Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд Ажлын алба 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр (2018.06.29) танилцуулж, хэлэлцүүллээ. Тайлангийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ажлын албаны ажилтнууд оролцсон юм.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 онд шүүхийн хөгжлийн шинэ стратегийг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах арга ажиллагааг хэвшүүлэх, ёс зүйн хариуцлагын тогтолцоог үр нөлөөтэй болгох болон шүүгчийн сонгон шалгаруулалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг шинэчлэх зорилт тавьсан. Мөн хэргийн хөдөлгөөний удирдлагыг шинэ түвшинд гаргах, шүүх шүүхийн захиргааны хамтын ажиллагааг дэмжих, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, чадавхыг дэмжих зорилтын хүрээнд нийт 103 ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албаны тайланг товч танилцуулсны дараа газар, хэлтсийн дарга нар хариуцсан ажлынхаа тайланг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Тайлантай танилцсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нэгжүүдийн ажлын уялдааг сайжруулах, гадаад харилцааны ёслол хүндэтгэлийн журам боловсруулах зөвлөмж өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Ажлын албаны ажил хэвийн явж байна гэж дүгнээд "Бага хүчээр их зүйлийг хийж, төлөвлөсөн ажлаа өндөр түвшинд зохион байгуулдаг” хэмээн үнэлсэн юм. Мөн ажлын уялдаагаа сайжруулж, хариуцсан чиглэлээрээ судалгаа хийхийг анхаарууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс