дураараа, зоргоороо тааваараа ажиллаж, авлигатай тэмцэхгүй байж болох боломжийг үүсгэсээр байна.

Мөн өчигдөр өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маш тодорхой асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэллээ. Эрдэнэтийн асуудал дээр прокруорын байгууллагын байр, суурь ямар байгаа вэ? Маш тодорхой эзэнтэй, хуурамчаар гарын үсэг зурсан гэх мэдээлэлтэй энэ хэрэг одоо ямар шатандаа явааг иргэд мөн л асууж байна. Энэ тал дээр нэгдсэн мэдээлэл бидэнд хэрэгтэй байгааг та бүхэнд хэлмээр байна.

Эрхэм хуульчид аа, прокурорууд аа

Түүхэндээ Монгол улс  хүчирхэг, цэцэглэн хөгжсөн цагууд нь шударга ёсыг сахидаг, хуулиа хэрэгжүүлдэг төртэй үедээ л юм. Монгол улс хүчирхэгжин хөгжихөд хуулийн байгууллагуудын чармайлт шийдвэрлэх хүчин зүйл болох ёстой.

Хууль үгүй бол хөгжил үгүй. Шударга ёс алсарвал сайхан амьдрал ч холдоно. Тийм учраас хуулийн байгууллагуудын нийт ажилтнууд хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг хэлбэрэлгүй хэрэгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй байна. Та нарын тус эх орон, ард түмэнд чинь чухлаар шаардагдаж байна.

Ард түмэн чинь хуулийг ёсчлон биелүүлж, гэм буруутай этгээдийг хөрөнгө мөнгө, албан тушаал аль нэг байдлаар нь алаг үзэхгүй, ял завшуулахгүй байх, шударга шуурхай ажиллахыг л та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсье. Мөнх тэнгэр ивээж, Монгол оронд шударга ёс үүрд цэцэглэх болтугай. Баярлалаа” гэлээ.

Харин Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан

"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж бидэнд үүрэг, чиглэл өгч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ, гэдгийг онцолж байгаа гэж бид ойлгож байгаа.

Үнэхээр загас шиг дуугүй байгаад байгаа энэ байдлаа засах, залруулах, хуульгүй юм шиг хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүмжилж, буруу зөрүү гэж ярьдаг зэрэг бусармаг үйл ажиллагаатай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэлээ.


 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Эх сурвалж: http://president.mn

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 557  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728