Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн сантай хамтран "Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Иймд эрхэм шүүгч таныг уг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Залуу шүүгчдийг өөртөө итгэлтэй, ажлаа ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, цаашилбал өөрийгөө хөгжүүлэх, карьерын хувьд өсөн дэвжихэд нь туршлагатай чиглүүлэгч шүүгчээр чиглүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх талаар мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэхэд оршино.
ЗАЛУУ ШҮҮГЧИЙН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР
·Шүүгчийн ажлын зохион байгуулалт, цагийг үр бүтээлтэй ашиглах талаар суралцах;
·Шүүгчийн ажил, мэргэжлийн карьерын өсөлтийн талаар мэдээлэлтэй болох;
·Шүүгчийн ажил мэргэжлийг нэр төртэй, өндөр түвшинд гүйцэтгэх талаар мэдлэг, чадварыг эзэмших;
·Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замд суралцах;
·Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар сайн туршлага хуримтлуулах.
ХУГАЦАА:
"Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрийг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 сар хүртэл 6 сарын турш хэрэгжүүлнэ.
ЗАЛУУ ШҮҮГЧИД ТАВИХ ШААРДЛАГА:
1. Шүүгчээр 5 жил хүртэл ажилласан байх;
2. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй байх;
3. Өөрийн мэдлэг, чадвар, хувь хүний хувьд хөгжих чин эрмэлзэлтэй байх;
4. Хөтөлбөрийн турш цаг зав гаргаж, өөрийгөө дайчлахад бэлэн байх.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЗАЛУУ ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ:
1.Хүлээсэн үүргээ, үнэнчээр биелүүлэх, удирдамжийг дагаж ажиллах;
2.Уулзалтын хуваарийг ментортой хамтран тогтоох, хуваарийг чанд баримтлах;
3.Уулзалтын үеэр ярилцах сэдэв, асуух асуултаа бэлтгэх, бэлтгэлтэй байх;
4.Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүн таслах ажиллагаатай холбоотой хүндрэл бэрхшээл, мэдэхгүй зүйлээ тодорхойлж, асууж зөвлөгөө авахад бэлэн байх;
5.Хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ШСМСХ-тэй эргэх холбоотой ажиллах /товч мэдээлэл тухай бүр өгөх, чиглэл авах зэрэг/;
6.Хувь хүний нууцыг хүндэтгэх, хамгаалах;
7.Тулгарч буй саад бэрхшээлээ нуулгүй хуваалцах;
8.Менторшип харилцааг албаны болон хувийн зорилгоор ашиглахгүй байх.
9.Хөтөлбөрийн хугацаанд нэг удаа менторшип хөтөлбөрт хамрагдаж буй бүх ментор болон залуу шүүгчид нэг дор цуглан гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүн таслах ажиллагааны сайн туршлага хуваалцах мөн өөр асуудлаар чөлөөтэй ярилцах, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх уулзалтад оролцох.
БҮРТГЭЛ:
"Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрт оролцох сонирхолтойзалуу шүүгчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт, ментор буюу чиглүүлэгчээр авахыг хүссэн 3 хүртэл тооны шүүгчийн нэрсийг мэдүүлэгт тусгаж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд багтаан ирүүлнэ үү. (ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү)
Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Ц.Соёлмаа (утас: 51-267697, 99282989)-аас лавлана уу.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН