Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2018, 10:43   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

М.Бизаангундаа: Шүүхийн шийдвэр шударга гарахад шинжээч чухал үүрэгтэй

 

    Шүүхийн ерөнхий зөвлөл "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан. Энэ үеэр "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Бизаагундаатай ярилцлаа.


 


Хэлэлцүүлэгт та шинжээчдийг төлөөлж оролцлоо. Хохирол үнэлэгч шинжээч нар ажил үүргээ гүйцэтгэхэд ямар асуудлууд тулгардаг вэ?

- Шинжээчтэй холбоотой хэд, хэдэн асуудал бий. Шинжээчийн дүгнэлтийг шүүн таслах үйл ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд бэлтгэж гаргах, шинжээчийн хараат бус байдлыг хангах, шинжээч томилох процесстой холбоотой асуудал байна. Үүнээс гадна хөрөнгө, мал амьтан, эрүүл мэнд, байгалийн гамшгийн хохирлын үнэлгээг яаж хийх талаар, ийм төрлийн хохирлыг хэрхэн үнэлж байсан талаар мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудал тулгарч байна. Энэ чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт уялдаа холбоотой ажиллах ёстой гэж бодож байгаа. Цаашид хохирлын үнэлгээчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй байна. Учир нь шинжээчийг дарамтлах, заналхийлэх зэрэг оролдлогууд гарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэг их үр дүнтэй боллоо. Шинжээчид, шүүгчид, судлаачид тулгарч байгаа асуудлаа ярилцаж үндсэн чигээ олж авлаа. "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны хувьд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой, хохирлын үнэлгээ тогтоохтой холбоотой 31 байгууллага, 80 гаруй шинжээчийг нэгтгэсэн байгууллага юм.

 

Хэргийг шударгаар шийдэхэд шинжээчийн дүгнэлт ямар нөлөөтэй вэ?

- Шүүхийн шийдвэр шударга гарахад шинжээчийн үүрэг оролцоо хамгийн чухал. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлдөг. Тиймээс манай шинжээч нар маш өндөр ёс зүйтэй, ур чадвартай байх ёстой. Шинжээч буюу хөрөнгийн үнэлгээчин хүн маргаан үүсгэгч талуудын эдийн засаг болон эрх зүйн байдалд шууд нөлөө үзүүлдэг.

 

Ямар төрлийн хэргүүд дээр ихэвчлэн шинжээч томилох хүсэлт гаргаж байна вэ?

- Манай холбоонд ирдэг нийт шинжээч томилох хүсэлтийн дийлэнх нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой байдаг. Мөн эрүүгийн хэрэг дээр хохирлын үнэлгээ тооцох асуудал гардаг. Зарим тохиолдолд захиргааны хэрэг дээр шинжээчээр алдагдал тооцуулах хүсэлт ирдэг. Иргэний хэрэг дээр шинжээч томилох асуудал хамгийн их гардаг.


Шинжээчдийн хөдөлмөрийн хөлсийг тодорхой болгох санал энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй гарлаа.

- Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар шинжээчийн нэг цагийн ажлын хөлс нь 10-30 мянган төгрөг байна гэж заасан. Гэхдээ шүүн таслах үйл ажиллагаатай холбоотойгоор нэг зүйлийг шинжээчид бодох ёстой. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор биш боломжит хэмжээнд бууруулах байдлаар хандах нь зохимжтой.

 

Жишиг үнэлгээтэй болох асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Жишиг үнэ тогтоох гэдэг асуудалд болгоомжтой хандах ёстой. 1990 оноос өмнө бүх зүйлийн үнэ тогтвортой байсан. Наран цэцгийн тос 9 төгрөг гэдэг ч юм уу. Харин зах зээлд шилжсэнээс хойш бүх зүйлийн үнэ ханш савалгаатай болсон. Мал гэхэд үржил шимээсээ хамаарч өөр, өөр үнэлгээтэй. Жишиг үнэ тогтоосноос зарим эд хөрөнгө үнэгүйдэх, зарим эд хөрөнгийн үнэлгээ өсөх зэрэг асуудал үүсэх талтай. Тиймээс жишиг үнэлгээнд болгоомжтой хандах ёстой.

 

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид мэдээллийн сантай болох асуудлыг дэмжлээ. Мэдээллийн сантай болохын ач холбогдол нь юу вэ?

- Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд үнэлгээнд зориулагдсан мэдээллийн сан байдаг. Тухайн мэдээллийн санг хэн баяжуулдаг вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэлгээний шинжээч баяжуулаад явдаг. Үнэлгээний мэдээллийн санг шүүхийн процесст яаж ашиглах вэ гэдэг дээр мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Мэдээллийн сан нь үндэслэл муутай дүгнэлт гарахаас урьдчилан сэргийлдэг. Ижил төрлийн хохирол дээр харилцан адилгүй үнэлгээ хийгдэхээс сэргийлэх давуу талтай. Үнэлгээ гэдэг зүйл маань нийтийн эрх ашиг байдаг. Өөрөөр хэлбэл яллагдагчийн, хохирогчийн эрх ашиг үнэлгээ гэдэг зүйл дээр байдаг. Монгол Улсад шударга ёс тогтоох энэ үйл хэрэгт үнэлгээчид бид бүхий л боломжоороо мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Лхагважав.

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 315  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031