Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-07-2019, 04:42   Ангилал: Мэдээлэл  

Катерин Жонсон: Зөрчлөө шийдэх гэр бүлийн боловсрол, харилцаанд суралцаагүйгээс гэр бүл салахад хүрч байна

 

-Хүүхдийн эрхийг хангахын тулд Гэр бүлийн шүүх ажилладаг-

Австрали улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, хуульч, сэтгэл зүйч Катерин Жонсонтой ярилцлаа. Тэрбээр эвлэрүүлэн зуучлагч, хуульчдаас бүрдсэн өөрийн багаараа Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран эвлэрүүлэн зуучлагчдад гэр бүлийн маргааныг хэрхэн шийдэх талаар сургалт явуулж байгаа юм.

 

-Та манай улсад эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн ажилладаг, ямар маргааныг эвлэрүүлдэг талаар судалсан байх. Ямар сэдвээр сургалтаа явуулъя гэж шийдсэн бэ?


-Дүү маань хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтад кино хийхдээ намайг хамт явахыг урьж, 2017 оны хавар анх Монголд ирсэн. Тэгэхдээ хамба ламаас "Монголд маргаан зөрчлийг яаж шийддэг вэ” гэж мэргэжлийнхээ үүднээс асуухад "Бурхандаа л залбирдаг" гэсэн инээдтэй хариулт өгсөн. Хамба лам миний мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байсан байх. Ингээд гэр бүл судлаач, профессор Т.Намжилтай холбож өгсний дагуу уулзахад гэр бүл салалтыг шийдэхэд манай улстай адил эвлэрүүлэн зуучлагч ажилладаг, хууль эрх зүйн орчин бүрдсэнийг мэдсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбогдож, статистик мэдээлэл, баримт материалтай болсон л доо. Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зэргийг судалсныхаа дараа нутагтаа очиж багаа бүрдүүлсэн. Миний хувьд нутагтаа эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгчөөр ажилладаг. Сэтгэл зүй, хууль хоёр яаж огтлолцдог талаар докторын зэрэг хамгаалсан. Эвлэрүүлэн зуучлагчид маргааны талуудын сэтгэл зүйд хэрхэн хүрч ажиллах вэ гэдэг утгатай л даа.

Би олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй хуульчдаар багаа бүрдүүлээд дараа жилийнх нь дөрөвдүгээр сард Монголд ирснээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж ирлээ.

Манай баг Монголд ирэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ дээрх хоёр байгууллага болон гэр бүлийн хөгжлийг дэмждэг төрийн бус байгууллагуудтай уулзаж мэдээлэл цуглуулж, сургалтынхаа чиглэлийг тодорхойлсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гурван эвлэрүүлэн зуучлагчийг Австралид урьж гэр бүлийн шүүх, эвлэрүүлэн зуучлагчид, гэр бүлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь хэрхэн ажилладаг талаар туршлага судлууллаа. Энэ удаад Монгол Улсын бүх эвлэрүүлэн зуучлагчид гурав хоногийн турш сургалт явуулж байна. Ийм боломж олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлд баярлалаа.


-Манай улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжээд зургаан жил болж байгаа. Та бүхний нөхцөл байдлын үнэлгээ сонирхол татаж байна. Энэ төрлийн үйлчилгээ ямар түвшинд байна вэ?


-Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ биднийг анх ирэхэд 12 хувьтай байсан. Энэ төсөл хэрэгжээд эвлэрүүлэн зуучлагчид Австралид туршлага судалж ирээд бусдадаа ярьж хэлсний дараа буюу сүүлийн статистик үзүүлэлтээр 50 хувийн амжилттай байгаа мэдээлэл авлаа. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ Монголд Японы туршлагаар нэвтэрсэн учраас идэвхжүүлэгч загвар илүү хөгжсөн байна. Энэ загвар нь бизнес болон хөдөлмөрийн маргаанд илүү үр дүнтэй байдаг.


-Танай улсад гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн ажилладаг вэ?


