Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-12-2014, 09:10   Ангилал: Мэдээлэл  

Иргэн Х.Сепболсон: Шүүхийн шинэтгэлийг надаас илүүтэй мэдэрсэн хүн байхгүй байх

Хилс хэрэгт холбогдож, дөрвөн жил гаруй хугацаанд цагдаад шалгагдсаны эцэст шүүхээс цагаатгагдсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Сепболсон Баян-Өлгий аймгийн сум дундын 2 дугаар шүүхэд талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Ингээд шүүхэд чин сэтгэлээсээ баярласан иргэний талархлыг хүргэж байна.

 

-Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлдэг боловч тэр болгон миний талархлыг олон нийтэд хүргэж өгөөч гэж зорьж ирдэггүй. Таны хувьд шүүхээр үйлчлүүлэх явцад чухам ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Миний бие 2011 оноос эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдож, хилсээр шалгагдлаа. Хэрэв шүүх намайг цагаатгаагүй бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих хүртэл ялаар шийтгүүлэх онц хүнд гэмт хэрэгт намайг гүтгэсэн. Өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүний хувьд 14 хоног цагдан хоригдсон нь үнэхээр хэцүү туссан. Тухайн үед хамт наймаа хийдэг байсан хүмүүс буюу Улаанбаатар хотын иргэн Б, Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А, 3 дугаар багийн иргэн М нар намайг худлаа гүтгэснээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Үүнээс болж хэдэн сар, хэдэн жилээр цагдаа, прокурорын байгууллагын үүдийг сахиж, сэтгэл санаа, гэр бүл, эд хөрөнгийн хувьд маш их хохирол амслаа. Эрүүгийн хэрэгт холбогдсон миний энэхүү байдлаас болж, үр хүүхдүүд, хань ижлийн нэр хүнд, бидний гэр бүлийн дулаахан уур амьсгал үгүй болж, хэсэг хугацаанд гэр бүл ч үгүй, зовлонд унасан нэгэн болж хувирсан. Надад холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас хоёр удаа хэрэгсэхгүй болгосон ч дахин сэргээж, эцэст нь үнэн мөнийг дэнслэхийн тулд шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхээр шийдвэрлэхийн тулд хоёр ч удаа аймгийн шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлээр орж, мөрдөн байцаалтад буцааж байлаа.

 

 

-Анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэхийн өмнө Та юу бодож байв?

 

-Надад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд миний хоёр охин шүүхийн хүлээлгийн танхимд "Ээжийг минь битгий хориоч гэж” гээд хэдэн цагаар бурханд залбирч суусан тэрхүү аймшигтай мөчийг миний охид болон шүүгдэгчийн ширээнд чичирч зогсож байсан миний бие одоог хүртэл мартаж чаддаггүй. Шүүх хэргийг хэлэлцэж цагаатгасан тогтоол гаргахад "Иргэнийг хамгаалдаг шударга шүүх гэж байдаг юм байна” гэж хэлээд, хэдэн жил зовж ядарсан өөрийгөө өрөвдөөд шүүх хуралдааны танхимд уйлж байснаа нуугаад яахав.

 

-Хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хандсан юм байна шүү дээ?

 

-Тийм ээ. Миний зовлон үүгээр дуусаагүй хохирогч талын гомдлоор хэргийг Ховд аймгийн давж заалдах шатны шүүх хоёр дахь удаа шийдвэрлэсэн. Тэгэхэд өмгөөлөгчид төлөх мөнгөгүй, Ховд аймагт очих зардлаа арай л гэж олж аваад Д.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй өмгөөлөгчтэй уулзаад учир байдлаа хэлэхэд эх хүний нинжин сэтгэл гаргаж надад тусалж, хууль зүйн зөвлөгөө өгч, миний өмгөөлөгчөөр ажилласан явдалд талархаж, энэ завшааныг ашиглан баярласан сэтгэгдлээ илэрхийлье. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, цагаатгах тогтоолыг хэвээр баталж өгсөн. Тиймээс ч иргэн хүний хувьд шударга шүүхэд баярлалаа гэдэг үгийг хэлэх гэж зорьж ирлээ.

 

-Таны хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Та шүүхийн талаар ямар бодолтой байв?

