Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2018, 11:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

    Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан "Шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал” сэдэвт танхимын болон үзүүлэх сургалт, дадлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас Завхан аймгийн Улиастай суманд 2018 оны 06 дугаар сарын 06-08-ны өдөр зохион байгууллаа.

    Уг үзүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулахад ЦЕГ, Завхан аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд хүн хүч, техник хэрэгсэл, мэргэжлийн удирдлагаар хангаж хамтран ажиллав. Энэ удаагийн сургалт нь Улаанбаатар хотоос 1000 гаруй километр алслагдсан баруун бүсийн Завхан аймагт болж буйгаараа онцлог бөгөөд 2017 онд Дорноговь аймагт болж байсан юм.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо


 

Танхимын сургалт үр дүнтэй боллоо


    ШХББХХ-ийн дарга Б.Одонгэрэл "Шүүгчийн дотоод болон гадаад хараат бус байдал”, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Байгууллагын хөгжлийн динамик”, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг "Мэдээллийн технологийн аюулгүй байдал”, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Даваажамъян, ШЕЗ-ийн ШХББХХ-ийн референт Ч.Мөнхбат нар "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал”, референт А.Өсөхбаяр "Нөлөөллийн мэдүүлэг”, сэтгэл судлаач Ш.Батболд     "Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй”, "Хамт олныг удирдах сэтгэл зүйн онцлог” сэдвээр тус тус танхимын сургалтыг явууллаа.

    Танхимын сургалтад шүүхийн тамгын газрын дарга нар, Завхан аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд сургагч багш нар болон шүүхийн тамгын газрын дарга нар чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо илэрхийлж байсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгов.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо


 

Шүүх хуралдааны явцад аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй


    Завхан аймаг дахь "Алтан гадас” одонт Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болд, Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нарын хамтран баталсан үзүүлэх сургалт, дадлагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүх хуралдааны явцад аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт, дадлагыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням, шүүхийн захиргааны ажилтнууд, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

    Дорноговь аймагт болсон сургалтаар шүүхийн танхимд шүүгчийн биед халдах эрсдэл өндөр байгааг анхааруулж байсан бол Завхан аймагт болсон энэ удаагийн сургалтаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнд халдахын сацуу хэргийн оролцогч, шүүхийн захиргааны ажилтнууд мөн эрсдэлд орох боломжтойг үзүүлж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага, алба хаагчдын байнгын сонор сэрэмж, тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлэх ур чадвар чухал гэдгийг харуулсан юм.

    Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны үзүүлэх сургалтын танхим, хэргийн оролцогч нарын дүр хувиргалт, цагдаагийн ажилтнуудын үйлдлийг таслан зогсоох ажиллагааг бодит байдалд нийцсэн байх талаас нь илүү анхаарсан бөгөөд үзүүлэх сургалт, дадлагад оролцсон тамгын газрын дарга нар шүүхийн захиргааны ажилтнуудын дүр хувиргалтыг онцгой сайн болсныг онцолж байлаа.

 “Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

    Үзүүлэх сургалтыг шүүх хуралдаанаар эхэлж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч, шүүхийн захиргааны ажилтнуудад халдсан халдлагыг таслан зогсоох, үргэлжлэн шүүгдэгчийг шүүх хуралдаанд хуяглан авч ирэх, буцаан хүргэх, энэ үеэр шүүхийн шийдвэрт дургүйцсэн ар гэрийн гишүүд, иргэдээс шүүхийн байрны гадна орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, үүнийг таслан зогсоож байгаа үргэлжилсэн хэлбэрээр зохиомжлон зохион байгуулав.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

 

Нийтийг хамарсан үймээн самууны үед шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт зохиов


    Шүүхийн шийдвэртэй холбоотой ар гэрийн гишүүд, иргэдээс шүүхийн байрны гадна орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн үед "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах” журмын 2.2.7 дахь заалтын хэрэгжилтийг ханган ажиллах үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар ахлуулсан цагдаагийн алба хаагчид хүч нэмэгдүүлсэн хамгаалалт авч шүүхийн байрны хашааг тойрсон авто замыг Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар түр хаах арга хэмжээ авахуулж эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд тусгай хэсгийн дарга хууль сануулж, тараах талаар ухуулга, яриа хийж шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан тараах арга хэмжээг тусгай хэсгийн алба хаагчид гүйцэтгэхийг сануулж ажиллав. Шүүхийн байрны гадна орчинд онцгой нөхцөл байдал үүсч хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авч ажиллахад дахин гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж нөөцөд жижүүрийн ахлах офицероор ахлуулсан алба хаагчид албаны бэлэн байдалд шилжлээ.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

 

