Г.Ганзориг: Өмнөх сайн зүйлээ дараагийнх нь устгаад байвал Монгол Улс урагшлахгүй


Г.Ганзориг: Өмнөх сайн зүйлээ дараагийнх нь устгаад байвал Монгол Улс урагшлахгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх асан, Улсын дээд шүүхийн шүүгч асан Г.Ганзоригтой уулзаж цөөн хором ярилцлаа.


Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны бие даасан байгууллагыг байгуулж, шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан нь ямар ач холбогдолтой вэ?


    -Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага байх ёстой юм. Харин тэр нь өнөөдрийнх шиг ийм бие даасан байгууллага байх юм уу, эсвэл өмнө байсан шиг, орон тооны бус байгууллага байх уу. Хууль зүйн сайд тэргүүлээд явах уу, эсвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэргүүлэх үү гэдэг нь Үндсэн хуульд байхгүй учраас их бүдэгхэн яваад байсан. Сүүлийн жилүүдэд хууль гараад Шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан байгууллага болсон. Энэ нь зүйтэй тогтолцоо гэж би боддог. Яагаад гэхээр өмнөх практикаас төдийгүй олон улсын жишгээс харахад Шүүхийн ерөнхий зөвлөлийг Хууль зүйн сайд тэргүүлж байхад сайдын нөлөө, яамны нөлөө их ороод, шүүгчийн сонгон шалгаруулалт нь хууль зүйн сайд, яамнаас хараат байдалтай болоод байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, гүйцэтгэх засаглал нөлөөлөх боломжтой болж байгаагаар засаглал хуваах Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байна.

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлэхээр шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтай холилддог. Зүй нь шүүгч хүн бол цэвэр шүүн таслах ажиллагаагаа л хийх ёстой. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэргүүлж байх үед шүүн таслах ажиллагаатай давхар аж ахуйн үйл ажиллагаа, санхүүжилт, эдийн засгийн байдал, шүүхийн захиргааг бүхэлд нь хариуцах болж байгаа. Тийм учраас захиргааны үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаатай хутгалдаад доод шатны шүүгч нартаа нөлөөлөх суваг нээгддэг. Цалин орлогыг нь нэмнэ, шагнал урамшуулалд тодорхойлно, орон сууц, албаны байрны асуудлыг шийдвэрлэж өгнө гэх мэтээр бусад шүүгч нарт нөлөөлөх суваг үүсээд байгаа юм. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл одоогийнх шигээ бие даасан байгууллага байх нь илүү зөв.

АНУ-д шүүхийн тогтолцоо өөр байдаг. АНУ-д дээд шүүхийн шүүгч нь шүүгч нарын хуралдаанаа тэргүүлээд явдаг. Тийм учраас тусгай тогтолцоо байхгүй.     Гэхдээ АНУ-ын ардчиллын тогтолцоо 300 гаруй жил болсон болохоор Монголынхоос хүмүүсийн ухамсар, төрийн тогтолцоо нь бол их өөр. Шүүх засаглалын бие даасан байдлыг засаглалын бусад салбар бүхэн хүндэлж байдаг, үйл ажиллагаанд нь холилдон оролцдоггүй учраас энэ тогтолцоо АНУ-даа бол их зөв л байдаг юм.


-Зарим нэг улстөрчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгая, Хууль зүйн сайдын харьяанд, эсвэл Улсын дээд шүүхийн харьяанд оруулъя гэдэг саналыг гаргаж тавьдаг?


    -Өмнө байгуулсан сайн зүйлээ дараагийнх нь устгаад байвал Монгол Улс урагшаа явахгүй шүү дээ. Яагаад энэ тогтолцоо болохгүй байна вэ гэж өөрчлөлт хийх судалгаа, үндэслэл гаргаж ирэх ёстой. Би дээр яагаад энэ тогтолцоо ашигтай вэ гэдгийг тайлбарласан. Тэгэхээр үгүй болгоё, татан буулгая гэж байгаа бол түүний үр дүн ач холбогдол ямар байхыг судалгаагаар хэлэх ёстой. Би бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо байгаа тогтолцоог буруу гэж огт бодохгүй байна. Харин байгууллагыг тэргүүлж байгаа хүнийг солих өөрчлөх, бүтэц тогтолцоог илүү цомхон, давхардал бага, чадварлаг болгон өөрчилж болно гэж үзэж байна.

    Шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг үндсэнд нь Шүүхийн ерөнхий зөвлөл авч явж байгаа. Ийм байгууллагаа татан буулгаад хараат бус байдлыг нь яаж хангах юм бэ? Шүүхийн хараат бус байдлыг сайн хангах өөр ямар тогтолцоо байна гэдгийг үндэслэлтэйгээр гаргаж тавих ёстой.


-Шүүх засаглал руу сүүлийн үед маш их дайралт ирж байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулахуйц элдэв мэдээллийг нийгэмд зориуд, санаатай цацах нь ихэссэн.


    -Аль ч ардчилсан оронд шүүмжлэл нээлттэй байдаг зүйл. Шүүгч нарыг шүүмжлэх нь эрүүл үзэгдэл. ХОМ-ыг шалгадаг газар нь шалгаад тогтооно биз. Хөрөнгө орлогын эх үүсвэр нь хууль ёсных бол шүүгч нар ч сандраад байх хэрэггүй, тэд ч бас хуулийн дагуу хөрөнгө орлоготой байж болно. Шүүхийн ерөнхий зөвлөл байр сууриа илэрхийлэх нь бол зүйн хэрэг, энэ түүний үүрэг. Харин Улсын дээд шүүхийн дарга бичиг гаргаад тавьсан байсан. Энэ бол буруу. Шалгадаг, тогтоодог газрууд нь ажиллагаа хийж, байр сууриа илэрхийлээгүй байхад Дээд шүүх өөрөө түрүүлж дуугарч, байр сууриа илэрхийлж байгаа нь буруу, Дээд шүүх өөрөө бусад шүүхийн бие даасан хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлж байгаа болж харагдаж байна. Шалгаж, тогтоодог газрууд шалгасан хойно шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргадаг, тэр л шүүхийн байр суурь байх ёстой юм шүү дээ.


-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулаад шүүхийн байгууллагад олон жил ажилласан ахмадуудынхаа үгийг сонсож, санал бодол солилцож байна. Энэ уулзалтын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?


    -Ер нь бол өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ойг өмнө тэмдэглэж байсныг би санахгүй байна. Чөлөөндөө гарсан болон одоо ажиллаж байгаа хууччуултай ингэж уулзах их сайхан байна. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье. Ийм арга хэмжээг зүгээр нэг зохион байгуулаад орхиж болохгүй л дээ. Хууччуулаа цуглуулъя, санал бодлыг нь сонсъё гэж байгаа бол санаа, оноог нь авч, болохгүй, бүтэхгүй байгаагаа засаж, залруулах зүйлийг их сайн хийх ёстой.

    Тухайлбал, дэлхийн бусад оронд боловсон хүчинг хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг. Чөлөөндөө гарсан шүүгч нар бол маш их туршлагатай, боловсролтой бүхэл бүтэн капитал. Ийм хүнийг 60-65 хүрлээ гээд ажлаас чөлөөлөхөөр Монгол Улсын хувьд эдийн засгийн хувьд, хүний нөөцийн хувьд ч хохиролтой. Их сургуульд сургаж хөрөнгө зарлаа, шүүгчээр ажиллуулж олон жилийн туршлагатай болголоо, тэгээд хөөж явуулаад дараа нь мөн л шинэ хүн бэлдэх гэж олон жилийг зарцуулах болж байна. Иймд, эдгээр ахмадуудаа ашиглах ёстой.

АНУ-ын холбооны улсын шүүхэд бол тэтгэвэртээ гарна гэсэн ойлголт байдаггүй, насны хязгаар байдаггүй. Тэтгэвэртээ гарья гэж өөрөө хүсэлт тавих юм бол тэтгэвэртээ гараад, шүүхийн хүсэлт болгосноор тухайн хүн ажлын 8 цагаар биш 4 цагаар буюу хагас өдрөөр ажиллаж болдог. Ээдрээ түвэгтэй хүнд хэргийг хашир туршлагатай олон жил шүүгч хийсэн шүүгч нартаа хуваарилаад, шийдвэрлүүлдэг жишиг бий. Тэгээд тухайн шүүгч өдөрт ажилласан цагаараа цалингаа аваад тэтгэврээ аваад явдаг. Тийм учраас чөлөөндөө гарч байгаа шүүгч хүн тэр чигээрээ гараад явна гэж байхгүй. Ачаалал ихтэй, хэрэг ихтэй үед шүүхийнхээ үйл ажиллагаанд тус дэм болж, ээдрээ төвөгтэй хэргүүдийг шийдвэрлэж өгдөг ийм туршлага бий. Монгол эрэгтэй хүний дундаж нас одоо бол 70 гарч байгаа. Олон жилийн өмнө 60, 55 гэж тогтоосон тэтгэврийн насыг монгол хүний дундаж наслалттай харьцуулаад дахиж авч үзэх ёстой. Шүүгчээр олон жил ажиллаж, боловсрол, туршлага хуримтлуулсан хүмүүсийг шууд нэг өдөр тэтгэвэрт нь гаргаад явуулж болохгүй. Энэ бол Монгол Улсын үнэт зүйл.

    Түүнчлэн, Ёс зүйн хороо, мэргэжлийн хороо ШЕЗ-н дэргэд байгааг бие даасан болгож тусгаарлах шаардлагатай, үүнийг олон жил ярьж байна, өнөөг хүртэл хэвээр л байна. Энэ л буруу тогтолцоо нь ШЕЗ-ийг өөрийг нь шүүмжлэлийн бай болгож, шүүгчийн сонгон шалгаруулалтыг буруу явуулж, шүүгч нарт нөлөөлж байна гэж дүгнэх үндэслэл болж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, Дээд шүүх ШЕЗ шүүхийн төлөө хамтран ажиллах ёстой8 энэ жаахан дулимаг санагдаж байна. ШЕЗ бол шүүхэд үйлчлэх ёстой газар болохоос биш, шүүхэд нөлөөлөх арга хэрэглүүр, улс төрчдийн гар хөл болох байгууллага биш юм шүү гэдгийг л бодох ёстой юм.


 

Г.Хишиг

Эх сурвалж: https://www.news.mn/?id=281324


 


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.