-Австралид 1992 оноос эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нэвтэрсэн. Гэр бүлийн маргаанд сэтгэл зүйчид эвлэрүүлэн зуучлагчаар их оролцдог байлаа. Тухайлбал, Сидней хотын шүүхийн бүрэлдэхүүнд байдаг ажлын алба сэтгэл зүйчийн удирдлагаар гэр бүлийн маргаан шийдэх арга зүй боловсруулсан. Гэр бүлийн маргааны үед хүмүүсийн сэтгэл зүй маш хүнд байдаг учраас сэтгэлийн шархийг нь эдгээх талаар ажиллах шаардлага тавьж хөгжүүлж ирсэн. Энэ аргыг хэрэгжүүлэх чухал процесс нь хүлээн авах. Маргааны талууд хэр сэтгэлийн шархтай, хэн нь ямар асуудалтай, зөрчил хаана байгаа зэргийг хүлээн авах процессоор тодорхой болгосны үндсэн дээр эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Манай улсад гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр шийдэх амжилт 95 хувьтай байдаг.


-Маш өндөр үр дүнтэй байдаг юм байна.


-Танайд бол гэр бүл эвлэрснийг амжилт гэж үздэг юм билээ. Харин манай улсад салсан ч сэтгэл хангалуун үлдсэн бол эвлэрэл амжилттай болсонд тооцдог. Хэн, хэн нь хүлээн зөвшөөрсөн хэлэлцэл хийгээд шүүхээр батлуулахыг амжилт гэж үздэг.


-Та гэр бүлийн маргаанд сэтгэл зүйн үйлчилгээ маш чухал гэж онцоллоо. Манай улсад эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч, хуульч байх шаардлагагүй байдаг ч сэтгэл зүйч төдийлөн олон биш.


-Монгол Улсын тухайд энэ төрлийн үйлчилгээ Австралийн 1992 оныхтой л адил байна. Гэр бүлийн маргаанд сэтгэл зүйч ажиллах, хүлээн авах процессыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд бид хүрсэн.


-Ихэнх улс гэр бүлийн маргааныг шийддэг дагнасан шүүхтэй. Гэр бүлийн маргааныг бусад маргаанаас тусгай авч үзэх нь зайлшгүй юү?


-Манайх Холбооны улсын хэмжээнд гэр бүлийн шүүхтэй. Хүүхэдтэй холбоотой бүх маргааныг гэр бүлийн шүүх шийддэг. Бусад шүүхтэй холихгүй байгаа нь хүүхдийн эрх, гэр бүлийн харилцааг хүндэтгэж байгаа асуудал. Бүр ижил хүйстэй гэр бүлийн гэрлэлтийн асуудлыг ч шийддэг. Манай улс Олон улсын хүүхдийн эрхийн конвенцийн гишүүн учраас хүүхдийн эцэг эхтэйгээ хамт байх эрхийг маш их дээдэлдэг. Аав ээж нь салсан ч хүүхэд аав, ээжтэйгээ хамт байх эрхийг хангахын тулд Гэр бүлийн шүүх ажилладаг. Хүүхэд бусад маргаанд оролцогчтой хамт шүүхээр асуудлаа шийдүүлэх ёсгүй. Тиймээс тусгай шүүхэд энэ төрлийн маргаан шийддэг.

Танай улс ингэх ёстой гэж хэлэх эрх надад байхгүй. Уншигчид дүгнэлтээ хэлнэ биз дээ.


-Гэр бүл салалтын нэг шалтгаан нь хүчирхийлэл. Хүчирхийлэлтэй гэр бүлд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлдэг үү?


-Ийм төрлийн үйлчилгээг 1.6 жилийн сургалтад сууж нарийн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчид үзүүлдэг. Үүний хажуугаар гэр бүлд зөвлөгөө өгдөг, хүүхдийг нь хамгаалж тусалдаг маш том баг ажилладаг. Төрийн байгууллагууд гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй, хамгаалах тал дээр хамтран ажиллаж эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд бэлддэг гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй кейсэд илүү анхаарч ажилладаг. Багаараа ажиллаад үр дүн гарахгүй бол шүүхийн журмаар шийддэг.


