Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-06-2019, 03:03   Ангилал: Мэдээлэл / Нийтлэл, ярилцлага  

О.Амгаланбаатар: Төсвийн хомсдолоос шалтгаалан шүүхийн хараат бус байдал алдагдаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.

О.Амгаланбаатар: Төсвийн хомсдолоос шалтгаалан шүүхийн хараат бус байдал алдагдаж байна

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүдийг сонгох сонгууль боллоо. Одоо Ерөнхийлөгчийн томилгоо хүлээж байх шиг байна. Энэ хугацаанд шүүхийн хараат бус байдлын асуудал ч багагүй хөндөгдөж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа хийгдэж дуусаад байна. Энэ сардаа багтаад Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа явагдаж дуусах байх гэсэн хүлээлттэй байна.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг шүүгчдийн зөв, шударга ажиллах эрх зүй, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх асуудал юм. Шүүхийн хараат бус байдлыг хангах талаар дэлхийн улс гүрнүүд олон сорилт бэрхшээлийг туулж байна. Манай улс ч хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхэд багагүй саад бэрхшээлтэй нүүр тулж байна.

-Манай улсад шүүхийн хараат бус байдлыг хангахад ямар асуудал тулгарч байна вэ. Яаж шийдэх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай, иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас энэ оны тавдугаар сард "Төрөөс шүүхийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Тус бодлогын баримт бичигт, шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд болоод үүнийг шийдвэрлэх бодлогыг тодорхой тусгасан.

Мөн шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах талаар НҮБ, дэлхий улс орнууд олон янзын үзэл санаа, зарчмыг дэвшүүлж, зөвлөмж, бодлогын баримт бичгүүд гаргаж байна. Эдгээр үзэл санаа, зарчим, зөвлөмжүүдийг манай улс сайтар судалж, өөрийн улсын онцлогт нийцүүлэн нутагшуулах нь шүүх эрх мэдлийн хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад бодитой алхам болох юм.

Эдгээр олон улсын эрх зүйн зөвлөмж, баримт бичгүүдэд туссан гол нийтлэг, чухалчилж байгаа асуудал нь шүүхийн төсөв. Ойрын жишээ дурдвал, саяхан манай байгууллагаас шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудлаар гаргасан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг эх хэлнээ хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгоод байна. Уг зөвлөмжид шүүх хангалттай төсөвтэй байх нь хараат бус ажиллах тулгуур гэдгийг тэмдэглэж, төсвийн хомсдол шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлдөг болохыг онцолсон байна.

Гэвч манай улсад энэ байдал эсрэгээрээ явж байна гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Ганц жишээ дурдахад, Монгол Улсын шүүх сүүлийн таван жил хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй ажиллалаа.

Түрээсийн байранд, мэргэжлийн байгууллагаас хэзээ мөдгүй нурах дүгнэлт гарчихсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд ч байна. УИХ-аас шүүхэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөв батлаагүйгээс байр, машин, техник тоног төхөөрөмжөөр гал алдах дээрээ тулчихаад байгаа.

Үүнээс гадна шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны төрөл жил ирэх тусам өсөж байна. Улсын хэмжээнд 2014 онд 48.5 мянган хэрэг шүүхээр шийдвэрлэж байсан бол 2018 онд 73 мянган хэрэг шийдвэрлэж, хэргийн тоо 50.5 хувиар өссөн байна. Эвлэрүүлэн зуучлалаар жил бүр 8 мянган хэрэг шийдэгддэг бөгөөд үүнийг дээрх тоон үзүүлэлтэд оруулаагүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал нэмэгдэж байгааг дагаад үйл ажиллагааны зардал бодитой өссөөр байгаа. Тэгтэл 2014 онтой харьцуулахад урсгал зардлын төсөв 42 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, төсвийн хомсдолоор шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх түвшинд хүрч байна. Энэ нь маш хор уршигтай зүйл. Шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс арга буюу төсвийн эрх мэдэл бүхий этгээдүүдээс төсөв, хөрөнгө, орон байр, машин техник гуйх нь эргээд тухайн этгээдүүдийн барьцаанд орох, цаана нь иргэдийн эрх зөрчигдөхөд ч хүргэж болзошгүй эрсдэлийг дагуулж байгаа юм.

-Шүүхийн дэд бүтэц ийм хүндрэлтэй байгааг УИХ-ын гишүүд мэддэг биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т "Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсвийн төсөлд саналаа өгдөг ч, төсвийг УИХ-д өргөн барих болон төсөв хэлэлцэх үед хасагдчихдаг. Үүнээс болоод Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байгаа юм.

Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай байна гээд тодорхой заачихсан. Гэтэл одоогоор 8 шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр гадаад улсын эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх ч байна. Монгол Улсын шүүхийн сан хөмрөг болсон шүүхийн архив гэхэд л нэгэн Дээд сургуулийн байрны нэгхэн хэсэгт, зориулалтын бус орчинд хадгалагдаж байгаа нь өнөөгийн шүүхийн төсвийн бодит төрх.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж манай улсын төсөв, эдийн засаг тэлж байна. Үүнийг дагаад олон арван сургууль, цэцэрлэгийн төдийгүй аймаг, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагуудын барилгууд баригдаж шинээр ашиглалтад орсон. Энэ онд л гэхэд Улсын мөрдөн байцаах газар, Тагнуулын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Үүнтэй харьцуулаад жишээ татахад, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхүүд гэхэд л Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ашиглахаа больсон, чанар, аюулгүй байдал хангахгүй хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

-Шүүхэд хуучин байраа үлдээсэн Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нийслэлд ховор өнгө үзэмжтэй, том ордонд орсон. Шүүх ганц байр барьчихаж болдоггүй юм уу?

-Шүүхүүдийн байрны хангамжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүрэгт "Шүүхийн цогцолбор” барилгын ажлыг 2013 онд эхлүүлж 5 тэрбум төгрөгөөр зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийсэн. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын төсөвгүйгээс барилга угсралтын ажил гацсан байдалтай байна. Өнөөх барилгын суурийн хэсэг элэгдэж 5 тэрбум төгрөгийн төрийн өмч, хөрөнгө үрэгдэх байдалд хүрээд байна.

-Улсын төсөвт таны ярьсан олон барилгын асуудлыг нэг дор шийдэх боломж хомс байх. Дэс дараалалтайгаар шийдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлдэг биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Эхний ээлжид "Шүүхийн цогцолбор” барилгын ажлыг урагшлуулах, хууль зөрчиж түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа 4 шүүхийн барилгуудыг барих санхүүжилтийн асуудлыг улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр барилгын зураг, төсөв бэлэн болчихсон байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сүүлийн таван жил энэ асуудлаар төсөвт саналаа өгсөн.

-Шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны төрөл жил бүр өсөж байгаа гэж та ярилаа. Хэрэг маргааныг хуулийн хугацаанд нь шийдэх хүний нөөц шүүхэд байна уу?

-Бас л хүндрэлтэй. УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон хэдий ч өнөөгийн байдлаар анхан шатны шүүхэд 369, давж заалдах шатны шүүхэд 110, нийт 479 шүүгч ажиллаж байна. УИХ-аас тогтоосон орон тоогоор шүүгч нарыг томилуулан ажиллаж чадахгүй байгаа нь төсөвт цалингийн санг хангалттай батлахгүй ирсэнтэй холбоотой. "Хөгжлийн санаачилга бодлогын судалгааны төв” ТББ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар анхан шатны шүүхийн шүүгчийн нэг жилд шийдвэрлэх хэрэг маргааны тоо иргэний хэргийн хувьд 200, эрүүгийн хэргийн хувьд 75, захиргааны хэргийн хувьд 42 байвал хэвийн ачаалал гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл өнөөгийн байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 310, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 107, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 50 гаруй хэрэг шийдвэрлэж байна. Шүүгч амралтын өдөргүйгээр хуанлийн хоногоор тооцоход л өдөрт нэг хэрэг шийдэж байна гэсэн үг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг чирэгдүүлэх, улмаар шүүн таслах ажиллагааны чанарт нөлөөлөх байдалд хүргэж болзошгүй байна.

-200 орчим шүүгчийн орон тоо нэмэх ёстой гэж үү?

-Шат дараалалтайгаар шийдэх асуудал гэдгийг ойлгож байгаа. Нэн тэргүүнд хүн ам ихээр суурьшсан Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг дахь шүүхүүдийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эхний 2020 онд 40 шүүгч, шүүхийн захиргааны 60 ажилтан нэмж ажиллуулахад шаардагдах төсвийн тооцоог Сангийн яаманд хүргүүлсэн. Бодит байдлыг дүгнэж, шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Ер нь шүүхэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярьвал нилээн цаг хугацаа, орох байх. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нэг шүүхэд очиход л нөхцөл байдал ямар их байгаа нь харагдана.

Г.Баттүшиг

 Эх сурвалж: Өдрийн сонин 2019.06.24


 

 


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 249  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031