    Ажиллагааны үеэр цагдаагийн хэв журам сахиулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах бүлгийн 18 алба хаагч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэн хамгаалсан. Салган гаргаж түрэн хаах бүлгийн 3 аравтын 30 алба хаагч гинжин байрлал авч шүүхийн байр руу довтолж, эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийг "Хойшоо, хойшоо” хэмээн бамбай цохиж түрэн аюулыг зайлуулж, зэв байрлал авч дайчлан баривчлах, харгалзан хүргэх бүлгийн алба хаагчид жагсаал, цуглааныг удирдаж байсан 3 иргэнийг хайчлан баривчлах, сугадан баривчлах зэрэг аргаар албадан баривчлах арга хэмжээг авсан юм. Цагдаагийн байгууллагын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг, хэв журам сахиулах бүлэг, салган гаргаж түрэн хаах бүлэг, дайчлан баривчилж, харгалзан хүргэх бүлэг, баримтжуулах бүлэг, тандан судлах зэрэг 6 бүлгийн 50 алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэн ажиллалаа.


Гамшиг осол, гал түймрийн аюулын үед аюулгүй байдлыг хангах ажиллагаа боллоо


    "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах” журмын 2.19-д заасан шүүх хуралдааны танхим, шүүхийн байранд гал гарсан, гамшиг тохиолдсон үед хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Тогоохүү, цагдаагийн дэд ахлагч Э.Мягмар нар гал гарсан шүүх хуралдааны танхим, байрнаас шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханган аюулгүйн гарцаар гадагш гаргаж аюулгүй газар байрлууллаа. Харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Сандагдорж шүүхийн байр, шүүх хуралдааны танхимд гамшиг, осол, гал гарсан талаар шүүхийн ажилтан алба хаагч нарт зарлан мэдээлж сэрээ дохио өгсний дагуу Шүүхийн галын бүлгэмийн дарга Х.Дорждэрэм алба хаагчдыг төлөвлөгөөний дагуу объектоос гаргах арга хэмжээ авах хооронд аймгийн Онцгой байдлын газрын 7046101, цагдаагийн газрын 7046102 дугаарын утсанд мэдээлэл өгч гарсан галын дэгдэлтийг дэлгэрүүлэхгүй байх, унтраах анхан шатны арга хэмжээ авах бөгөөд Онцгой байдлын газрын Гал унтраах 34 дугаар ангийн алба хаагчид төлөвлөгөөний дагуу объектод гарсан галыг унтраах, шүүгч, алба хаагчдын аюулгүй байдлыг хангуулан объектоос гарган аюулгүй газар байрлуулах, шүүхийн байранд галын аюулаас болж шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтан нар өртөж хохирсон байж болзошгүй тул дахин самналт хийх, бэртэж гэмтсэн алба хаагчдын гаргах арга хэмжээ авч ажиллалаа. Гамшиг, осол хэргийн газарт тухайн өдөр үүрэг гүйцэтгэх жижүүрийн бэлэн байдлын бүрэлдэхүүн ажиллаж гал гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоов. Аймгийн шүүхийн байрны гадна орчинд Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Дагвадоржоор ахлуулсан 10 алба хаагч шүүхийн байрыг хамгаалалтад авч ажиллалаа.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

 

    Ажиллагааны үеэр шүүхийн байрны 1 давхрын цонхны хайсыг салган орж хурдан хугацаанд номын санд гацсан байсан ажилтныг аварсан. 2 давхрын шүүх хуралдааны танхимд гацсан ажилтныг онцгой байдлын албан хаагч шатаар орж аварсан. Шүүхийн байрнаас гал авалцсан байдалтай гарч ирсэн ажилтны галыг унтрааж авран хамгаалсан нь эрсдэлтэй бөгөөд онцлог байлаа.

“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо
“Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдал” үзүүлэх сургалт боллоо

 

Сургалт амжилттай болж өндөрлөлөө


    Завхан аймгийн Улиастай суманд 2018 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд болсон "Шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал” сэдэвт танхимын болон үзүүлэх сургалтын төгсгөлд ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсээс сургалтад амжилттай хамрагдсан нийт тамгын газрын дарга нарт сертификат гардуулав.

    Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав, Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайхан, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нарыг "Баярын бичиг”, үнэ бүхий зүйлээр шагналаа.

    ШЕЗ-өөс үзүүлэх сургалтыг хамтран зохион байгуулсан "Алтан гадас” одонт Завхан аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт "Талархал” хадгалуулав.

Ийнхүү ШЕЗ-өөс улсын хэмжээний нийт 40 шүүхийн тамгын газрын дарга нарт зориулж, Завхан аймагт зохион байгуулсан шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хамгаалах сургалт амжилттай болж өндөрлөлөө.

 

 

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 636  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930