 

-"Таны хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байна, эцсийн шийдвэрийг шүүх гаргана” гээд прокурорын ажилтан намайг шүүхэд шилжүүлж өгчихөөд явчихсан. "Одоо намайг яах бол” гэсэн айдастай би өдөр болгон шүүхэд ирж бүртгүүлдэг байв. Өмнө нь шүүхийн талаар "Хэрэг хийсэн хүмүүс л очдог, тэнд очсон хүн болгоныг цагдан хорьж, ял шийтгэдэг” гэсэн ойлголттой байсан. Шүүхэд хоёр, гурав ирж бүртгүүлсний дараа тэндхийн хүмүүсийн харьцаа, хүнлэг сэтгэлийг биеэр мэдэрч, "Та” гэсэн эелдэг ганц үгэнд баярлаж, тухайн өдөр авсан сэтгэгдлийг орой болгон гэр бүлийнхэндээ хэлдэг байсан. Тиймээ, миний төсөөлж байсан аймшгийн газар биш байсан. Шат шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх явцад шүүхийн шинэчлэлтийг надаас илүүтэй мэдэрсэн хүн байхгүй байх. Хэрвээ Монголд шударга шүүх байгаагүйсэн бол яах байсныг төсөөлөхөөс айж байна. Шүүхэд зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон иргэд биш янз бүрийн маргаантай, шүүхээс л шударга ёсыг хайсан, ядарсан, зовсон хүмүүс өдөр болгон ирдэг юм байна.

 

 

-Шүүхийн үйлчилгээний талаар танд ямар сэтгэгдэл үлдсэн бэ, шүүхээр үйлчлүүлсэн иргэдтэй санал бодлоо солилцож байв уу?

 

-Шүүхийн хүлээлгийн танхимд сууж байхдаа хүмүүстэй ярилцаж, иргэд өөр хоорондоо юу ярьж байгааг сонсож л байлаа. Шүүхийн ажлын ачаалал их байдаг юм байна. Үйлчлүүлж буй иргэдийн соёл, боловсролын түвшин, зан харилцаа ч янз бүр шүү дээ. Гэхдээ иргэд бол шүүхийн үйлчилгээнд ам сайтай байна. Над шиг шүүхийн шийдвэрт баярласандаа нулимс дуслуулж байгаа тэднийг өрөвдөж, шүүх гэдэг байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хар цагааныг дэнсэлж, үнэнийг олохын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг, нэг шийдвэрийн цаана шүүгчээс эхлээд шүүхийн жижүүр хүртэл олон хүний хүч хөдөлмөр, мэдлэг, харьцаа гээд ихээхэн хүчин зүйлс нөлөөлдөг болохыг ярилцаж суудаг. Шүүх хуулийн дагуу шүүн таслах ажиллагаагаа явуулдаг маргаанд эцсийн цэг тавигдаж, тэндээс л иргэн шударга ёсыг мэдэрч, тэнд л иргэний зөрчигдсөн эрх хамгаалагдаж, гэм буруутай бол ял зэмлэлээ хүлээдэг онцгой чиг үүрэгтэй байгууллага боловч тэнд ч гэсэн адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс ажилладаг шүү дээ. Гэтэл тэр хүмүүст талархсан сэтгэгдлээ илэрхийлэх, тэдний ажлын онцлогийг нийгэмд ил болгож хэлэх хүн цөөхөн байдаг юм байна. Тийм учраас шүүхийн шинэтгэл гэж яригдаж байгаа өнөө үед шүүхийг хардаж, сэрдэж, гүтгэхээс илүүтэйгээр шүүгчээс эхлээд тэдний цаана ажиллаж байгаа туслах ажилтнуудын үнэлэшгүй хүч хөдөлмөрийн тухайд ч олон нийтэд мэдээлэл түгээх хэрэгтэй гэж бодсон. Эцэст нь хэлэхэд, хүний амьдралыг шийдвэрлэдэг, уг шийдвэрийг гаргахын тулд мэргэн ухаан гаргаж, хүний эрхийн баталгаа болсон шүүх, тэнд ажиллаж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад баярласан сэтгэгдлээ илэрхийлж байна. Иргэдийн хүсэн хүлээсэн шударга шүүх, хараат бус шүүгч бий болжээ гэдгийг хэлье.

 

-Шүүхээр үйлчлүүлээд төрийн сүлдэндээ залбирч, шударга шүүхэд талархаад гарах иргэн олон байдаг ч тань шиг зорьж ирээд талархсан сэтгэлээ илэрхийлье гэх хүн цөөн байдаг. Танд баярлалаа, таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

-Та бүхний ч гэсэн ажилд өндөр амжилт хүсье, шударга ёс мандан бадрах болтугай гэснээр бид яриагаа өндөрлүүлэв.

 

 

Баян-Өлгий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн

Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 617  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031