Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-05-2018, 10:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” өнөөдөр (2018.05.08) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Зөвлөгөөнд 2018 онд шүүх хуралдаанд оролцсон 120 гаруй иргэдийн төлөөлөгч оролцож шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Шударга шүүхийг бүтээх, иргэдийн оролцоог хангах, иргэдийн дунд байдаг шударга ёсны тухай ойлголтыг шүүх хуралдааны танхимд оруулахад шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо чухал” гэсэн юм. Нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, иргэдтэй хамтарч шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлж шүүх итгэл хүлээдэг олон улсын жишгийг тэрбээр дурдаад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчинг бэлтгэх шаардлагатайг онцоллоо. "Шүүхийг илүү хөгжүүлж, иргэдийн хяналтыг оруулахад шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, тэднийг мэдээллээр хангаж сургах шаардлагатай гэдгийг мөн ярьсан юм.


Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тулгамдаж буй асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Иргэдийн төлөөлөгч хариуцсан ахлах шинжээч Б.Мөнхзаяа мэдээлэл хийхдээ "Шүүхийн иргэдийн төлөөлөгч эрүүгийн хэрэгт шүүгчдэгчийн гэм буруугийн талаар, иргэний хэргийн хувьд нэхэмжлэгч, эсхүл хариуцагчийн гэм буруугийн талаар, харин захиргааны хэрэгт захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтээ гаргадаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх, хэргийн оролцогчид өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх чухал хөшүүрэг болох учиртай. Иймд санамсаргүй тохиолдлоор буюу програмаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч үүргээ хариуцлагатай биелүүлэх шаардлагатай, ийм боломжоор ажил олгогч хангах учиртай” хэмээв. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоог танилцуулсан юм. Шүүхэд хяналт тавихад иргэдийн оролцоо чухлыг тэрбээр онцлоод, иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтад иргэд идэвхтэй оролцож байгааг дурдлаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэх судлахад оролцох эрхтэй бөгөөд нууц задруулахгүй байх, хуралдааны дэг сахих үүрэгтэйг танилцуулсан юм.

 

Захиргааны шүүхийн тухайд нэг талд иргэн, нөгөө талд захиргааны байгууллага байдаг. Тиймээс олон нийтийн хяналтыг бэхжүүлэхийн тулд иргэдийн төлөөлөгчийн оролцоо чухал гэдгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ТГ-ын дарга Д.Ганбаатар илтгэлдээ онцоллоо.

 

"Иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт тусгах эрх зүйн орчин шаардлагатай”

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгчид саналаа хэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Л.Галт: Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоос өмнө шүүхийн хэцүү газар, шүүхийнхэн хатуу ширүүн гэдэг ойлголттой байсан. Иргэний хувьд шүүхийн үйл ажиллагаанд оролцоод шүүхийн талаар эерэг ойлголттой болсон. Иргэн хүний хувьд хуулийн мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал шүүхийн шийдвэрт тусахгүй байгаад сэтгэл дундуур байна гэв.

 

Иргэн н.Мөнхнаран: Шүүхийн шийдвэрт иргэдийн саналыг оруулдаг олон улсын тогтолцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Дагвадорж: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар олон нийтийн дунд мэдээлэл хомс. Иргэдийн мэдээллээр хангаж оролцоог нэмэгдүүлэхийг хүсэж байна. Иргэд шүүхийн үйл ажиллагаанд оролцож эрх зүйн мэдлэгтэй болсноор өөрийгөө болон ойрын хүмүүсээ гэмт хэргээс хамгаалж чадна гэв. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн н.Бадмаа иргэдийн төлөөлөгчийн талаар олон нийтийг мэдээллээр хангах, хөлсийг нь нэмэгдүүлэх саналаа хэлсэн юм.


Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн н.Нямсүрэн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ажиллах орчин муу байсан учраас тусгайлан сандал байрлуулах саналтайгаа байгаагаа уламжлав. Баянгол дүүргийн иргэн н.Цэцэгсүрэн мөн шүүх танхимд иргэдийн төлөөлөгч суугаад санал, дүгнэлтээ бичих бичих боломжоор хангахыг хүссэн. Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Дэлгэр иргэдийн төлөөлөгчөөр жилд нэг удаа сонгогдох нь хангалтгүй байгааг дурдаад улиралд нэг удаа шүү хуралдаанд оролцуулах саналаа илэрхийллээ. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр дамжуулж шүүхийн талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь зөв гэлээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт оруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, ажлын хөлсийг нь нэмэгдүүлэх үндэслэлийг мөн тэрбээр ярьсан юм.

 

Зөвлөгөөнд оролцсон иргэдийн төлөөлөгчид олон нийтийг мэдээллээр хангах, сургалт явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, ажил олгогчид иргэдийн төлөөлөгчдөд цалинтай чөлөө олгох зэрэг санал хэлэв. Мөн шүүх хуралдаанд нэг удаа оролцох нь хангалтгүй, нэг хуралд хоёроос дээш иргэдийн төлөөлөгч оролцох, шүүгчид зөвлөлдөх үед иргэдийн төлөөлөгч хяналт тавих, урамшуулал хөлсийг нэмэгдүүлэх талаар саналаа хэлсэн юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах талаар ч санал хэлэх хүн байв.

 

"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн”-ий төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлэхдээ "Аль ч улс оронд шударга шүүхтэй болоход иргэдийн хяналт чухал байдаг. Иргэд нь шүүхээ хянадаггүй, сонирхдоггүй, оролцдоггүй улсад шударга, хараат бус шүүх оршдоггүй. Иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа нь Монголын шүүх засаглалд иргэний хяналт нэвтэрч байгаагийн тод илрэл” гээд "Шүүхийн шинэтгэлийн нэг том багана нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль байсан. Хуулийн гол заалт болох иргэн шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох зохицуулалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Гэхдээ энэ хуулийн заалт дахин сэргэнэ гэдэгт эргэлздэггүй. Шүүхийн иргэдийн төлөөлөгч хууль мэдэх шаардлагагүй. Харин юу шударга, юу шударга биш гэдгийг мэддэг, түүгээрээ дүгнэлт гаргадаг байх ёстой” гэв.

 

Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 484  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031