-Төрийн байгууллагууд хамтарч маргаан дээр ажилладаг гэлээ. Байгууллагуудынхаа уялдаа, холбоог хэрхэн хангадаг юм бол?


-Манай улс хөгжлийнхөө эхэнд танайх шиг төрийн байгууллагууд нь тус, тусдаа ажилладаг байсан. Одоо бол асуудлыг шийдсэн. Засгийн газраас санхүүжилт өгөхдөө л хамтарч ажиллах шаардлага тавьдаг. Гэр бүлийн асуудлаар ажилладаг шүүх, цагдаа, нийгмийн байгууллагууд сүлжээ байгуулж, сүлжээгээрээ сар бүр уулзаж мэдээлэл солилцдог. Нэг гэр бүлд үйлчилгээ үзүүлэх учраас бүх байгууллага хамтран ажиллах ёстой. Байгууллагууд хамтраад жилийн турш олон нийтийг гэгээрүүлэх, гэр бүл бат бөх байх, хүүхдээ зөв хүмүүжүүлэх талаар төсөл хэрэгжүүлдэг.


-Гэр бүл салалтын шалтгааныг та хэрхэн харж байна вэ?


-Монголын залуучууд материаллаг сонирхол ихтэй. Материаллаг сонирхол, өөрийнх нь боломж хоёр нийлэхгүйгээс зөрчил үүсдэг. Зөрчлөө шийддэг гэр бүлийн боловсрол, хүнтэй харилцах чадварт сураагүй байна. Энэ бол салалтын үндсэн шалтгаан гэж ойлгосон. Нийгэмд нөлөөллийн ажил маш чухал. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа чухалчлах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Хүмүүсийн хувьд харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, зөв хүмүүжлийг хүүхдүүддээ суулгаж, ухамсарт нь нөлөөлөх хэрэгтэй.


-Гэр бүлийн маргаанд ажилладаг эвлэрүүлэн зуучлагч, шүүгчдэд жендерийн асуудал хөндөгддөг үү. Манай улсад эвлэрүүлэн зуучлагчдын олонх нь эмэгтэй.


-Манайд ч Гэр бүлийн шүүхэд эмэгтэйчүүд олон ажилладаг. Эмэгтэйчүүдийг сайн сургачихсан байхад эрэгтэйчүүдтэй асуудалгүй харилцдаг. Монголд эрэгтэйчүүдтэй ажиллах талын сургалт дутмаг байна уу гэж анзаарсан.

Би Монголд ирснийхээ дараа Эрдэнэт хотод өрх толгойлсон 300 аав нэгдэж холбоо байгуулсныг сонсоод маш сонин санагдсан. Хүсэлт тавьж байгаад тэр хүмүүстэй уулзахад Австрали, Монгол 2-т ижил асуудал байгааг мэдэрлээ. Тэр хүмүүс манай улсын уугуул иргэдтэй төстэй юм. Эрэгтэйчүүд харилцааны чадвар дутмаг байгаа нь ажиглагдсан. Эрэгтэй багштай илүү нээлттэй байгаа нь анзаарагдсан. Бас тэр хүмүүс маш их сэтгэлзүйн асуудалтай. Эхнэр нь хорт хавдраар нас барсан олон хүн байна. Охиныг минь өвчлөхөд хүргэсэн гэдэг дарамтыг хадам ээж, эгч нарын зүгээс их үзүүлдэг учраас архи дарс ууж тайвширдаг бололтой.

Түүхээрээ монгол эрчүүд өөрийн гэсэн үнэт зүйл, эрхтэй, байлдан дагуулагчийн үүрэгтэй байсан. Нийгэм хотжихын хэрээр тэр үүргийн үнэ цэнэ алдагдаж сэтгэл зүйн цочролд ордог бололтой.

Нэг ажиглагдсан зүйл нь харилцааны асуудал. Хүүхдүүдтэйгээ зөв харьцсанаар ирээдүйд хүүхэд нь хүүхэдтэйгээ зөв харьцана. Ийм хандлагыг төлөвшүүлэх нь чухал.


-Ярилцсанд баярлалаа.

Б.Цэцэгдэлгэр


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 525  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031