Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2019, 05:33   Ангилал: Мэдээлэл / Онцлох мэдээ  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлж, Л.Атарцэцэгийг гишүүнээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 194, 195 дугаар зарлигаар тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалаас, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 196 дугаар зарлигаар Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Шүүхийн ерөнхий зөвлөлд өнөөдөр (2019.11.01) хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлж, Л.Атарцэцэгийг гишүүнээр томилов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байсан Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Атарцэцэгт ажлын амжилт хүссэн юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгт Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг гардуулан өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлж, Л.Атарцэцэгийг гишүүнээр томилов


Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийг тууштай, иж бүрэн хийхийг хүсье

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Нанзаддоржийн Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, шүүгч нар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ажлын албаны хамт олон, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлд хандаж үг хэллээ. Тэрбээр "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад нэр дэвшүүлж, сонгож, бүрэн эрхийг хэрэгжүүлэх бололцоо олгосон Монгол Улсын шүүгч нарт болон анхан шатны шүүхийн шүүгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, даргаар удаа дараа томилон үргэлжлүүлэн ажиллуулсан Ерөнхийлөгч нарт талархаж байгаагаа илэрхийлье. Маш том сорилт, эсэргүүцлийг туулсан шүүхийн шинэтгэлийг хийхэд хамтарч ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үе, үеийн гишүүд, Ажлын албаны хамт олондоо талархлаа. Бидэнтэй байнга хамтран ажилласан ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан, Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага зэрэг олон улсын байгууллагад хувиасаа болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Шүүхийг цахимжуулах, программ хангамж хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг оюуны болон санхүүгийн хувьд асар их дэмжлэг үзүүлсэн. 2020 онд Монгол Улсын шүүхийн цахим систем, түүний аюулгүй байдлыг хамгаалж, хөгжүүлэхэд ХБНГУ-ын Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэхээ зарлалаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтын асуудлыг шийдэж өгсөн олон улсын байгууллагууд ч бий. Энэ байгууллагуудын хүчин чармайлт төсвийн хомсдол, улс төрийн хавчлагыг даван туулж шүүхийн шинэтгэлийг хийхэд хувь нэмэр оруулсан юм” гэлээ.

Мөн "2013 оноос хойш хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц асар дарамт, хавчлагад өртсөн ч үр дүн гарсан, тэр үр дүнг түүх сэргээнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Шүүхийн шинэтгэл цаашид ч үргэлжилнэ. Хүрсэн түвшин дээрээ тулгуурлаад шинэтгэлийг цаашид хөгжүүлэх, бэхжүүлэхийг хүсье. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба бол шинэтгэлийг хийсэн, мэргэшсэн баг. Энэ хамт олон шинэтгэлийг цаашид амжилттай үргэлжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Цааш нь "Шүүхийн нэр хүнд унасанд бид өөрсдөө буруутай. Шүүхийн нэр хүндийг унагах асуудлыг хэн нэг улс төрч, эсэргүүцэгч биш шүүгчид хийснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, шүүх засаглалын нэр хүндийг босгоход чармайлттай ажиллах ёстой. Шинэтгэлийг дутуу хийсэн нь шүүхийн нэр хүнд унахад нөлөөлсөн. Шүүгч нарын дунд аттестатчилал явуулж, шигшье гэсэн хуулийн заалтыг шүүгчид өөрсдөө эсэргүүцэж хүчингүй болгуулсан, улс төрч, засаг захиргааг дагасан шүүхийн жижиг тогтолцоог өөрчилье гэсэн шийдвэрийг өөрчилсөн зэргээр шинэтгэлийг дутуу хийснээс болж өнөөдрийн гашуун сургамжийг авлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл шинэтгэлийг тууштай, иж бүрэн хийхийг хүсье. Ажилд Тань амжилт хүсье” гэв.


Л.Атарцэцэг: Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэл зоригийг илэрхийлж ажиллах үүрэг, хариуцлага оногдлоо


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллахаар зориг гарган нэрээ дэвшүүлснийг минь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгч хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсанд талархаж байна. Зарлигаа гаргаж энэ их айлд ажиллах боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэл зоригийг илэрхийлж ажиллах өндөр үүрэг хариуцлага оногдлоо” гээд "Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан ажилласан зургаан жилийн хугацаанд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд талархал илэрхийлье. Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөө хүнд үед ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь нэрт хуульч, профессор Н.Лүндэндоржийн гавьяа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонтойгоо энэ зорилгыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллана. Та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана” гэлээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үе үеийн дарга, гишүүдэд ажлын амжилт, эрүүл энхийг хүссэн юм.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

 

 

 

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 2 012  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930