Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Д.Гансүх: Шүүхийн захиргааг богино хугацаанд төгөлдөржүүлсэн


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, Ёс зүйн хороо (Сахилгын хороо), Шүүхийн ёс зүйн хорооны үе, үеийн гишүүдийн "Хүндэтгэлийн уулзалт” энэ сарын 02-ны өдөр болсон билээ.

 

Энэ үеэр Шүүхийн ёс зүйн хороо (Сахилгын хороо)-ны анхны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

 

-Шүүхийн захиргааны байгууллагын 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн төлөвшлийг та хэрхэн дүгнэж байна вэ?


-Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсан. 1993 он, 2002 оны Шүүхийн тухай хуулиар шүүхийн зохион байгуулалтыг өөрчилсөн түүхтэй. Харин 2013 оноос Шүүхийн шинэтгэл эрчимжиж Шүүхийн тухай багц хуулиуд батлагдаж шүүхийн эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Үндсэн хуульд нийцүүлж шүүхийн захиргааг байгуулж байсан 25 жилийн өмнөх үеийг өнөөтэй харьцуулж зүйрлэх аргагүй өндөр түвшинд хүрсэн. Шүүхийн тухай багц хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг анх удаа бие даасан байдлаар байгуулсан нь шүүхийн захиргааг бүрэлдүүлж, төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон. Шүүхийн мэргэшлийн хороо, Ёс зүйн хороог ч өмнөхөөсөө өөр байдлаар байгуулсан нь захиргааны төлөвшилд том дэвшил шүү дээ.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие дааж байгуулснаар шүүхийн захиргаа төлөвшүүлэхэд ач холбогдол гарсан гэлээ. Шүүхийн захиргаа бие даахаас өмнөх үеийг хэрхэн үнэлэх вэ?


-Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр толгойлуулсан байдлаар, Хууль зүйн сайд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг даргалдаг байдлаар хоёр ч удаа туршилт хийсэн. Хамгийн зөв хувилбар нь шүүхийн захиргааг бие даалгах гэдгийг сүүлийн 5 жилийн үр дүн харууллаа шүү дээ. Богино хугацаанд шүүхийн захиргааны бүх талын үйл ажиллагааг сайжруулж, төгөлдөржүүлсэн. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг шүүхийнхнээс гадна иргэд ч мэдэж байгаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний тоог 11 болгох тухай заасан. Ер нь шүүхийн захиргааны байгууллагын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?


-Гишүүдийн тоог нэмэх нь зөв. Хэтэрхий цөөн байвал алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Ялангуяа эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх тус бүрээс 2-3 гишүүн нэр дэвшүүлбэл тэнцвэрт байдал хангагдана. Гишүүдийн зарим нь орон тооны, шүүхээс сонгогдож байгаа гишүүд нь орон тооны бус байх нь зөв гэж боддог. Шүүхийн, шүүхээ мэддэг хүмүүсийн гаргасан шийдвэр хүлээн зөвшөөрөгдөх талдаа ч ач холбогдолтой.

 

Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулах нь чухал.

 

Засаглал хуваарилах онолоороо шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал тэнцүү эрх мэдэлтэй байх ёстой. Үүнийг Шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан ч саяхнаас төлөвшиж тал руугаа орсон. Төлөвших тал руугаа гэдэг нь саяхнаас шүүхийн захиргаа тусдаа гарч бусад засаглалуудаас шүүх хамааралгүй болсон шүү дээ. Гэтэл улс төрийн үзэл бодлоос болж шүүх засаглалын бие даасан байдлыг оролдож байгаа нь зохимжгүй. Шүүхийн захиргааны байгууллага Хууль зүйн сайд, эсвэл Дээд шүүхийн мэдэлд байхад засаглал хуваах онол зөрчигдөж байсныг хуульчид мэднэ. Хууль зүйн сайдын мэдэлд очиход хангамж, хөрөнгө оруулалт, дэмжлэг авахад амар байж болох талтай. Гэтэл шүүн таслах үйл ажиллагаа гүйцэтгэх засаглалын нөлөөнд орчих маш том эрсдэлтэй. Шүүх ийм, тийм байна гэх иргэдийн хардлага нэг өөр. Улс төрийн зорилготой хардлагын үр дагавар бас өөр гэдгийг онцлох нь зөв байх.


Г.Баттөмөр


Эх сурвалж: Өдрийн сонин 2018.04.10

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 327  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30