Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ө.Ичинхорлоо: Шүүх нам засгаас гуйлга гуйгаад явдаг хэцүү үе байсан шүү


Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Ичинхорлоотой ярилцлаа.

 

-Та шүүхийн тамгын хэлтэс, газрын даргаар 13 жил ажилласан арвин туршлагатай хүн. Тийм ч учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан ярилцлагын зочноор уригдаж байна.


-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн баярын мэндийг шүүх, шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүстээ хүргэе. Шүүхийн захиргааны удирдах ажил хийж байсан ахмадуудаа Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авч, уулзалт зохион байгуулсан нь мартагдашгүй үйл явдал боллоо.

 

Би шүүхийн байгууллагад 39 жил 9 сар ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Шүүгчээр ажиллаж байгаад 1993 онд шүүхийн захиргааны байгууллага байгуулагдахад шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдож байлаа. Тамгын хэлтсийн анхны дарга нарын нэг. Түүнээс хойш 13 жил тамгын хэлтсийн даргаараа ажиллаж байгаад 2006 онд тэтгэвэрт гарсан.

 

-Шүүхийн захиргааны байгууллага анх байгуулагдаж, ажлаа авч байсан үеэ дурсаач?


-Захиргааны байгууллага байгаагүй учраас шүүхийн дарга шүүн таслах ажлаасаа гадна мөнгө санхүү, аж ахуйн асуудлыг бүрэн хариуцдаг байсан. Шүүхийн захиргааны байгууллага бий болсноор аж ахуйн асуудлыг тамгын хэлтэс хариуцдаг болсон. Шүүх санхүүгийн хувьд маш хэцүү байсан. Шүүгчид хөдөө явахад ганц машин нь бензингүй. Замын машинд суугаад хөдөө явна. Сумын захиргааныхнаас машин тэрэг, бензиний мөнгө гуйна. Би 15 жил шүүгч хийхдээ бараг шүүхийн машинаар хөдөө явж үзээгүй. Шүүгч гэсэн нэртэй атлаа байнга шахам ажлын шугамаар гуйлга гуйна. Хариуцсан сумандаа сайн ажиллавал сумын дарга нар харж үзэх талтай. Хууль сурталчлах, яриа таниулга хийнэ, албан байгууллагуудын цаг хүртэл шалгана.

 

Тамгын хэлтэс байгуулагдахад шүүхэд ганц том шар сампин л байлаа. Түүгээрээ мэдээ, тайлангаа гаргана. Компьютер байхгүй. Ийм хэцүү үед шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн дээ.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тамгын хэлтсээ удирдлагаар хэр хангаж байв?


-Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн сайдын харьяанд Шүүхийн ерөнхий зөвлөл байсан. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийж байхад удирдлагын хувьд тийм ч зохимжтой байгаагүй. Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаандаа анхаарахаас шүүхийн захиргааны байгууллагыг төдийлөн удирддаггүй. Тусламж үзүүлэхдээ учир дутагдалтай байсан.

 

Хууль зүйн яамны харьяанд байхад ч нам засгаас гуйна. Шүүгчид хөдөө явахаар цалин мөнгөө шаардана. Цалин хугацаандаа бууна гэж байхгүй. Аймгийн банкнаас зээл аваад цалингаа тавьдаг байлаа. Тэр болгонд танилын нүүр хэрэгтэй. Шүүгчээр олон жил ажилласан учраас аймгийн удирдлага, банк санхүүгийнхэн харж үзнэ.

 

-Таныг гавьяаны амралтад гарснаас хойш Шүүхийн тухай багц хууль батлагдаж Шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?


-Миний ажиллаж байх үеийг одоогийн шүүхтэй харьцуулшгүй болсон байна лээ. 1993 онд шүүхийн захиргааны байгууллага байгуулагдаж шүүгчид шүүн таслах ажлаа, захиргааны байгууллага нь санхүү, аж ахуйгаа хариуцаж, шүүгчдийн хэвийн ажиллах нөхцөлийг хангадаг болсноос хойш хамгийн их дэвшил шүүхийн шинэтгэлийн үед гарсан гэж үздэг. Хөвсгөл аймгийнхаа шүүхэд жил бүр очдог. Очих бүрт өнгө засаж, ажилтнуудын харилцаа хандлага сайжирсныг харахад сайхан байдаг.

 

Бидний үед шүүгчид иргэдийнхээ дунд орж ажилладаг байлаа. Дараа нь шүүгчид гэж айхавтар, шүүх гэж ялладаг байгууллага гэдэг ойлголт нэг үе бас байсан шүү. Одоо шүүх үйлчилгээний байгууллага болж иргэддээ үүд хаалгаа нээсэн. Харин шүүгчид хэргийн оролцогчидтой уулзах нь хуулиар хориотой болсон. Тэр ч аргагүй байх.

 

Шүүхийн тогтолцоо зөв голдрилдоо орж, нэр хүнд нь өсөж байна гэж хардаг.

 

-Ярилцсанд баярлалаа.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 415  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031