Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-03-2019, 04:41   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтад урьж байна



Шүүгч шийдвэрлэсэн хэрэг, маргааны хүрээнд судалгаа, дүгнэлт хийх болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаар санал дэвшүүлэх, өөрийн мэргэшсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багаар хамтран судалгаа хийх, судалгаагаа танилцуулах, хэлэлцүүлэх, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО


Шүүгчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачилгаа бодитойгоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулахад чиглэнэ. 

 

СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?


Сургалтад эрх зүйн дүн шинжилгээ болон кейс анализ хийх арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих, цаашид сургагч багш болох сонирхолтой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

 

СУРГАЛТАД ОРОЛЦСОНООР СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС БА АЧ ХОЛБОГДОЛ


Сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана:

- Эрх зүйн дүн шинжилгээ хийх онол, арга зүйн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх;

- Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах;

- Сонгосон сэдэв, чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, цаашид гарын авлага боловсруулах эхлэлийг тавих;

- Үр дүнг олон нийтэд танилцуулах үр нөлөөтэй аргад (Презентэйшн бэлтгэх, илтгэх) суралцах

- Сургалтад амжилттай оролцсон тохиолдолд шүүхийн сургалтын сургагч багш нарын нөөцөд бүртгэгдэнэ.

 

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА СЭДЭВ


Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн төрөлжсөн номын санд түшиглэн 5 ээлжээр сард 1 удаа буюу 3, 4, 5, 9, 10 дугаар саруудад зохион байгуулна. Шүүгчийн бүлгийн сургалтын нэг ээлжинд 2-3 шүүгч, нийтдээ 12 шүүгч хамрагдах бөгөөд сургалт ажлын 5 өдөр үргэлжилнэ.


СЭДВИЙН НЭР

Хугацаа

1

Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2019.03.25-29

2

Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2019.04.22-26

3

Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2019.05.27-31

4

Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2019.09.23-27

5

Захиргааны хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2019.10.21-25

 

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ:

 

1.Сургалтад оролцохыг хүсэгчдийн эссэг дурдсан хугацаанд хүлээн авч, шалгуур хангаж байгаа оролцогчдыг судлах сэдвээр нь бүлэг болгоно. Нэг бүлэг 2-3 оролцогчоос бүрдэнэ;

2.Сонгогдсон оролцогчдын нэрсийг, сургалт явагдах хугацаа, холбогдох бусад мэдээллийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нэгдсэн байдлаар мэдээлнэ;

3.Сургалтад оролцогчдын сонгон судалж байгаа сэдвийн дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;

4.Сургалтад оролцогчид сургалтын үеэр тухайн чиглэлийн мэргэшсэн багш, судлаач нарыг урьж оролцуулан, хэлэлцүүлгийг зохион байгуулна;

5.Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид судалгааны үр дүнг нийслэл дэх анхан шатны аль нэг шүүхийн шүүгчдийн дунд хэлэлцүүлнэ.

 

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

 

Сургалтад оролцохыг хүсэгчид нь өөрсдийн судлах сэдвийн зорилго, хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн товч 400 үгтэй эссэг бичиж ирүүлнэ. Эссэг бичих үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.15-аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаягаа бичсэн байна.

Эссэг (ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү) 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хүлээн авна.

 

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт С.Алунгоо (утас: 51-267697, 99956107) –ээс лавлана уу.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2019.03.11


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 739  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30