
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар БНХАУ-ын төлөөлөгчдийг өнөөдөр (2018.06.15) хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүхийн коллежийн Дэд ерөнхийлөгч Фенг Венли, Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүхийн коллежийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн төслийн ажилтан Хе Шин, ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн Улс төрийн хэлтсийн дарга Чанг Пэй Жунг, мэргэжилтэн Ай Шиа, Үндэсний шүүгчдийн коллежийн Өвөр монгол дахь салбар коллежийн дарга Донг Жи Пинг, тус коллежийн Хос хэлний сургалтын төвийн эрхлэгч Лиу Яань, Үндэсний шүүгчдийн коллежийн Өвөр монгол дахь салбар коллежийн Мэдээллийн тасгийн дэд эрхлэгч Бао Линг Линг нар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хуралд оролцсон юм.
Уг хуралд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүхийн коллежийн Дэд ерөнхийлөгч Фенг Венлид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын шүүгчдийг Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүхийн коллежид сурах боломжоор хангадагт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өмнөөс талархаж байгаагаа хэллээ.
Уулзалтаар хоёр улсын шүүх, шүүхийн захиргааны байгууллагын тогтолцоо, шинэчлэлийн талаар ярилцав. Мөн талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал нэгдэв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс