Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

ҮНДСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

 

 

 

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

 

/Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/


 

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар

 

·Ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх;

·Шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

·Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад актын төсөл боловсруулах, санал өгөх, хууль санаачлагчид уламжлах;

·Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоох, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулан Засгийн газартай зөвшилцөн МонголУлсын Ерөнхийлөгчид уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

·Шүүхийн зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;

·Шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх;

·Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;

·Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулж, гүйцэтгэлийг хангах.


Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар


·Шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх;

·Шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;

·Бүх шатны шүүхийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

·Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Мэргэшлийн болон Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын дарга, шүүхийн тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

·Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаалах;

·Шүүхийн тамгын газрын даргын ажил үүргийн хуваарийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх;

·Шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг хуульд заасны дагуу батлах;

·Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;

·Шүүхийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах;

·Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;

·Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

·Чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;


Шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;


·Шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг зохион байгуулж, хянан шалгаж удирдах;

·Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;

·Шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ, программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;

·Шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

·Техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;

·Шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;

·Шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, лавламжийн ажлыг зохион байгуулах;


Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлэх:


·шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах;

·хэргийн хөдөлгөөнийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх;

·шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх;

·хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;

·шүүх хуралдаан үргэлжлэх дундаж цагийн тооцоо гаргасны үндсэн дээр шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд нийцүүлэн хэргийн оролцогчид хүрэлцэн ирэх боломжтойгоор оновчтой тогтоох аргачлал, журмыг баталж мөрдүүлэх;

·хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг мэдээллийн санд бүртгэх, мониторинг хийх;

·хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах.


Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх


·Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулах;

·Шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

·Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх;

·Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах.


Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах


·Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг

·сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах;

·Шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх,

·хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх.

·Ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргааны ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ

·хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаална.


Шүүхийн хүний нөөц


·Хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион байгуулах;

·Шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;

·Шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох;

·Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;

·Шүүхийн захиргааны байгууллагын ажлын үр дүн, ажилтны ажил хэргийн ур чадвар, мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;

·Хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох, түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох.


Шүүхийн судалгаа, мэдээлэл


·Шүүхийн болон гэмт хэргийн статистик мэдээлэл гаргах;

·Шүүхийн статистикийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх;

·Шүүхийн шүүн таслах болон захиргааны ажлын практикийг судлах;

·Шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан бүрдүүлэх;

·Эрх зүйн онол, практикийн судалгаа, гарын авлага зэрэг албан хэрэгцээний сан бүрдүүлж, тогтмол шинэчлэх, ашиглалтыг зохион байгуулах.


Олон нийтийг мэдээллээр хангах


Ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар дараах байдлаар олон нийтийг мэдээллээр хангана:

·Шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх;

·Шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байрлуулах;

·Шүүхийн цахим хуудсыг тогтмол шинэчлэх;

·Шүүхийн үйл ажиллагаа, хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаар олон нийтэд мэдээлэх;

·Мэдээлэл, лавлагааны үйлчилгээг зохион байгуулах;

·Шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31